Шуурхай мэдээ



Хайрандаа үнэнч зоригт танкчин бүсгүйн гайхалтай түүх


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2015-04-29 07:44
  • 15

 Агуу их Эх орны дайны Ялалтын 70 жилийн ой мөдхөн тохиох гэж байгаа билээ. Энэхүү яруу алдарт ойг угтан, уг дайнд гавьяа байгуулагсдын түүхээс цувралаар толилуулахаар бэлтгэлээ.

Энэ удаа Мария Октябрьская хэмээх жинхэнэ чин зоригт орос бүсгүйн түүхийг сонирхуулахаар нийтэлж байна. Эх орны дайны үед энэ баатарлаг эмэгтэй танк худалдаж аван, хайртай нөхрийнхөө өшөөг дайснуудаас авахаар фронтод явсан билээ.

Мария Октябрьская /охин үеийнх нь нэр Гарагуля/ 1902 онд Крымд олон хүүхэдтэй тариачны гэр бүлд мэндэлжээ. Дунд сургуулийн зургаадугаар ангиа төгсөөд тэрээр эхлээд консервийн үйлдвэрт, дараа нь телефон станцад ажилласан байна. 1925 онд тэрээр Симферопольд цэргийн сургуулийн сонсогч Илья Рядненкотой танилцан, хэдэн сарын дараа гэрлэж Октябрьские хэмээх овогтой болцгоожээ.

Тэр нөхөртөө маш их хайртай байсан бөгөөд яг л өөрийн мөрөөдлийн ханхүүтэй учирсан мэт хязгааргүй аз жаргалтай байсан аж. Тэрээр цэргийн хүний гэргийн ёсоор Крым, Молдав гээд олон газраар нөхрөө даган амьдарч явжээ. Мария хаана ч очсон урлаг уран сайхан, оёдлын курс зохион байгуулдаг маш гайхалтай чадварлаг эмэгтэй байсан гэнэ. Тэрээр нөхөртөө бүрэн дүүрэн зохицож амьдрахын тулд эмнэлгийн сувилагчийн курс төгсгөн, автомашин жолоодож сурч, винтов пулеметаар маш сайн буудаж суралцан, тэр бүү хэл “Ворошиловын мэргэн бууч” тэмдгээр шагнуулж байжээ.

Эдгээр их ажлуудыг амжуулахын хажуугаар тэр урдын адил үзэсгэлэн төгс байдлаа хадгалсаар байв. Дайны өмнөх үеийн зургуудыг нь харахад, тухайн үеийн хамгийн загварлаг байдлаар хувцасласан сайхан бүсгүй нүднээ тусна.

Мария Васильевнагийн нөхөр дайнаас өмнө Кишиневт алба хааж байлаа. Чухам тэнд л тэд Агуу их Эх орны дайныг угтсан байна. Нөхөр Илья Октябрьский дайны эхний өдрүүдэд л Москва руу курст томилогдон тэндээсээ шууд фронтод явжээ. Харин Мария Васильевна Сибирь рүү нүүлгэн шилжүүлэгдсэн бөгөөд тэр цагаас хойш тэд ахин уулзалдсангүй.

1941 оны зуны сүүлчээр түүнд гашуудлын зурвас ирлээ: “206-р буудлагын дивизийн хорооны комиссар Илья Федотович Октябрьский 1941 оны наймдугаар сарын 9-нд Киевийн ойролцоох тулаанд баатарлагаар амь эрсэдлээ”

Хайртай нөхрийнх нь үхэл түүнд хүндээр туссан боловч сэтгэл санаагаар хүчирхэг бүсгүйг мохоож чадсангүй. Новосибирскт болсон эмэгтэйчүүдийн их хуралд Томскоос төлөөлөгчөөр сонгогдон очиж, фронтод амь үрэгдсэн олон дайчдын ээж,эхнэрүүдтэй тэнд  танилцсан байна. Тэд эрчүүдийн хүнд хэцүү мэргэжлүүдийг хэрхэн эзэмшиж байгаа, мөн уй гашуугаа яаж даван туулж байгаа талаараа санал бодлоо солилцсон аж. Тэнд л Мария Васильевна Эх орноо хамгаалагчдын эгнээнд байх  талаарх шийдвэрээ гаргажээ.

Мария эхлээд фронтод явах хүсэлтээ цэргийн командлалд гаргасан боловч тодорхой шалтгааны улмаас түүнд хэд хэдэн удаа татгалзсан хариу өгчээ. Учир нь,тэрээр нуруу нугасны сүрьеэ өвчтэй, мөн нас нь 40 хүрч байсан учраас боломжгүйд тооцогдсон байна.  

Иймд тэр өөр арга замаар фронтод явахаар шийдэв. Тухайн үед ЗХУ-д батлан хамгаалах санд зориулсан хандивын аян өрнөж байсан бөгөөд Мария хамаг эд хөрөнгө, үнэт зүйлсээ худалдаж, дээр нь хэдэн сар гүрийж ажиллаж байгаад нийтдээ 50 мянган рубль олон түүнийгээ Т-34 танкийн үйлдвэрт хандивласан байна.   Үүний дараа Кремль рүү дараах цахилгааныг илгээжээ:

Москва, Кремль. Улсын Батлан хамгаалах зөвлөлийн даргад. Ерөнхий Командлагчид.

Эрхэм Иосиф Виссарионович!

Миний нөхөр, хорооны комиссар Октябрьский Илья Федотович Эх орныхоо төлөө тулалдаанд амь эрсэдсэн билээ. Түүний үхлийн төлөө, фашистын зандалчдын тамласан зөвлөлтийн хүмүүсийн үхлийн төлөө фашист нохдоос өшөө авахын тулд өөрийн бүхий л хадгаламж болох 50 мянган рублийг танкийн үйлдвэрт хандивлахаар улсын банкинд тушаалаа. Тэр танкийг “Боевая подруга” хэмээн нэрлэж, намайг тус танкийн жолоочоор фронтод явуулж өгөхийг хүсч байна. Би жолоочийн мэргэжилтэй, пулемет сайн эзэмшсэн, мөн ворошиловын мэргэн бууч болно.

Танд чин сэтгэлийн халуун мэндчилгээ илгээн, олон он жилүүдийн туршид  дайснуудыг өвдөг чичрүүлэн, Эх орноо мандан бадруулахыг хүсэн ерөөе.

Октябрьская Мария Васильевна.

Томск хот, Белинскийн гудамж, 31

Цахилгааны хариу ч удаан хүлээлгэсэнгүй.

“Улаан Армийн хуягт танкийн хүчин чадалд санаа тавьсан Мария Васильевна танд гүн талархлаа илэрхийлье. Таны хүссэн зүйлс биеллээ олох болно. Миний мэндчилгээг хүлээн авна уу. И.Сталин”

Ингээд Мария Октябрьская Омскийн танкийн сургуулийг зорив. Тэрээр бүх шалгалтаа онц дүнтэй өгч, механик-жолоочийн үнэмлэх гардлаа. Уралд дөнгөж үйлдвэрээс гарсан “Боевая подруга” хэмээх бичигтэй танкийг ажилчид түүнд гардуулав.

Тэрхүү танкийн экипаж командлагч-бага дэслэгч Петр Чеботько, цамхагийн буудагч-түрүүч Геннадий Ясько, буудагч-холбоочин Михаил Галкин, жолооч-механик-түрүүч Мария Октябрьская нарын бүрэлдхүүнтэйгээр Баруун фронтын Ельнинскийн гвардийн танкийн 26-р бригадад хуваарилагдсан байна.

1943 оны 11-р сарын 18-нд Витебск мужийн Лиозненск районы Новое Село тосгоны дэргэдэх тулалдаанд “Боевая подруга” анх оролцон, дайсны талын танк эсэргүүцэгч их буу, 30 орчим германы цэрэг офицеруудыг устгаж чадсан байна. Энэ тулаанд танк нь буудагдан, М.В.Октябрьская шархадсан хэдий ч дайсны суман доор байсан танкин дотроо хоёр хоногийг өнгөрүүлжээ.

1944 оны нэгдүгээр сарын дундуур Витебск мужийн Крынка сангийн аж ахуйн ойролцоо ширүүн тулаан болов. Мария Васильевна танкаараа дайсны хамгаалалтыг сэтэлсэн хэдий ч танк нь суманд өртсөн байна. Дайсны хайчин галын доор механик Октябрьская гэмтлийг засахыг оролдсон бөгөөд энэ үед ойролцоо нь дэлбэрсэн минын хэлтэрхий толгойд нь тусан хүндээр шархдуулжээ.

Мария Васильевнаг онгоцоор Смоленскт хүргэн, мэс засалч шархыг нь үзлээ. Түүнд ямар нэгэн зүйл хийхэд маш хүнд байв: хэлтэрхий нүдэнд нь тусан, тархины том тал бөмбөлөгт хүрсэн байжээ. Эдгэрэх магадлал маш бага байсан хэдий ч түүнд хагалгаа хийн, дараа нь тасагт шилжүүлсэн байна.

Нэг хорооныхон нь энэхүү хүчирхэг бяцхан эмэгтэйг ээж хэмээн өхөөрдөн дууддаг байсан бөгөөд эмнэлэгт түүн рүү захидал илгээсээр байв:

“Сайн байна уу, бидний ээж Мария Васильевна! Таныг маш хурдан эдгээсэй хэмээн бид хүсч байна. Манай “Боевая подруга” Берлин хүрнэ гэдэгт бид итгэлтэй байгаа. Таныг шархдуулсны төлөө бид дайснаас хатуу өшөө авах болно. Цагийн дараа бид тулаанд гарна. Бид бүгд таныг чанга тэврэн, манай “Боевая подруга” бас танд мэндчилгээ илгээж байна” гэжээ.

Гуравдугаар сарын 14-нд хошууч Топок түүнийг эргэхээр ирэхдээ захидал, мөн Эх орны дайны I зэргийн одонг Мария Васильевнад гардуулсан байна.

Харин маргааш нь буюу 1944 оны гуравдугаар сарын 15-ны үүрээр Мария Васильевна Октябрьская таалал төгсөн, түүнийг Смоленск дахь Баатруудын дурсгалын цогцолборт оршуулжээ.

1944 оны наймдугаар сарын 2-ны өдөр ЗХУ-ын Дээд Зөвлөлийн тэргүүлэгчдийн зарлигаар гвардийн түрүүч Мария Васильевна Октябрьскаяд Зөвлөлт Холбоот Улсын Баатар цолыг нэхэн олгосон билээ. Тэрээр цэргийн ангийн жагсаалтад мөнхөд бүртгэгдсэн юм.

Харин “Боевая подруга” өөрийн алдарт замналаа үргэлжлүүлсээр байлаа. Энэ нь хэдийгээр Мария Васильевнагийн хөлс хүчээрээ худалдан авсан тэр танк биш ч гэсэн экипажийн бусад гишүүд амьд байсан учраас өөр танк хүлээж авахдаа нэрээ хэвээр үлдээж байсан аж. Тэр экипажийн залуус Мария Владимировна тэнгэрээс тэднийг ивээгээд байгаа мэт огт шархдаж гэмтээгүй гэнэ. Тэд Мария Октябрьскаягийн дурсгалд зориулан шинээр авсан танк бүрээ “Боевая подруга” хэмээн нэрлэдэг байсан бөгөөд Кенигсбергт дөрөв дэх танктайгаа ялалттай золгожээ.

Томск хотын 24-р сургууль Мария Васильевна Октябрьскаягийн нэрэмжит бөгөөд сургуулийн орох хаалганы дэргэд уран барималч Сергей Данилины бүтээсэн хөшөө байдаг. Мөн Смоленск болон Джанкоед М.Октябрьскаягийн нэрэмжит гудамж байдаг ба Крынкийн төмөрзамын буудал дээр хөшөө нь байдаг аж. 

Д.Мягмарсүрэн

 

 

 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл үлдээхНийт: 15

  • Зочин 103.229.122.xxx

    Дайны үед оросууд агуу эх орноо аврах цорын ганц сэтгэлээр нэгдэн хүчирхэгжин дайнд ялсан. Энэ бол маш гайхамшиг .

    • 2015-05-03 07:25
  • Зочин 203.91.118.xxx

    жинхэнэ эх оронч гэж энэ хүнийг хэлнэ

    • 2015-05-01 10:24
  • Зочин 43.242.242.xxx

    www.golmedee.mn

    • 2015-04-29 12:46
  • Зочин 43.242.242.xxx

    www.golmedee.mn

    • 2015-04-29 12:46
  • Зочин 103.26.195.xxx

    гайхалтай хүчирхэг эмэгтэй.

    • 2015-04-29 12:09
  • Зочин 202.179.11.xxx

    Gaihaltai

    • 2015-04-29 11:04
  • Зочин 182.160.38.xxx

    Бурханаас учируулсан хайрыг хүндэлж эх орноо гэсэн чин үнэн гэсэн сэтгэл ийм агуу үйлс бүтээх ажгуу. Одоо Монголчууд биднээс эх орноо гэсэн сэтгэл яагаад гарахаа больчхов Зөвхөн мөнгө мөнгө тэр агуу үнэнч хайр хаана байна Бас л мөнгөөр хэмжих ... утгагүй болж байна даа...Хармасалтай ... маш...

    • 2015-04-29 10:42
  • Зочин 202.179.11.xxx

    Хүний эх орон, гэр бүлээ гэсэн сэтгэл агуу ихийг бүтээлгэдэг болой

    • 2015-04-29 10:19
  • Зочин 202.179.8.xxx

    Танкчин хүн ийм тэвчээртэй байдаг юм.Монгол хүн бүр эх орноо гэсэн сэтгэл гаргамаар байна. Эд хөрөнгөний хойноос үхлээ юу Тийм олон байшин үнэтэй машин ааряахав дээ мөн олон охидоор тоголдог боов нь толгойдоо орсон улсууд юм бодох хэрэгтэй шүү

    • 2015-04-29 10:16
  • Зочин 202.179.31.xxx

    нульмас урсаад байх юм

    • 2015-04-29 10:13
  • Зочин 180.235.184.xxx

    гайхалтай түүх байна,зүрх сэтгэл нь эх орныхоо төлөө цохилсон олон мянган ийм баатарлаг хүмүүс эх орноо ялалтанд хүргэжээ

    • 2015-04-29 09:36
  • Зочин 103.11.192.xxx

    Энийг л гайхамшиг гэхгүй юм бол өөр юуг гайхамшиг гэх вээ?

    • 2015-04-29 09:31
  • Зочин 27.123.214.xxx

    Gaihamshig. Taniig magtan duulaya, nulims garlaa.

    • 2015-04-29 09:17
  • Зочин 202.179.11.xxx

    Эр нөхрийнхөө төлөө бүхнээ зориулдаг, хатан зоригт дайчин жинхэнэ орос эмэгтэй байсан байна даа. Түүний байгуулсан гавъяагаар бахархаж байна.

    • 2015-04-29 08:37
  • Зочин 103.9.89.xxx

    gaihamshigtai emegtei baijee. Aguu ekh oronsh, er hunii oldoshgui gergii baisan.

    • 2015-04-29 08:21

Санал асуулга

ЖДҮ-ийн зээлийг завшигч гишүүд, дарга нар зөвхөн уучлалт гуйгаад, зээлээ эргүүлэн төлөөд өнгөрөх нь зөв үү?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ