Шуурхай мэдээ



ҮЗЭСГЭЛЭН: Үе үеийн уран бүтээлчдийн бүтээлүүд олны хүртээл болно


  • 2018-10-12 16:00
  • 0

 Монгол Улсын мэргэжлийн боловсролын ууган сургуулийн нэг Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехник коллеж нь анх 1966 онд уран сийлбэр, уран баримал болон монгол дарханы ангийг нээн хичээллүүлснээр дүрслэх урлагийн салбарын сургалтын орчины суурь тавигджээ.

Уран сийлбэрийн анхны багшаар Монгол Улсын ардын зураач, урлагийн гавьяат зүтгэлтэн, уран сийлбэрч Л.Чуваамид, уран баримлын багшаар Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, уран барималч Д.Дамдимаа, монгол дархны багшаар ард түмний гавьяат уран дархан Д.Нямхүү нар тус тус ажиллаж байв. Ахмад багш нарын тавьсан уран бүтээлийн үр цэцгэлсээр өдгөө 52 дахь жилийнхээ түүхэн хуудсыг эргүүлж байгаа нь энэ аж.

Тус сургааль 1995 оноос уран зураг, гобелен, арьсан урлал, металл урлал, чимэглэх урлаг, хувцасны дизайн, үйлдвэрлэлийн график дизайн, монгол зураг, керамик, уран баримал гэсэн дүрслэх урлагийн мэргэжлийн ангиудыг шинээр нээн өргөжүүлэн амжилттай ажиллаж байна. Авьяас билгээ нээн хөгжүүлж, бие даан ажиллах чадвартай, гоо зүйн өндөр мэдрэмжтэй, боловсон хүчин бэлтгэн гаргахад дүрслэх урлагийн мэргэжлийн сургалтын гол зорилго оршдог.

Өнгөрсөн хугацаанд гоо зүйн мэдлэг, боловсролтой 1500 орчим уран бүтээлч залуусыг бэлтгэн төгсгөжээ. Монгол Улсын төрийн сүлдийг зохиосон, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Ц.Ойдов, Монголын дархчуудын холбооны тэргүүн, уран дархан Н.Ихтөр, Монгол Улсын гавьяат сийлбэрч Г.Цогбаяр, ОХУ-ын Репиний  нэрэмжит Уран зургийн академийн багш Б.Отгонтүвдэн, “Брайнсторм брендинг” компанийн захирал дизайнер Н.Одонболд, “Монгол контент” компанийн ерөнхий найруулагч, зураач Л.Ганболд гээд уран бүтээлээрээ нийтэд танигдан хүндлэгдсэн уран бүтээлчид тус сургуулиас анхны гараагаа эхэлж байсан түүхтэй. 

Урлагийн их өргөө Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехник коллеж төгсөгчдийнхөө уран бүтээлийг танилцуулах үүднээс 1995-2017 оны төгсөгчдийн шилдэг бүтээлүүдээр Way of Art уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэнг 2018 оны аравдугаар сарын 15-19-ны өдрүүдэд  "Norphei Art" галлерейд гаргахаар болжээ.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

"ҮНДСЭН ХУУЛЬ"-нд өөрчлөлт оруулах нь зөв үү?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ