Шуурхай мэдээ



Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2022-07-02 14:23
  • 0

УИХ-ын чуулганы  /2022.07.01/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар  Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, "Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлэг УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсанаар үргэлжиллээ.

УИХ-ын гишүүд урсгал зардал нэмдэг хөрөнгө оруулалтыг багасган, халамжийг зорилтот бүлэг рүү чиглүүлэх нь зүйтэй. Ингэж байж төсөвт орон зай гарган, түүнийгээ хөгжлийн хөрөнгө оруулалт руугаа чиглүүлэх боломжтой болно гэсэн байр суурьтай байлаа. Түүнчлэн төсвийн үр өгөөжийг дээшлүүлэх чиглэлээр хэрхэн ажиллахыг тодруулж байлаа.

Сангийн сайд Б.Жавхлан, энэ оны төсвийн орлогыг бид төлөвлөхөд хэт өөдрөг байна гэж шүүмжилж байсан. Төсвийн орлогын тухайд эрсдэлтэй тал бий ч хагас жилийн байдлаар гүйцэтгэл боломжийн яваа. Дэлхий нийтийг хамарсан хямралаас үүдэлтэй хүндрэлүүд үргэлжлэхээр байгаа ч бид төлөвлөж байсан орлогоо бууруулахгүйгээр төвлөрүүлэхээр зорьж байна. Дотоодын нийт бүтээгдэхүүн 43 их наядад хүрсэн. Төсөв 13-18 их наяд төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Энэ нь 1/3 гэсэн ерөнхий харьцаатай байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, төсвийн нэг төгрөгөөрөө дотоодын нийт бүтээгдэхүүний гурван төгрөг үйлдвэрлэж байна гэсэн үг. Цаашдаа төсвийн шинэчлэл хийж үр өгөөжийг дээшлүүлж, энэ энэ харьцааг өндөр болгоно гэсэн үг. Төсвийн нэг төгрөгөөр гүйцэтгэж буй төрийн үйлчилгээ, бүтээмжийг өндөр болгох юм. Үүнтэй холбоотойгоор бид сар гаруйн өмнө Төрийн хэмнэлтийн хууль гаргасан. Цаашдаа бүтээмжтэй, үр өгөөжтэй төсвийг төлөвлөж баталдаг болно.

Төсвийн хөрөнгө оруулалтыг хөгжил рүү илүү чиглүүлэх ёстой гэдэгтэй санал нэг байна. 2021 оны төсвийг ингэж зорьж хийсэн. 2021 онд дэд бүтцийн буюу зам, эрчим хүч, хот байгуулалт руу чиглэсэн хөрөнгө оруулалтыг зоригтой тавьсан. Гүйцэтгэлийн хувьд үнийн нэмэгдэл болоод бусад тодорхойгүй байдлаас болоод удаашралтай зүйл бий. Энэ зорилго, зорилтоо дараа дараагийн онуудад хадгалж явна гэсэн хариулт өгсөн.  

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, төсвийн алдагдал 2021 онд бараг гурван их наяд руу дөхжээ. Алдагдлыг багасгах талаар ямар бодлого боловсруулж байна вэ. Цаашдаа төсвийн хөрөнгө оруулалтыг яаж үр дүнтэй болгох вэ хэмээн асуусан.

Сангийн сайд Б.Жавхлан, Монгол Улсын төсөв 2019 он хүртэл буюу ковидын нөхцөл байдал бий болохоос өмнө алдагдлаа үе шаттай бууруулж ирсэн. Ковидын улмаас тооцоолж, төсөвлөөгүй байсан зардлууд гарч, алдагдал нэмэгдэж ирсэн. Цаашид шат дараатай бууруулж, 2025 он гэхэд төсөв алдагдалгүй байхаар тооцож, төсвийн тусгай шаардлагуудаа бид хуульчилсан. Энэ шаардлагын хүрээнд ажиллаж байна. Төсвийн алдагдлыг бууруулахын төлөө байгаа гэлээ.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн төсвийн хөрөнгөөр баригдаж буй барилга байгууламжийн ажил олон жил сунжирч, өртөг нэмэгдэх асуудлууд гарч байна. Төсвийн алдагдал өндөр болж, өр зээл нэмэгдсээр байна. Энэ хүнд цаг үед бид асуудалд арай өөрөө хандан ирэх жилээс эхлэн төсвийн шинэчлэл хийх хэрэгтэй байна гэлээ.

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, хөрөнгө оруулалтуудыг Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуульд заасан шалгуур шаардлагуудыг хангахгүй төлөвлөснөөс болоод үнэ өртөг нэмэгдэн, цаг хугацаа хойшилж байна. Үүнийг хэрхэн шийдэх вэ. Жилээс жилд өртөг нь өндөрсөөд байдал хүндэрнэ. Аймгийн төв, нийслэл, сум, дүүрэгт буй 70 хувиас дээш гүйцэтгэлтэй сургууль цэцэрлэг, эмнэлэг, дотуур байрын барилгуудын хөрөнгө оруулалтыг ондоо багтаан шийдэж ашиглалтад оруулмаар байна. Өртөг зардал нэмэгдсэнээр төсөвт өртгөөс хэдий хэмжээний зөрүү гарч байна вэ гэлээ.

Б.Жавхлан сайд болон Сангийн яамны ажлын хэсгээс, хөрөнгө оруулалтын хувьд 2023 онд маш тодорхой бодлогыг баримтлан ажиллахаар төлөвлөж байгаа гэлээ. Шинэ хөрөнгө оруулалтаас илүү өнөөдрийг хүртэл үнийн өсөлтөөс болоод саатсан, гэрээгээ хийсэн ч эхлүүлж чадахгүй байгаа хөрөнгө оруулалтыг шийдэхээр төлөвлөж байгаа гэдгийг тодотгосон. Энэ оны  04 дүгээр сарын нэгнээс 06 дугаар сарын 15-ныг хүртэлх хугацаанд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан 1122 барилга 534-т нь барилгын материалын өсөлтийн магадлал хийх ажлыг Барилгын хөгжлийн төвтэй хамтран зохион байгуулсан гэсэн хариултыг өгсөн. Барилгын материал бүр дээр нэг бүрчлэн магадлал хийхэд нийтдээ 1.7 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй 534 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхэд 274 тэрбум төгрөгийн барилгын материалын үнийн өсөлт гарсан нь тодорхой болсон байна.

УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлснээр тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлэг өндөрлөж хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн зарлагын дэд хороо болон бусад Байнгын хороодод шилжүүллээ.

Дараа нь Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх байсан ч хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд саналаа нэгтгэх шаардлага бий болсон гэсэн үндэслэлээр УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэнгүй

Мөн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Хуулийн төслийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцуулсан. 



Тэрбээр танилцуулгадаа, Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход бодитой дэмжлэг үзүүлсэн, хохирлоо нөхөн төлсөн, эсхүл хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг үйл баримтын болон эрх зүйн маргаан бүхий ердийн журмаар хянан шийдвэрлэх хэргээс ялгамжтайгаар хөнгөрүүлж тогтоох, мөрдөн шалгах болон шүүхээр хянан  шийдвэрлэх ажиллагааны журмыг илүү хялбарчлах шаардлагатай талаар хуулийг хэрэгжүүлэгч байгууллагууд саналыг үндэслэн Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд холбогдох өөрчлөлтийг хийсэн. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг шуурхай явуулах, хохирогчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээн эдлүүлэх зорилтыг хангах үүднээс мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдыг дуудан ирүүлэх болон албадан ирүүлэх эрхийг нэмсэн гэдгийг дурдлаа.

Эрүүгийн хэргийн нотлох баримт бүрдүүлэх ажиллагааны 60-70 хувийг мэдүүлэг авах ажиллагаа эзэлдэг бөгөөд хэргийг шуурхай шалгаж шийдвэрлэх ялангуяа цар тахал, онц байдал зарласан үед иргэдээс мэдүүлэг авахад хүндрэл учирч улмаар хэргийн шалгалтын ажиллагаа удааширч, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шуурхай байх зорилт хангагдахгүй байгаатай холбогдуулан зайлшгүй тохиолдолд мөрдөгч техник технологийн дэвшлийг ашиглан цахим хэлбэрээр хэргийн оролцогч нараас мэдүүлэг авах, авсан мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх зохицуулалтыг тусгасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг шуурхай хангахад мөрдөгч, прокурор, шүүхийн үйл ажиллагаа тасралтгүй явагдаж байж хангах боломж бүрдэнэ. Энэ нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд шуурхай шийдвэр гаргах гаргах нөхцөлийг бүрдүүлэх, хууль зүйн чухал учир холбогдолтой. Ийм учраас “тодорхой үйл ажиллагаа явуулах”, “албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх”, “хязгаарлалт тогтоох, цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвийн хэрэгжүүлэхэд 24 цагаар жижүүрлэн ажиллах шүүхийн зохион байгуулалтын талаар хуульчлан тогтоосон. Мөн Яллагдагч, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлэх нь хуулийн этгээдийн бизнесийн хэвийн үйл ажиллагааг саад учруулахад хүргэж, улмаар энэ нь хуулийн этгээд, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг зөрчихөд хүргэдэг тул эдгээрийн эрх ашгийг хамгаалах үүднээс эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгагдаж байгаа хуулийн этгээдийн үйл ажиллагааг нэн тэргүүнд зогсоох, саад учруулахгүй байх зохицуулалтыг тусгалаа гэв.

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаараа явуулсан бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан танилцуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 54.5 хувь нь үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэнийг онцолсон.  

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжээгүй учир төслийг хууль санаачлагчид буцаав.

Үргэлжлүүлэн “Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.

Монгол Улсын Их Хурлын “Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох” үүрэг бүхий түр хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг нэмэхээр тусгасан тогтоолын төслийг Эдийн засгийн байнгын хороо 06 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэн дэмжсэн хэмээн УИХ-ын гишүүн Б.Энхбаяр танилцуулав.  

Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг батлахыг дэмжсэнгүй.

Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих,архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

Дараа нь Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулав.

Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил танилцууллаа.




Тэрбээр, Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 12 дугаар тогтоолоор УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилоор ахлуулан, УИХ-ын гишүүн Д.Ганбат, Х.Ганхуяг, Б.Жаргалмаа, Ж.Сүхбаатар нарын бүрэлдэхүүнтэйгээр хуулийн төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, мэдээллээр хангах дэд ажлын хэсэгт холбогдох мэргэжлийн хүмүүсийг оролцуулан ажилласан.

Хууль зүйн байнгын хороо 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10 дахь хэсэгт заасныг баримтлан явууллаа.

Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед УИХ-ын гишүүн Ш.Адьшаа чөлөөт бүсэд согтууруулах ундаа үйлдвэрлэх, худалдах болон түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг олгох эсэх, согтууруулах ундаанд оногдуулах онцгой албан татварын өөрчлөлтийн талаар, УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн Алтанбулаг, Замынүдийн чөлөөт бүсүүдэд үйл ажиллагаа явуулж байгаа дэлгүүрүүдээр дамжин согтууруулах ундаа дотоодын худалдааны эргэлтэд орж байгаа тухай мэдээллийн талаар, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр дэлхийн цөөнгүй орнууд согтууруулах ундааны хатуулгыг хүчээр буулгаж нийгмийн эсэргүүцэлтэй тулгарч байсан туршлага байдаг тул хатуулгыг хүчээр буулгах нь зохистой эсэх талаар асуулт асууж, хариулт авсан.

Ажлын хэсгээс хуулийн төсөлтэй холбогдуулан согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг дуудлага худалдааны үндсэн дээр олгох, ингэхдээ тодорхой шалгуурыг харгалзан тусгай зөвшөөрлийн тоог Засгийн газар тогтоох, тусгай зөвшөөрлийг хүнсний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн болон аймаг, нийслэлийн Засаг дарга, чөлөөт бүсийн захирагч олгож, сунгаж, түдгэлзүүлж, сэргээж, хүчингүй болгох, согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох, худалдах болон түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн бүртгэл болон холбогдох бусад мэдээллийг агуулсан татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан, гаалийн үйл ажиллагааны мэдээллийн сантай холбогдсон цахим сантай байх, Монгол Улсад үйлдвэрлэсэн болон импортолсон, чөлөөт бүс, татваргүй барааны дэлгүүрт оруулсан бүх төрлийн согтууруулах ундааг үйлдвэрлэл, импорт, борлуулалтын үе шат бүрээр эцсийн хэрэглэгч хүртэл олон улсын стандартад нийцсэн дахин давтагдашгүй, цахим өгөгдөл бүхий код ашиглан цахим төлбөрийн баримт, гаалийн мэдүүлэгт үндэслэн татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд  бүртгэх, архидан согтуурахтай тэмцэх, түүний хор уршгийг олон нийтэд таниулан сурталчлах, согтууруулах ундааны хариуцлагатай үйлчилгээг нэвтрүүлэх, согтуурах, мансуурах дон болон дэлгэцэд донтох эмгэгтэй хүмүүст хүргэх эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, архидан согтуурахтай тэмцэх, согтууруулах ундааны хор уршиг, хэрэглээний эсрэг бусад үйл ажиллагааг санхүүжүүлэх Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сантай байх, дэлхийн жишиг болон хуулийн хэрэгжилтийг нэг мөр хангах, бусад эрх зүйн зохицуулалтыг харгалзан согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх насыг 19 байхаар тогтоох, түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилгоор” гаргасан зарлигийн хүрээнд согтууруулах ундааны хатуулгаас шалтгаалан онцгой албан татварын ялгамжтай бодлогыг хэрэгжүүлэх зэрэг зарчмын зөрүүтэй 42 санал болон найруулгын шинжтэй 3 санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, хуулийн өөрчлөлтөөр ямар үр дүн гарах вэ. Архинаас шалтгаалсан гэмт хэргийн талаар тооцоо судалгаа бий юу. Архи, согтууруулах ундаа үйлдвэрлэх хэчнээн үйлдвэр хэдий хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгааг, архи, согтууруулах ундаа худалдах насны хязгаарлалт 21 байсныг 19 болгон бууруулсан шалтгааныг тодруулсан. Түүнчлэн согтууруулах ундаанд ногдуулах татварыг нэмэгдүүлэх боломж бий эсэхийг лавлаж байлаа.

Ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил, хуульд өөрчлөлт оруулан архи согтууруулах ундаа худалдах насны хязгаарыг яс баримталдаг болгохоор зорьсон. 19 нас хүрээгүй хүнд архи, согтууруулах ундаа худалдсан байвал тэрхүү байгууллагыг торгох, мөн тусгай зөвшөөрлийг цуцалдаг байхаар тусгасан. Өмнө нь 21 нас хүрээгүй хүн архи, согтууруулах ундаа худалдахыг хориглоно гэж заасан ч үүнийг баримталдаггүй, араас нь хөөцөлддөггүй байсан. Согтууруулах ундаа худалдан авч байгаа хүний бичиг баримтыг шалгадаггүй. Хууль батлагдсанаар насанд хүрээгүй байж болох иргэний бичиг баримтыг шалгаж байж худалддаг болох юм. 21 нас гээд ярихаар их сургуулийн 3, 4 дүгээр дамжааны оюутан, МСҮТ төгсөөд ажил эрхэлдэг болчихсон хүмүүс байна. Тиймээс насны хязгаарыг 19 болгоод үүнд тавих хяналтаа чангатгая гэж ажлын хэсэг дээр ярилцсан. Согтууруулах ундааны татварыг нэмэгдүүлнэ. 2023 оны 01 дүгээр сарын нэгнээс 34 градусаас дээш хатуулагтай согтууруулах ундааны татварыг эхний жил нэмнэ. Энэ удаад нэлээд өндөр буюу бараг 50 хувиар нэмээд, дараа жилээс бага хатуулагтай архи, ундааны татварыг бага хэмжээгээр үе шаттай нэмнэ. Ингэснээр согтууруулах ундааны зохистой хэрэглээ нэмэгдэнэ гэж үзэж байгаа хэмээсэн.




Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг, 2021 онд 25.4 мянган гэмт хэрэг бүртгэгдсэний 19 хувь нь согтуугаар үйлдэгдсэн байна. Согтуурсан үедээ хүний амь бүрэлгэх, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, согтуугаар авто машин жолоодох, гудамж талбайд танхайрах гэх мэт гэмт хэрэг, зөрчил үйлддэг. 2021 онд согтуугаар үйлдсэн 76 мянган зөрчил бүртгэгдсэн байна.

2004 оноос хойших тоог харахад архины 184 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байсан бол өнөөдөр 26 болсон байна. Спиртийн 12 үйлдвэр зургаа болж, шар айргийн 35 үйлдвэр 12 болж буурчээ. Хэдийгээр үйлдвэрлэгчдийн тоо буурсан ч үйлдвэрлэлийн хэмжээ буураагүй. Манай орны согтууруулах ундааны хэрэглээ дэлхийн дунджаас өндөр байгаа. Цаашдаа архины зохистой хэрэглээг бий болгох үүднээс татварын бодлогоор үнийн өөрчлөлт хийх, худалдах газрын тоо, байршлыг өөрчлөх гэх мэт хэд хэдэн арга хэмжээг төсөлд тусгаж байгаа. Түүнчлэн архинд донтсон этгээдийг эмчлэх асуудлыг хаяж болохгүй учир архинд донтсон хүмүүсийг эмчлэх боловсон хүчнийг бэлтгэх зэрэг асуудлыг тусгаж байгаа гэлээ.  

УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсанаар өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Хорт хавдар залуужиж байгаагийн гол шалтгааныг юу гэж бодож байна вэ?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ