Шуурхай мэдээ



ХАНСУРЫ ГОРХИНЫ ШИВНЭЭ /2-р хэсэг/


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2019-05-20 16:27
  • 4

"МОНГОЛ ТУУЖ" УРАЛДААНД 3-Р БАЙР ЭЗЭЛСЭН БҮТЭЭЛ  /Цаа маллагч нүүдэлчин отог омгийн түүх домог/

Эндхийн хөвчид  үүр эрт цайна. Гэвч тайгын хүмүүс  гэгээ гийхээс өмнө хэвтэшнээсээ өндийхгүй бол уулсын савдагт хорлогдоно хэмээн итгэсээр ирсэн улс. Бүгд л үүрийн гэгээнээс амжисхийж өндийн  манаж хоносон галынхаа  цогийг улалзууланхан утаа май дэгдээж ертөнцийн нэгэн өглөөг угтацгаана.Магадгүй тэд энэ дэлхийн хамгийн сүүлчийн нүүдэлчид л байж болох юм. Эгэл жирийн авч нууцлаг амьдралдаа нэг л мэдэхэд дассан байдаг билээ.

Агуйн аманд цас хунгарлан өндөр хана хэрэм мэт болсон нь ойрд хэн нэгэн орж гараагүйг илтгэнэ. Хааяахан сэрхийх салхины аясаар цас ганц нэг бурхийх авч тэгсхийн намжин анир чимээгүйд автана. Гурван хар бараан шувуу л агуйн үүд орчмоор эргэлдэж хэн нэгнийг хүлээх мэт тонголзон нааш цааш нисэлдэнэ. Модод сэрвэлзэн цасаа гүвэх чимээнээр шувууд үргэж бараа тасрах авч төдхөнөө нисэж ирээд бие биендээ найр тавин дөхөн сууцгааж далавчаа дэвэн хошуугаараа өд сөдөө арчаад хөдөлгөөнгүй болно. Энэ үст агуйн амны цас дотогш ховхрон унаж чулуун хаалга завсар гарч хэн нэгний өмсгөл хувцас цухайж хэсэг хугацаа өнгөрсний дараа малгайгаа  бүчилсээр  анч өвгөн Эргэсүл  гарч агуйнхаа амыг холтос, унанги мод гишүүгээр нямбайлан таглав. Эргэсүл тэнгэр өөд өлийн хараад ойролцоох шигүү моддын зүг алхаж очиж гутлаараа цас манаргаснаа тэвэр дүүрэн хөвд авчирч   агуйн амны нүх сүв онгорхойг чигжлээ. Арьсан дээлийнхээ ханцуйгаар агуйн амыг энд тэнд нь дарж үзснээ баавгайн дахаа тайлж сэгсрээд буцаагаад  өмслөө. Агуйнхаа зүгт харж ямар нэгэн зүйл үглэх мэт болсноо  эргэж цасанд дарагдсан авч үл мэдэгдэх төдий баримжаатай харагдах бүдэг жимээр уруудан  алхлаа. Цээж нуруугаа цэхлэн цанаа сугавчлан эргэж харалгүй зоримог алхах анчин Эргэсүл  агуйдаа эргэж ирэхгүй бас амьдралынхаа сүүлчийн жилүүдэд бүтээсэн зүйлээ бусдаас харамнаж нуусныг нь хэн ч олохгүй гэдгийг түүнийг бүтээгч хийгээд амьдруулагч  тэнгэр л мэдэж  болох юм. Анч эр яаралгүйхэн  хоёр гутлынхаа шуумаг сурыг тайлж өөртөө зориулж урласан модон цанаа хөлдөө сайтар бэхлэв. Хоёр ширхэг  нарийхан таяг модоо зэрэгцүүлж барин урт богиныг хэмжих мэт болсноо  ямар нэгэн бөглүү дуугаар үлээв. Үл мэдэг саарал цасны ширхэгдэсүүд хөвөн Эргэсүлийн мөрөн дээгүүр бутрахад нохойн арьсан бээлийгээрээ  дахныхаа энгэрийг арчих аядаад –Чүү хэмээн моддын сиймхийг сүлжин гулгаж одлоо. Төдхөн шигүү моддын гүнээс гарч задгай тайгын хяраар гулгаж явахад цасны хүйтэн ширхдэсүүд нүүр өөд зүү адил үсчин шигэж часхийн чимчигнэж хайрч байлаа. Хүйтэн жаварлаг агаар  амнаас гарах бяцхан уур мананг  хүдэн болгон арагш нь үл мэдэг цацлана. Цанын мөрөөр хөлдүү цасны талстууд чийхран шажигнана. Хүйтнээс дайжин амьтад бүгд л их моддын гүн рүүгээ шургалж амжаад тэдний амьсгал нь манан болон дэгдэж тал руу хүүшлэх бөлгөө.

Тайгын цуут анчин Эргэсүл модон цанын хурд дүн өвлийн цасны аагинд баясаж явах зуурт ухаан санаа нь мансуурчээ.Хаашаа л харна цас. Хараагүй байсан ч цас. Цасан дунд цасны савдгууд л бөөвгөнөнө. Анч эр  ингэж бодмоглоно. Эд маань нэг ёсондоо амьд үхдэлүүд. Сэтгэлийн тэнхээ огт үлдээгүй бөгөөд зөвхөн үхэл хүсэн залбирагсад. 

...Хуурай гишүүний гал урцны дотор талыг нэлэнхүйд нь дулаацуулахад нойрмоглосон хүмүүс уван цуван ухарч   урцны хормойд шахан хажуулдсхийн хэвтэцгээнэ. Ил галын шар дөл цоролзон урцны орой өөд тэмүүлэх мэт хэсэгхэн гогцоороод л намсхийнэ. Тойрон суугчдын хэн нэгэн нь хөлдүү модны үзүүрээр галын цогийг онгичихон сандаачихад утаа май манарах аядаад л дөл цоролзлоо. Гишүүний дөл урцыг хэт халааж эхлэхэд холбоос модод чийхрах чимээ тодорно. Гаднаас хөлдүү модны зоргодос хормойлон орж ирсэн хүүгээс цасны үнэр ханх тавина.  Урцны хаяанд овоолон тавьсан загасны ангийн дээж галын илчинд бага зэрэг шарагдах аядаад танил бус үнэртэнэ. Хулд загасны шорвог амт цасны үнэртэй ээлжлэн галын савдгийг дайлах мэт.  Омгийн ахлагч үрчгэр хөх эмгэн,-Үүрээр л хазааргана түүхээр явсан жаалууд ирээгүй юу. Цасны нимгэнийг л дагаж явсан байх даа. Нигүүрсний нөмөрт унтчихав уу. Дураараа турсагнууд гэснээ хөдрөгөө сөхөн хэвтэх аядснаа буцаж босон галын илч бараадан дөхөж суулаа. Багачуулыг олж ирэхээс хэмээн хүмүүс уван цуван гарч одов.

         -Миний хоёр хүү л энэ хавиас холдохгүй юм аа даа эцэг чинь ч гэсэн бас л миний хормойноос зүүгдэж өссөн.Эргэсүлийг төрөхөд зүүн омгийн ахлагч Сарва эмгэн эх барьж авсан. Эрчүүлийн нохойн арьсан бээлийнээс ч жаахан амьтан гарсан юм шүү дээ. Хэт жижиг биетэй хүүг "Хансурын бүүвэй" л хүн болгосон. Эргэсүл хүү арван ой хүртлээ бүүвэйлүүлсэн дээ.  Намрын сүүл сард хансурыг нь авга ах нь л урлаж суудагсан. Эцэг чинь  Сарва эмгэний  байнга амандаа гиншиж явдаг нэгэн дууг ид шидтэй  ярьдаг. Тэр  дууг анчны дуу л гэж бодно. Хамаг бие  бүлээрч  зүүд зөн тэнүүчлэх үед мөнөөх дуу хачин их уянгалаг сонсогддог. Гэхдээ бүүр алсаас хэн нэгэн зөвхөн маньд зориулж дуулж байгаа мэтээр төсөөлөгдөж нүдний өмнө цэнхэр манан татдаг байж билээ. Хичнээн хоног ингэж өнгөрдөг байсныг бүү мэд. Нэг л үүрээр бүх зүйл хэвийн болж урцны оройгоор нарны гэрэл олж хардаг. Хансуры-аас тайгад  зун болохоор  түгдэг  хамаг л тансаг анхил ургамлын үнэр нэвт ханхална.Цагаан гэгээ өтгөртөл тоглодог багад  Сарва эмгэний  дуу урцнаас хадаж, 

-Эргэсүл ээ хансурыдаа ор гэхийг нь одоо ч сонсох шиг болдог. Юу болж байгааг ухаарч амжихгүй өндийж суугаад хувцас өмсгөлөө үнэрлэж үздэгсэн гээд л хуучлах зав л олдвол ярина. Хансуры бол омгийн ахлагч эхийн урцанд хадгалдаг хус модон өлгий. Сул дорой дутуу төрсөн хүүхдийг л түүнд өлгийдөж наранд харуулж өсгөдөг домтой. Харуй бүрий болохоос өмнө хүүхдийг хансурыд оруулж муу бүхнээс нуух зан үйл хийдэг. Хансурыд байгаа хүүхдийн бие өвдвөл уул усны эздэд тэр аль хэдийн үхсэн мэтээр үглэн дуулж муу бүхнийг төөрүүлэх дом шившлэг хийдэг байж л дээ. Гэхдээ хүүхдүүд нэг ой хүртэл бүүвэйлдэг авч  Эргэсүлийг арван ой хүртэл Хансурыд унтуулж өөр отог омгийнхонд харуулахгүй нууж байсан юм шүү. Анчин Эргэсүл хэмээх нэр хэдэн отог тайгадаа алдартай даа. Залуудаа лут анчин байсан юм. Зүүн баруун Сибирийн анчид танай аавыг л ярьдаг байлаа.../Үргэлжлэл бий/

Зохиолч Ч.Дагмидмаа

ХАНСУРЫ ГОРХИНЫ ШИВНЭЭ /1-р хэсэг/


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл үлдээхНийт: 4

  • Зочин 66.181.161.xxx

    баярлалаа маш их үнэхээр гоё зохиол вн

    • 2019-05-27 13:51
  • Зочин 202.55.188.xxx

    goy zohiol

    • 2019-05-26 23:14
  • Зочин 112.72.11.xxx

    bayarlalaa

    • 2019-05-23 13:14
  • Зочин 112.72.11.xxx

    ovormots goy zohiol

    • 2019-05-23 10:01

Санал асуулга

Монгол Улс ШХАБ-д элсэх нь зөв үү?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ