Шуурхай мэдээ



Анхны хайрын бүжиг-1


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2019-05-18 14:35
  • 4

Үүр шөнийн амтат зүүднээсээ хагацаж ядан холхиж байтал цонхны дор хөгжмийн нүргээн сонстож пир пархийн үргэлжлэх чимээг сонсоод Амина ухасхийн босож үсээ хойш нь болгоод цонхны нээлхийгээр гадагш харлаа. "Ялалтын баяр...День победы шүү дээ" хэмээн санаа алдаад эргэж энэ тэрийг ажсанаа хуучин цагийн хүрэн модон ширээнийхээ татуургыг нээвэл өмнөөс нь цэрэг хувцастай цэл залуухан эрийн зураг ширтэж байлаа. Бүсгүй дотроо нуртал санаа алдахад хоёр нүднийх нь аньсагыг даван нулимс мэлтрээд урсчихав. .. Түүний зүрх дэлбэрэх нь үү гэлтэй хүчтэй хэд цохилсноо намдасхийн тайвширч эхэллээ. "Би өнөөдөр түүнд зориулж ямар нэгэн зүйл хийх ёстой" хэмээн үглэж хоёр гарынхаа алгаар халуун нулимсаа арчиж орхиод угаалгын өрөө рүү чиглэлээ...

Буйдхан суурингийн өглөө урьдын л адил эхэлж байлаа. Уулын бэлээс манан алгуурхан өгсөж үүл болохын алдад нар жигтэйхэн тунгалаг өнгөөр мандана. Нарны алтлаг үртэс усны мандалд үй олноороо шигдэж давалгаанд суун нааш цааш холхин наадах мэт өнгийн гэрлийн хугархайнууд нийлэлдэн солонгын өнгө бүрдчихнэ. Хөхөө зэргэлдээх моддыг дамжин ниссээр ойртон ирж суурингийн хаяг бүхий хаалганы дэргэдэх өвгөн улиасанд ганц нэгхээн донгодчихоод нисээд явчихлаа...

Хоёр хаалганы цаадах шинэхэн дааман хаалганаас элдэв эрээн хувцас бүхий охид хөвгүүд гарч орж хэсэг азнаснаа гартаа түмпэн сав тожигнуулан уулын суга өөд өгсөөд явчихав...Тэдний зэргэлдээх жимээр таваас доошгүй тооны сэргэр саргар хүмүүс үг дуугүй өгсөж алхаж харагдах нь энэ суурингийн түлээчин эрчүүд бололтой. Түлээчин эрчүүд балар ширэнгэн ой байлаа ч төөрөх нь үгүй. Тэд энэ уулсын хад асга, жим ангал бүгдийг нь андахгүй. Сууринд зуны улирал эхлэхтэй зэрэгцэн сумын зарлага өвгөн энд тэндгүй харайлгаж: "Жимсчин охид, хүүхдүүдийн анхааралд...хөөе сонсож байна уу...хэн ээ...өө тэр золиг...хүүе хэн ээ..." гэснээ "Жимсэнд явахдаа тод өнгийн хувцас өмсөж явж байхыг анхааруулсан шүү" гэж хэд хэдэн давтамжтай хашгичиж орхилоо.

- Өвгөн гуай та тэгээд тэр тод өнгийн хувцсыг нь бидэнд аваад өгчихөөч дээ...өгөхгүй бол дуугүй байж сур заа...гэхийг зарлага өвгөн сонсох ч үгүй, сонссон ч тэр яах ч үгүй....Юуг ч юм амандаа бувтнаад "би хэлдгээ хэлсэн шүү" гэсэн байртай нуруугаа үүрээд хөлнөөсөө цээжин бие нь түрүүлээд өцийн хурдан алхсаар бараа тасарна...

Усны мандлаас хүх үү...хүх үү...гэх чимээнээр харвал нуурын эргийн цаадтайх загасчин хүү завиа усны захад түлхэж тогтоох гээд ноцолдож байх нь үзэгдлээ. Түүнээс загас бөөндөж аваад аялагчдад овоо дориун хэдэн ногооноор зарчихдаг шуукай Орлон угтаж очиж байгаа нь харагдана. Энэ мэтийг ажиглаж зогссон Амина "өнөө орой суурингийн бүжгийн клубт бүжигтэй гэл үү. Түүнд очих зөвшөөрлийг ааваас авчихвал ч болоод явчих нь тэр" хэмээн өөртөө хэлэх зууртаа хураалттай түлээнээс үсрэн бууж байшин руугаа орлоо... /Үргэлжлэл бий/

Ч.Сараана


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл үлдээхНийт: 4

  • Зочин 112.72.11.xxx

    Гоё зохиол

    • 2019-05-23 09:39
  • Зочин 112.72.11.xxx

    bayarlalaa urgeljlel hezee tavigdah ve

    • 2019-05-18 19:06
  • Зочин 112.72.11.xxx

    urgeljlel ni hezee ve

    • 2019-05-18 19:01
  • Зочин 112.72.11.xxx

    Гоё тууж бололтой үргэлжлэлийг нь хүлээе

    • 2019-05-18 18:56

Санал асуулга

Үндсэн Хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжиж байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ