Шуурхай мэдээ



Ээждээ илгээх сэтгэлийн үгс


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2019-05-17 19:59
  • 0

Ээжээ, та сайн сууж байна уу? Охин нь тандаа өдөр бүр хэлж, баярлуулж чаддаггүй байсан тэр л үгсээ эвлүүлэн энэхүү захидлыг бичиж сууна. Ойрхон байх үедээ их л хэнэггүй зан гаргаж, уурлаж гомдоллож байсныг минь уучлаарай. Харин одоо хүний нутагт ирээд хамгийн түрүүнд таныг л маш их санаж, бас дэргэд тань байхыг хүсэж байна.

 Дэндүү гэмээр эрх өсчихсөн болохоороо ч тэрүү багахан бэрхшээлийг ч ганцаараа давж чадахгүй юм шиг санагддаг байсан. Гэхдээ хайр халамжаар дутаалгүй өсгөсөн таныгаа бодохоор урам зориг орж, урагш тэмүүлэх итгэл минь нэмэгддэг юм.
 Хэзээ нэгэн өдөр гэж би аливаа зүйлийг хойш тавилгүй одоо л хийж бүтээхийн төлөө тэмцэх болно. Хайртай ээжийгээ бяцхан охиноороо бахархан аз жаргалтай инээмсэглэж байхыг нь харахыг л хүссэндээ тэр шүү дээ.
   
  Удахгүй Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиох гэж байна. Даанч охин нь энэ жил таны дэргэд байж, хааяа ч болов бичиж өгдөг байсан дөрвөн мөртүүдээ бэлэглэж чадахгүй нь ээ. Миний өгдөг байсан өчүүхэн зүйлсэд та минь ямар их баярлаж, тэднийг нандигнан хадгалдаг байсныг сайн санаж байна. Харин одоо би том болж аливааг өөрөөр хардаг болжээ.
 
Бэлэг сэлт, гоёл чимэглэлээс илүү танд охиноо сайн явааг дуулж, сэтгэл амар байх нь хамгийн үнэтэй бэлэг гэдгийг би ойлгосон. Охин нь хүссэн зорьсондоо тууштай байж, амжилт дүүрэн буцаж очих болно оо. Та минь санаагаа зовоолгүй хүлээж байгаарай.
Хариу нэхэлгүй надад өгсөн таны тэр их хайр энэрлийг би хэмжээд ч баршгүй нь.
 
Өнгөрүүлж байгаа амьдралыг минь надад бэлэглэсэн болохоор
 Өөр илүү зүйлийг танаас нэхэх эрх надад байхгүй ээ, ээжээ
Өврөөс тань гараад жигүүрээ дэлгэж ядан байгаа бяцхан үрээ 
Өнийн ирээдүйд жаргалтай явна гэдэгт та минь итгээрэй .
Тандаа хязгааргүй их хайртай шүү, Ээжээ...
 
 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Улаанбаатарын утаа багассаныг хүлээн зөвшөөрч байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ