Шуурхай мэдээ



Гаррет Вилсон: Би Монголд хайртай болохоор дутагдлын хажуугаар дуугүй өнгөрч чадахгүй


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2017-10-26 16:39
  • 0

Вагнер Ази автомотив" ХХК-ийн гүйцэтгэх захирал Гаррет Вилсонтой Монгол хүний мөн чанар,  аж байдлын талаар нээлттэй ярилцлаа. Тэрбээр Монголд суурин амьдраад таван жил болж байгаа юм.  Гаррет Вилсон монголчуудыг  "Хулчгар, тэнэг"  гэж тодорхойлжээ. Яагаад ингэж хэлснийг энэхүү ярилцлагаас уншаарай. 

-Сайн байна уу? Гаррет Вилсон. Та Монголд  анх 1998 онд ирж байсан гэж сонссон. Ямар зорилготой анх ирж байв?

-Сүмийн сайн дурын ажилчидтай хоёр жилийн хугацаатай анх ирж байсан. Бид их сургуулиудтай гэрээ байгуулж Орхон их сургууль, Оюу эрдэм, МУИС-ийн оюутнуудад англи хэл заадаг байлаа. Харин оройн цагаар сүмийн сайн дурын ажилдаа анхаарна.  Ингээд хоёр жилийн маань хугацаа дуусч 2000 онд буцсан. Тэгээд нутагтаа эргэж очоод аавынхаа бизнест тусалж  зургаан жил ажилласан.  Гэтэл нэг өдөр Вагнер гэсэн хаягаас “Над руу залгаарай ” гээд утасны дугаар бичсэн шуудан ирсэн. Залгатал эхнэртэйгээ хамт ажлын ярилцлагад орохыг урьсан. Эхнэрийг хамт дуудсан нь эхнэр бид хоёрыг Монголд амьдарч, ажиллах боломжтой үгүй эсэхийг мэдэх зорилготой байсан юм билээ. Ингээд Монгол дахь салбарын гүйцэтгэх захирлаар ажиллаач гэдэг саналыг тавьсан. Тэр үед би шууд татгалзсан.

-Яагаад...

-Яагаад гэвэл аавынхаа бизнесийг орхих, бүх эд хөрөнгөө зарахаас гадна гэр бүлээсээ хол газар автомашины борлуулагч болохыг хүсээгүй л дээ. Дээрээс нь миний хувьд авто машины тоног төхөөрөмжийн талаар ямар ч мэдлэггүй байсан. Тиймээс шууд Монголд ирж ажиллахын оронд   Денвер хотод Вагнер Ази автомотив ХХК-ийн төв оффист нэг жил дадлага хийх хүсэлтэй байгаагаа хэлсэн. Авто машины тоног төхөөрөмжийн талаар ямар ч ойлголтгүй байж бусдыг удирдана гэдэг хэцүү. Ингээд нэг жилийн хугацаанд авто машины тоног төхөөрөмжийн талаар илүү ойлголттой болж, ажилтайгаа танилцаж, суралцсаны дараа Монголд ирж ажилласан. 

-12 жилийн дараа дахин Монголд ирэхэд ямар сэтгэгдэл төрж байв. Өөрчлөлт шинэчлэлт хэр байв?

-Маш олон зүйл өөрчлөгдсөн байсан. Нийгмийн хөгжлийг барьсан барилгаар нь хэмждэггүй ч гэсэн 1998, 1999 онуудад  Улаанбаатар хотын хамгийн өндөр барилга нь Соёлын төв өргөө, Улаанбаатар хотын банк байсан. Дээрээс нь дөрөв, таван давхар хуучны орос орон сууцнууд их. 1999 онд хүүхдийн 100-д хүнсний дэлгүүр нээгдэж нэгдсэн тооцоогоо хийдэг худалдагчтай болсон.  Ийм болсныг нь хараад одоо л хөгжих гэж байна даа, барууных шиг болж байна гэсэн бодол төрсөн. Урьд нь намайг Монгол байхад дэлгүүрүүд бүгд тус тусын лангуутай байсан. Юм авах бүрт түрүүвчээ гаргаж ирэх нь үнэхээр төвөгтэй ядаргаатай санагдана.  Тухайн үед монголчууд ТҮЦ-ээс гөөхий их авдаг байсан. Мөн жижиг шилтэй ундааг авсан газартаа ууж дуусгаад шилийг нь буцаж тушааж мөнгө олдог байсан.

Гэтэл 12 жилийн дараа ирэхэд  маш олон өндөр барилгууд баригдаж, ТҮЦ дэлгүүр  нь ч өөрчлөгдсөн байсан. Эдийн засгийн хувьд асар их хөгжил харагдаж байлаа. Гэхдээ мэдээж шүүмжилмээр зүйл надад байдаг. Улаанбаатар  төлөвлөгөөтэй хот байсан. Гэтэл улс төрчдийн шуналаар газрын наймаа дэлгэрсэн.  Жишээ нь Орос 3-р сургуулийн хүүхдийн тоглоомын талбайн оронд орон сууц барьчихсан байна. Би энэ талбай дээр хөл бөмбөг тоглож байснаа сайн санадаг. Хотын дарга нар нь баяжихын тулд газрын наймаа хийж байгаагмонголчууд чимээгүй хараад сууж байдаг нь үнэхээр тэнэг.Хотын инженерүүд нь хаана байна. Хотын төлөвлөлт гэдэг  маш чухал асуудал. Уг нь хотын төлөвлөлтөөр нарийн мэргэшсэн хүн монголчууд дунд олон бий. Гэвч тэднийгээ төр нь ажиллуулдаггүй.  Улаанбаатарын замбараагүй хот төлөвлөлтийг харахад тун харамсалтай байна.

-АВЛИГАЧДЫГ ШУУД ШОРОНД ХИЙХ ЗОРИГТОЙ ХҮН АЛГА-

 

 


 

-Тийм шүү, хот төлөвлөлтийн энэ замбараагүй байдлыг юутай холбож тайлбарлах вэ?

-Энэ бол улаан цайм илт авлига. Уг нь авлигачдыг барихад амархан шүү дээ. Тэр газрын  гэрчилгээг  нь харъя. Хэн тамга дарсан бэ, хэн зурсан бэ гээд л барьж аваад   шууд  шоронд хийх ёстой. Ийм амархан. Гэтэл тэрийг хийх зоригтой хүн Монголд байхгүй юм уу.

-Зориг гэхээсээ илүүтэй  монголчууд бидний уужуу тайван занг илтгэж байгаа юм болов уу.

-Шууд хэлэхэд, монголчууд хулчгар гэж хэлж болно. Сарын өмнө цагдаа руу салаавч гаргахад яагаад түүнийг шууд хүчээр барьж аваад, гавлаагүй юм бэ. Уг нь  тэр цагдаад эрх нь байсан. Цагдаагийн үйл ажиллагаанд саад учруулсан нь ёс зүйгүй бас хууль бус явдал. Яагаад тэр цагдаа  тэвчээртэй зогсоод байсан юм бол гэж одоо ч гэсэн боддог. Айдастай, хулчгар зангаасаа болоод  юу ч хийгээгүй.  Энэ хүн олон танил талтай гэж бодсон байх. Тэгээдажлаас халагдана гэдгээсээ тэр цагдаа айсан байх.

-Таныхаар Монгол хүмүүс хулчгар зантай харагддаг байх нь ээ?

-Гэхдээ би бүх Монгол хүнийг хулчгар гэж хэлэхгүй. Мэдээж ийм олон зуун зуун жилийн түүхтэй, Хятадаас хараат бус бие даасан байдлаа хадгалан авч үлдээж чадсан ард түмнийг бүгд хулчгар гэж хэлэх нь  бас буруу.  Монголчууд цусандаа   маш их зоригтой. Дээр нь  баатарлаг. Гэхдээ гол асуудал нь  шуналдаа автан үүнийгээ нийгмийн эрх ашгаас дээгүүр тавьдаг болсныг харахад үнэхээр харамсалтай байна. Хэдий эдийн засаг хөгжлөөс хамаараад өөрсдийнхөө ашиг сонирхлыг дээгүүр тавих нь зайлшгүй боловч үүнийг хянаж зохицуулах, хязгаарлах юм бол нийгмийн эрх ашгийг хувь хүнийхээс дээгүүр тавих боломжтой гэж боддог.

- Түрүүн та, монголын цагдааг айдастай ажлаа хийдэг гэсэн санааг хэллээ.  Хэрэв Америкт цагдаагийн өөдөөс дээрх  үйлдлийг  гаргасан бол яах байсан бол?

-Америкт бол хатуу. Гэхдээ зурагтаар гардаг шиг буудах ч юм уу тийм зүйл байхгүй л дээ. Америк цагдаагийн хувьд айх юм уу тийм үйлдэл огт байхгүй. Гэхдээ нэг онцлог бүх юм шударга, торгууль нь өндөр. Хариуцлага нь өндөр.  Хэрэв хурд хэтрүүлбэл хамгийн багадаа торгууль нь 100-150 ам.доллар. Энэ нь жолооч нарт их хүнд тусдаг учир хурд хэтрүүлэхээс айдаг.  Харин Монголд хурд хэтрүүлбэл ердөө 19 мянган төгрөг. 10 доллар ч хүрэхгүй.

-Өөр бидний сул тал юу байна вэ?

Миний хувьд болж бүтэхгүй бүхнийг нь харах гэхээсээ илүүтэй аль болох эерэг бодлоор, эерэг нүдээр харахыг хүсдэг. 1998, 1999 оноос  хойш өнөөдрийг хүртэл  Улаанбаатар хот маш хөгжсөн. Миний хүссэн хурд, хүссэн хэмжээнд арай  хүрээгүй гэсэн ч засаж сайжруулах зүйл зөндөө байна.

-Тухайлбал юуг сайжруулмаар байна?

-Номер нэг асуудал бол  авлига хээл хахууль. Тухайлбал, улсын тендерт оролцох юм бол 10 хувийн татвар төлөх ёстой гэдэг. Хүмүүс үүнийг мэдсээр байж яагаад талбай дээр гарч бослого хийдэггүй юм бэ. 10 хувь илүү төлж байна гэдгээ яагаад хүлээн зөвшөөрөөд байдаг юм бэ. Тэр чинь миний төлсөн татварын мөнгө. Би Монгол Улсын иргэн биш ч гэсэн татвар төлдөг. Та нар ч гэсэн татвар төлдөг. Та нарын төлдөг мөнгөнөөс хэсэг хүмүүс хулгайлаад, дээрэмдээд л авч байна гэсэн үг. Монголчууд үүнд эмзэглэхгүй байгаад  үнэхээр гайхдаг. 

Үргэлжлэлийг ЭНД дарж үзнэ үү.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

"ҮНДСЭН ХУУЛЬ"-нд өөрчлөлт оруулах нь зөв үү?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ