Шуурхай мэдээ



"Анхны хайрын бүжиг"-3


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2019-05-20 20:01
  • 1

Мөнөөх ахын сонирхолтой яриа санаанаас ердөө гарахгүй. Гоё ах...том болоод энэ ах шиг сайхан хүнтэй сууна даа гэж бодсоор хичээл ороод сар хэрийн хугацаа өнгөрчээ. Ангийн багш: "-Амина чамд захидал ирсэн байна" гэсээр ширээнийхээ нүднээс гаргаж гарт атгууллаа. Манай ангийнхан бүгд жуумалзаад л ичсэн гэдэг тоймгүй. Харж амжсангүй цүнх рүүгээ шургуулж орхив...

Тухайн үеийн хүүхдүүд журнал буюу дүнгийн дэвтрийнхээ нэрсийн дараалал дугаараар үерхэнэ хэмээх мода хандлага дэлгэрсэн байв. А үсгээр эхлээд нэртэй журналын хоёрдугаарт бичигддэг бол өөр хаа хамаагүй сургуулийн мөн л хоёрдугаарт бичигддэг хөвгүүнтэй захидлаар харьцана гэсэн утга бүхий зүйл. Манай ангийнхан бүгд л тийм гэж бодсон хэрэг. Суурингийнхаа хаалганы өмнөх өвгөн улиасны нөмрийг бараадаж эргэн тойрноо сайтар ажиглаж байгаад л гаргаж уншсан даа.

Гоё ах жилийн турш илгээсэн захидал бүхэндээ тухайн сарын онцлогийг харуулсан зурагт хуанли илгээдэг байв. Бусдад шоолуулахаас эмээгээд түүнээс ирэх бүх зүйлийг тас нуучихдаг байсан юм. Үргэлж л ах хүний сургаал хайрласан, ухаарал өгсөн хачин гоё үгтэй захидал явуулдаг байлаа... Би түүнд хариу бичиж мэдэхгүй нэг жилийг элээж гоё ах зуны амралтаар ирээд буцахдаа хариу захидал илгээх тухай сайтар зааж өгөөд бас л нэгэн үдэшлэгийн дараа чихэн дээр минь үнсээд буцсан юм даа... Тэр үед жигтэйхэн их догдолж гоё ахыгаа нэг хэсэгтээ л санадаг байж билээ. Захидал бичилцсэн жилийн үзүүр дорхноо эргэж гоё ах нутагтаа ирэх үе болсон байлаа...

Жилийн туршид үерхье гэж гуйх нэгэн хөвгүүн надад бий... Мань бол гоё ахыг хүлээсээр...түүний овог нэрнээс өөр юу ч мэдэхгүй гэнэн охин арван найм хүрсэн... Тэр зуны уртыг ээ...гоё ах ирдэггүй ээ... Нэг сонсох нь ээ ганцхан шөнийн хугацаанд ирээд аав ээждээ үнсүүлээд яараад буцсан сурагтай. Гоё ах нэг л жил сургуулиа төгсөнө хэмээн итгэсээр хүлээсээр л... Захидлын тухай бараг мартаж байтал түүнээс захидал ирсэн байлаа...Тэр захидлыг би мянга түүнээс ч олон удаа задалж уншсан. Нөгөө захидал маань нугалаасаараа тасарч урагдсаныг мэдсэнээс хойш ахиж задлаагүй юм.

Нэг захидлынх нь хариуд хэрхэн хүлээсэн тухайгаа хэлтэл өөдөөс тайлбар бичээгүй бөгөөд "зөвхөн чамд хайртай...жаахан охины амьдрал хувь заяагаар тоглохыг хүсээгүй. Би чамаас даруй арван зургаан насаар ах" гэдгээ хэлсэн байв. Үүнээс хойших захидалд хэтэрхий дотнын үгс олонтоо бичилцсэн юм. Би өөрийгөө том хүн болсон гэж итгэснээс үүдсэн хэрэг л дээ. Бид танилцаад даруй дөрвөн зуныг хүлээж сууна...

Би оюутан болоод нэг жилийг ардаа үлдээгээд өөрийгөө том хүний тоонд оруулаад бодоод эхэлчихсэн хэрэг. Зуны амралтаараа ирээд их олон хоног болоогүй байтал гэнэт нэг үдэш гоё ах ирсэн дуулдаад явчихав. Тэр шөнө нойр огт хүрсэнгүй...Хүлээгээд байгаа гэхэд хэцүү, үгүй ч гэхэд хэцүү байдалтай хөрвөөсөөр үүр гэгээрэнгүүт бослоо. Модны хаяагаар тархан идээшилсэн үхрээ саалийн зэлнээ тууж иртэл өмнөөс гоё ах ирж яваа харагдлаа. Нүд нээгдэх мэт болоод зүрх маш хүчтэй цохилж, ер бусын баяр хөөрөөр бялхаж бараг л жигүүр ургах мэт боллоо...ийн адгах зуурт өмнө тулж ирээд: "- Сайн уу Амина...яг л хэвээрээ шүү... Чи ингэхэд мөнөөх л арван зургаатай юм шиг харагдах юм даа" гэснээ шууд тэврээд үсэн дээр минь үнэрлэчихлээ. Намайг хачин удаан тэвэрсэн тэр тэврэлтийг би одоо болтол мартаагүй юм даа. Гоё ахын үнэр, тэврэлтийг үргэлж л үгүйлнэ... /Үргэлжлэл бий/

Ч.Сараана

Анхны хайрын бүжиг-1

"Анхны хайрын бүжиг"-2


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл үлдээхНийт: 1

  • Зочин 112.72.11.xxx

    Гоё юмаа үргэлжлүүлээрэй

    • 2019-05-23 09:40

Санал асуулга

Үндсэн Хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжиж байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ