Шуурхай мэдээ



ХАНСУРЫ ГОРХИНЫ ШИВНЭЭ /6-р хэсэг/


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2019-05-24 17:58
  • 11

"МОНГОЛ ТУУЖ" УРАЛДААНД 3-Р БАЙР ЭЗЭЛСЭН БҮТЭЭЛ  /Цаа маллагч нүүдэлчин отог омгийн түүх домог/

Харгислал дэглэм буурснаас хойш хоригдол эрсийн авралын бурхан эмч өвгөн болжээ. Үргэлж л ямар нэгэн зүйлийг амандаа бувтнаж хоригдол эрсийн дундуур нааш цааш холхиж өвдсөн зовиурласан хэнийг ч болов дагуулан өрөөндөө аваачиж шарх  сорвийг нь эмнэнэ. Гэхдээ шарх сорви эмнэхээс хэтрэхгүй. Тийм ч боломж хомс. Харцны нь цог заль буурч царайд өтөл шинж тодорсон өвгөн эмч өөрийгөө нэг өдөр татаар үндэстэн гэж бидэнд танилцуулж билээ. Эмчийн охин манай гулагийн тогооч гэдгийг ч бид мэддэг болсон юм. Гэхдээ тогооч эмэгтэй хүн гэж бодохоос цаашгүй. Гал тогооны гэх  бага дарга нар цэлгэр задгай амсартай төмөр савыг дамжлан хорих байрны үүдэнд тулгаад тавьчихна. Зэлгээн шөл нь амт үнэргүй  агаад хэлэнд торох багаахан ч зүйл үгүй. Сэвсийтэл хөөсөн бор гурилын талх л зэлгээхэн өл залгуулна. Давсгүй талхны буланг булаалдан хөл дороо унагааж үйрмэг үртсийг нь түүж амандаа чихээд зарим нэг нь жавжийг нь шахаж байгаад амандахийг гаргаж шалан дээр дэвсдэг байснаас хавь илүү дээр болжээ. Нэг талхны дөрвөлжинг зургаа хэсэглэн өглөөний хоолны хувь болгож өгч эхэлсэн. Манайхны зарим нь хааяадаа өвгөн эмчээс хүртдэг өвчин намдаах эмийг хоолноос илүү өл болдог гэлцэнэ. Өмнөх жилүүдэд хоригдол эрс хүнээс бусад бүх л идэж болох зүйлээр хоолложээ. Өвчиндөө дэмийрэхдээ модон оромжныхоо холтсыг ч хүртэл мэрж л байсан гэдэг. Дээд газраас хоол хүнсний эрх ирээгүй тул өглөөний цай уухгүй гэх бага даргын үгийг эхний өдөртөө дуугүй дагасан хоригдлууд дараагийн үүрээр-өдрийн ганц хоолоо өглөө л авч байя хэмээн уламжлаад ёсоор болгов. Ийм байдал нэлээд олон сараар үргэлжилсэн бөгөөд өдрийн ажлаа дуусгаад буцаж явахдаа тамир нь тасарсан хоригдлууд газраас аль гарт тааралдсан бүхнээ зулгааж идээд ургамлын хордлогонд орж эндхийн хүүрийн газарт хүргэгдсэн нь цөөнгүй.Хоригдогсодын хувьд хэн нь ямар үндэстэн, өмнө нь хэн байсан нь огт падлийгүй. Зөвхөн өдөр хоногийг амьд өнгөрөөх, зодуур дэглэмийн тухай л бодно. Тэсэхийн аргагүй хүйтэн жавар ороолгосон  нэг өдөр харгалзагчдийн ахлагч өвгөжөөр эр  үүдээр шагайж-өнөөдөр ажилд гарахгүй. Үхдэлүүд минь хоорондоо зодолдохгүй аятайхан өнжинө шүү гэв. Бүгд л хэвтэртээ буцан хэвтэж биеийнхээ аль болох дулаан хэсэгт гараа бүлээцүүлж нугдайн хэвтэцгээлээ. Хоригдогсодод ажилд гарахгүй  ганц нэг өдөр тохиовол өвчин зовиур бага л бол унтаж амрах нь чухалд тооцогдоно. Хэсэг хажуулдан хэвтэхэд л хөлдөж үхмээр жиндэж эхлэнэ. Ээлжээр өндийж гал түлэх ээлжтэй хоригдлуудад хандан галаа түлэхийг шаардах авч онгорхой сиймхий оромжинд галын илч үл хадгалагдана. Бөөрөөр нь галын дөл улалзах том төмөр зуух л хоригдол эрчүүдийг хэдэн өвлийн турш хөлдүүс болохоос аварчээ. Амьд үхдэл мэт үлгэн салган хүмүүс арайхийн сийрхий оромжныхоо хаалгаар чихцэлдэн орж ирцгээгээд аль танагтай нь зуухандаа мод өрж галаа асаах гэж хичээнэ. Хаа сайгүй цоорч сиймийсэн зуухнаас  утаа саагих нь тамтаггүй. Оромж байшингийн хоёр буланд байх энэ төмөр зуухнуудыг л галлахгүй бол тэд өвлийн хүйтэнд хоромхон зуур хөлдүүс болж хувирна. Өвлийн эхний сард амжуулж түлэх түлшээ нөөшилж авах боловч хоригдлуудын олон оромж байшингууд дарга нарын агаад бусад албаны хэрэглээг хангаж дийлэхгүй ес дуусахаас өмнө үртэс холтос зомгол ч үлдэхгүй цэгцэрчихнэ.Гэхдээ хөлдүү мод хөрөөдөж сажлах нь уулнаас мод цагаалахаас хялбар ажил юм. Эргэсүл Ахмад Шнайдерийн тушаал дор хэсэг нөхдийн хамт энэхүү ажилд тохоогдоно. Дээдчүүлийн ялд тохоосон  ажил биш өөрсдийнх нь түлээ түлш гэдгээр хоригдлууд энэ ажилд урамтайхан зүтгэж байгаа нь царай төрх илрэх зан аашнаас нь мэдрэгдэнэ.

Анч эрийг эмчийн өрөөнд очихыг тушаагаад Татар өвгөн гарч одлоо. Бүгд л гайхсан харцаар харна. Гаднаасаа харагдах төрх, шарх сорви нь арай дөнгүүр нь учраас тэд ингэх нь гарцаагүй. Ямар нэгэн таагүй зүйл болохыг Эргэсүл зөнгөөр мэдрэх мэт болов. Өөрийнхөө таагүй мэдрэмжинд хүлэгдээд алхах урагшлахад тээртэй санагдахад аль болохоор сэтгэлээ тайвшруулахыг хичээж гүнзгий амьсгаа авлаа. Учир нь эмчийн өрөөнд шалтгаангүйгээр дуудагдсан хэн ч эргэж ирдэггүйд байв. Хамт хоригдогсодоос маш олон нөхөд нь ийм тушаалтайгаар одсон билээ. Ийм тушаалыг өгөхдөө эмч өвгөний царай огт хувирахгүй. Нөхөд рүүгээ эргэж хармаар байвч Эргэсүл хүссэнгүй. Ямар ч хамаагүй аргаар энэ хараал идсэн өмхий шоронгоос зайлах нь түүний эцсийн хүсэл байлаа. Эмчийн өрөөний хаалга тулж ирэхэд сая нүд нээгдэх мэт болж зогтусав. Энэ хаалга л нээгдвэл бүх зүйл шийдэгдэнэ. Гэхдээ сайнаар бараг боломжгүй. Гараа дээш өргөж ямар нэгэн зүйлд эцсийн удаа залбирах нь түүнд тэнгэр хийгээд хүнийг бүтээгчээс хүртээсэн өгөгдөл гэлтэй. Залбирсан гараа  буулгахдаа өрөөний хаалгыг огцом татаж оров. Эмчийн өрөөнд герман ахмад Шнайдер сууж байгаа үзэгдэв.

        -Тийм ээ бид нэг зүйл ангийнх. Бүх зүйл ёсоороо болж байх шив дээ хэмээн амандаа бувтнаад Ахмад Шнайдерийн зүг харлаа. Түүнд айсан эмээсэн төрх огт ажиглагдсангүй. Эмчийн ширээний дэргэд үргэлж байдаг үзлэгийн сандалд хөлөө ачин суужээ.

        -Тэр юунаас ч айдаггүй...Бас л гэж дотроо бувтнах зуурт Ахмад Шнайдер анч эрийн өмнөөс тавагтай шөл, хазсан талхны хэлтэрхий түлхснээ ёс болгож хоёр ширхэг тамхи энгэрийнхээ халааснаас сугалан сарвайлаа. Өөрт бэлтгэгдсэн бүх зүйлийг өөрчлөх боломжгүй. Бүгд урьдынхаараа. Бүр энгийн.  Бүр хэт энгийн шүү. Эргэсүлийн дотор магадгүй зүрхэн дотор хэн нэгэн сэрчихээд энэ бүхнийг хэлээд яриад байгаа мэт санагдахыг мэдэрч түүний  зангасан модны тайрдсан сандал дээр суулаа. Тавагтай шөлийг хэдэнтээ сорж талхыг идэж дуусаад босож гэтэл Ахмад Шнайдер суухыг дохив.Тэрээр үл ялиг хоолой засаж үүд рүү хяламхийн, -Нэг жилийн өмнөх өвөл чи бид хоёр цасанд дарагдан хэдэн хором хэвтэхдээ ярьсан яриагаа санаж байна уу гэв.Эргэсүл зөвхөн толгой л дохив.  Ахмад  Шнайдер-Чишш хэмээн хуруугаа гозойлгон уруулаа дарах дүр үзүүлээд,

-Бүх зүйл миний төлөвлөснөөр явна. Ойлгов уу. Эмчээр бүх дохио зангаа төлөвлөгөө дамжигдана. Чи ердөө надад итгэхэд болно  гэж Ахмад  Шнайдер түрэмгий өнгөөр өгүүлээд цомцойн эв хавьгүй суух   түүнийг өрөөнөөс гарахыг  зангалаа.Эл ярианаас хойш хоёр хоногийн үүрээр эмч өвгөн орж ирэхдээ анч эрд нэгэн зүйл атгуулсан нь модны холтос байв. Түүн дээрх  3...8...1...1...1 гэсэн тоон тэмдэглэгээг харж амжлаа. Энэ мэдээг Ахмад Шнайдерт дамжуулах ёстой. Хоригдол эрс өдрийн ажилдаа гарах цаг аль хэдийн болсон тул хувцас өмсгөлөө зэхэн байхуйд өвгөн бүгдийнх нь хажуугаар өнгөрч ажиглах дүр үзүүлээд Эргэсүлийн дэргэдүүр зөрлөө.Эмч өвгөн хоолныхоо савыг анч эрд бариулж мартсан мэт үзэгдэх нь  уулзах байрлал нь ажээ. Эргэсүл хүчтэй ухасхийн намхан таазыг мөрөөрөө мөргөх дүр үзүүлээд учир зүггүй ёолон доош суулаа.  Үүдний харгалзагч эр дэргэд нь ирж тонгойсноо,-Үхсэндээ баашлаад байгаа  үхдэл вэ ..хэмээснээ шанаанд бууны бөгсөөр буулгаад-Яв  гэж хүчлэн  түлхэж араас нь өшигчиж бууныхаа замгийг тачигнууллаа. Гал тогоонд Ахмад Шнайдер зогсож байлаа. Холтсыг авч үзснээ үл ойлгогдох зүйл амандаа  бувтнаад, -Хогонд хая гэж омогдлоо.Энэ нь бусдадаа үзүүл гэсэн дохио болохыг анч эр хоромхон зуурт ойлгож амжив.

 Гулагаас хоромхон зуурт зугтаж  ор сураггүй болсон цыган зураачийн бүтээж үлдээсэн цагны тооллоор бол шөнийн арван хоёр цаг дөхөж байв.Манайхны хоног хугацааг баримжаалдаг зүйл бол ердөө л энэ цаг. Цагны зүү зогсолтгүй үргэлж эргэнэ. Мод чихруулан хяхтнан цохилох цагны дуунд Эргэсүл дуртай. Урьдын л адил хяхтнан цаг цохилсоор. Энэ үест өвгөн эмч зэргэлдээх наарны хоригдлыг үзэхээр ирсэн нь шинэ мэдээ болохыг  анч эр  ойлгожээ. -Миний боолтыг солиод өгөөч гэж эмч өвгөнд хандтал -Дуугаа тат. Дээд газраас  тушаал ирсэн. Эмчийн үзлэгт нийтээр орно. Нэг ч хүн үлдэх ёсгүй шүү  гэж хэлээд зөрөх зуурт гарт нь ямар нэгэн зүйл атгууллаа. Анч эр галд саж нэмэх зуураа мөнөөх зүйлийг гаргаж үзвэл Х..С....Х... гэсэн тэмдэглээ зурайж байв. -Бидний газрын зураг юм болов уу гэж амандаа үл ялиг бувтнаад чимээгүй боллоо.Анч эрийн сэтгэл санаа  харин ч урьдынхаасаа илүү тайван байлаа.Нэгэнт л ялласан хэрэг тодорхой болсон тул Стоходын намаг руу хэзээ нэгэн өдөр туугдана тиймээс оргох нь хамгийн зөв зүйл энэ өмхий хорих лагераас л гарч эрх чөлөөтэй болвол уул хөвчидөө амиа тавихад гомдолгүй гэдгийг хэдийн  шийджээ. Харин хэзээ гэдгийгээ анч эр огт мэдэхгүй. Бүх зүйл Ахмад  Шнайдерийн төлөвлөгөөний дагуу болох ёстой гэдгийг л маш сайн тогтоожээ. Тэдний ярьдагчлан дээд газраас тушаал ирсэн л бол юуг ч хэзээ ч яаж ч хийж болно. Дээд газраас тушаал ирсэн гэх өвгөн эмчийн үг бол хорих лагерт хууль. Хорих лагерийн дарга нар энэ тушаалыг давхар авсан л байж таарна. Эс бөгөөс эмч өвгөний нэг жилийн турших төлөвлөгөөний биелэлт ч байж болох юм. Анч эр л энэ тухай олныг эргэцүүлэх авч бусад хоригдлуудын хувьд олон жил үнэ цэнэгүй байсан биеэ үзүүлж  оношилгоо эмчилгээ авна гэдэг бол томоохон аз завшаан хэмээн дотроо нууцхан итгэлийн оч бадруулж байгаа нь гарцаагүй.Хоригдлууд эмчийн үзлэгт жагсаалаар орж дуусахад буу агссан харгалзагч дөрвөн эр дамжин өнгөрүүлэх байр луу ороод явчихав. Хүйтний улирлын туршид энэхүү хорих газрыг халуун дулаанаар хангадаг мод бэлтгэлийн хашааны  үртэс үйрмэгний овоолгон дундуур оргогсодын мөр огтхон ч үлдсэнгүй.

Өчигдөр үдшийн цасан шуурга багахан намдсан хэдий ч бүрэн зогсоогүй тул тэдний өөрсдөдөө зориулж хийсэн хөлдөө угладаг хавтгай модон гулгуурын мөрийг өлхөн дарж амжиж байлаа.Үүр шөнийн үнэгэн харанхуйтай хамжин мөрөө зүгээ буруулан одогсодыг хорих газрын нөхөд нь мөнөөх алдарт Стоходын намаг руу туулгалаа хэмээн шогширцгоож хэзээ нэгэн цагт өөрсдийнх нь ээлж ирэх вий хэмээн зүрх алдан дотроо сэмхэн залбирч байв. Зүг мөрөө буруулан дутаан оргогчдод зөвхөн амьд үлдэх өчүүхэн хүслээс өөр юу ч байсангүй. Хацар нүүрийг эсгэчин алгадах өвлийн хүйтэн жаврыг ч эс ажран өчүүхэн горхины мөсийг онож ядан чүүчигнэн гулгасаар цасан шуурганы үзүүрт туугдан үхлийн хар оромжноос өлхөөн холдож амжив.Цас шуурганы гунигт улианаас өөр бараа чиг үгүй үүр гэгээрэхэд бүх зүйлс эзгүй мэт нүцгэн талын уул өлгөх хэсэгт багшааралдан биесээ тэврэн ургасан таван ширхэг хөгшин хар модны хөлтөрч унасан үндэсний мухарт шигдэн чимээ чийр чагнан хүлээн суух Ахмад Шнайдерь тэднийг угтан тослоо.Энэ үест Бүтэнг шоронгийн хаалганы дүүжин цаг нэгдүгээр сарын арван нэгэн болсныг зарлах мэт лүн лүнхийн дуугарч байлаа. Дээд газрын тушаал гэх даалгаврын дор эмчийн үзлэгт орсон гэх хоригдлуудаас нэлээд дутаж биесээ айсан харцаараа илбэдсэн эрчүүд аяга шөл хатуу талхны булан мэрцгээнэ. Хорих ангийн гаднаас машин асаж дуу нь холдоход дор бүрдээ гүнзгий санаа алдаад өмхий оромж руу цуван орцгоож энд тэндгүй бөөгнөрөлдөн сууцгаахад арай чамай л шахцалдан байж багтаж байсан нөхдүүд оромжиндоо их зай гарсныг мэдэрцгээж биесээ ширтэн нам жим сууцгаалаа.Гаднаас өдрийн ээлжний харгалзагч бага нар болох хоёр хуяг орж ирээд ийш тийш харснаа-Өнөөдөр ахиад ажилд гарахгүй. Новшнууд минь хэрэлдэж зодолдохгүй мөрөөрөө өнжинө шүү. Маргаашнаас та нарыг махлаж өгнө өө гайгүй хэмээгээд гарч одлоо. Үхлээс өөр зүйл хүлээхээ больсон хүмүүст цаг хугацаа нэг бол зогссон мэт эс бөгөөс хэт хурдан яваад байгаа мэт санагдаж байв. Энэ үест зүс таних төдий сүүлийн хэдэн жил хорих газрын тогоочоор ажиллаж түмпэн сав тожигнуулж хашгичиж байдаг эрээн нүдэт бор үстэй хүүхэн бидний багт нэгдсэн нь эрчүүлийн хувьд сонирхолтой нэг талаар төвөгшөөм зүйл хэмээн Эргэсүл ийн бодох зуураа гартаа хөлөртөл атгасан холтсоо үйрүүлэн хуруудынхаа завсраар унагаж явлаа. Эмч өвгөний хамгийн сүүлд атгуулсан холтсон дээрх тэмдэглэгээ бол ахмад Шнайдертай уулзах газрын байрлал байсныг энэхүү хорих газарт татар үндэстэн эмчээс өөр хэн мэдсэнгүй. Ахмад Шнайдерийн төлөвлөснөөр Шуурга ба түрэлт нэртэй оргох бүлэг татар эмчийн хулсан үзэгний үзүүрт он цагийг даатгаад дөрөв хонож байгаа гэж итгэх ахуйд тэднийг оргуулахад бэлтгэн гаргасан шинэ модон хаалгаа голлон хөндлөвч модноос өөрийгөө боомилсон  эмч өвгөнийг эрлэгт хүргэсэн олсыг  хорих газрын бага дарга нар тас  огтлон хүүрийг тэндхийн чимээгүй хот луу хүргэхээр машины тэвшин дээр ачиж байв.

Нүүрсний эхүүн үнэрт цээж хоолой хорсож нүд аргаж байж суухын аргагүйд хүрэвч амиа хоохойлж яваа нөхдөд зовлон биш юм. Хараал идсэн хорих байрнаас л зайлах нь эцсийн хүсэл байсан эрчүүдийн бодлыг хэрхэн баригдахгүй холдох зорилго эзэрхийлж байлаа. Гэвч толгойлогчийнхоо зааврыг ягштал мөрдөнө гэж амласнаа эргэн санацгааж биесээ чагнан дуугүй  сууцгааж байв.Шарх сорви эдгэх, биеийн ядралыг түр ч атугай тайлах, эрлийн багийнхны холдохыг хүлээх зэрэгт  орголтын багийг удирдсан ахмад Шнайдерийн төлөвлөгөө ёсоор хоригдлуудын зуны лагерт дөрөв хоногийг өнгөрөөх ёстой. Гал түлэх, гэрэл гаргах зэрэг хамгийн хориотой зүйл агаад битүү нүүрсэн агуйд дөрөв хоноход хөлдөж үхэхгүй гэдэгт бүгд итгэж байв. Гэхдээ нүүрс дуу чимээ дамжуулдаггүй тул нам дуугаар ярьж болно харин цас чимээ дамжуулдаг учир ууланд хүрсэн тохиолдолд ярих нь бүү хэл хөлийн чимээ ч гаргах ёсгүйг ахмад өдрийн турш захьсныг бодож Есөн зарийн агуйгаа сэтгэлдээ төсөөлөөд -Цаст их тайга минь хүүгээ дуудаад аваач гэж амандаа шивнэтэл өвөрлөгч эр хажуунаас хүчлэн нудралаа. Нүүрсний агуй дотор талдаа бол пүн хийсэн дулаан ажээ. Гагцхүү гадаах амсрынх нь хөлдүү нүүрс хаа нэгтээ нурж унах нь оргогчдыг цочин ухасхийхэд хүргэж байлаа. Биднийг мөшгиж эрлийн багийнхан ирж гэмээн бүгд дуу чимээгүй байрнаасаа хөдлөхгүй дуу гаргахгүй сууна гэсэн ахмад Шнайдерийн заавраар нүүр царай, хувцсаа нүүрсний тортгоор арчиж өдөр л биш бол нүүрснээс ялгагдахааргүй бөндгөр хар юмнууд болжээ. Өвлийн цагт хорих газрын зуны лагер болох энэ нүүрсний агуйн  амнуудыг хүн бүү хэл чөтгөр ч зүглэж ирдэггүй гэдгийг бүгд баттай мэдэж байсан ч бүхий л зүйлд илүү ихээр найдаж болохгүй байлаа. Хоригдлуудын чөтгөрийн замыг дагаж явсан нь тэдний хөлийн мөрийг мөшгих боломжгүй болгосон.  Ахмад Шнайдерийн бидэнд өгсөн дараагийн үүрэг бол орголтын туршид хүний аминд хүрэхгүй байх. Шоронгоос л нэгэнт мултарч чадсан агаад ахиж аз туршсан зүйл болохгүй гэдэгт итгэхэд хэт эрт байлаа. Манай орголтын багийнхны өөр нэг найдвар бол тухайн өдөр болох тусгай ялтай хоригдлуудыг заасан ялын дагуу мөнөөх алдарт Стоходын намаг руу туух байв. Оргогчдын нэрс тэрхүү тушаалын хүснэгтэнд жирийж байсан гэдэгтэй манай нөхөд санал нэг байлаа. Өмнөх сар жилүүдэд ялын тушаалыг шууд хоригдогсдын нүдэн дээр уншиж гүйцэтгэдэг байсан бол сүүлийн жил бүх зүйл нууц ямар нэгэн өнгөлөн далдлалтанд явагддаг болжээ. Дээд газраас ирсэн эмчийн үзлэгийн тушаал бол өөрсдийг нь чадхийлгэх оньс гэдгийг тэд хэнээр ч хэлүүлтгүй ойлгоно.Тэдний өмнө үзлэгт орсон хоригдлуудаас арав шахам нь эргэж гарч ирээгүйгээс бүх зүйл ойлгомжтой. Хорих газрын эмчийн өрөөний хувцас агуулах модон хоргоны ардах нууц хаалгаар тэднээс өөр хүн нэвтрээгүй. Хоригдлуудын бүртгэлийн дэвтрийн нэрсийн ард яаралтай эмчийн тусламж авахаар өөр хот руу шилжих тэмдэглэгээ байсныг Ахмад Шнайдер зөвхөн анч эрд л хэлжээ.Эмч өвгөний өрөөний эсрэг талын үргэлж л хахирган өнгөөр чийхардаг  хуучин модон хаалга Стоходын намгийн мөн үхлийн нэвтрэх хэсэг болсныг үлдэгсэд мэдэхгүй байв.Хоёр хоногийн өмнө их хэмжээний мод уулнаас өнхрүүлсэн агаад  тэндээс хүний мөрийг ялгаж таних нь бараг боломжгүй зүйл юм ийн бодолдоо орооцолдон анч эр бат бөх гэгч нойрсжээ.

Анч эрийг хүчтэй нудрах мэдрэгдэхэд цочин сэрж өндийвөл Ахмад Шнайдер гарынхаа алгаар ам хамрыг хамжин дарж чимээгүй болголоо. Мань хэдийн орж ирсэн нүхний  эсрэг нүүрсний агуйн хөндий хонгилоор гэрлийн үзүүр сүүдэгнэж харагдав.Эргэсүл биеэ үл ялиг займчин өндийж үзтэл яг ар нуруунд нь Сибирь анч эр шигдэж Ахмад Шнайдерийн ард хүүхэн нугдайн нүүрсний хонхор луу багтаж суусан байв. Гэрлийн үзүүр сүүмэлзэн ойртож эрлийн багийнхны яриа тодорч эхлэхэд ухасхийн босож гүйгээд хаа нэгтээ чулууны нүхэнд гүйгээд орчихмоор санагдавч бүх зүйл АхмадШнайдерийн тушаалаар явах ёстойг санаж хөмхийгөө зуун нүдээ аньлаа. Эрлийн багийн бага дарга нарын дуу ойртсоор бараг чихэн дээр ярилцах болов. Эргэсүлийн зүрх хүчтэй цохилон булгилж цээжин биеэ нэвт түлхэн хариугүй бүлтрэн гарах нь ээ. Нүдээ нээсэнгүй. Нээвэл л тэвчээр тэсвэр алдагдах гээд байлаа. Гэвч Ахмад Шнайдерт итгэх итгэл алдрахгүй байв. Ахмадын амьсгал чихэнд ойртож -Огт хөдлөж чимээ гаргаж болохгүй. Эд яг хажуугаар гарна. Хажуугаар гарах үед нь амьсгалаа түгжинэ шүү. Ердөө ч айж болохгүй.Тэвчээр бүхнийг ялна хэмээн хэлээд алгаараа амыг нь  ахин битүүллээ. Арын нөхөд рүү эргэж хараад нүдээ нээх хэрэггүй. Чихээ бас сайн тагла. Харахгүй сонсохгүй байх нь хамгийн зөв. Нуруунд ам хамраа наа. Эднийг хажуугаар гарах үед амьсгалаа түгж гэж шивнээд таг чимээгүй боллоо.

Эргэсүл хоёр гарынхаа эрхий хурууг чихнийхээ уганд тултал чихэн тархи толгойгоо баглаад  нүдээ ахин тас аньлаа. Цаг хугацаа таг зогчихсон мэт хий дэмий л  чих толгой шуугиж тархи толгой дүйнгэтнэ.  Амьсгалаа уртаар авмаар боловч Ахмад Шнайдерийн гарын алга аман дээр байгааг санаж  амьсгалаа тэрүүхэндээ ойр ойрхон гаргаж байв. Хэр хэдийн хугацаа өнгөрснийг бүү мэд Ахмад Шнайдер гараа авч намайг урагш түлхэн босгож суулгаад, -Нөгөөдүүл тийшээ өнгөрөөд явчихлаа. Би чамайг үхчихлээ л гэж бодлоо шүү дээ. Одоо айх зүйлгүй. Бүгд их сайн байлаа. Эргэсүлийн хөлөнд тээглээд бас эргэж харж байна нэг нөхөр. Хэн гэдгийг нь харж амжсангүй. Гэхдээ л бидэнд сонор сэрэмж хэрэгтэй шүү хэмээн анхааруулахад биесээ ширтэн дуугүй хэсэг сууцгаалаа.

        Бүтэнг шоронг орхисноос хойш найм дахь өдрийн үүрийг ийнхүү орголтын багийнхан эсэн мэнд угтаж байлаа. Энэ өдрүүдэд эдгээр хүмүүсийн амь нас үнэ цэнэ хором бүрээр хэмжигдэж амь ямар өчүүхэн зүйл болохыг амьдрал ямар их том зүйл болохыг хүн бүр эс ширхэг эд үйлдэл бүхнээрээ мэдэрч  байв. Өмнөх олон орголтын хэрхэн бүтэлгүйтснийг санах бүрт хамаг бие сэтгэл шархирч басхүү хүч зориг олж авч амьд үлдэх итгэлээ бага багаар ахиулах мэт бодогдоно.Ахмад Шнайдерийн орголтын төлөвлөгөөний тэмдэглэгээнд хоёр дахь цэгт босоо дөрвөн зураас байрлуулсан нь дөрвөн өдөр нэг сууринд байхыг илтгэнэ. Хорих газрын хүүрийн цэг болох энэ газрыг эрлийн багийнхан нэгдүгээр дөрөв хоногт самнаад мухарлаад явсан нь илт. Хэн нь үл танигдах хөлдүү хүүрнүүдийг өшигчиж хайш яайш болгож хаясныг харахад харгалзагч эрсийн уур омог дээд хязгаартаа тулсан гэлтэй.Тэд алсын эрэлд гарсан нь ойлгомжтой хэдий ч бид мэтэд сэрэмж илүүдэхгүйг ахмад Шнайдер анхааруулсаар л байв. Уул дүрсэлсэн зураасны араар шулуун цэг хатгаж давхар зураас татсан нь уулын ар хударга хүйтэн хунгар нь хатууг илтгэнэ. Хатуу хунгарыг цуваагаар нүхлэж явах нь мөр үлдэхгүй болохыг жилийн турш сонсож ирсэн. Цас идэж гэмээн дорхноо сульдаж ядрана. Чоно дайрвал зугтахгүй байсан газартаа доош сууна. Чоно зугтсан хүнийг хөөдөг гэж Ахмад Шнайдер ихэд нухацтай захьж хэлж байгаа нь бид дараагийн төлөвлөгөө эхлэх болсныг илтгэнэ.

Идэр есийн хүйтэн жавар хялав цалавхийн ил үзэгдэх бүхнийг долоовч амьд үлдэхийн хязгааргүй  хүсэл, багахан ч атугай итгэл манайхны дотрыг бүлээцүүлж хүч зоригийг өчүүхэн ч болтугай асааж урагш алхах бүрт мэдрэгдэнэ. Орголтын багийнханд арав хоног л наанадаж хэрэг болохоор авч энгийн нэгэнд л бол нүд ирмэхийн зуурх хугацаа боловч цаг мөч бүхнийг тоолж амьсгалаа цэнэж яваа мань мэтэд их хугацаа ажээ. Арав хоногийн туршид өдөр шөнийн алинд ч амрах ёсгүй хурдан биш юм аа гэхэд хөлөө зөөж газар хороож өөртөө болон нөхдийгөө урагшлуулна. Хоёр сарын туршид хатааж бэлтгэсэн өөрт оногдсон талхаа үйрүүлэхгүй Ахмад Шнайдерийн зөвшөөрөл өгсөн цагт хэмлэн идэж амандаа хүлхэж шүлсээ удаан залгина.

Бүх зүйл ахмад Шнайдерийн  зөвшөөрөл төлөвлөгөөг дагах авч шээс хүрэх үед тэвчээр алдан амьсгаадах дүр үзүүлэхэд эхлээд тоохгүй байснаа сүүлдээ ойлгодог болж шээх зөвшөөрлийг өдөрт гурван удаа шөнөдөө хоёроос  дээш удаа олгож байв. Эмч өвгөний өгсөн нугалаад халаасандаа хийчихдэг зөөлөн саванд шээж ам цангаж тэвчээр алдсан үедээ ууж тамир тэнхээ орно. Шингэнээ  асгах болвол нэгэн зэрэг хад чулуу тааралдахаар  асгадаг байсан нь цасан дээр мөр толбо үлдээхгүй гэсэн болгоомжлол байсан юм. Ямар ч үед мөр үлдээхгүй байх. Өөрсдийгөө барьж өгөх орголтыг амжилтгүй болгосон хэн бүхнийг Ахмад Шнайдер ална хэмээн нударга зангидаж сүр хүчийг үзүүлнэ. Ахмад Шнайдер нэгэнтээ Эргэсүлтэй зэрэгцэн алхаж явахдаа түүний ханцуйнаас сэм татаж-Хэрэв бидний хэрэг бүтэлгүйдвэл  өөрсдийгөө шууд тонилгож орхино хэмээн нэгэн зүйл гарт  тэмтрүүлсэн нь жижигхэн гар буу байсанд анч эр олзуурхав. Манай багийн хамгийн алхалт сайтай газар хороох чадвар өндөр  огт дуу чимээ ч гаргахгүй мөрөөрөө нэгэн бол Хидаан. Алслагдсан хязгаар нутгийн хүүхдүүдийг  соёлжуулах, гэгээрүүлэх ажлаар явж байгаад оросын тагнуулд баригдан энд ирсэн гэх өөрийнх нь яриа. Мань эр багш мэргэжилтэй ажээ. Хатуу хүтүүг амсаж үзээгүй хөөрхий эр хорих газрын хамаг муухайг үүрч амсаж хэдэнтээ хүнд гэмтэж бэртэн шархаа тэсвэрлэн өндийж ирсэн нь багадаа Хянганы нурууг дамжин цаа буга хариулж байсан нь тэвчээр тэсвэр биеийн хүч болсон гэлтэй.

Ахмад Шнайдер Хидаан хоёрын  харьцаа нэгэндээ хандах нь тийм ч сайхан биш. Учир нь Ахмад Шнайдер япон хүнд туйлаас дургүй. Өвөрлөгч хүн гэж хичнээн хэлээд ч байдал эс дээрдсэн тул Эргэсүл энэ тухай ахиж ам нээгээгүй.Өмнөд муж суурингийнхаа  цана чаргаар гулгаж наадах уралдаан тэмцээнд олонтоо түрүүлсэн гэх нь түүний алхах зам хороох зэрэгт дэмтэй байх нь дамжиггүй. Хидаан хорих лагерт байхдаа ч хэн нэгэнтэй ам мурийж байгаагүй. Түүний энэхүү  зан төлөв нь шазруун бага дарга нарын зэвүүг илтэд хөдөлгөдөг байлаа. Эргэсүлээс  өөр хэн нэгэнтэй бараг л хууч хөөрөхгүй. Уул тайга цаа бугынхаа тухай амсхийх чөлөө л гарвал нам дуугаар ярьж эхлэнэ. Ийн яриа дуусахгүй. Дээрэнгүй харгалзагч эрсийн бахим дуу бууны замаг тачигнах чимээнээр л сая хууч яриагаа өндөрлөнө.../Үргэлжлэл бий/

Зохиолч Ч.Дагмидмаа

ХАНСУРЫ ГОРХИНЫ ШИВНЭЭ /1-р хэсэг/

ХАНСУРЫ ГОРХИНЫ ШИВНЭЭ /2-р хэсэг/

ХАНСУРЫ ГОРХИНЫ ШИВНЭЭ /3-р хэсэг/

ХАНСУРЫ ГОРХИНЫ ШИВНЭЭ /4-р хэсэг/

ХАНСУРЫ ГОРХИНЫ ШИВНЭЭ /5-р хэсэг/

 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл үлдээхНийт: 11

  • Зочин 202.55.188.xxx

    ovormots zohiol dahij unshlaa

    • 2019-05-31 13:45
  • Зочин 202.55.188.xxx

    bayarlalaa

    • 2019-05-26 23:12
  • Зочин 202.55.188.xxx

    taalagdlaa

    • 2019-05-26 23:09
  • Зочин 112.72.11.xxx

    bayarlalaa

    • 2019-05-26 12:02
  • Зочин 202.55.188.xxx

    Гоё зохиол

    • 2019-05-25 21:48
  • Зочин 202.55.188.xxx

    bayarlalaa

    • 2019-05-25 20:40
  • Зочин 112.72.11.xxx

    zohiolchdoo amjilt husiye goy zohiol baina

    • 2019-05-25 15:09
  • Зочин 112.72.11.xxx

    Сайн зохиол

    • 2019-05-25 15:06
  • Зочин 112.72.11.xxx

    Үргэлжлэл нь хэзээ вэ

    • 2019-05-25 15:03
  • Зочин 112.72.11.xxx

    Сайн зохиол ажээ

    • 2019-05-25 14:58
  • Зочин 112.72.11.xxx

    Энэ ёстой гоё зохиол

    • 2019-05-25 14:56

Санал асуулга

Улаанбаатар хотод түүхий нүүрсний хэрэглээг хориглосныг дэмжиж байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ