Шуурхай мэдээ



Тусгай хэрэгцээт боловсролын асуудлаарх үндэсний хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нээж үг хэлэв



Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр “Тусгай хэрэгцээт боловсролын салбарын өнөөгийн байдалд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт үндэсний хэлэлцүүлгийг анх удаа зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Эрүүл мэндийн яам, Зам, тээврийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Сангийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, тусгай хэрэгцээт боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын төлөөлөл болон тусгай хэрэгцээт боловсролын салбарт ажиллаж буй багш ажилчид, эрдэмтэн судлаачид, эцэг эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцов.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ НЭЭЖ ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ:

“Энд хүрэлцэн ирсэн Та бүхэнд энэ өглөөний мэндийг хүргэе.

Тусгай хэрэгцээт боловсролын асуудлаар багш сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүд, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд болон Монгол Улсын Засгийн газрын салбар яамдын хэмжээнд анх удаа нэгдэн нийлж, хэлэлцүүлэг ѳрнүүлж байгаад хувийнхаа зүгээс талархал илэрхийлье.

Өнөөгийн Монгол Улсад тулгамдсан олон асуудал, бэрхшээл байгаагийн нэг нь өнөөдрийн хэлэлцүүлгийн нэгээхэн хэсэг мөн юм. Та бүхэн үүнтэй санал нийлэх байх.

Тусгай хэрэгцээт боловсролын тэр дундаа дефектологич буюу согог зүйч мэргэжлийн багш нарыг 1960-аад оны дунд үеэс 1990-ээд оны эхэн үе хүртэл гадаадад зохион байгуулалттайгаар бэлтгэж байжээ. Тухайлбал Унгарын Будапештын Эмнэлэг Сурганы Дээд сургууль, мөн хуучнаар Оросын Ленинград, Москва, Эрхүүгийн Багшийн Дээд сургуулиудад хараа, сонсгол, хэл яриа, оюун ухааны бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах чиглэлээр 100 гаруй багш бэлтгэж, тусгай хэрэгцээт боловсролын сургууль, цэцэрлэгийг мэргэжлийн багш боловсон хүчнээр хангаж ирсэн түүхтэй. Гэвч өнөөдрийн байдлаар дээрх багш сурган хүмүүжүүлэгч нарын дийлэнх нь тэтгэвэрт гарсан бөгөөд энэ салбарын хүний нөөцийн бодлого алдагдсан гэдэгтэй Та бүхэн санал нийлэх байх аа.

Түүнчлэн тусгай сургуульд ажиллаж байгаа согог зүйч мэргэжлийн багш нарын мэргэжил мэдлэгийг гадаад дотоодын сургуулиудад сургаж, хөгжүүлэх тогтолцоо бүрэн орхигдсоор ирсэн байна.

Оюун ухааны болон бие бялдарын бэрхшээлтэй хүүхдүүдтэй тусгайлан боловсруулсан хөтөлбөрийн дагуу хөгжлийн бэрхшээлийн онцлогт тохирсон арга зүйгээр сургалт явуулж, хөгжүүлж ажиллах, сургалт явуулахад тохиромжтой орчин, хичээлийн хэрэгслүүд, сурах бичиг, гарын авлага байхгүйгээс хүүхдийн сурч боловсрох эрх ноцтойгоор зөрчигдөж байгааг өнөөдөр онцлох нь зүйтэй.

Монгол хүн бүр мэдлэг боловсрол эзэмшиж, ажил хөдөлмөр эрхэлж сайн сайхан амьдрах эрхтэй гэж Үндсэн хуулинд заасан байдаг. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучууд иргэд ч гэсэн бүх шатны боловсролыг эзэмшиж, сайн ажилтай, сайхан амьдрах ёстой юм. Харамсалтай нь өнөөгийн байдлаар Монгол улсад 11000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучууд байгаагаас бүх шатны боловсролд 25% нь л хамрагдаж, 6 тусгай сургалттай сургуулиудад 1531 хүүхэд, 2 тусгай цэцэрлэгт 172 хүүхэд суралцаж байгаагаас нэг ангид оюуны хөгжлийн бэрхшээлтэй, аутизмын хүрээний эмгэгтэй, дауны хам шинжтэй, саа саажилттай, бие эрхтний бэрхшээлтэй, уналт таталттай, зан төлвийн өөрчлөлттэй гэх мэт олон төрлийн бэрхшээлтэй 10-18 сурагч суралцаж, эдгээр сурагчдад ердөө 2 багш хичээл зааж байгаа нь тун хангалтгүй үзүүлэлт. Тухайлбал олон улсад  тусгай сургуулийн анги дүүргэлт 4-8 сурагчдад 3-4 багш багшилдаг байна.

Тиймээс хөгжлийн бэрхшээлийн төрөл, онцлог байдлаас хамаарч тэд нарт тохирсон сургалтын арга барилаар хичээлийг заах, тухайн сургалтын байгууллагын орчныг хүртээмжтэй байдлаар бүрдүүлэх, ажиллах багш боловсон хүчнийг бэлтгэх, мэргэшүүлэх асуудал чухал юм.

Хөдөлмөр эрхэлж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 20 хувийг эзэлж байна гэсэн статистик мэдээлэл байна. Энэ бол маш хангалтгүй тоо. Үлдсэн 80 хувь нь ажил хөдөлмөр эрхэлж өрхийн орлогоо нэмэгдүүлж чадахгүй,  бусдаас хараат амьдарч байна гэсэн үг. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нь маш чухал асуудал. Тийм ч учраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс зарлиг гарган  Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажлын байраар хангах асуудлаар Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийг хэрэгжүүлж аж ахуйн нэгж байгууллагын нийт ажилчдын 25 хүн тутамд 1 хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүн ажиллуулах, хэрэв ажиллуулаагүй тохиолдолд төлөх төлбөрийн хэмжээг Улаанбаатар хот, Орхон, Дархан-Уул аймагт сар бүр тухайн байгууллагын ажиллагсдын дундаж цалингийн хэмжээгээр, бусад аймагт дундаж цалингийн 60 хувиар тооцон тогтоож тусгай санд төвлөрүүлэх, сангаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах ажлын байр бий болгоход зарцуулах, хяналт тавьж мөрдүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосон. Та бүхэн үүнийг сонссон байх гэж бодож байна.

Цаашид хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучуудыг ажлын байраар хангахын тулд бодлогоор дэмжин мэргэжил сургалтын төвүүдэд мэргэжлийн чиг баримжааг түлхүү олгох, улмаар мэргэжилтэй болсон залуучуудыг ажлын байран дээр дасан зохицож ажиллах сургалтуудыг сайн зохион байгуулахад анхаарах шаардлагатай байна.

Миний хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучуудыг бусад хүүхдүүдтэй хамтдаа энгийн сургуульд тэгш хамран сургах хандлагыг зөв гэж үздэг. Учир нь тухайн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хөгжихөд нь сайнаар нөлөөлөхөөс гадна, бусад хүүхдүүдийн хувьд бие биенээ хайрлаж, найзлаж, нөхөрлөх, туслаж дэмжих энэ сэтгэл, зан төлөвийг төлөвшүүлж байгаа нь чухал юм. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучуудын боловсролыг дэмжсэн тэгш хамран сургах, тусгай хэрэгцээт боловсролыг олгох зохицуулалтуудыг тусгасан бие даасан хуультай болох цаг ирсэн гэж бодож байна.

Аливаа улс үндэстэн нийгмийн нэг хэсэг болсон хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэр тусмаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асуудалд онцгой анхаарч ирсэн. Бид ч мөн адил төрийн бодлого шийдвэртээ тусгайлан анхаарч явах хэрэгтэй юм. Нийгмийн хайр халамжийг бусдын адилаар хүртэх ёстой хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тусгай хэрэгцээт боловсролын асуудалд тусгайлан анхаарч байгаа энэхүү хэлэлцүүлгээс зөв шийдэл, оновчтой саналууд гарч холбогдох газруудад зөвлөмж, чиглэл болон хүргэгдэж амьдралд хэрэгжинэ гэдэгт гүнээ итгэж байна.

Зөвлөгөөнд оролцож байгаа Та бүхэнд амжилт хүсье” гэлээ.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тусгай хэрэгцээт боловсролын салбарын өнөөгийн байдалд “тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам”-ыг тусгайлан хэлэлцэхийн ач холбогдол нь гарсан санал, шийдвэрлэх арга замыг Засгийн газарт чиглэл болгон хүргүүлж, улмаар эерэг, хурдан шуурхай, салбартаа хүрсэн үр дүн гарахад оршиж буйг онцлон тэмдэглэв.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны есдүгээр сарын 4-ний өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн хэрэгжилтийг хангах асуудлаар зарлиг гарган, Засгийн газарт чиглэл болгон хүргүүлснээс хойш зургаан сар өнгөрснийг хэлж, дээрх заалтыг хэрэгжүүлэхэд л 110 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өмнө тулгамдаад буй асуудлыг шийдвэрлэх боломжтой гэлээ. Иймээс хэлэлцүүлгийн үеэр уг асуудлаар санал солилцож, төвлөрсөн шийдвэр гаргахыг хэлэлцүүлэгт оролцогчдоос хүсэв.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, тусгай хэрэгцээт боловсролын байгууллагууд хамтран зохион байгуулсан уг хэлэлцүүлгээр тусгай хэрэгцээт боловсролын өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, нэн яаралтай шийдвэрлэх асуудлуудыг эрэмбэлэн тогтоож, шийдвэрлэх талаар холбогдох газруудад зөвлөмж, чиглэл өгөхөөр тогтлоо.

Тухайлбал тусгай хэрэгцээт боловсролын стандартыг шинэчлэн тогтоох, анги дүүргэлтийн стандартыг шинэчлэн тогтоох, тусгай хэрэгцээт сургуулиудын гадна ба орчны стандартуудыг бий болгох, шинэчлэн мөрдөх, тусгай хэрэгцээт боловсролд шаардлагатай байгаа ном, сурах бичгүүдийг хэвлэж, сурагчдыг ном сурах бичгээр хангах, харааны бэрхшээлтэй иргэдийн брайль үсэг, дохионы хэлний стандартыг бий болгох зэрэг олон асуудлын талаар ярилцаж шийдвэрлэх арга замыг тодорхойлсон үр дүнтэй хэлэлцүүлэг боллоо.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Монгол Улс ШХАБ-д элсэх нь зөв үү?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ