Шуурхай мэдээ



Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2022-11-18 09:56
  • 0

Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы  (2022.11.17) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг танилцуулсан.

 

 

Тэрбээр, Байнгын хорооны хуралдаанаар төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй 48 саналын томьёолол, 5 багц найруулгын санал, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх 26 саналын томьёолол болон Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаярын гаргасан зарчмын зөрүүтэй гурван саналын томьёоллыг хэлэлцэж, санал хураалт явуулсныг дурдав.

 

Түүнчлэн Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн зарчмын зөрүүтэй саналын томьёололд төрийн захиргааны төв байгууллагуудын үйл ажиллагааны давхардлыг багасгах, түншлэлийн төсөл хэрэгжүүлэх хугацааг тодорхой болгох зорилгоор түншлэлээр хэрэгжүүлэх төслийн саналд хийх урьдчилсан үнэлгээг 30 хоногийн дотор түншлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага бие даан хийхээр, төслийг урьдчилан зарлах хугацаа 12 сар хүртэл байхаар тусгасан гэж байлаа.

 


 

Мөн Ажлын хэсгээс аймаг, нийслэлд түншлэлийн төслийг бие даан хэрэгжүүлэх чиглэлээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 21, 24 дүгээр зүйлд заасан чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газрын эрх олгосноор аймаг, нийслэлийн жилийн төсвийн аравны нэгээс хэтрүүлэлгүйгээр аймаг, нийслэл бие даан түншлэлийн төсөл хэрэгжүүлэх, тус харилцааг зохицуулах журмыг энэ хуульд нийцүүлэн шинээр батлах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнийг Ц.Цэрэнпунцаг гишүүн санал, дүгнэлтдээ  онцолсон.

 


 

Мөн түншлэлийн гэрээний төрөлд “барих, түрээслэх, ашиглах, шилжүүлэх” хэлбэрийг шинээр нэмэхээр хуулийн төсөлд тусгасан нь хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэгийг авсан. Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр энэ хууль хэрэгжиж эхлэхээс өмнө холбогдох дүрэм, журмыг шинэчлэн боловсруулах, олон нийтэд сурталчлан таниулахад тодорхой хугацаа шаардлагатай тул хуулийг дагаж мөрдөх хугацааг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлүүлэх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр энэ хуулийн зохицуулалттай уялдуулах зорилгоор дээрх хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хууль санаачлагчид нь буцаах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй гэдгийг дурдав.

 

 

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд, Н.Наранбаатар, Э.Батшугар, Т.Энхтүвшин, Х.Ганхуяг, Ж.Батсуурь, Н.Энхболд, Т.Аубакир нар асуулт асууж,  хариулт авсан.  

 

Гишүүдийн зүгээс хуулийн төсөлд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрх зүйн орчинг тодорхой болгосон, эсэхийг тодруулахын зэрэгцээ орон нутагт бүтээн байгуулалтын төсөл хэрэгжүүлэх боломж, нөхцөлийг хэрхэн бүрдүүлсэн талаар лавлаж байлаа. Мөн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих талаар тодорхой зохицуулалтыг төсөлд тусгасан эсэхийг илүүтэй тодруулав.

Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Г.Түвдэндорж хариултдаа, Хүчин төгөлдөр үйлчилж буй Концессын тухай хуулийн эрх зүйн орчин тодорхой бус, хэтэрхий ерөнхий агуулгатай тул томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх боломжгүй байсныг тодотгоод уг хуулийн төслөөр дээрх боломжуудыг нээж өгсөн. Ялангуяа төрийн байгууллагуудын оролцоо чиг үүргийн тодорхой болгож, хувийн хэвшлийн оруулж буй хөрөнгө оруулалтыг дэмжих, эрсдэлээс хэрхэн хамгаалах зэрэг асуудлыг нарийвчлан тусгасан гэж байлаа.

 

 

Мөн тэрбээр, “Хуулийн төсөлд орон нутагт төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд томоохон төслүүдийг хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлсэн зохицуулалтыг тусгасан. Төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгээс энэ асуудлаар орон нутагт тодорхой эрхийг нь нээж өгсөн. Тухайлбал, хуулийн төслийн 7.1.8-д Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 21, 24 дүгээр зүйлд заасан чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан аймаг, нийслэлд түншлэлийн төсөл бие даан хэрэгжүүлэх эрхийг аймаг, нийслэлийн нэг жилд хийх түншлэлийн гэрээний нийт үнийн дүн нь тухайн аймаг, нийслэлийн жилийн төсвийн арваны нэгээс хэтрэхгүй байх заалтыг оруулсан” гэж байлаа.

Харин Байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг “Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхдээ техник, эдийн засгийн үндэслэлээ боловсруулж чаддаггүй. Иймд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн хэрэгжүүлэх төслийн  судалгааг хийж, техник эдийн засгийн үндэслэлийг нь боловсруулж өгнө. Энэ нь хуулийн хүрээнд томоохон дэмжлэг болно. Мөн уг хуулиар уул уурхай, банк санхүү, батлан хамгаалахаас бусад салбарт жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд түлхүү хамрагдах боломжийг бүрдүүлсэн” хэмээн нэмэлт тайлбарыг хийсэн.  

 

 

Ингээд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх Ажлын хэсэг болон Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй 83 саналын томьёолол бүрээр санал хураалт явуулсан. Тухайлбал, төслийн 5.1 дэх хэсэгт “3асгийн газрын баталгаа” гэж түншлэлийн төслийг урт хугацаанд тогтвортой хэрэгжүүлэх зорилгоор энэ хуулийн 31 дүгээр зүйлд заасан Засгийн газрын хүлээсэн үүргийг.” гэсэн 5.1.32  дахь заалт, мөн төслийн 15.1 дэх хэсэгт  “барих, түрээслэх, ашиглах, шилжүүлэх;” гэсэн 15.1.4 дэх заалт тус тус нэмэх Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжлээ. 

Түүнчлэн хуралдаан даргалагчаас төслийн 26.2 дахь хэсгийг “Ажлын хэсэг энэ хуулийн 25.6.7-д заасны дагуу хамгийн сайн нөхцөлтэй төслийн саналаар шалгарсан оролцогчоос эхлэн хэлэлцээг хийж, үр дүнг нээлттэй мэдээлэх бөгөөд хэлэлцээрийн тэмдэглэлийг энэ хуулийн 52.1-д заасан мэдээллийн нэгдсэн санд тусгана.” гэж өөрчлөн найруулах, "төслийн 27 дугаар зүйлд “сонгон шалгаруулалтад оролцогчид нь Өрсөлдөөний тухай хуулийн 4.1.6-д заасны дагуу харилцан хамааралгүй байна.” гэсэн 27.1.7 дахь заалт нэмэх саналуудыг гүйцээн боловсруулах чиглэл өгөв.

 


 

Мөн төслийн 7 дугаар зүйлд “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 21, 24 дүгээр зүйлд заасан чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан аймаг, нийслэлд түншлэлийн төсөл бие даан хэрэгжүүлэх эрхийг аймаг, нийслэлийн нэг жилд хийх түншлэлийн гэрээний нийт үнийн дүн нь тухайн аймаг, нийслэлийн жилийн төсвийн аравны нэгээс хэтрэхгүй байхаар олгох.” гэсэн 7.1.8 дахь заалт нэмэх Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.

Харин Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөлд Энэ хууль хүчин төгөлдөр үйлчлэхээс өмнө Концессын тухай хуулийн дагуу байгуулсан концессын гэрээнүүдэд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн болон тухайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран үнэлгээ хийж, цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах, дуусгавар болгох, цуцлах концессын гэрээнүүдийг Засгийн газар холбогдох хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэнэ.”  гэсэн 7 дугаар зүйл нэмэх Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

 


 

Ингээд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлснээр хуралдаан өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Хорт хавдар залуужиж байгаагийн гол шалтгааныг юу гэж бодож байна вэ?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ