Шуурхай мэдээ



Ард түмэнд хүрэх ёстой ЗЭЭЛИЙГ “арын хаалгаар” аваад байна уу...


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2018-10-29 13:33
  • 1

 “60 тэрбумын” гэх шуугиан он дамнан яригдаад байгаа хэдий ч оносон цохсон шийдвэр гаралгүй дүлэгнэж байтал түүнээс бараг илүү гарна уу гэхээс дутахааргүй “Жижиг дунд үйлдвэр /ЖДҮ/-ийг хөгжүүлэх Сангийн зээл” гэгч сенсаац дэгдээд эхлэв. Уг зээлийн асуудалд нэлээн хэдэн гишүүд болон зарим эрхтэн дархтанууд дам байдлаар холбогдоод байгаа бололтой. Өөрөөр хэлбэл, тэдний гэр бүл, ойр дотныхон уг сангаас ихээхэн хэмжээний мөнгө зээлээд амжжээ.

Жилийн 3-хан хувийн хүүтэй энэхүү зээл нь жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн хувьд мэдээж хамгийн үр дүнтэй дэмжлэг байж таарна. Харин харамсалтай нь, үнэхээр үйлдвэрлэлээ өргөтгөе, ашиг орлогоо нэмэгдүүлье хэмээн хүссэн бизнес эрхлэгчдэд тэр бүр олддоггүй нь гачлантай. Ингээд тэд жилийн 3 биш 30%-ийн хүүтэй зээл аван, түүнээ төлөхийн тулд мачийтал зүтгэх хэрэг гардаг. Энэ хүнд нөхцөлд цөөн хэдэн бизнес эрхлэгчид тэсч үлдээд, ихэнх нь санхүүгийн алдагдалд орж үүд хаалгаа барьдаг нь нууц биш.

Тэгвэл тэдний “мөрөөдлийн зээл”-ийг дээгүүрээ сэм хуйвалдан хуваан авдаг тухай мэдээлэл саяхнаас олон нийтийн сүлжээгээр цацагдаад эхэлсэн нь хүмүүсийн дунд хардлага сэрдлэг үүсгэн,  дургүйцлийг ихээхэн төрүүлж байгаа аж. Жилийн 3%-ийн хүүтэй зээлийг тэрбумаар нь авчихаад, Банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан жилийн 30-40%-ийн хүүтэйгээр гаргаж байгаа гэх хардлага ч явж байна.

Ер нь, 3-хан хувийн хүүтэй тэрхүү их мөнгийг наад зах нь арилжааны банкинд хугацаатай хадгалуулчихад л “цөм хийчихнэ” биз дээ?! Зөвхөн хүүний зөрүүгээр нь л жигтэйхэн тансаглах боломжтой. Энэ мэтчилэнгээр бодоод үзэхэд, янз бүрийн салбарыг дэмжих сангуудын мөнгө өөрийн зорилтот хэрэглэгчдэдээ хүрдэггүй, цөөн тооны эрх мэдэлтэнгүүдийн хөрөнгийг зузаатгах хэрэгсэл болоод байна уу гэлтэй!

Аливаа зээл, тусламж, сангийн хөрөнгө иймэрхүү процедураар яваад ужигарсан учраас өчнөөн  их зээл авч өрөнд ороод байгаа атлаа улс орон маань гялайж гялтайтлаа хөгжөөд байгаа зүйл ажиглагдахгүй, авлига хүнд суртал, хууль шүүхийн шударга бус тогтолцоо арилахгүй, ард түмний итгэл найдвар хөсөрдсөн, үнийн хөөрөгдлийн улмаас амьдрал ахуй нь улам доройтсоор байна.

Илт үндэслэлтэй шуугиан дэгдээд байхад холбогдох байгууллагууд дорвитой арга хэмжээ авахгүй, цааргалах маягаар ханддаг нь бүгд авлигын торон сүлжээнд орооцолдсонтой холбоотой юм болов уу?! Уг нь наад захын хар ухаанаар бодоод үзэхэд, “Тусгай сангийн тухай хууль”, “Авлигын эсрэг хууль”, “Нийтийн албаны ашиг сонирхлын тухай хууль” гэсэн гурван хуулийн холбогдох заалтуудыг бариад шалгахад л гэм буруутай этгээдүүдийг хөнгөхөөн илрүүлээд, шийтгэж болмоор мэт...    

 Д.Мөрөн


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл үлдээхНийт: 1

  • Зочин 66.181.180.xxx

    Энийг зүгээр өнгөрөөвөл монголчууд сүрэг хонь.

    • 2018-10-30 17:05

Санал асуулга

ЖДҮ-ийн зээлийг завшигч гишүүд, дарга нар зөвхөн уучлалт гуйгаад, зээлээ эргүүлэн төлөөд өнгөрөх нь зөв үү?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ