Шуурхай мэдээ



Э.Алтанбагана:Үндэсний үйлдвэрлэгчдээр дамжуулж ”бүтээгдэхүүнийхээ үнийг нэм” гэсэн дарамт, шахалт үзүүлж байна


  • 2018-05-30 13:24
  • 0

“Оргил" худалдааны төвөөс өнөөдөр Хэвлэлийн бага хурал зарлалаа.”Номин”, “И-Март” зэрэг томоохон сүлжээ дэлгүүрүүд үндэсний үйлдвэрлэгчдээр дамжуулан  сүлжээ  дэлгүүрүүдэд бараа бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэх санал хүргүүлж байгаа тухай мэдээлсэн юм. “Оргил"  худалдааны төвийн гүйцэтгэх захирал Э.Алтанбаганаас зарим зүйлийг тодрууллаа.

- Та бүхний хэвлэлийнхэнд хандах болсон шалтгаан юу байв?

-Жижиглэн худалдааны салбарт үйлчилгээ явуулж байгаа  сүлжээний компаниуд үгсэн хуйвалдах байдлаар бүтээгдэхүүний үнийг нэмэх хандлага гарч байна. Сүүлийн жилийн хугацаанд ийм  зүйл өрнөлөө. Худалдаа, эрхлэгчдийг үндэсний үйлдвэрлэгчдийг “Номин”-, “И-Март”-аас “Бүтээгдэхүүнийхээ үнийг нэмээч. Үнийн нэгдсэн бодлогоор явах хэрэгтэй”  гэж шаардаж эхэлсэн.

-Танай сүлжээ дэлгүүр үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн дээр хэдэн хувийн ашиг нэмж худалдаалдаг вэ?

-“Оргил” худалдааны төв үндэсний үйлдвэрлэгчдийнхээ бүтээгдэхүүн дээр  10 хувийг нэмж худалддаг. Бусад сүлжээ дэлгүүр, төвүүд 20-30 хувь нэмдэг гэсэн мэдээлэл бий.

-Тодорхой жишээ хэлнэ үү?

-“М-Си-Эс Кока Кола” компанийн бүтээгдэхүүний үнийн санал бий. Тав хоногийн өмнө болсон үйл явдал. Манай компанид гэрээгээр бүтээгдэхүүн нийлүүлдэг байснаа зогсоож буйгаа мэдэгдсэн албан бичиг ирүүлсэн.Тус компанийн  бүтээгдэхүүн дээр манайх 10 хувийг нэмж худалддаг. Гэтэл  дахин таван хувийг нэмж худалдана уу гэсэн.

-Та бүхэн татгалзсан юм уу?

-10 хувь нэмээд худалдаж болоод байхад заавал таван хувийн үнэ нэмэх шаардлага байхгүй гэж манай зүгээс татгалзсан учраас бүтээгдэхүүнээ нийлүүлэхээ зогсоосон.

-Яагаад үнэ нэмэх гэсэн шалтгааныг нь тодруулсан уу?

-“Номин”, “И-Март”-аас бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэхийг шахсан гэсэн. Бусад үйлдвэрлэгчдээс ч  дарамт шахалт үзүүлсэн тухай гомдол бидэнд ирсэн. “М-Си-Эс Кока кола” компанийн бүтээгдэхүүн дээр таван хувийг нэмээд “И-Март”-ын үнэтэй адилхан болгох ёстой юм байна л даа. Бид үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Иргэд яагаад хямдхан үнэтэй ундаа хэрэглэж болохгүй гэж. Ийм асуудлыг нягтлуулахаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт хандсан.

-Нэг үнийн бодлого баримтлах ёстой гэж шахсан гэж ойлгогдлоо?

- Ийм бодлого хаана байна вэ. Солонгосоос нэг нөхөр шахаад, удирддаг болох гээд байгаа юм уу. Мэргэжлийн хяналтын газар, хууль, хяналтын байгууллагынхан анхаарлаа хандуулаасай.Эцэстээ хэрэглэгчдийг хохироох асуудал болж хувираад байна. Үндэсний үйлдвэрлэгчдээр дамжуулж шахалт үзүүлж байгаа. Үндэсний үйлдвэрлэгчдэд буруу байхгүй. Манай байгууллага 25 жилийн хугацаанд хэрэглэгчдэдээ  хямд үнэтэй бүтээгдэхүүнээр үйлчлэхийг зорилго болгож ирсэн. “Оргил” худалдааны төвд байгаа бүтээгдэхүүнийг манай компанийн худалдаж байгаа үнэтэй адилхан болгож нэмэгдүүл гэж  үндэсний үйлдвэрлэгчдэд шахалт үзүүлж болохгүй.

 -Тухайн компани бүтээгдэхүүнийхээ үнийг тогтоох нь нээлттэй байх?

-Нээлттэй. 10, 20 хувь нэмэх нь нээлттэй ч хэрэглэгчдэд хүлээн зөвшөөрөгдсөн үнэ байх ёстой. Үндэсний үйлдвэрлэгчдэд шахалт битгий үзүүлээч гэж байгаа юм. Манайх 300-400 үндэсний үйлдвэрлэгчтэй хамтарч ажилладаг. Үндэсний үйлдвэрлэгчид “бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэхгүй болохоор Номин, И-МАрт бидний бүтээгдэхүүнийг авахгүй байна” гэх байдлаар хандаж байна.

-Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар хандсан гэсэн. Хэзээ хариу өгнө гэсэн бэ?

- Бидний тавьсан санал, хүсэлттэй танилцаад аль болох  ойрын хугацаанд хариу өгнө гэсэн. М-Си-Эс шиг ийм дарамт шахалтад орсон  компани олон бий шүү.

 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

"ҮНДСЭН ХУУЛЬ"-нд өөрчлөлт оруулах нь зөв үү?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ