Шуурхай мэдээ



"Анхны хайрын бүжиг"-2


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2019-05-19 21:59
  • 1

Үдэш болж гудамжинд хөл хөдөлгөөн тасарсан хэдий ч суурингийн улаан буланг хүмүүсийн цуглаан золтой дэлбэ татчихсангүй. Соёлын хөлөөбийн эрхлэгч хэмээх нэр зүүсэн махигар хар эр уртаа унжин сүр муутай үзэгдэх хамба хилэн хөшигний өмнө гарч ирээд эв хав муутай тонгосхийн ёслоод бүжгийн цэнгүүн эхэлснийг зарлаад буцаад орчих нь тэр. Бүжгэнд очих зөвшөөрлийг өөртөө олох гэж өдрийн турш дүлэгнэж аавдаа дуулгатал том хүнхэр нүднийх нь давхраа бага зэрэг анивчих шиг болоход Амина айгаад бөмбөлзтөл чичирч байлаа.

- Заа миний охин арван зургаан нас хүрчихсэн бил үү

- Тийм ээ, гуравдугаар сард арван зургаа хүрчихсэн.

- Тэгвэл явахыг зөвшөөрөхөөс...гэхдээ би охиныгоо бүжигт хүргэж өгнө дараа нь авна...зөв үү хэмээн жуумалзжээ. Охины аав аймаар хүн бус зөвхөн охиндоо л ухаангүй хайртай хүн байсныг хожмоо Амина ойлгосон.

Туранхай сиймийсэн цагаан турьхан жаахан Аминаг хэн ч урьсангүй. Бүжиглэх хүмүүсийг хараад атаархаж орхилоо...хоёр дахь бүжгийн ая эхэлж хүмүүс хосуудаа уриад бүжиглэж эхлэв. "Эднүүс намайг хүүхэд гэж голж дээ янз нь...үүнийг мэдсэн бол хар багын өглөөлөгний алтан хамтрагч бүжигчин Хантайтай л хамт ирэх байж...Тэгвэл таануусыг ёстой алмайртал бүжиглэж харуулна. Даанч тэр үүр хаяарангуут түлээчин эрсийг дагаад уул өөд явж харагдсан".

Аминагийн гарт хэн нэгэн хүрэх мэт боллоо. Өндөр нуруутай тас хар хослол өмсөж түүн дээр час улаан өнгийн зангиа зүүсэн ах охиныг бүжгэнд урихаар шийдсэн нь энэ ажээ. Гурван бүжгийн аянд түүнтэй гайхамшигтай гоё бүжиглэж чадлаа. Тэр яг мэргэжлийн бүжигчин мэт. Амина өөрийгөө мэргэжлийн бүжигчин гэж аль хэдийн бодож амжсан хэрэг.

Мөнөөх ах бүжиглэж дуусаад үүд рүү дохьсноо миний гараас хөтлөлөө. Үүдэнд аав минь ирчихсэн хүлээж байсан ажээ.Гэтэл аавтай эгээ л танил хүн аятай гар барин мэндэлж бүр үнсүүлчихдэг юм байна. Аав над руу тонгойсноо "аав нь хариад унтаж байя. Энэ ах нь чамайг хүргээд ирнэ... Чи танихгүй байгаам уу...яагаав дээ... Манайд ирдэг шүү дээ...аавынх нь цэргийн найз...тэдний дүү..." ийн хэлээд л аавын бараа тасарлаа.

Дөрвөн ая бүжиглээд амрахаар суутал суурингийн жижигхэн халзан эр намайг бүжгэнд урилаа. Ах руугаа хартал толгой дохиж байна. Дараагийн аянд зүс таних ахтай бүжиглэж амжаад амрахаар суух гэтэл хажууд ах зогсож байх нь тэр. Ах дахиад л бүжгэнд урилаа.

- Ах аа гадаа гарах хэрэгтэй байна гэхэд бараг л гүйх нь холгүй очиж миний хувцсыг авчирч нөмрүүлэн хөтлөөд гараад ирлээ.

-Яасан хамаг хөлс нь цутгачихсан уу...салхи авчихна шүү...алий...алий... хэмээн үглэсээр цувны энгэрийн товчийг сайтар товчилж өглөө. Бие засах газарт очоод буцаад бүжгийн танхимд ороход ах цувыг минь тайлж өлгөөд даашинзны минь хормойн нугалаас энэ тэрхнийг яг аавын минь адил янзалж өгөөд хөтөлж бүжгийн талбайд бүжиглэж эхэллээ. Тэр үдэшлэг ямар богино хугацаанд болж өнгөрсөн гээч...

Миний гэр бүжгийн танхимаас нэг мод хэрийн зайд бий. Бороо ороод онгойсон бололтой мод ургамлын сэрүүн таатай үнэр сэнгэнэж байлаа. "Ах нь оросын цэргийн академид суралцдаг тул удахгүй буцна. Чи чинь ямар гоё бүжиглэдэг хүүхэд вэ...тэгээд бас миний хамгийн хайртай ахын минь охин болж таарлаа. Танай аав чиний насанд яг ийм төрхтэй байсан юм. Хүйсээ л сольчихож ккк... Мөн ч ганган гоё залуу байсан даа...ах нь сургуульдоо оччихоод захидал явуулна. Амьдардаг хотынхоо гоё сайхан, сонин хачны тухай бичнэ ээ..." Түүний яриа үнэхээр амттай байлаа. Гэрийн үүдэнд тулж ирэхэд тэр миний гарыг үнэрлэн үнсэж, орос ардын ёсонд хүндэтгэсэн хүнийхээ гар дээр үнсдэг тухай хэлж билээ... /Үргэлжлэл бий/

Анхны хайрын бүжиг-1

Ч.Сараана


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл үлдээхНийт: 1

  • Зочин 202.55.188.xxx

    bayarlalaa

    • 2019-05-30 12:42

Санал асуулга

Улаанбаатарын утаа багассаныг хүлээн зөвшөөрч байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ