Шуурхай мэдээ



АНУ, Япон хоёр Хойд Солонгосын эсрэг хүч хэрэглэхэд бэлэн байна


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2017-11-07 17:38
  • 0

AНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Азийн орнуудад айлчлал хийж байгаа билээ. Түүний айлчлал Өмнөд Солонгосоос эхэлж, Филиппинээр дуусна гэж Цагаан ордноос мэдээлж байсан юм. Гэхдээ АНУ-ын Ерөнхийлөгч Тэргүүн хатагтайн хамт өнгөрсөн ням гарагт Японд газардсанаар Америкийн 45 дахь Ерөнхийлөгчийн Азийн орнуудад хийх айлчлал эхэлсэн.

Япон улсад хийсэн айлчлалынхаа дараа тэрбээр өнөөдөр БНСУ-д төрийн дээд хэмжээний айлчлал хийж байна. Доналд Трамп, Меланиа Трамп нар хамгийн түрүүнд БНСУ дахь Америкийн цэргийн бааз Кэмп-Хамфризд очжээ.

Тэгвэл Япон улсад хийсэн айлчлалынхаа үеэр Трамп “АНУ, Япон улс 100 хувь хамтдаа” гэж мэдэгдсэн нь олны анхаарлыг татжээ. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ “Fox News” телевизэд өгсөн ярилцлагадаа Хойд Солонгос цөмийн хөтөлбөрөө цаашид хөгжүүлэхийн тулд цаг хожиж байгааг хэлсэн байна. “БНАСАУ-тай хэлэлцээр хийнэ гэдэг хоосон мөрөөдөл болоод байна. Тус улс үргэлж хэлэлцээрээс татгалзаж ирлээ. Хойд Солонгост үзүүлэх шахалтаа нэмэгдүүлэх цаг ирсэн” гэж Абэ мэдэгджээ. Трамп, Абэ нар Хойд Солонгосыг тойрсон асуудлыг намжаахын тулд хүч хэрэглэх тал дээр санал нийлж байгаа аж. Түүнчлэн Абэ Япон улс БНАСАУ-д хэд хэдэн хориг тавихаа мэдэгдсэн байна.

АНУ, Японы удирдагч нар Пхеньянд шахалт үзүүлэх нь зайлшгүй зүйл гэлээ. Ингэж байж Хойд Солонгосыг цөмийн туршилтуудаас нь татгалзуулна гэж тэд үзэж байна. Гэхдээ эхлээд нөхцөл байдлыг зөөлрүүлэхээр хүч хэрэглэхээс бусад бүхий л арга хэмжээг авна гэв.

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ “Солонгосын хойг дахь хямралыг шийдэхэд АНУ цэргийн хүч хэрэглэхэд хүрвэл Япон улс дэмжинэ” гэсэн байна. Хоёр улсын Төрийн тэргүүний уулзалтын дараах хамтарсан хэвлэлийн хурлаар мөн АНУ, Япон улс нь Солонгосын хойгийн хямралыг шийдвэрлэхэд ОХУ болон Хятадтай нягт хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлжээ.

БНАСАУ-д хүчтэй шахалт үзүүлэх цаг болсон гэж үзэж байгаа Япон улс АНУ-тай Америк-Японы эвсэл гэж хэлж болохоор холбоотон болсноо зарлажээ. БНАСАУ цөмийн туршилтуудаараа бүх дэлхийд заналхийлж байгааг Доналд Трамп хэлж байв. Тэрбээр Пхеньяны үйлдлийг дуугүй хараад суух тэвчээр АНУ-д байхгүй болж буйг илэрхийллээ. “Дэлхий нийтийн тогтвортой байдал, орчин үеийн хөгжсөн ертөнцөд БНАСАУ цөмийн аюулаараа заналхийлж байна” гэж АНУ-ын Ерөнхийлөгч хэлсэн байна. Түүнийг хэт хатуу арга хэмжээ авч байна гэж шүүмжилж байгаа хүмүүст хандан Трамп “Сүүлийн 25 жилд зөөлөн арга барилаар асуудалд хандаад үр дүн гарахгүй байгааг та нар харж байгаа биз дээ” гэв.

Түүнчлэн Япон улс өнөөдрөөс эхлэн БНАСАУ-ын 35 хувь хүн, байгууллагын дансыг царцааж байгаа аж. Харин байдлыг төвийг сахисан байр сууринаас ажиглаж байгаа Орос улс АНУ, Японд хандан яаран хүч хэрэглэхгүй байхыг уриалжээ.

О.Чанцалдулам


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

"ҮНДСЭН ХУУЛЬ"-нд өөрчлөлт оруулах нь зөв үү?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ