Шуурхай мэдээ



Хэт холын зайн гүйлтийн Дэлхийн рекордыг эвдэнэ


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2018-01-03 15:44
  • 0

Монголчууд бид өнгөрөгч 2017 онд "Хэт холын зайн гүйлт"-ийн ДЭЛХИЙН АВАРГА-тай болсон билээ. Монгол хүний тэсвэр тэвчээр, хатуужил чадварыг дэлхийд гайхуулж, АНУ-ын Нью-Йорк хотноо болсон "Өөрийгөө ялах" 10 өдрийн гүйлтэнд Монголын тамирчин Бямбаагийн Буджаргал 1200 км гүйж, тэргүүн байр эзэлсэн бахдам амжилтыг дурсан санахад сайхан байна. "Монголчууд дэлхийд гүйлтээрээ, тэртусмаа хэт холын зайн гүйлтээрээ тэргүүлж чаддаг юм" гэдгийг баталж чадсан ДЭЛХИЙН АВАРГА Б.Буджаргал энэ онд хэт холын зайн гүйлтийн дэлхийн рекордыг эвдэхээр бэлтгэл сургуулилтаа хийж байна.

Тэрбээр  ирэх дөрөвдүгээр сард болох 10 өдрийн буюу 240 цагийн гүйлтийн дэлхийн рекордыг эвдэхийн төлөөх ЗОРИЛГО тавьж тэмцээний бэлтгэлээ хангахаар БНХАУ-д гурван сарын хугацаатай өндөржүүлсэн бэлтгэл хийж байгаа юм.

Манай тамирчин Б.Буджаргалын хувьд ирэх гуравдугаар сард Монголдоо ирж, өөрийн төрсөн нутаг Өмнөговь аймагтаа тэмцээнийхээ сүүлийн өдрүүдийн бэлтгэлийг базаах юм байна.

Түүний хувьд "Дэлхийн рекорд"-ыг эвдэхийн тулд 1555 км замыг 10 хоногт гүйх бөгөөд өдөрт 155  км замыг туулах юм. "Хэт холын зайн гүйлт"-ийн тэмцээний рекорд эзэмшигч Австрали улсын иргэн Yiannis Kouros хэмээх хүн байдаг бөгөөд 1988 онд 10 өдрийн дотор 1551 км гүйж Дэлхийн дээд амжилтыг тогтоож байжээ. Ирэх дөрөвдүгээр  сарын 17-27-ны өдрүүдэд АНУ-ын Нью-Йорк хотод зохиогдох  "Хэт холын зайн гүйлтийн тэмцээн"-д Монгол хүний эрч хүч, тэсвэр тэвчээрийг хүн төрөлхтөнд харуулж, 30 жилийн дараа дэлхийн рекордыг шинэчлэн тогтоохоор зорьж байгаа Б.Буджаргалдаа амжилт хүсье.

Мятрашгүй тэмүүлэл, няцашгүй зорилгыг өвөртлөн яваа манай тамирчин Б.Буджаргал мөн ирэх зургаадугаар сарын 17-нд АНУ-ын Нью-Йорк хотноо зохиогдох "5000 км-ын зайг хэн хурдан хугацаанд туулах вэ" тэмцээнд оролцож, 39 хоног гүйж Дэлхийн рекорд дээд амжилт тогтоох зорилготой байгаагаа ч нуугаагүй юм.

Дашрамд дурдахад, "Хэт холын зайн гүйлтийн дэлхийн рекордыг тогтоох" томоохон зорилготой энэхүү төсөлд Б.Буджаргалын багийн бүрэлдэхүүнд ажиллах менежер, дасгалжуулагч, эмч, массажист, хоол зүйч, сэтгэл зүйч, бэлтгэл хангагч гэх зэрэг хүмүүс хэрэгтэй байгаа юм байна. Нийт зургаан сарын туршид буюу 2018 оны 2 дугаар сараас 8 дугаар сар хүртэл ажиллах хугацаандаа Америкт-3 сар, Монголд-2 сар, Хятадад-1 сар ажиллах боломжтой, англи хэлний өндөр мэдлэгтэй хүн хайж байгаа юм байна. Энэ төсөлд хамтран ажиллах хүсэлтэй байгуулага, хувь хүмүүс Б.Буджаргалтай холбогдож болох юм. Утас: 99115366

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

ЖДҮ-ийн зээлийг завшигч гишүүд, дарга нар зөвхөн уучлалт гуйгаад, зээлээ эргүүлэн төлөөд өнгөрөх нь зөв үү?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ