Шуурхай мэдээ



Хандивын утга учир


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2018-12-06 10:52
  • 0

Миний нэг танил эхнэр 3 хүүхдийнхээ хамт Америкт амьдрахаар явжээ. Дөнгөж оччихоод ажил төрөл ч олоогүй байтал нэг охиных нь шүд өвдөөд “аюул” болсон гэдэг. Америкт шүд, нүд хоёрын эмчилгээ асар үнэтэй бөгөөд ямар ч эрүүл мэндийн даатгалд хамрагддаггүй аж. Ингээд охиныг нь түргэний машинаар авч яваад баахан эмчилгээ хийчихсэн юм байх. “Төлбөр мөнгө нь яах бол?” гэсэн: “Тэрийг дараа ярья, эхлээд охиныг чинь эмчлээдэхье” гэсэн гэнэ. Охиныг нь ч үнэхээр сайхан эмчилжээ. Дараа нь эмчилгээний төлбөр хорь гаран мянган доллар гарсан гэнэ. Манайхаар бол тавь гаран сая шүү дээ. Манай хүн ч “Ингээд өнгөрлөө” л гэж бодож. Тэгээд энд тэндээс мөнгө сураглаж, Монгол руугаа хүртэл “хуурай агсан” тавьж бөөн л юм болж. Тэгсэн нэг өдөр эмнэлгээс залгаад “Охин чинь эдгэрсээн, одоо эмнэлгээс гараарай” гэсэн байна. “Өнөө төлбөр мөнгөө яах вэ?” гэсэн чинь “Манай эмнэлэг дээр нэг сайхан сэтгэлтэй хүн ирээд хамгийн өндөр төлбөртэй 10 хүний төлбөрийг төлчихье” гээд төлчихөөд явчихсаан” гэж. Манай хүн Монгол зангаараа “Хүүе тэр хүнтэй чинь уулзъя, баярлаж талархсанаа илэрхийлье” энэ тэр гэсэн чинь “Тэгэх боломжгүй ээ. Иймэрхүү хүмүүс өөрийнхөө нэрийг хэлэх нь бүү хэл тусламж үзүүлсэн хүнийхээ нэр усыг ч мэдэх дургүй байдаг”гэжээ.

Энэ явдлыг надад ярьсны дараа бид хоёр тэр хүн ямар хүн байсан талаар баахан таамаг дэвшүүллээ. “Маш их нүгэл хийсэн Мафийн алуурчин байх” гэж эхлээд л янз бүрийн л болох бүтэхгүй таамаг дэвшүүллээ...

Хожим хоолны газартай 5, 10 центийн хэрүүл хийж явдаг “голоо цохьсон” манай сургуулийн нэг багш цалингаа аваад л хэрэглээний мөнгөө үлдээгээд буяны байгууллагуудад нэрээ нууцлаад шилжүүлчихдэгийг мэдлээ. Тэр тухай нь асуухаар ярих дургүй. Би ч яахав, Монгол хүнийхээ “чөтгөр” зангаараа панаалдсаар байгаад яриуллаа. “Аав, ээж нь нас бараад, өнчин өрөөсөн өсөөд тэгсэн чинь нэг хүн...” энэ тэр гээд л эмгэнэлт адал явдалт кино шиг юм сонсох байх гэж бодсон чинь үгүй ээ. Тэгсэн мань хүн: “Би хангалттай мөнгө олж байгаа, тэгээд зүгээр л бусдад туслахыг хүсдэг. Тусалж байгаа хүн маань надад өртэй юм шиг, тааралдахдаа мэхийж ёсолж яваасай гэж хүсдэггүй учраас тусалсан хүнийхээ ч, өөрийнхөө нэрийг ч мэдэх мэдүүлэх дургүй”гэж билээ.

Саяхан Монголдоо гудамжинд юм зарж явсан жаахан хүүтэй хууч хөөрлөө. Хүү сургуульд явах дургүй гэнэ. Учрыг нь асуусан: манайх хороондоо эмзэг бүлгийн бүртгэлтэй байдаг. Янз бүрийн хүмүүс ирж тусалдаг, хоол унд, дэвтэр ном, цүнх хувцас ч авчирч өгдөг гэнэ. Тэгээд нөгөө хүмүүс нь энэ хүүхдэд ингэж ч тусаллаа, ийм ч юм авчирч өглөө... гээд хамт зургаа авахуулаад фэйсбүүктээ тавьчихдаг. Тэгээд ангийнхан нь “тусламжийн цүнхээ үүрч явна уу”, “миний хоолны шавхрууг авах уу” энэ тэр гээд доромжлоод байдаг болохоор сургуульдаа явах дургүй... гэж ярьсан юм даа.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

ЖДҮ-ийн зээлийг завшигч гишүүд, дарга нар зөвхөн уучлалт гуйгаад, зээлээ эргүүлэн төлөөд өнгөрөх нь зөв үү?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ