Шуурхай мэдээ



Б.Дугархүү: Элэгний вирус сахлын татуурга, батга шахдаг төмөр, хумсны хутгаар ч дамждаг


  • 2015-12-16 15:11
  • 0

- 1950 орчим оны үед Монголчуудын элэгний өвчлөлийн шалтгаан ондоо байсан болов уу. Одоо харин цаг үе өөр болохын хэрээр хүмүүс өөр, шинэ байдлаар элэгний вирусээр өвчлөх тохиол ихэслээ. Та орчин үеийн хүмүүсийн элэгний өвчлөлийн шалтгаануудыг хэлж өгөхгүй юу?

- Мэдээж 1950 орчим  оны үед буцалгасан тарианы шифризээр дамждаг b, c вирус байсан. Тухайн үед Монголын 600 гаруй мянган хүн тэмбүүгээр өвдөж устаж үгүй болох гэж байсан үе. Оросын экспедицүүд орж ирээд бидэнд улаан, цагаан тарианы аян өрнүүлээд биднийг аварч байсан. Гэхдээ энэ тариаг тарихдаа нэг сумын хүмүүсийг нэг шипризээр тарихдаа энэ хооронд буцалгаж хэрэглэдэг байлаа. Буцалгах явцад вирус устдаг гэж бодож байтал үгүй болж таараад Монголчуудыг массаар нь элэгний вирустэй болгож үлдээсэн. Нэг ёсондоо тэмбүү өвчнийг нь эмчлээд буян хийсэн ч нөгөө талаар аюултай өвчнийг бидэнд өгсөн. Тухайн үед тариулж байсан хүмүүс өнөөдөр нас барж бид элэгний хорт хавдраар нас барагчдын тоогоороо дэлхийд нэгдүгээр байранд ороод байна.

 

БЭЛГИЙН ХАВЬТЛЫН ҮЕЭР БИДНИЙ МЭДЭХГҮЙ ЖИЖИГ СУДСУУД ХАГАРЧ
ЦУС ГАРСНААР ХАЛДВАР ДАМЖИЖ БАЙДАГ

 

Өнөөдөр эдгээр хүмүүсээс Монголд 300 гаруй мянган хүн үлдсэн байна. Тооцоолбол Монголчуудын гурван хүн тутмын нэг нь халдвартай байна гэж хэлж болно. Харин өнөөдөр энэ гурван хүний халдваргүй гэх хоёр хүн вирусын халдвар авах хамгийн боломжит хувилбар бол бэлгийн зам болчихоод байна. Өнөөдөр энэ талын ёс зүй гэж байхгүй болсон. Жирэмсэн эхчүүд, залуучууд маш их байна. ХӨСҮТ дангаараа тэмбүүг эмчилж чадахгүй байгаа учраас хувийн эмнэлгүүд энэ өвчнийг эмчилж мөнгө олж байна. Энэ бүхний ард таны ярьж буй элэгний вирус байгаа.

Элэгний вирус халдварлах тохиолдол 100-д 100 байдаг. Та ийм вирустэй хүнтэй бэлгийн хавьталд орсон л бол шууд халдвар авна. Монголчууд нэг удаа шарласнаас зуун удаа тэмбүүд гэж ярьдаг байсан.  Учир нь тэмбүү тусвал эмээр эмчлээд болдог. Гэтэл нэг л удаа шарлах юм бол насан туршдаа тэр вирусын асуудлаас хөндийрөхгүй. 

Бэлгийн хавьтлын үеэр бидний мэдэхгүй жижиг судсууд хагарч цус гарснаар халдвар дамжиж байдаг. Энэ хагарлууд эр эм аль ч бэлэг эрхтэнд явагддаг. Ингэснээр халдвар дамжиж байгаа гэдэг учрыг ойлгоорой.

Хүмүүс энэ төрлийн халдвартай бол нүд ам нь шарлаж ногоорно гэж бодож хүлээдэг. Харамсалтай нь энэ халдварын 90 гаруй хувь нь ямар ч шинж тэмдэггүй байдаг. Шарлаагүй учир вирусгүй гээд бодоод явж байтал шинжилгээгээр гараад ирдэг. Нэг ёсондоо дүлий. Шинж тэмдэг өгдөггүй. Мэдэх ганц арга бол шинжилгээ.

 

ХУМСНЫ ХУТГА

 

Мөн сүүлийн үед энэ вирус дамжиж байгаа бас нэг сонирхолтой зам бол хумсны хутга. Нэг ам бүлд нэг л хумсны хутга байдгаас болж халдвар дамжих болсон. Тодруулбал, хумсны хутгаар хумсаа авч байхдаа арьсаа зүсчихдэг. Ингэснээр хумсны хутганд тодорхой хэмжээний цус наалдаж үлддэг. Үүнийгээ бид усаар зайлаад л тавьчихдаг. Гэтэл элэгний вирусүүд 100 хэмийн буцалж байгаа усанд ч үхдэггүй. Тэгэхээр дараа нь бас нэг гэр бүлийн гишүүн хумсаа авж байхдаа махыг нь авчихдаг.  Ингээд л чамд халдвар дамжчихан. Тиймээс манайхан хөдөөнөөс ч ирсэн хүн бай хамаагүй шууд хумсны хутгаа өгч хэрэглүүлдэг. Гэтэл гурван хүн тутмын нэг нь вирустэй гэсэн дэлхийн түвшнээс хальчихсан судалгаа бий гэдгийг мартахгүй байх хэрэгтэй.

 

САХЛЫН ТАТУУРГА, БАТГА ШАХДАГ ТӨМӨР

 

Мөн бас нэг дамжуулагч бол сахлын татуурга. Аав нь хүүгийнхээ сахлын татуургаар сахлаа хусдаг. Бас нэг чухал дамжуулагч бол батга шахдаг төмөр металл. Өөрөөр хэлбэл ихэвчлэн гоо сайхны газруудаар дамжиж байна. Энэхүү төмрөөр нэг талаар нь батганы цус, идээг гаргаж нөгөө талаар нь нүхэлж онгойлгодог. Харахад зарим гоо сайхны газрууд ердөө ганц л ийм төмөр бариад сууж байдаг. Нэг хүнд үйлчилснийхээ дараа угаагаад л дараагийн хүнд үйлчилдгээс болоод халдвар авах тохиол байж болно. Энэ бол хүмүүсийн мэддэггүй бас нэг халдварлах зам. Гоо сайхны газар очоод 50 мянган төгрөг төлөөд батгаа шахуулчихаад 20 сая төгрөгний эмчилгээ бүхий өвчтэй л болж байна гэсэн үг дээ. Гол нь шинж тэмдэг байхгүй гэдгийг мартаж болохгүй.

 

ҮСЧНИЙ ГАЗРУУД

 

Мөн зарим үсчний газрууд халдвар дамжуулагч болдог. Үс захалдаг бритвагаар үйлчлүүлэгчийн арьсыг гэмтээх тохиолдол бишгүй. Гэтэл нэг удаагийн хэрэглээ буюу нэг хүнд нэг бритваээр үйлчлэх соёл манай зарим үсчдэд байхгүйгээс болоод дараагийн хүнд халдварладаг. Нэг халдвартай хүний арьсыг гэмтээж цус гаргасан бол дараагийн хүний арьсыг гэмтээж цус гаргаснаар вирус шууд дамждаг. Гэтэл нэг үсчин өдөрт 20-30 хүнд үйлчилж байна.

 

ЭМНЭЛЭГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖҮҮД

 

Сүүлийн үед энэ халдвар эмнэлэгийн тоног төхөөрөмжөөр дамжих явдал ихэссэн. Энэ нь абортыг, кесар хагалгааг хэлж байгаа юм. Чанаргүй, баталгаагүй, ариутгал хийх чадвар муу хувийн эмнэлэгүүд халдвар тарааж байна. Жишээ нь умайг дотор талаас нь хусдаг төмрүүд нь вирустэй хүнд үйлчилсэн төмрөө ариутгасан гэх боловч ариутгах чадамжийн хувьд улсын эмнэлэгүүдийг гүйцэхгүй. Багажинд нуугдсан вирус шууд л дараагийн хүнд халдах нь тодорхой. Тийм учраас хэрвээ үнэхээр тийм газарт очих шаардлагатай болбол  b  болон с вирусын шинжилгээ хийлгээд очих ёстой. Тэгээд хоёр сарын дараа шинжилгээгээр мэдэгдэх боломжтой болсон үед нь шинжилгээ ахин хийлгэж, халдвар авсан тохиолдолд эмнэлэгийг эргүүлэн шүүхэд өгөх боломжтой байдаг.  Ингэж та эмчилгээнийхээ зардлыг тухай эмнэлэгээс гаргуулан авна. Ямар нэг байрны нэг давхарт байрлаж багаа, чанартай эсэх нь мэдэгдэхгүй эмнэлгүүдэд өөрийгөө болон хүүхдээ үзүүлж, эмчлүүлж байна гэдэг маш том эрсдэл.

 

ШҮДНИЙ СОЙЗ

 

Санамсаргүй байдлаар шүдний сойзгүй үедээ найзынхаа эсвэл бусдын сойзоор шүдээ угаах тохиолдол ажиглагддаг. Гэтэл шүдээ угаах явцад буйлнаас цус гарч сойзонд вирус наалдаж үлдэнэ. Дараагийн хүн мөн буйлаа цоолж халдвар дамждаг. Энэ мэтээр Монголчууд өнөөдөр дайны талбар дээр амьдарч байна. Хэзээ мөдгүй чам руу сум орж ирэх боломжтой. Тэр сум гэдэг бол вирус. Тиймээс хамгийн чухал зүйл бол урьдчилан сэргийлэх.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Улаанбаатар хотод түүхий нүүрсний хэрэглээг хориглосныг дэмжиж байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ