Шуурхай мэдээ



Намрын ургац хураалт, өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг сонслоо


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2022-11-19 11:04
  • 0

Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы  /2022.11.18/ үдээс хойших нэгдсэн хуралдаан 14 цаг 00 минутад эхэлж, Намрын ургац хураалт, өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээллийг  сонслоо. 

Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээлэлдээ, энэ онд улсын хэмжээнд 353.4 мянган га-д үр тариа, үүнээс 329.1 мянган га-д улаанбуудай, 19.9 мянган га-д төмс, 11.0 мянган га-д хүнсний ногоо, 67.9 мянган га-д малын тэжээл, 115.2 мянган га-д тосны ургамал, 4.6 мянган га-д жимс, жимсгэнэ нийтдээ 567.6 мянган га талбайд тариалалт хийснийг тодотгов.

Ургац хураалтын урьдчилсан дүнгээр 408.6 мянган  тонн үр тариа, 210.7 мянган тонн төмс, 137.4 мянган тонн хүнсний ногоо, 161.7 мянган тонн тэжээлийн ургамал, 42.7 мянган тонн тосны ургамал хураан авлаа. Ургацын дүнг өнгөрсөн жилтэй харьцуулахад төмс, хүнсний ногооны ургац тус бүр 15 хувиар нэмэгдсэн байна. Одоогийн байдлаар энэ оны ургацаас гурилын үйлдвэрүүд 150.0 мянган тонн, Хөдөө аж ахуйг дэмжих сан стратегийн хүнсний нөөцөд 25.0 мянган тонн улаан буудай авч, гурил үйлдвэрлэлд нийт 175.0 мянган тонн хүнсний улаанбуудай нийлүүлэгдээд байгааг Х.Болорчулуун сайд мэдээлэлдээ  дурдлаа.

 

“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд 1445 иргэн, аж ахуйн нэгжид 3 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай 103.0 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг үзүүлэн, тариалалт, уринш боловсруулалт, ургац хураалтын ажлуудыг агротехнологийн хугацаанд явуулсныг сайд танилцуулгадаа дурдаад төмс, хүнсний ногооны 1871 га, малын тэжээлийн 5000 га, жимс, жимсгэнэ 1450 га, мод үржүүлгийн газар 1450 га талбайг шинээр нэмэгдүүлж, Хөдөө аж ахуйг дэмжих сангаас улаанбуудайн 10.3 мянган тонн үрийг 263 аж ахуйн нэгж, иргэнд 30 хувийн урьдчилгаатай зээлээр, хүнсний ногооны 48.1 тонн үрийг 113 аж ахуйн нэгж, иргэнд 80 хувийн хөнгөлөлттэй үнээр олгосон гэв.

Мөн улсын хэмжээнд 254.0 мянган тонны багтаамжтай төмс, хүнсний ногооны зоорь агуулах, үр тариа хадгалах 550.2 мянган тоннын багтаамжтай төмөр бетон элеватор байгаагаас Хөдөө аж ахуйг дэмжих санд 186.0 мянган тонн, хувийн хэвшилд 364.2 мянган тонн нь ашиглагдаж байгаа бөгөөд агуулах, зоорь, элеваторуудын ариутгал, засвар үйлчилгээг хийлгэж, шинэ ургацыг хүлээн аваад байна гэж байлаа.


Тэрбээр, энэ жил улсын хэмжээнд нийт 188.6 мянган малчин өрхөд 71.2 сая, хонин толгойд шилжүүлснээр 122.5 сая толгой мал өвөлжиж, 19.9 сая малыг эдийн засгийн эргэлтэд оруулах урьдчилсан дүн гараад байгааг дурдсан.

2022 оны 11 дүгээр сарын 17-ны  өдрийн байдлаар адууны мах 2.9 мянга, хонь, ямааны түүхий мах 3.4 мянга, нийт 6.3 мянган тонн мах экспортолсоныг салбарын сайд мэдээлэлдээ тодотгохын зэрэгцээ хот суурин газрын хүн амын хаврын махны нөөцийг бүрдүүлэх зорилгоор 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар мах бэлтгэгч дөрвөн аж ахуйн нэгжид ХААН банк, Худалдаа хөгжлийн банкаар дамжуулан 46.0 тэрбум төгрөгийн зээл олгосон. Түүнчлэн аймгуудын мэдээллээр 2.5 мянган тонн мах нөөцлөхөд зориулж 1.1 тэрбум төгрөг төсөвлөсөн гэв.  

Мөн нийт малчин өрхийн 11.5 хувь буюу 21.8 мянган өрх, нийт өвөлжих малын 13.3 хувь буюу 9.5 сая мал отроор өвөлжиж, хаваржих бэлтгэл хангагдлаа. Отроор өвөлжих малчин өрх, малын тоо нь бэлчээрийн даацтай уялдан өмнөх оноос 2.2 мянган малчин өрх, 1.1 сая малаар өссөн гэв.  

 

Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд энэ жилийн төлөвлөгөөт тарилга, туулгат, ариутгал, халдваргүйтгэл, тандалт шинжилгээ 84-95 гаруй хувьтай дуусч, шүлхийн өвчний 6.0 сая, үхрийн арьсны товруутах өвчний 500.0 мянга, хонины цэцэг өвчний 462.8 мянган тун вакцины нөөцийг бүрдүүлж бэлэн байдлыг хангаад байгааг сайд мэдээлэлдээ дурдсан.

Мөн мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, ус, хашааны  хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд улсын хэмжээнд 87.4 хувьтай бэлтгэл хангагдсан гэж байлаа.

Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл, бэлэн байдлыг хангаж байгаа хэдий ч зуншлага тааруу байсан нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын нутгаар зудын эрсдэл өндөр байгааг Х.Болорчулуун сайд мэдээлэлдээ тодотгоод цаг агаарын хүндрэл бэрхшээлд хариу арга хэмжээний бэлтгэл зохион байгуулалтыг улам сайжруулах, отрын маргаан гаргахгүй байх, зам давааг байнга нээлттэй байлгах, хүнс, тэжээл, шатахууны нөөцийг тогтмол байлгах, цаг агаарын аюулт үзэгдлийн мэдээллийг сум, баг, малчдад шуурхай хүргэх зэрэг үүрэг чиглэлийг бүх шатны Засаг дарга нарт өгөөд байна гэв.


Дараа нь Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн санал, дүгнэлтийг  Улсын Их Хурлын гишүүн, тус бүлгийн дарга О.Цогтгэрэл танилцуулсан.

Тэрбээр санал, дүгнэлтдээ, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбар 20 жилийн өмнө нийт экспортын 60 орчим хувийг бүрдүүлж байсан бол өдгөө 10 хүрэхгүй хувь болж агшсаныг онцлоод хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлэх бодлого алдаагаа олж, оношоо зөв тавихаас эхлэх ёстойг онцгойлон анхаарууллаа.

Мөн газар нутгийн онцлог, бүтээгдэхүүн боловсруулах уламжлалт арга ажиллагаанд тулгуурлаж айрагны, сарлагийн, ямааны зэрэг эдийн засгийн бүсүүдийг үүсгэх боломжтой. Улмаар үйлдвэрлэлийн технологи, боловсруулалт, савлагаа, хадгалалт, тээвэр, логистик гээд өртгийн сүлжээний бүх шат дамжлагад тавих шаардлага, стандартыг тодорхой зааж өгч, хэвшүүлэхэд анхаарахыг дурдахын зэрэгцээ үүнд санаачилга, гүйцэтгэл дутагдаж байгаагаас хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспорт хийгдэхгүй байна гэв.

Түүнчлэн тэрбээр, энэ өвлийг эсэн мэнд давлаа ч эрс шинэчлэл, хувьсгалт өөрчлөлт хийхгүй бол ирэх 50, 100 жилүүдэд ч ийм байхыг тодотгохын зэрэгцээ бодлого гэхээр ган зуд, гамшиг осол, өвөлжилт, хаваржилт гэх мэт бол цаг зуурын хүндрэлийг ярьдаг байдлаасаа салах цаг ирсэн гэж байлаа.

Хөгжих, дэвших боломж дүүрэн, онцлог ялгарал, уламжлалаар баялаг Монголын хөдөө аж ахуйн салбарыг төрийн үрэлгэн, данхар “савраас” чөлөөлж, экспортод зорьдог, эрүүл стандарттай бүтээгдэхүүнтэй, орлого ашигтай, өвлөөс айдаггүй, залуус нь тэмүүлж очдог, сэтгэл хангалуун аж төрдөг болдог бизнес, аж ахуй болгох бодлого, чиглэлийг нэн яаралтай гаргаж ажиллахыг хүсэж байгаагаа УИХ дахь АН-ын бүлгийн дарга онцлоод төрийн бүх эрх мэдлийг бүрэн хянаж буй эрх баригчид “хүчээ” биш “бодлогоо” нэгтгэхэд анхаарахыг уриалав.


Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал, С.Одонтуяа, Ц.Туваан, Б.Пүрэвдорж, О.Цогтгэрэл, Д.Ганбат, Ж.Батсуурь, Ж.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, үг хэлсэн.

Гишүүдийн зүгээс орон нутагт шатахууны хомстол үүсээд байгаа асуудалд Засгийн газраас арга хэмжээ авч буй эсэхийг тодруулахын зэрэгцээ иргэд, өрхийн аж ахуй, үйлдвэрлэлийг дэмжихэд анхаарч, хөнгөлөлтэй зээлд хамруулах, цаашлаад зээл олгох шат дамжлага, хүнд суртлыг багасгахад арга хэмжээ авч буй эсэхийг асууж байлаа. Мөн салбарын яамны зүгээс нөөцийн мах бэлтгэл, махны экспортод баримталж буй бодлого болон малын гоц халдварт өвчний талаар ил тод мэдээлэх нь хэр зохимжтой эсэхийг лавлав.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун хариултдаа,  Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар шатахуун хомстож буй талаар хөндөж, тавьсан. Хуралдаанаар шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр болсныг тодотгоод сүүлийн хоёр жил жижиг, дунд үйлдвэрлэгчдэд олгодог зээл УИХ дээр танагдсан. Гэхдээ зээлийн эргэн төлөлтөөс 25-30 тэрбум төгрөгийг буцааж, аж ахуй нэгж, үйлдвэрлэгчдэд өгч байна гэв.

Мөн тэрбээр, “Тус яамны зүгээс хөнгөлөлттэй зээл олгох асуудалд хүнд суртал их байгааг ард иргэд хэлдэг. Хүнд суртлыг арилгахын төлөө яамныхаа газар, хэлтсийн удирдлагуудад иргэний өргөдөл, гомдлыг нуун дарагдуулбал хариуцлага тооцохоор холбогдох тушаал, шийдвэрийг гаргаад байна. Мах экспортлоход квот өгдөг явдал нь хүнд суртлыг дагуулж байсан тул үхрийн махнаас бусад малын махыг квотгүй болгосон” хэмээн харилж байлаа. “Монгол  Улс олон улсын стандартын дагуу махаа экспортлох арга хэмжээг авч байгаагүй. Дэлхийн улс орнууд эрүүл бүсийг бий болгож байж, махаа экспортлодог. Тиймээс бид ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар эрүүл бүс байгуулах асуудлыг хэлэлцүүлнэ. Монгол Улсын гурван газар эрүүл бүс байгуулахаар ажиллаж байна гэж” салбарын сайд хариулсан. Түүнчлэн тэрбээр, "Яамны зүгээс ирэх жилээс эхлэн нөөцийн мах бэлтгэхгүй. Нөөцийн махны борлуулалт, сүлжээ зэрэг бүх асуудал нь нийслэлийн харьяалалд байдаг. Иймд хэдэн тонн мах бэлтгэх талаараа холбогдох тооцоо, судалгаагаа хийгээд бэлтгэлийн асуудлаа нийслэл нь бүрэн хариуцах шаардлагатай" гэж байлаа.    

 

Харин Ажлын хэсгийн зүгээс “Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын гишүүн орны хувьд малын гоц халдварт өвчин гарсан тохиолдолд холбогдох байгууллагуудад мэдээлдэг. Мөн тодорхой хугацааны дараа хорио цээр нь татан буугдсан үед мэдээллээ цуцалдаг. Өнөөдрийн байдлаар ДМАЭМБ-ын веб сайт дээр Монгол Улс шүлхий өвчний тохиолдол бүртгэгдээгүй байна” хэмээн хариулж байлаа.

Үүгээр чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Хорт хавдар залуужиж байгаагийн гол шалтгааныг юу гэж бодож байна вэ?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ