Шуурхай мэдээ



Үндэсний гоо сайхны компаниудын бүтээгдэхүүн Европын зах зээлд хүрнэ


  • 2018-12-02 10:45
  • 0

 Европын холбооны санхүүжилтээр МҮХАҮТ-тай хамтран хэрэгжүүлж буй Монголын худалдааг дэмжих  төсөл /TRAM/-өөс дотоодын гоо сайхны компаниудтай кластер байгуулах Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

TRAM төслийн ахлах зөвлөх Мартин Годау хэлэхдээ, “Энэхүү төсөл нь уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг дэмжих зорилготой 2021 орны  гуравдугаар сар хүртэл хэрэгжих юм. Европын холбооны  дэмжлэгтэй учир бараа бүтээгдэхүүнийг Европын зах зээлд гаргахад илүү анхаарна. Мөн бид МҮХАҮТ болон гишүүн компаниудад нь дэмжлэг үзүүлэхэд түлхүү анхаарч ажиллахыг хичээж байна” гэлээ.

2018 оны  долдугаар сард тус төслийн богино хугацааны зөвлөх Монголд ирж, судалгаа хийсэн. Судалгааны үр дүнд 4 салбарт анхаарч ажиллах хүсэлт тавьсны нэг нь байгалийн гаралтай органик бүтээгдэхүүний экспорт хэмээн тодорхойлжээ. Энэ салбарын түүхий эдийн нөөц хангалттай, монгол ахуйг илэрхийлсэн өөрийн гэх өвөрмөц төрхөөр олон улсад танигдсан учир ирээдүйтэйд тооцогдсон байна.

Халгай, сүүлний тос, чацаргана, гүүний саам, тэмээний чөмөг зэрэг байгалийн гаралтай, органик түүхий эдээр гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниуд Монголд цөөнгүй бий. Тэд дан дангаараа бараа бүтээгдэхүүнээ экспортод гаргахад үйлдвэрийн хүчин чадал, бүтээгдэхүүний зар сурталчилгаа, дэлхийн брэндүүдтэй өрсөлдөхүйц сав баглаа боодол гээд олон сорилт, бэрхшээлтэй тулгардаг.

Эдгээрийг хамтын хүчээр буюу харилцан ашигтай кластерын зарчмаар шийдвэрлэх сургалт, зөвлөмжийг төслийн багийнхан үе шаттай зохиож байгаа аж.

Санамж бичигт гарын үсэг зурах ёслолд TRAM төслийн ахлах зөвлөх Мартин Годау, төслийн удирдагч хатагтай Фратита Кармен, төслийн богино хугацааны зөвлөх Невин Баран болон “Монос косметикс”, “Lhamour” брэнд, “Монкрем”, “Ичкрем” зэрэг дотоодын гоо сайхны компаниудын төлөөлөл, МҮХАҮТ-ын TRAM төслийн баг оролцов.

Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нар бие биеэ бараг танихгүй, хэн хаана юу хийгээд байгааг ч мэддэггүй байсан. Харин энэхүү төслийн шугамаар танилцан, харилцан туршлагаа солилцон хамтарч ажиллах эхлэл тавигдаж байгаад баяртай байгаагаа онцолж байлаа.

Европын холбооны TRAM  төсөл нь нийт 5 сая гаруй еврогийн санхүүжилттэй, 4 жил хэрэгжих бөгөөд Монгол Улсын худалдааны салбарыг хөгжүүлж эдийн засгийг төрөлжүүлснээр  ядуурлыг бууруулж эдийн засгийн гадаад хүчин зүйлийн нөлөөллийг багасгах зорилготой гэж МҮХАҮТ-аас мэдээлэв.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

ЖДҮ-ийн зээлийг завшигч гишүүд, дарга нар зөвхөн уучлалт гуйгаад, зээлээ эргүүлэн төлөөд өнгөрөх нь зөв үү?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ