Шуурхай мэдээ



Эхнэртээ бичсэн захидал


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2019-05-24 14:37
  • 0

Үдшийн мэнд эхнэр минь. Саваагүй зан хөдлөөд чамдаа захиа бичиж сууна. Энэ захиаг уншиж байхад чинь би захиа бичсэн шинжгүй нам унтаж байх болов уу.

Өглөө сэрээд чамайгаа харах болгондоо “Энэ хөөрхөн, ухаалаг эмэгтэй чинь надтай нэг насыг хамт туулах миний эхнэр шүү дээ” гэж бодоход тэвэрч хэвтээд тэр өдрийн ажлаа таслачихмаар санагддаг шүү. Цээжийг минь дэрлээд унтах чинийхээ духан дээр зөөлөн үнсэхэд нэг л тэвэрсэн бол тавихгүй гэх шиг нүдээ ч нээлгүй намайг тас тэврээд, хамаг биеэрээ биед минь шигдэхийн сайхныг яалтай. Өнөөдөр олон хүн бужигнасан ажил дээр өдрийн цайгаа хамт уух гээд ирснийг чинь ч анзаарахгүй цамцныхаа захыг задгайлж, ханцуйг нь шамалж, ажилдаа улайрсан би гэмгүй, томоотой зогсох хэрнээ харцаараа намайг далласан хөөрхөн төрхийг чинь харчихаад шууд гүйж очоод тэврээд авмаар байсан ч албан газар, олны нүдэн дээр биеэ барьж, анх танайд оччихоод гарахдаа ааваас чинь нуугдаж үнссэн шигээ чухал царайтай дөхөж очоод сэмхэн хулгайн үнсэлт бэлэглэчихээд нүдээ ирмэхэд чи минь “Аз жаргал гэж энийг хэлдэг юм” гэх шиг л зогсож байсан даа.

Ажлын цаг дуусч чамайгаа ажлаас чинь авчихаад арван наймтууд шиг хотын гудамжинд зөөлөн алхаж явахад жаргаж байсан нарны туяанд бидний сүүдэр хүртэл атаархмаар гоё харагдаж байсан шүү. Чамайгаа сугадаад алхаж байхад шавхай тааралдсан ч тойрч гарах гээд салмааргүй санагддаг болчихсон байна лээ. Бидний хоёр бие нэгэн цул болж байгаа нь тэр юм байлгүй.

Гарын чинь хоолыг идчихээд таатай нь аргагүй сууж байхад чи зальтай хэрнээ эгдүүтэй инээмсэглэж ирээд “Хормогчтой нөхөр минь аяга таваг угааж зогсохдоо өхөөрдмөөр шүү” гэж цаасан малгай өмсгөөд аяга тавга угаалгасныг чинь бодохоор инээд хүрмээр ч юм шиг. За яах вэ. Маргааш дахиж тэр үгэнд чинь хууртахгүй ээ.

Удахгүй уснаас гарч ирэх чамайгаа хүлээж чадалгүй нойрондоо дийлдээд би унтлаа. Нойрон дунд булбарай арьс, бүлээн бие төөнөж, тэврээд авахад л нэг санаа амар бөх нойрсох байх даа. Чамдаа маш их хайртай ❤️


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Үндсэн Хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжиж байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ