Гэр бүл салалт, хүүхдийн тэтгэмжтэй холбоотой асуудлаар хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах талаар Их хурал дахь эмэгтэй гишүүдийн зүгээс санал дэвшүүлэн, үүнтэй холбогдуулан олон нийт санал бодлоо хуваалцсаар байгаа билээ. Ингээд хүмүүнлэгийн үйлсэд хүчин зүтгэдэг Самбуугийн Нямсүрэн хэмээх бүсгүй өөрийн санал бодлоо фэйсбүүк хуудсандаа бичсэнийг толилуулья.
Миний энэ бичих тохиолдолд ээж бүр их буруутай, уучлаарай.
Нарантуул зах дээр ажил хийдэг хүүхдүүдтэй 5-6 жил зууралдсан л даа. Хүүхдүүдийн хүмүүжил, хэл яриа хандлага гэдэг бол угаасаа аймаар, аймаар орчин нөхцөлд ажиллаж амьдарч байгаа учраас тэр.
Тэр хүүхдүүд өглөө 5,30-с 6 цаг гээд гэрээсээ гарна. 8-15 насны охид хөвгүүд байсан. Сүүлдээ бид ч дотно боллоо. Хөөрхөн, хүүхэд л юм болохоороо уулзахаараа ам уралдаад л тэр тэгсэн ингэсэн гээд л шулганалддаг болсон доо. Бас хэд хэдэн хүүхдийнх нь ээжтэй уулзаж байлаа.
Үнэндээ миний ухаан хүрээгүй, яаж тусалж юу хийхээ мэдээгүй. 27-хон настай бүсгүй 5 өөр эцгийн хүүхэдтэй байсан гээд бод доо бурхан минь. Таарахгүй болохоор нь салдаг, ганцтай нь ч гэрлэж байгаагүй. Одоо дахиад хэдийг нэмж төрүүлснийг бүү мэд. Ийм тохиолдолд эцгийг буруутгаад хайж олоод тэтгэмж олгуулах боломж аль хэр байдаг юм бол доо. Энэ бас үнэндээ тийм ч ховор биш юм байна гэдгийг 5 жил зууралдаж явахдаа олж харсан. Аймшгийн мэдрэмж, тэдэнд хүүхэд эцэгтэй байх тийм ч чухал биш санагдсан.
Бас аймаар уунаа, тэгээд тэр айлын арай том хүүхэд нь үүрийн таван жингээс харанхуй болтол ажиллаж олсон таван төгрөгөөрөө хоол хийх өвдөл цөвдөл, гал түлэх жаахан түлээ нүүрс, тэгээд илүүгээр нь ээж болон ээжийн шинэ нөхрийн архийг авч харих үүрэгтэй.
Би хөрсөн дээр нь бодит амьдралтай нэг биш удаа бүхэл бүтэн 5 жил зууралдаж ийм орчин нөхцөлд ажиллаж амьдардаг хүүхэд хөгшид, эр эмийг мэддэг болохоор өнөөгийн гэр бүл салалт гэх мэтийн бүх бурууг эрчүүдэд тохож, эрчүүдийг хараасан хүмүүсийн эсрэг байдаг нь ийм учиртай юм л даа.
Одоо тэгээд ээж гэдэг хүн илүү хариуцлагатай баймаар санагдах юм. Таарч тохирсонгүй гээд салаад л сар болоод жирэмсэн........ Би зохиогоогүй шүү. Олон байдаг юм билээ. Гэр бүлийн хууль гэдэг зөвхөн зовлон тоочиж өөрийгөө өрөвдүүлсэн бүсгүйчүүдэд зориулж баталдаггүй баймаар байна.
МИНИЙХЭЭР БОЛ ИЙМ ТОХИОЛДОЛД ЭЭЖ БУРУУТАЙ.
С.Нямсүрэн