Шуурхай мэдээ



УИХ-ын дарга Г.Занданшатар “Парламент болон хүний эрхийн үндэсний байгууллагууд хоорондын харилцааны тухай Белградын зарчмууд” сэдэвт хэлэлцүүлгийг нээлээ


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2022-11-21 18:36
  • 0

Монгол Улсын Их Хурлын Тамгын газраас Олон Улсын Парламентын Холбоотой хамтран зохион байгуулж буй “Парламент болон хүний эрхийн үндэсний байгууллагууд хоорондын харилцааны тухай Белградын зарчмууд” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр /2022.11.21/ Төрийн ордонд нээлтээ хийлээ.

 Энэхүү хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нээж үг хэлсэн. Тэрбээр, Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо энэ оны наймдугаар сард Хамтын ажиллагааны санамж бичгийг үзэглэсэн. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагаа болон түүний бүтэц, үйл ажиллагаанд хүний эрхэд суурилсан хандлагыг дэмжих, жендэрийн мэдрэмжтэй парламентыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тунхагласан. Хамтын ажиллагааны эхний арга хэмжээ өнөөдөр зохион байгуулагдаж байна гэлээ.

УИХ-ын дарга хэлсэн үгэндээ, Монгол Улсын Их Хурлын 2019-2024 оны стратеги төлөвлөгөөнд Төлөөллийн ардчиллыг бэхжүүлэх, парламентын ил тод байдлыг хангах, иргэдийн төрд итгэх итгэлийг сэргээх үйл ажиллагааг төгөлдөржүүлэх зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгааг дурдлаа. Тэрбээр, “Ард түмний засаглах эрхийг хангах нь парламентын эрхэм зорилго юм. Энэ хүрээнд төлөвлөсөн ажлууд болох хуулийн төслүүд хүний эрхийг хангасан эсэхэд үнэлгээ хийж, Хүний эрхийн олон улсын конвенцод нийцүүлж баталдаг болоход бидний хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой” хэмээн онцолсон.

УИХ-ын дарга Г.Занданшатар, Энэ удаагийн Улсын Их Хурал хүний эрхийг дээдэлсэн парламент байхаа зарласан. Энэ ч утгаараа Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагаа, бие даасан хараат бус байдлыг хангахад ахиц дэвшил гарган ажиллаж байгаа. Улсын Их Хурлаас Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийг нийгмийн хөгжлийн хурд, хувьсал, хүний эрх хамгаалах үндэслэл, шаардлагад нийцүүлэн 2020 оны нэгдүгээр сард шинэчлэн баталсан. Хуулийн шинэчилсэн найруулгын дагуу Комиссын гишүүдийг нээлттэй сонгон шалгаруулалтаар, олон нийтийн хяналт дор томилдог болсон гэлээ.

 


 

2006 оноос хойш Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг хэлэлцээгүй байсан. Байнгын хороо, дэд хороогоор оруулж, чиглэл өгсөн тогтоол гаргасан төдийгөөр хэлэлцсэн нэр зүүж өнгөрдөг байсныг өөрчилсөн. Шинэ хуулиар тайланг УИХ-ын нэгдсэн чуулганаар заавал хэлэлцүүлдэг болгож, улмаар 2021 онд Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19, 20 дахь илтгэлийг, 2022 онд 21 дэх илтгэлийг хэлэлцэн, Улсын Их Хурлын тогтоол баталж, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгсөн хэмээн УИХ-ын дарга мэдээлээд, хүний эрхийг хангах үндэсний тогтолцоо бүхэлдээ уялдаа холбоотой, үр дүнтэй ажиллах нөхцөл, харилцааг сайжруулах тал дээр бид анхаарах хэрэгтэй байна гэв.

Тэрбээр, Өргөн баригдаж буй хууль, тогтоолын төсөлд хүний эрхийн дүн шинжилгээ хийх аргачлалыг Улсын Их Хурлын Тамгын Газраас боловсруулж байна. Энэхүү аргачлал бий болсноор хүний эрхэд суурилсан хууль тогтоох зорилго маань амжилттай хэрэгжих нэг нөхцөл бүрдэнэ. Үүнд хүний эрхийн үндэсний байгууллага, хүний эрхийн экспертүүд болох комиссын гишүүдийн хэрхэн хамтран ажиллах талаарх бүтээлч санал, санаачилга хэрэгтэй гэдгийг тэмдэглэсэн юм.

Дараа нь Олон Улсын Парламентын Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Мартин Чунгонг үг хэлсэн юм.

Монгол Улсын Их Хурал Хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд идэвхтэй ажиллаж буйд талархаж байгаагаа илэрхийлээд, хүний эрх, жендерийн тэгш байдлыг нэмэгдүүлэхэд парламент, Хүний эрхийн Үндэсний Комиссын хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг онцлов.  

Мөн өнөөдрийн арга хэмжээний үеэр парламент, хүний эрхийн үндэсний байгууллагуудын хамтын ажиллагааны хэлбэрийн талаар мэдээлэл сонсч, бусад орны парламент ХЭҮК-ын хамтын ажиллагааг харуулсан сайн туршлагаас судалж, түүнийг эх орондоо хэрэгжүүлэх талаар санал бодлоо хуваалцана гэж найдаж байгаагаа илэрхийлсэн. 

 

Өнөөдрийн уулзалтаар бид ямар ололт, амжилттай яваагаа мэдэж, Хүний эрхийн Үндэсний Комисс болон УИХ-ын хамтын ажиллагаа ямар үр дүнд хүрсэн талаар хэлэлцэнэ. Мөн бид парламент болон Хүний эрхийн Үндэсний Комиссын хамтын ажиллагааг сайжруулахын тулд ямар зүйл хийж болох вэ гэдэг дээр санал бодлоо солилцоно. Өнөөдрийн уулзалт Монгол Улсын хүний эрхийг хангах зорилтоо хэрэгжүүлэхэд дэвшил авчирна гэж найдаж байна гэлээ.

Мөн хэлэлцүүлгийг нээж Швейцарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны газрын захирал Стефани Бурри үг хэлсэн.


Жендерийн тэгш байдлын асуудал нь хууль тогтоох үйл ажиллагаан дээр тусгалаа олох ёстой. Энэ бол маш чухал сэдэв. Монгол Улсын хууль тогтоох байгууллага энэ тал дээр хүчин чармайлтаа нэмэгдүүлж, анхаарлаа илүү хандуулж байгаад баяртай байна. Өнөөдрийн уулзалтын үеэр парламент болон Хүний эрхийн Үндэсний Комиссын хамтын ажиллагааг үр дүнд хүргэхийн тулд ямар ажлыг шинээр зохион байгуулах, ямар бүтэц болон ямар нөхцөлүүдийг бүрдүүлэх талаар ярилцана. Мөн Олон Улсын Парламентын Холбооны туршлагаас суралцах төлөвлөгөөтэй байна. Хэлэлцүүлгийн үеэр тавих илтгэлүүдээс бид Монгол Улсын Их Хурал болон ХЭҮК-ын ажилд тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэхтэй холбоотойгоор тодорхой зөвлөмж, санааныг авна гэж итгэж байна гээд хэлэлцүүлгийн үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Хэлэлцүүлэгт Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар болон УИХ-ын гишүүд, УИХ-ын Тамгын газрын удирдлагууд, газар, хэлтсийн ажилтнууд, Хүний эрхийн Үндэсний Комисс, Олон Улсын Парламентын Холбоо, Швейцарын хөгжлийн агентлагийн удирдлага, албан тушаалтнууд зэрэг 100 гаруй хүн танхимаар болон цахимаар оролцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Хорт хавдар залуужиж байгаагийн гол шалтгааныг юу гэж бодож байна вэ?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ