Шуурхай мэдээ



RT: “Хориотой” уулын оргилд 13 авирагч амиа алджээ


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2017-10-24 16:40
  • 0

Отгонтэнгэр ууланд авиралт хийж явсан 17 уулчин сураггүй болж, 13-ынх нь цогцос олдоод байгаа билээ. Тэгвэл гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэхүү эмгэнэлт явдлын талаар ийнхүү мэдээлж байна.

“ВВС” агентлаг мэдээлэхдээ “Монголд 13 уулчин нас бараад байна. Отгонтэнгэр уулнаас бусад авирагчдыг нь эрж хайх ажил үргэлжилж байгаа аж” гэсэн байв.

Хойд хөршийн “РИА Новости” агентлаг “Өнгөрсөн ням гарагт орон нутгийн Онцгой байдлын газар Отгонтэнгэр уулын оргил руу авиралт хийсэн 17 уулчин сураггүй алга болсон талаар анх мэдээлжээ. Энэ уул нь тус улсын баруун хэсэгт оршдог юм. Уулчид цасны нурангинаас болж уруудаж чадалгүй амиа алджээ” гэж мэдээлжээ. Түүнчлэн тус агентлаг 100 гаруй аврагч эрлийн ажиллагаанд оролцож, ажиллагааг шадар сайд нь удирдаж байгааг онцолсон байлаа. “Эрж хайх, аврах ажиллагаанд хоёр нисдэг тэрэг болон бусад техникийг ашиглаж байгаа аж” гэж “РИА Новости” мэдээлэв.

Тэгвэл “RT” агентлаг “Монголд амиа алдсан уулчдын цогцсыг 3200-3450 метрийн өндрөөс олжээ. Даваа гарагт 10 уулчны цогцсыг олоод байсан бол энэ тоо өнөөдөр 13 болж нэмэгдсэн байна. Уулчид аль аль улсын иргэд байсныг бүрэн тогтоогоогүй байгаа аж. Урьдчилсан мэдээгээр бүгд монгол иргэд байсан бололтой. Тус улсад 2015 оноос эхлэн Отгонтэнгэр уул руу авирахыг албан ёсоор хориглосон байжээ” гэжээ.

Манай улсад болсон эмгэнэлт явдалд хойд хөрш ОХУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ихээхэн ач холбогдол өгч, нөхцөл байдлын талаар цаг алдалгүй мэдээлж байна. Хойд хөршийн хэвлэлүүд уулчдад сануулга болгосон мэдээллүүдийг ч цацаж байгаа юм. Тухайлбал, өнгөрсөн сарын сүүлчээр Башкирийн ууланд авиралт хийгээд бууж явахдаа осолдсон хоёр уулчны тухай, Приморийн хязгаарт өнгөрсөн наймдугаар сард таван жуулчин ууланд алхалт хийж яваад сураггүй алга болсон явдал зэргийг эргэн сануулж, хүмүүст анхааруулга болгожээ. Түүнчлэн 15 жилийн өмнө Кавказын ууланд 150 гаруй хүнийг цасан нуранги нөмрөн авч, аврах ажиллагаа гурван сар үргэлжилсэн ч 127 хүнийг одоог хүртэл ор сураггүйд тооцдог билээ. Энэ явдал дэлхий нийтийн анхаарлыг ихээр татсан нь ууланд Оросын нэрт кино найруулагч Сергей Бодровын хүү, жүжигчин бага Сергей Бодров кино зураг авалтын багийнхантайгаа явж байсан юм. Зураг авалтын багийнхны 19-ийнх нь цогцсыг олж, 26 нь одоог хүртэл ор сураггүйд тооцогддог билээ. Тэдний дотор Сергей Бодров өөрөө ордог. Түүний болон зураг авалтын багийн зарим хүний цогцос битгий хэл хувцас, эд зүйлийнх нь хэлтэрхий ч одоог хүртэл олддоггүй юм. Гурван сар үргэлжилсэн аврах ажиллагааны дараа сайн дурынхан Хойд Осетийн уулнаа “Найдвар” гэх лагерь бий болгож, өдөр болгон эрж хайх ажил явуулж байна.  


О.Чанцаа


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

ЖДҮ-ийн зээлийг завшигч гишүүд, дарга нар зөвхөн уучлалт гуйгаад, зээлээ эргүүлэн төлөөд өнгөрөх нь зөв үү?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ