Шуурхай мэдээ



Путин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болвол тун даруухан зарлана


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2017-12-05 12:59
  • 0

ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль 2018 оны гуравдугаар сарын 18-нд болно. Оросуудын дийлэнх нь одоогийн Ерөнхийлөгч Владимир Путинийг дахин Ерөнхийлөгчөөрөө сонгохыг хүсч байгааг харуулсан судалгааны дүн бий. Өнгөрсөн зун явуулсан судалгаагаар хойд хөршийн иргэдийн 70 гаруй хувь нь Путинийг дөрөв дэх удаагаа Төрийн тэргүүнээрээ харахыг хүсч байна гэсэн юм. Харин Путин сонгуульд өрсөлдөнө гэж албан ёсоор мэдэгдээгүй байна. Тэгвэл улстөрчдийн үзэж байгаагаар Путин Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр шийдэх аж. Тэрбээр энэ талаараа тун даруухан мэдэгдэнэ гэж “РИА Новости” агентлагаас явуулсан судалгаанд оролцсон улстөрчид хариулжээ. Путин нийгмийн зүтгэлтнүүдтэй юмуу эсвэл зүгээр л энгийн иргэдтэй уулзалт хийж Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэхээ зарлах гэнэ.

“Путин энэ сарын дунд үе гэхэд ОХУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалын төлөө дөрөв дэх удаагаа өрсөлдөх эсэхээ мэдэгдчихсэн байх болно” гэж Улс төрийн мэдээллийн төвийн захирал, улстөрч Алексей Мухин ярьжээ. Тэрбээр мөн “Путин Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр шийдэх юм бол сүр дуулиантайгаар бус даруухан зарлана. Тэр дахин давтагдашгүй хүн. Тэгэхээр түүнийг ямар гэнэтийн бэлэг бэлдэж байгааг таахад бэрх байна. Хаашаа айлчилж, юу хийх нь ч мэдэгддэггүй хүн шүү дээ” гэсэн байна. Магадгүй Путин жил бүр хийдэг том хэвлэлийн хурлынхаа үеэр буюу энэ сарын 14-нд мэдэгдэж болох гэнэ. Түүнчлэн ОХУ-ын Ерөнхийлөгч төмөр замынхантай уулзалт хийх үеэрээ Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэхээ зарлаж магадгүй гэж ажиглагчид үзэж байна. Тэрбээр хөдөлмөрч хүн гэдгээ ийнхүү харуулах аж.

“Нэгдмэл Орос” намын тэргүүн, ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев өнгөрсөн долоо хоногт нам нь Путинийг ирэх жил Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхийг дэмжихэд бэлэн байгааг илэрхийлжээ. Харин Медведев өөрөө нэр дэвших төлөвлөгөө байхгүй гэнэ.

О.Чанцаа


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

"ҮНДСЭН ХУУЛЬ"-нд өөрчлөлт оруулах нь зөв үү?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ