Шуурхай мэдээ



ГУРАВХАН ҮГ...


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2019-05-10 15:38
  • 0

ЕСДҮГЭЭР АНГИ

Англи хэлний хичээл дээр би урдаа суугаа охиныг ажиглаж суулаа. Тэр бол миний хувьд “хамгийн сайн найз” гэгдэх хүн. Би түүний намирсан торгомсог үсийг удаан гэгч нь ширтээд, минийх байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсч байна. Гэвч тэр намайг өөрт нь хайртай гэдгийг анзаардаггүй болохыг мэднэ. Хичээлийн дараа тэр над дээр дөхөж ирээд бичсэнээ хуулуулаач гэж гуйв. Би дэвтрээ түүнд өгөхөд “баярлалаа” гэж хэлээд хацар дээр минь үнссэн юм. Уг нь би түүнд зөвхөн найзууд баймааргүй байна гэж хэлмээр санагдаж байсан ч хайраа илэрхийлэхээс яагаад ч юм бэ ичээд байх юм.

АРАВДУГААР АНГИ

Утасны дуудлага ирлээ. Тэр ярьж байна. Түүний дурласан залуу зүрх сэтгэлийг нь шархлуулсан гээд л уйлаад байх юм. Тэр намайг ирээч, ганцаараа баймааргүй байна гэж гуйхад би ч түүн дээр дуугүйхэн яваад очлоо. Буйдан дээр түүнийхээ хажууд яриаг нь чагнаж суухдаа ямар хөөрхөн нүдтэй болохыг нь харж, минийх байгаасай гэж нууцхан хүсч байв. Хамтдаа хоёр цаг хэртэй кино үзэж, гурван уут чипс дуусгасны дараа тэр унтахаар хэвтлээ. Тэр над руу хараад “баярлалаа” гэж хэлчихээд хацар дээр минь үнсэв. Уг нь би түүнд зөвхөн найзууд баймааргүй байна гэж хэлмээр санагдаж байсан ч хайраа илэрхийлэхээс яагаад ч юм бэ ичээд байх юм.

АРВАННЭГДҮГЭЭР АНГИ

Сургуулийн үдэшлэгээс өмнө тэр над дээр дөхөж ирээд “Найз банди маань өвдчихжээ. Маргааш гэхэд эдгэхгүй байх. Хамт үдэшлэгт оролцож тус болооч” гэж аминчлан гуйв. Надад ч найз охин байхгүй, дээрээс нь долдугаар ангид байхдаа л хоёр биедээ хүнд үед туслах сайн найзууд байхаа амласан болохоор би юу гэж татгалзах вэ дээ. Ингээд л би түүнтэй сайн найзын хүрээнд үдэшлэгт оролцлоо. Баярын дараа гэрт нь дөхүүлж өгөхөд тэр над руу инээмсэглээд, гялалзсан харцаар ширтсэн юм. Би түүнийг минийх байгаасай гэж маш ихээр хүссэн ч түүнийг анзаараагүйг мэдэж байлаа. Харин дараа нь тэр “Чамтай цагийг маш сайхан өнгөрөөлөө. Баярлалаа” гэж хэлээд хацар дээр минь үнсэв. Уг нь би түүнд зөвхөн найзууд баймааргүй байна гэж хэлмээр санагдаж байсан ч хайраа илэрхийлэхээс яагаад ч юм бэ ичээд байх юм.

ТӨГСӨЛТИЙН БАЯР

Өдөр хоног, сар жилүүд тун хурдан өнгөрөх юм даа. Нүдээ ч цавчиж амжаагүй байтал төгсөлтийн баяр болжээ. Төгс үзэсгэлэн болсон түүнийгээ гэрчилгээгээ авахаар тайз руу нисэх мэт дүүлэхийг харж суулаа. Би түүнийг минийх байгаасай гэж хүсч байсан ч тэр миний хайрыг анзаараагүйг мэдэж байна. Ангийхан бүгд гэр гэр рүүгээ харихаар салах үед үлгэрийн мэт цагаан даашинзтай, бүрх малгай өмссөн тэр минь дөхөн ирж, намайг тэврэх үед уйлах юм. Дараа нь тэр миний мөрөнд толгойгоо наагаад “Чи миний хувь энэ хорвоогийн хамгийн сайн найз. Баярлалаа чамд” гэж хэлчихээд хацар дээр минь үнсээд гүйчихэв. Уг нь би түүнд зөвхөн найзууд баймааргүй байна гэж хэлмээр санагдаж байсан ч хайраа илэрхийлэхээс яагаад ч юм бэ ичээд байх юм.

ХЭДЭН ЖИЛИЙН ДАРАА

Яг одоо би хуримын ордонд сууж байна. Өнөөх охин минь нөхөрт гарч байгаа юм. Би түүнийг өөр хүнд “тийм” гэж хэлээд шинэ амьдралын замд орж байгааг арайхийн харж сууна. Би түүнийг минийх байгаасай гэж хүссэн. Гэвч тэр үүнийг анзаараагүйг би мэднэ. Харин тэр хуримын ордноос гарахаасаа өмнө над дээр дөхөж ирээд “Чи ирчихсэн үү. Баярлалаа” гэж хэлээд хацар дээр минь үнсэх юм. Уг нь би түүнд зөвхөн найзууд баймааргүй байна гэж хэлмээр санагдаж байсан ч хайраа илэрхийлэхээс яагаад ч юм бэ ичээд байх юм.

ОРШУУЛГА

Он жилүүд урсан оджээ. Би авсны дэргэд толгой гудайлган зогсож байна. Энд үргэлж миний хамгийн сайн найз байсан өнөөх охин хэвтэж байна. Хүмүүс түүний сургуульд байхдаа хөтөлсөн тэмдэглэлийн дэвтрийг уншина. Дэвтэрт ингэж бичжээ. “Би түүнийг өөрийнхөө найз залуу байгаасай гэж хүсэн харж сууна. Гэвч тэр миний хайрыг анзаардаггүй. Үүнийг нь би мэднэ. Би түүнд зөвхөн найзууд баймааргүй байна гэж хэлмээр санагдаж байсан ч хайраа илэрхийлэхээс яагаад ч юм бэ ичээд байх юм.
Тэр надад хайртай гэж хэлэхийг ямар их хүснэ вэ” гэж бичжээ.
Аз жаргалаа олж авахын тулд ердөө л гурван үг хэлэх ёстой байжээ.
Би Чамд Хайртай.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Улаанбаатар хотод түүхий нүүрсний хэрэглээг хориглосныг дэмжиж байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ