Шуурхай мэдээ



Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр олон улсын чуулга уулзалт Улаанбаатар хотноо эхэллээ


  • 2018-10-03 12:30
  • 0

НҮБ-ын Бүсийн хөгжлийн төв Ази, номхон далайн орнуудын Засгийн газар хоорондын “Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр 11 дэх удаагийн чуулга уулзалт "Шангри-Ла" зочид буудалд албан ёсоор эхэллээ. Гурван өдөр үргэлжлэх чуулга уулзалтад Азийн бүсийн 24 орны 142 төлөөлөгч оролцож байна. Чуулга уулзалтаар хот төлөвлөлт, хэт төвлөрөл, дэд бүтцийг хэрхэн оновчтой шийдэх, агаар, хөрс, усны бохирдлыг хэрхэн бууруулах талаар санал солилцох юм. Мөн Монгол Улсад тулгамдаад байгаа төвлөрөл, агаарын бохирдол, замын түгжрэл зэргийг хэрхэн бууруулах, олон улсын туршлага харилцан солилцохоороо ач холбогдолтой юм. Энэ удаагийн чуулга уулзалтын дараа “Киотогийн Тунхаглал”-ын зарим зүйл заалтад нэмэлт өөрчлөлт оруулах ажээ.

“Энэ чуулга уулзалтаар бүх төрлийн тээвэр, тэр дундаа хотын тээвэр төлөвлөлттэй хэрхэн зохицох вэ гэдгийг хэлэлцэж байна. Хамгийн чухал ач холбогдол нь Зам тээврийн хөгжлийн яам, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтраад хот төлөвлөлтийг хэрхэн ухаалгаар шийдэх вэ, агаарын бохирдлыг хэрхэн бууруулах вэ гэдэг дээр ойлголтоо нэгтгэх болно” гэж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд ярьсан юм.

Энэ удаагийн чуулга уулзалтад Засгийн газрын гишүүн, сайд 10, дэд сайд хоёр, төрийн нарийн бичгийн дарга хоёр, хотын дарга дөрөв, төрийн байгууллагын 81, олон улсын иргэний нийгмийн байгууллагын 62 төлөөлөгч оролцож байгаа аж. Чуулга уулзалтын дараа Улаанбаатарын тунхаглал гаргаж, бүс нутгийн Засгийн газруудад илгээлт илгээх юм. “Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр” чуулга уулзалт энэ сарын 05-ны өдөр өндөрлөнө.

НҮБ, НҮБ-ын Ази, номхон далайн нийгэм, эдийн засгийн зөвлөлийн санаачилгаар 2005 оноос эхлэн дээрх форумыг зохион байгуулж ирсэн юм. Хамгийн анхны чуулга уулзалт Япон улсад болж байсан бол өнгөрсөн жилийнх Лаос улсад болж байжээ. Чуулга уулзалтаар НҮБ болон түүний төрөлжсөн байгууллагуудаас гаргасан шийдвэрүүдийг бүс нутгийн Засгийн газрын бодлого, чиглэлтэй уялдуулах, нэгдсэн уриалга гаргаж ирсэн юм. Өнгөрсөн жил Лаос улсын Вьентьян хотноо болсон арав дахь удаагийн чуулга уулзалтын үеэр 11 дэх удаагийн чуулга уулзалтыг Монгол Улсад зохион байгуулах шийдвэр гаргаж байсан билээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

"ҮНДСЭН ХУУЛЬ"-нд өөрчлөлт оруулах нь зөв үү?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ