Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Бүгд Найрамдах Сингапур Улсад хийж буй албан ёсны айлчлалын үеэр тус улсын Темасек олон улсын сангийн хөрөнгө оруулалттай Эс Ти Инженеринг групп компанийн удирдлагуудтай уулзаж, авто замын сүлжээг сайжруулах, тогтвортой тээврийн менежмент болон нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах чиглэлд шийдэл нэвтрүүлэх боломж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
 
Уулзалтын хүрээнд тус улсын сайн туршлага судлах, замын хөдөлгөөний ухаалаг цахим системийг нэвтрүүлэх зорилгоор Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот, Сингапурын “Эс Ти Инженеринг Электроникс” компани хооронд хамтын ажиллагааны санамж бичгийг байгууллаа.
 
Санамж бичигт Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг, Сингапур Улсын "Эс Ти Инженеринг Электроникс' компанийн Хөдөлгөөнт байдал хариуцсан захирал Кох Чан Тиа нар гарын үсэг зурав.


 
Уг санамж бичгийн хүрээнд Улаанбаатар хотын цахим шилжилтийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх чиглэлд нийслэлийн зам, тээвэртэй холбоотой чиг үүргийн байгууллагуудын мэдээллийн урсгал хүртээмж, дэд бүтцийг сайжруулах, замын хөдөлгөөний эрчмийн мэдээллийг цуглуулах, дүн шинжилгээ, төлөвлөлт хийх боломжийг бүрдүүлэхэд хамтран ажиллах юм.
Тодруулахад, Сингапур Улс нь дэлхийн хөгжлийн судалгааны институтээс жил бүр улс, орны иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, ажил сургуулийн хүртээмж, хөдөлгөөнт байдал, тухайн орны засаглалын байдалд тулгуурлан гаргадаг ухаалаг хотын индексээр 2021 онд тэргүүлж иргэдийн амьдралын хэв маягт технологийн шийдэл, хэрэглээг түлхүү нэвтрүүлж амьдрах таатай орчныг бүрдүүлсэн орон юм.