Шуурхай мэдээ



ХАНСУРЫ ГОРХИНЫ ШИВНЭЭ /5-р хэсэг/


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2019-05-23 15:50
  • 8

"МОНГОЛ ТУУЖ" УРАЛДААНД 3-Р БАЙР ЭЗЭЛСЭН БҮТЭЭЛ  /Цаа маллагч нүүдэлчин отог омгийн түүх домог/

 

Модон оромжны сарампай хаалга сархийн нээгдэж бууны ам нь онгойж харласан харгалзагч нар орж ирлээ. Өндөр дуугаар зандралдан бууныхаа замгийг учиргүй  тачигнуулж удаан сүрийг үзүүлнэ.  Харгалзагч омогт эрсийн бууны үзүүр, гутлын хоншоор хоригдол эрчүүдийн бөгсөнд зоогдох нь хэвийн зүйл. Малгайных нь дороос хилэнт харц гялалзаж шүлс нь хаа сайгүй үсчих харгалзагч эрс ч мөн ялгаагүй тушаал биелүүлэгчид. Гэхдээ юуны учир хэний тушаал биелүүлж байгаа нь тодорхой бус.Шоронгийн дарга нарын согтуурхах чимээ шөнө хэвийсэн хойно татарч бүгд амралтын байдалд шилжихтэй залган оромжны хаалга сархийн нээгдэх нь хэдийн хэвийн  зүйл  мэт санагдана. Согтуу дарга нарын үүр шөнөөр давсгаа дундалж шээсэндээ татагдаж унах дөхөн гуйвагнах төрхтэй хамт шоронгийн хугацаа хэмжээгүй эцэс төгсгөлгүй ажил өрнөнө.Хоригдол эрсийн нэгэн өглөө ийн эхлэдэгт анч эр аль хэдийн дасал болжээ. Хидааныг амьд эсэхийг магадлахаар тонгойсон боловч ууртай хянагч нарын  өшигчин түлхэхэд шахагдан үүдээр цувран унахад гадаа таг харанхуй ноёлж байлаа.Тэнгэр хааяа цэлмэгших авч одод ууртайгаар цэхэлзэх нь хүний нутаг гэдгийг сэтгэлийн гүнд сануулах мэт болно. Шөнө толгой хоргоддог өрөө мэт зүйлээс гарч ганц хоёр алхах аядаад  дамнуургын өрөөнд балга ус,талхны  үйрмэг хэлтэрхий  хүртсэн болоод өвлийн эцэс төгсгөлгүй өршөөлгүй үүр шөнийг тэмтчин жавар залгилан уул өөд авирлаа. Энэ уулын жимийг  тэд чөтгөрийн зам гэж нэрийднэ. Гэхдээ зун намрын улиралд ингэж нэрлэсэн юмдаг. Өвөл болж идэр есийн жавар тачигнаснаас хойш тэд бие биетэйгээ бараг л үг солиогүй гэхэд болно. Сүүж амраадаг шөнийн оромжиндоо цуглахдаа хэн эсэн мэнд эргэж ирснийг өдөр хэн  ууланд түлээ болсныг багцаалдах аргагүй. Үг дуугүй л дороо бөгцөгнөлдөн завсар  зайгаа олоод л хэвтэх төдий болно. Тэн хагас нь шөнийн турш зовиурлан нойрон дундаа ёолон бусаддаа тээр болох авч эрчүүд нэгнээ ад үзэн харааж зүхэх төвөгшөөх нь ховор. Дүн өвлийн хүйтэнд харгалзагч эрчүүд дулаан орон байр, тухтай амралтаа бодоод шөнө дунд хоригдол эрсийг дэглэх нь эрс цөөрдөг тул бас нэгэн зүйлийн зовлон хугасрана.

            -Хурдан хурдан алх...хурдан гэж байна шүү гэх дуунаар анч эр толгой өргөн алсыг харах аядаад өмнөх хүнийхээ мөрийг онож гишгэхээр зүтгэлээ. Хоригдлуудын хувьд цуваа хаана эхлээд хаана төгсөхийг хэн ч үл мэднэ. Харгалзагчдын бахим дуу л эцэс төгсгөл үгүй цуурайлна. Үүр алсаас үл мэдэг цайвагнах төдий. Бүхий л бие амрах бус хөндүүрлэж  алхах гишгэх бүрт алив нэгэн эрхтэнд нэн зовиуртай. Эрчүүдийн амнаас хараалын үгс л цасны пүр пүрхийх чимээг давж сонсогдоно.Гэнэтхэн өмнө нь хоёр хүн үлдэж нэлээд зай гарчих шиг болов. Уулын хэвгий рүү хүмүүсийн ёолох чимээ бүдэгхэн сонстоход буун дуу нүргэллээ. Учрыг нь үл олох хүмүүс өмнөх нөхдөө л гүйцэх гэж хичээнэ.-Чоно нөхдийг минь бариад идчихлээ гэх хэн нэгний дуу сонстоход  -Анчин баавгай хоёрыг өстэй л гэдэг чоно зүгээр ээ гэж өөртөө хэлээд өмнөө алхагчийг гүйцэхээр урагш өцөгнөн хүчлэн зүтгэлээ. Нэлээд хэдэн алхмын хойно гутлынхаа өсгийг цус болсныг анзаарч нөхдөө чонын дайралтанд хэгз татуулсанд итгэв.Алхаж яваа хоригдол нэг хором саатахад л жагсаалын цуваа саатаж хараал идсэн энэ нарийхан жимээс хэн нэгэн  нь шахагдан газрын хэвгий рүү нисэх аюултай.Тэд шууд бурхны хитэгт ч очиж мэднэ. Зарим нэг нь бэртэж гэмтэн эргэж ирж хэдэн өдрийг л зовиуртайгаар барна.

Өвөл зунгүй жихүүн хүйтэн өөд уруугүй алгадах энэ эзгүй талд Бүтэнг шоронгийнхноос өөр амьд амьтан олоход амаргүй.Өвлийн цагт энэ бөглүү алс хязгаарт зэрлэг чонын улиан, хар хэрээний гуугалахаас өөр чимээг хэн ч олж сонсохгүй гэдэгтэй мөрийцөхөд ч алдах зүйл үгүй. Салхи хүртэл хулжин зугтан одох мэт эзгүйрч  цасны хүйтэн амьсгаа жаврын хатуу байргашна. Бүхий л цонх хаалга нь цан хүүрэгт автсан хорих газрын даргын машин л амьд автомат зүйл. Ихэнхдээ л төв рүү довтолгож одох хар машин л хорих газрын мэдээ сэлт, эрчүүдийн яргалал, тамлал, устгалын ажлын үр дүнг согтуу даргатайгаа ачиж яваа нь илт. Хэн нэгний гарт буу л бариулж орхивол даруй түргэн согтуу даргыг тонилгож орхих өс хорсол хоригдол эрсийн цээж бүхэнд нуугдаж байгаа. Машиныг нь дэлбэлж орхимоор санагдах ч энүүхэнд. Хар машины хаалга пүнхийн хаагдаж чийхран хөдлөх бүрд хоригдол эрсийн дотор жихүүцэл төрнө. Хоригдол эрсийг  ганц нэгээр нь буутай харгалзагчаар  туулган хар машинд чихэн авч оддог гэдэг хардсандаа лтэр.Учир нь бараг л өдөр бүхэн хоригдлуудаас зүс үзсэн хэн нэгэн ганц хоёроороо  яасан ийсэн нь тодорхойгүй дутчихна.Хараал идмээр хар машин согтуу дарга л буцаж ирэхээс бус ачигдсан гэж хар аван хүлээх эрчүүдээс хэн нь ч  эргэж ирэхгүйд л хамаг өс хонзон зангидах авч зовхи нь бууж шархандаа дэмийрсэн хоригдол эрс юуг ч өөрчилж үл дийлнэ. Энд юу болоод байгааг гадарлах боломж тэдэнд огт үгүй. Эндхийн бага дарга нар болоод харгалзагч эрчүүдийн дэглэм харгислал хүний ой ухаанд багтах зүйл огтоос биш.Хар машин ярхийн тоормослон зогсох бүрд бага дарга нар гүйлдэн хүрч хайрцаг баглаа боодолтой зүйлсийг хорих газрын  даргын байшин луу зөөж харагддаг.Зун намрын туршид мөнөөх л бидний хөлсөө зогсоо зайгүй дуслуулан ажилладаг хүрэн чулуун нүүрсний уурхайгаас эл хар машин согтуу дарга хоёр үргэлжид боодолтой зүйл зөөчихдөг юм. Чингэхдээ орой бүхэн согтуу ирж нүдэнд харагдсан эрсийг дуудан өмнөө сөхрүүлж аль муу зодуур дэглэмийг үзүүлнэ. Хүний ой тоонд багтахааргүй аргаар дэглэж тамлаж сая ханаад хэн нэгэн бага даргыг дохьж үргэлжлүүлэн дэглэхийг тушаагаад мөнөөх л хар машиныхаа зүг сүүдэртээ татагдаж унах нь холгүй гуйвагнан хүрч суугаад талийж одно. Зуны ажлын лагерь болох хүрэн нүүрсний уурхайд ажиллах хоригдол эрс хараал идсэн  согтуу дарга эндхийн бүх ялаа батгана шумуулыг хөлс яр шарх цус нөжөөрөө хооллодог гэхэд үнэнээс хол зөрөхгүй.Хоригдлуудын нэршлээр *хамаатах*гэх хэн хүний ой тоонд багтахгүй дэглэм бий. Бүдүүн гуалин моддыг зэрэгцүүлэн босоо байрлуулж, дотор талыг нь гялайлтал харуулдаж мөлийлгөсөн нь хүн харахад нүдний тусгал шууд очоод л халтирч ойчмоор бодогдоно.  Нэг хүний нөгөөгийнхөө мөрөн дээр гарч зогсоод ч толгойгоо цухуйлгаж үл чадах  өндөр модон хашаанд завсар зай гэж үгүй бидний хоноглох оромжноос нөмөр нөөлгөөрөө хавьгүй илүү гэхэд болно. Хамгийн адгийн шийтгэл бол өвөл зуны алинд ч модон хашааны доторхийг долоох явдал байв. Долоохийн өмнө бүх өргөс яр овгор товгор бүхнийг хумсаараа ч болов маажиж ор мөргүй гилгэр болгох ёстой. Долооно гэдэг хаашаа хаашаагаа хоёр гурван зуун алхам  үргэлжлэх хашааны доторхийг угааж цэвэрлэж байгаа нь дэглэмийн нэг хэлбэр хүнд хэлбэрт тооцогдоно. Ийм дэглэм хүртсэн хүний хоолой гүрээ, хэл банхайтлаа хавдаж хэд хоногтоо л хоол идэх, шингэн зүйл уух зэргээс аяндаа татгалзана. Ямар ч шалтаггүй харгалзагчийн зөвшөөрөлгүй хашаа руу дөхөж очсон хэн боловч энэхүү дэглэмийг амсана. Хоригдол эрсийн хамгийн дургүй дэглэм. Энд хоригдогсодыг зугтахаас л хамгаалсан эд байх гэж дотроо бодоцгооно. Бас чонын дайрлагаас хамгаална гэдэгт итгэнэ.

 Өвөрлөгч эрийн хэд хоногийн өмнө  амных нь гүвтнэлээс сонсоход бид”Тагнуулч” ангилалын ялтай хоригдож байгаа гэлцэнэ.  Хоригдлуудын зуны ажлыг ч аятайхан гэж төсөөлөхөд нэн төвөгтэй. Нүүрсний хүрэн чулуун агуйнууд хаа сайгүй байх  авч  харгалзагч дарга нарын хатуу хяналт дэглэм дор нүүрсний чулуу үүрнэ. Нүүрсэн агуй руу ороод хоригдлуудын зарим нэг нь гарч ирэхгүй байх нь ердийн үзэгдэл мэт. Ийм явдал тохиолдсны шөнө дарга эрх мэдэлтнүүдийн  нэр заасан хоригдлууд агуйн гүн рүү орж эндсэн нэгнийхээ хүүрийг олж ирэх тушаал авна. Нүүр гарын  болоод ил харагдах биеийн хэсгийн арьс үргэлж үрэгдэж зулгарч цус нөжтэйгээ хутгалдан бараг л ялаа шумуулыг амьд биеэрээ хооллож тэжээж байгаа гэхэд хилсдэхгүй. Шөнийн хорогдох байранд унтаж нойр авах нь ховор тохиолдоно. Шархтай хоригдлуудын үнэр өмхий самхайг тэсвэрлэхэд нэн төвөгтэй. Хоригдлуудыг өл зогоох хүнс нь ихэнхдээ муудсан байх тул эрчүүд гэдэс дотрын өвчнөөр шанална.

19.......он....Бүтэнг шоронгийн дэглэм харгислалын тэн хагас нь нуран уналаа. Шөнөжин дэглэх нь эрс цөөрч ажилд гарахгүй өдөр бага зэрэг олширов. Эмчийн үзлэгт орох, халуун усанд орох зэрэг халамж аажмаар нэмэгдэж байлаа.Хоригдсноосоо эхлэн өдийг хүртэл бүгдээрээ юуг буруу хийснийхээ төлөө, юун хэрэгт шалгагдаж байгаагаа мэдэх боломж дулимаг чял зэм эдлэж байгаагаа л маш сайн мэдэж мэдэрч байлаа.Дэглэм харгислал сулрахаар тэн хагасынх  нь сэтгэлд  бага ч атугай гэрэл ёлтойж суллагдана гэсэн итгэл үе үехэн зурсхийх болжээ. Гэвч өвөрлөгч эрийн таамгаас хойш хоригдогсодын итгэл эрэг ганга мэт нуран уналаа. Тав арван үг солин инээвхийлэх аяддаг болсон эрчүүдийн нүд уйтгар гуниг,цөхрөл зовлонгоор биесээ харахчаан аядах болов.

Герман ахмад Шнайдер, өвөрлөгч нөхөр Хидаан, Сибирийн анчин Стихов тэргүүтэй бидний хэдэн эрчүүдийг Стоходын намгийг гатлуулан авч одох тухай яриа эхлэснийг татар үндэстэн эмч өвгөн дуулгаснаас хойш зөвхөн оргох тухай л бодож эхлэв.Гэхдээ хэрхэн яаж гэдэг нь хэн хүнд тодорхой бус. Стоходын намгийн тухай яриа орой бүхэн хэн нэгнээс эхлэнэ. Их далай тэнгисийн өмнөд хэсгийг эмжээрлэн орших энэхүү алдарт намаг нь гурван мянган жилийн тэртээ далай тэнгис байсан гэлцдэг. Өвөл зунгүй манан сууж хүйтэн агаарт бүрхэгдэж байгаа мэт цасны туйлаадас хаялдаг намагийг их усны хучлага гэх нь бий. Газрын гүндэх битүү их усны өнгөц өнгөлөн далдлах шаврын хатмаг хөрс агаад зарим газраа нүх онгойж ус руу цүлхийн унасан гэх яриаг батласан хүн үгүй ч үгүйсгэж бас амжихгүй. Стоходын намгийн доогуур бүхэл бүтэн хот оршдог агаад төмөр зам ч нэвт сүлбэж гарсан гэлцэнэ. Хамгийн хачирхмаар нь энэ хотод шоргоолжон  чиний биетэй хүмүүс дарины хэлтэрхий мэт жижигхэн тэргийг хөллөж хэмжээлшгүй их зүйлийг бүтээж амьдарч ирсэн бөгөөд хэзээ нэгтээ энэ дэлхий ертөнцөд усан галав юүлэхэд ертөнцийн нөгөө тал хөрвөөнө. Тэд манай гариг ертөнцийнхнийг аварга хүмүүс хэмээн нэрлэх авч биднээс огт айж эмээхгүй гэнэ. Аварга хүмүүсийг усан галав хамж дэлхийн ёроол руу юүлэхэд эсрэг талын хуурай газарт үл мэдэх эдгээр хүмүүс үлдэж дэлхийг ахиж бүтээн амилуулна. Тэр үед дэлхий ертөнц урьд  хожид байгаагүйгээр хөгжин цэцэглэнэ хэмээсэн домгийг өвөрлөгч эр Хидаан орос хэлээр хольж солин ярьж дуусгаад түүнийгээ батлах гэж хэрдээ хичээв.Гал түлэгч халимаг өвгөн солгой гарынхаа алгаар сахлаа шувтрах аядаад тийшээ цөлөгдсөн хүнээс амь гарсан нь үгүй. Намгийг нэлээд туулсны хойно харгалзагч нар хоригдлуудаас дарга сонгон цааш хариуцан явахыг шаарддаг бөгөөд буцаж алхсан хэнийг ч болов өршөөлгүй буудна. Ялаа шумууланд баригдаж шархны халуунаар эс үхвээс шавран хэрэм нээгдэж бүгд түүн лүү орж үхдэг гэвч Сахалины аралд цөлөгдснөөс хавьгүй дээр хэрэв надад тийм ял оногдвол шууд л...хэмээн яриагаа таслаад солгой гараараа хоолойгоо хөндлөн шудрах дүр үзүүлээд –хмм нохой долоо...үхэл ирвэл энэ муу амь аалзны шүлснээс ч хэврэг байх вий гэхэд хоригдлууд дуугаа хураацгаан биесээ ширтэн сууцгааснаа ганц нэгээрээ цувран гадагшлана.Үнэмшихэд хэцүү ч  үгүйсгэхэд амаргүй яриаг үлгэр домог мэт ярьцгаах болов.

Шоронгийн харуул хамгаалалт хэвийн боловч харгис зодуур, дэглэм хавьгүй буурсан хэдий ч нүд бүлтэрэмтэсгим хүйтэн нэгдүгээр сард уул хөвчөөс биеийн хүчээр мод цагаалах нь тийм ч амар зүйл гэж хэний ч ой тоонд буухгүй.Эрчүүдийн бэлтгэсэн модыг ачихаар долоо хоногт нэг л удаа машинууд ирнэ. Түрүүчийн машинууд ирээд зогсоход сүүлчийн машины цуваа  харагдахгүй. Өглөөнөөс орой болтол бөгтөгнөн завсар зайгүй ажиллах хоригдлууд бүхий л машины тэвшийг модоор өлхөөн дүүргэж амжина.Жолооч болох нуруулаг орос эрчүүд хоригдлуудыг хурдан ачихыг шаардаж хараалын үгийг эцэс төгсгөлгүй урсгана. Тэд хичнээн дарамталж хараал тавин өшигчивч хариугүй хөл дээрээ зогсон туйвагнан ажиллах эрсийн хөдөлгөөний хурд нэмэгдэх нь  үгүй. Үд өнгөртөл хараал тавин уураа барж ядах жолооч нар сая нэг бууж өгч бөөгнөрөн сууцгааж ганц хоёр лонхны  бөглөө үсэргэж сэнжтэй төмөр аягаар тойруулан сөгнөж  мар мар инээлдэн өөрсдийгөө зугаацуулж амсхийнэ. Уулын модыг дүнхийтэл ачсан машинууд хөдлөх үест жолооч эрчүүд хачин жигтэй найрсаг амьтад болж хувирна. Хүнээс гарч болохуйц бүхий л муу муухай үгийг сонсож дадсан хоригдлуудад тэдний ааш аяг сонирхол огт төрүүлэхгүй.Машин ирэх өглөөгүүр  эрчүүдийн тэн хагасыг дуудаж ажилд гаргах агаад бүгд л хөлдөө дөнгө чирсээр мод ачина. Хоригдогсодыг модны машинд халдана, машинтай оргоно гэж болгоомжилдог болсноос л үүдсэн зүйл.  Хэдэн жилийн өмнө  юм тийм нэг хэрэг гарснаас энэ явдал эхтэй. Амьд бүх л амьтад аминдаа хайртай.  Бүгд л амь мултрахыг хүсэмжилнэ. Гуалин өргөж ачих явцдаа хөлийнхөө дөнгөнд түүртэж даруулж үхэх, бэртэж гэмтэх явдал цөөнгүй. Энэ бүхэнд харгалзагч дарга нар огт анзаарахгүй харахгүй байгаа мэт өнгөрөөнө. Анзаарсан хэдий ч тэдэнд огт падлийгүй.Долоо хоногт нэг удаа халуун усанд орох эрхтэй болсон хэдий ч  модон наар, шал тааз аятай зүйлийг  хичнээн ч  их угааж зүлгэсэн ч  бөөс зэрэг амьтдын харагдах байдал эс дээрдэнэ. Энэ гулаг хичнээн мянган хүний цус зовлонд будагдсныг хичнээн мянган эрсийн сүнс тарчилж байдгийг хэн ч үл гадарлана. Эгээ л хүний махны хэлтэрхий, эрхтний тасархай гарч ирэхгүй. Энд тэндээс жавар сүүгэж ,цасанд булагдсан оромж саравч тэр чигээрээ зовлонгийн үүр гэлтэй. Өвөл болохоор л хурдхан цас орж хунгарлаасай гэж бодох авч хашаан доторх цас салхи шуурганд огт хөдлөхгүй. Энэ шоронгийн байр ,оромж, хашаа хүний хэлээр ярьдагсан бол зовлонгоос өөрийг огт хүүрнэхгүй. Өвдөх ядрахын туйлыг амссан хоригдол эрчүүд энэ жилээс л биенээ танихтайгаа болжээ. Хичнээн хүн хоригдож байгааг огт мэдэхгүй байснаа бодоход эдүгээ тоогоо гаргахтайгаа болсон байлаа. Хоригдогсодын хувьд өлсөх бол зовлонд тооцогдохгүй. Шарх, сорви, өвдөх зовиурлах, үргэлж нэгнийхээ хүүрийг дэрлэж сэрэх, хүн гэж хэзээ ч хэн нэгэнд үзэгдэхгүй зэрэг нь тэдний зовлон байв.../Үргэлжлэл бий/

 

Зохиолч Ч.Дагмидмаа

ХАНСУРЫ ГОРХИНЫ ШИВНЭЭ /1-р хэсэг/

ХАНСУРЫ ГОРХИНЫ ШИВНЭЭ /2-р хэсэг/

ХАНСУРЫ ГОРХИНЫ ШИВНЭЭ /3-р хэсэг/

ХАНСУРЫ ГОРХИНЫ ШИВНЭЭ /4-р хэсэг/

 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл үлдээхНийт: 8

  • Зочин 202.55.188.xxx

    taalagdlaa

    • 2019-05-26 23:12
  • Зочин 202.55.188.xxx

    Баярлалаа

    • 2019-05-24 10:35
  • Зочин 202.55.188.xxx

    bayarlalaa

    • 2019-05-24 00:46
  • Зочин 202.55.188.xxx

    Гоё зохиол

    • 2019-05-23 21:40
  • Зочин 202.55.188.xxx

    Баярлалаа

    • 2019-05-23 21:38
  • Зочин 202.55.188.xxx

    Гоё зохиол байна аа

    • 2019-05-23 21:34
  • Зочин 202.55.188.xxx

    Баярлалаа

    • 2019-05-23 21:32
  • Зочин 202.55.188.xxx

    Таалагдлаа

    • 2019-05-23 21:28

Санал асуулга

Улаанбаатарын утаа багассаныг хүлээн зөвшөөрч байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ