Шуурхай мэдээ



ХАНСУРЫ ГОРХИНЫ ШИВНЭЭ /1-р хэсэг/


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2019-05-18 13:20
  • 12

"МОНГОЛ ТУУЖ" УРАЛДААНД 3-Р БАЙР ЭЗЭЛСЭН БҮТЭЭЛ  /Цаа маллагч нүүдэлчин отог омгийн түүх домог/

Тайгын нимгэн сэвсгэр цас хөвс хөвсхийн салхины чимээнд хөдлөх аядан сэрчигнээд л намсах авч агуй дотор бол анир алдран чимээ чийр огт үгүй. Эргэсүл энэ тэрийг барилж үзэн хэсэг холхисноо агуйн хананд өлгөөтэй нимгэхэн моддыг хараачлан түр зуур сонжсоноо хоёрыг гартаа авч доош суулаа. Гурван хуруу хэрийн зузаан модыг нямбайлан зорж тэгшлээд хавтгай модныхоо нэг үзүүрээс барьж өргөн нум шагайх мэт өрөөсөн нүдээ аньж нөгөө нүдээ онийлгон сайтар нямбайлж нэлээн удаан хараад л буцааж өвдөг дээр тавин зорж эхэллээ. Удтал бөгтийн сууж зорж дуусаад ахиад өргөж хараачлан өө сэвийг ажиглаад босож түрүүчийн модтой зэрэгцүүлэн тавиад өөр мод авч суудалдаа буцаж сууна.
Амьтны эврийн ясаар ишлэсэн нарийхан төмөр хутга нь хавтгай модыг төдхөн зорж нимгэлэхэд өвгөн Эргэсүл мөнөөх модныхоо нэг үзүүрээс өргөн хоёр нүдээ ээлжлэн ихэд удаан аньж өө сэвийг олох гэж хичээнэ. Ахиад л нөгөө үзүүрээс нь өргөн хараачлаад доош буулгалаа. Хийж буй зүйл нь сая сэтгэлд хүрэв үү гэлтэй хажуудах модны тайрдасаа түшүүлж тогтоогоод дараагийн модыг зорж эхлэв. Түрүүчийн адил олонтоо өргөж хараачлан эв хавыг нь тааруулаад хоёр модоо зэрэгцүүлэн барьж босоод өөхөн дэнгийнхээ ойролцоо очиж чулуун ханыг түшүүлэн босгож тавьлаа. Хөшүүрэг хөндлийг нь бэхэлж амраасан хос мод харагдахад өвгөн болгоомжлонгуй авч суудал руугаа эргэв. Цана урлахад бэлэн болсон моднуудаа авчирч тавиад агуйн булан тийш зүглэн очиж хананд хавтгай модон дээр дэлгэж хатаасан амьтны арьсыг барилж үзлээ. Хэд бол хичнээн л цанын ул болчихмоор арьс зүйдлүүдийг нэгбүрчлэн ажиглаж байснаа захаас нь хоёрыг авч дээш өргөн дэнгийн гэрэлд харах аядаад буцаж агуйн эсрэг талын булан руу алхаж очин тонгойв. Хэмжээ адилгүй жижиг том модон бортогонуудын тагийг ээлжлэн сөхөж үзснээ жижгэвтэр бортогийг сугавчлан хажуудах багснаас авч суудалдаа тухална. Арьсан дээлнийхээ ханцуйг хүчлэн хойшлуулаад модон бортогоныхоо тагийг авч зайдуу тавиад багсаа дүрж цаныхаа улыг загасны цавуугаар нялгадаж эхлэв. Жижиг багсаараа нямбайлан цавуу нялж дуусаад босож өөхөн дэнгийн дороос ямар нэгэн зүйл авч газарт тавиад зомголын үлтэрхийг олж өөхөн дэнгийн гэрлээс асаан мөнөөх зүйл дээр тавихад төд удалгүй асаж гэрэл гарч эхлэх нь хав загасны өөхийг шатаасан нь тэр аж. Дэнгийн гэрэл аажмаар тодорч ойр орчмыг түрүүчийн дэнгээс хавь илүү гэрэлтүүлж эхлэхэд өвгөн доош суун хавтгай чулуун суурьтай дэнг өргөж өөрийн сууж байсан бууриндаа авчирч тавив. Цавуудсан цанын модоо гартаа өргөөд дэнгийн гэрэлд хэсэг зуур ээх мэт болсноо амьтны арьсан цуулбараа дөлөнд халааж эхэллээ. Ингэхдээ өвгөн хийж буй урлалдаа урамшин ямар нэгэн дууг амандаа исгэрэн аялж дөлийг ширтэнэ. Толгойгоороо углаж өмсдөг бугын арьсан дээлнийх нь дээгүүр хүзүү нь цухуйж төвөнх нь гүвс гүвсхийх нь багшаархан бие нь өтөл болсон хэдий ч хэмжээлшгүй эрч хүч чадал эр зориг агуулж байгааг илтгэнэ. Дэнгийн гэрэлд хөмсөгнийх нь урт үс сөрвөс сөрвөсхийн хөдлөж нүднийх нь харцыг сүүдрээр халхавчилна. Эргэсүл байн байн арьсыг сунгаж татан дэнгийн дөлөнд ээнэ. Хийж буй зүйл нь сая санаанд нь хүрсэн бололтой эргэж цанын модыг аваад урт зүсмэл арьсаа модныхоо нэг үзүүрт углан ихэд хүчлэн сунган татаж нөгөө үзүүрт нь хүргээд ташаандах хутгаа авч арьсны үзүүрийг сүлбэн тогтоолоо. Хоёр модыг ингэж уллаж дуусаад ээлжлэн арьсыг модтой наалдуулан удаан хүчлэн зүлгэлээ. Зүлгэж дуусаад өмсгөл дээлийнхээ бүс орчмыг тэмтрэн жижиг модон хутга гарган доош сууж модноос илүү гарсан арьсыг давуулан нямбайлан нааж эхлэв.
Өвгөний гарын хуруунууд хөгширч хатингаршсан авч хийж буй зүйлдээ ихэд дадмаг эв дүйтэй ажээ. Төд удалгүй нааж дуусаад цанаа дэнгийн дөлөн дээр өргөн хэсэг зогссоноо дэргэдэх модны тайрдсаа түшүүлэн тавиад модон торхнуудын зүг хүрч таглаануудыг нэгбүрчлэн авч үзснээ хамгийн жижиг модон торхийг том багсын хамт тэвэрсээр ирэв. Торхны амсрыг нээн гартаа том зүйл авч алгандаа бөөрөнхийлэн дэнгийн гэрэлд халаах аядаад цанын арьсан улыг мөнөөх зүйлээ өнхрүүлэн үрж эхлэлээ. Нэлээд удаан үрснээ мөнөөх бөөрөнхийгөөс үлдсэн жижигхээн хэлтэрхийг дэнгийн өөхөндөө нэмэрлээд модон торхнуудаа түрүүчийн байрлалд аваачиж зэрэгцүүлэн өрж багснуудыг торх түшүүлэн тавив. Ингэхдээ өвгөн түрүүчийн дуугаа амандаа үргэлжлүүлэн исгэрсээр л байлаа. Урлаж дууссан цанаа дээшээ өргөж дэнгийн гэрэлд сайтар ажиглаад арьсан улан дээгүүр нь алгаа гүйлгэж үзээд агуйн үүдний орчимд түшүүлнэ. Өөхөн дэнгээ хавтгай чулуун суурьнаас нь өргөж агуйн хойморт тавиад ойр орчмынх нь өвс холтос олс тэргүүтнийг зайцуулж овоолов. Агуй дахь хөлд тээглэх бүхий л зүйлсийг авч дээш болгож амжаад сая эргэн тойрныг сайтар ажиглан харлаа. Агуйн зүүн ханандах хав загасны тосон дэнгийн гэрэл улам ч тодрон хавь ойрыг өлхөөн гэрэлтүүлж амжина.
Өвгөнийг цана урлахад дэмнэсэн чулуун суурьтай өөхөн дэнгийн гэрэл бүдгэрч эрвээхэй шигдсэн зулын гол мэт бөхөж байлаа. Энэхүү агуйд цаг агаарын байдал огт өөрчлөгдөггүй гэхэд болно. Багцаалдаж үл болом он цагийг агуй элээжээ. Домог төдий л зүйл болохоос бус агуйг босгосон түүх тийм ч баттай биш агаад гэрчлэх нэгэн огтоос олдохгүй. Бүх зүйлтэй хүний хэлээр ойлголцож дийлвэл агуйн чулуун хананаас ихийг асууж болно. Бас чулууны хэл мэддэг болвол хүн олон юмны эргэлзээг тайлж болох мэт бодогдоно. Анчны дээд ургийнхан л агуйд эзэн сууж байсан гэх боловч өмнөх үеийхний тэмдэглэж үлдээсэн гэх зүйлсийг өвгөн тайлж учрыг ойлгож эс дийлнэ. Үрчлээ үл мэдэгдэм хөхөлбөр царайд нь бага зэрэг хөлс дааварлах мэт болсон нь өвгөнийг идэр залуу эрмэг эр мэт харагдуулна. Хувцас өмсгөл нь эмх цэгцтэй нуруу нь өвгөн хүнийхтэй огт адилгүй цэх шулуун ажээ. Эргэсүл дэнгийн зүгт хандан түр зогсож азнаснаа агуйн баруун хойд буланд очиж модны багахаан тайрдас дээр сууж дээлийнхээ бүсийг тэмтрэн арьсан ууттай тамхиа гаргаж модон хагсуургандаа /тайгынхны хэрэглэж дадсан голдоо нүхтэй махир модон тамхины татуурга/ нэрж тухаллаа. Чамгүй олонтоо давтан тамхиа ховдоглон нэрж гүнзгий амьсгаа аван хагсуургаа арьсан уутныхаа гаднах оосорт шургуулаад өндийв.
Өвгөн агуйн хоймор өөд очиж хоёр гараа дээш өргөн алгаа дэлгэн залбирах мэт дүр үзүүлээд хүрэвтэр өнгийн томбогор зүйлийг алгаар илж үзснээ нэг гараараа доороос нь тулан хананаас салгаж аваад сэгсэрч чихэндээ ойртууллаа. Анд явдаг болсон үеэсээ л эхлэн үргэлж зүүдэг арьсан уутаа тэмтэрч дотроос нь модон аяга гаргаж түрүүчийн хүрэвтэр өнгийн зүйлийнхээ бөглөөг мулт татан өөртөө аягалан шууд л хөнтөрч орхив. Тамшаалан амтлах мэт чимээ гаргаж ийш тийш хараачласнаа ахиад нэгийг дүүргэж аваад хөнтөрлөө.
-За даа болоод явчихлаа. Ай хайрхан минь ойрд ийм зүйл хүртээгүй юм байна шүү... Аятай бус ч гэлээ цаанаа л нэг дотно эерүү санагдахад эргэж аажуухан алхсаар түрүүчийнхээ байрлалд очиж хэсэг азнан зогслоо. Модны тайрдсуудыг эгнүүлэн тавьж бүдүүн хус зөрүүлдэж хөвдөөр хучсан модон хэвтэш /тайгынхан ор гэж огт хэлдэггүй. Хэвтэш гэж хэлдэг/ дээр мацан гарч баавгайн арьсан дахаа сөхөн хажуулдан хэвтэж хурхирч эхлэв. Балгасан зүйлдээ алжаал бага зэрэг тайлагдав бололтой дагжин чичирч, тасалданги хурхирч байсан нь засарч, баавгайн арьсан нөмөргөндөө тайтгарах мэт амьсгаа нь жигдэрч дуу чимээ татлаа.
Агуйд нам жим гүнээ шингэж чимээ чийр огт үгүй. Хав загасны өөхөн дэнгийн гэрэл л жигдхэн цоролзон хааяадаа анивалзана... /Үргэлжлэл бий/

Зохиолч Ч.ДАГМИДМАА


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл үлдээхНийт: 12

  • Зочин 202.126.89.xxx

    Арга ч үгүй Монголын зохиолчдын эвлэлийн шагналтан хүнээс ийм л чансааьай сайхан бүтээл гарах нь дамжиггүй гэлтэй

    • 2020-12-28 17:26
  • Зочин 202.9.40.xxx

    сайхан эхэлж байна даа

    • 2019-12-04 13:09
  • Зочин 202.55.188.xxx

    bayarlalaa

    • 2019-05-30 12:41
  • Зочин 202.55.188.xxx

    bayarlalaa

    • 2019-05-26 23:15
  • Зочин 112.72.11.xxx

    Үнэхээр сайн бичигдсэн тууж байна лээ үргэлжлэлийг нь л хүлээж байна

    • 2019-05-26 12:10
  • Зочин 112.72.11.xxx

    ynztai

    • 2019-05-26 12:04
  • Зочин 112.72.11.xxx

    goy zohiol

    • 2019-05-23 13:13
  • Зочин 112.72.11.xxx

    Баярлалаа

    • 2019-05-23 09:26
  • Зочин 112.72.11.xxx

    urgeljlel hezee ve

    • 2019-05-20 10:40
  • Зочин 112.72.11.xxx

    goy zohiol ehluulchihlee urgeljleliig ni huleene

    • 2019-05-18 19:07
  • Зочин 112.72.11.xxx

    bayarlalaa

    • 2019-05-18 19:01
  • Зочин 112.72.11.xxx

    Баярлалаа үргэлжлэлийг нь

    • 2019-05-18 18:57

Санал асуулга

Хорт хавдар залуужиж байгаагийн гол шалтгааныг юу гэж бодож байна вэ?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ