Шуурхай мэдээ



“Сайн туршлага-2018” арга хэмжээ зохион байгууллаа


  • 2018-10-05 12:59
  • 0

 Нийслэлийн Эрүүл мэндийн албаны 80 жилийн ойн хүрээнд “Сайн туршлага-2018” арга хэмжээг Эрүүл мэндийн чанарын холбоотой хамтран энэ сарын 03-ны  өдөр амжилттай зохион байгууллаа. Тус арга хэмжээ нь Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээнд тэргүүн туршлага нэвтрүүлэх, бүтээлч, оновчтой санал, санаачлагыг дэмжих замаар тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор зохион байгуулж буй ажил юм.

Энэ өдөр НЭМГ-ын харьяа 26 эрүүл мэндийн байгууллагын нийт 198 бүтээлийн үзэсгэлэн тавигдсан бөгөөд харьяа байгууллага болон Төмөр замын нэгдсэн эмнэлэг, “Мөнгөн гүүр” эмнэлэг, Нялхасын клиник сувиллын төлөөлөл бүхий 600 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн үзэж сонирхлоо. Шүүгчдийн бүрэлдэхүүн үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүдтэй нэггбүрчлэн танилцаж, нийт 5 номинаци, шилдэг 20 сайн туршлагыг шалгаруулсан юм. Үүнд:

1.    Эмнэлгийн тусламж, үйлчилгээг хөнгөвчлөх, хүртээмж сайжруулах асуудлыг шийдвэрлэн ажилласан бүтээл номинацид – Шүд эрүү нүүрний төвийн “Хүүхдийн кресло”

2.    Шинээр нэвтрүүлсэн эмчилгээний технологи, хэрэгжилтийн үр дүн номинацид –  Өргөө амаржих газар - “Гистероскопи хагалгаа”

3.    Шинээр нэвтрүүлсэн оношилгооны технологи, хэрэгжилтийн үр дүн – Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төв - “ЭХО-оор яс, үе, булчингийн эмгэгийг оношлох нь”

4.    Сувилахуйн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад чиглэсэн шинэ технологи, арга аргачлал номинацид – Чингэлтэй  дүүргийн эрүүл мэндийн төв “Бага насны хүүхдийн 12 өдрийн нэмэгдэл хоолны сургалтын аргачлал”

5.    Шинээр нэвтрүүлсэн үйлчилгээний технологи, хэрэгжилтийн үр дүн номинацид - Амгалан амаржих газар - “Гарын ариун цэврийг сахих 5 мөчийг үнэлэх SpeedyAudit апликейшн” тус, тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал гардууллаа.

Мөн “Сайн туршлага-2017” арга хэмжээнд сурталчилсан шинэ бүтээл, технологи, арга аргачлалаас эмчилгээ, оношилгоо, сувилгаа, үйлчилгээндээ нэвтрүүлэн, нутагшуулж, дэлгэрүүлэн үр дүн тооцон ажилласан:

  • Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв
  • Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төв
  • Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг
  • Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг
  • Гачуурт тосгоны эрүүл мэндийн төвийг өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулсан байна.

Эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой “Сайн туршлага” дэлгэрүүлэх энэхүү үйл ажиллагааг жилээс жилд улам өргөжүүлж, бусад байгууллагын оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана гэдгээ Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар энэ үеэр онцлон тэмдэглэсэн юм.

 

 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

"ҮНДСЭН ХУУЛЬ"-нд өөрчлөлт оруулах нь зөв үү?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ