Шуурхай мэдээ



ХАНСУРЫ ГОРХИНЫ ШИВНЭЭ /7-р хэсэг/


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2019-05-26 20:19
  • 8

"МОНГОЛ ТУУЖ" УРАЛДААНД 3-Р БАЙР ЭЗЭЛСЭН БҮТЭЭЛ  /Цаа маллагч нүүдэлчин отог омгийн түүх домог/

 

          Хорих газраас оргон зайлаад гуч хоногийг үджээ. Урт хэрмэн хашаа мэт үргэлжилсэн уулын хярын цасан хунгарыг нүхлэн туулж зарим газраа цасан хана элтрэн унах боловч бүхлээрээ мултран хатуурсан цасан хэрмэнд тулан тогтож нуранги үүсэхээс хамгаална. Эгц цавчим хясаа мэт босоогоороо царцаж бэхжсэн цасыг нүхлэн явах нь уулын модочдын ажлаас илтэд амархан ажил байлаа. Агаар хүйтэн цас хатуу үед айх зүйл бага  манайхны төлөвлөгөө яв цав бүтэх нь гайхамшиг мэт санагдана. Ахмад Шнайдер, Эргэсүлийн хамт түрүүлэн алхаж замыг сайтар шинжин зам хорооно. Шөнө цас зөөлхөн лавсан орсон нь агаарыг тунгалаг чийглэг болгож таатай сайхан өглөө эхлэж байв. Гэнэт Ахмад Шнайдер анч эрийн мөрийг түшин гулзайн унах нь тэр. Эргэсүл сандран доош сууж толгойг тэвэртэл тэрээр хоёр гарынхаа алгаар нүдээ таг даржээ. Цээжинд нь толгойгоо нааж зүрхнийх нь цохилтыг чагнаж үзээд сая уужран гүнзгий амьсгаа аван түүнийг толгойг өргөн босгож суулгалаа. -Зүгээр үү. Өлдснөөс болов уу гэж аяархан асуутал Ахмад Шнайдер нүд рүүгээ зангав. Хоёр нүднээс зогсоо зайгүй ус садарч байв. -Миний нөхөр тайван бай. Би чиний нүдийг өлхөөн эмнэж дөнгөнө. Бид чинь цасны улс. Айх зүйл огтхон ч байхгүй шүү. -Эргэсүлээ миний хоёр нүд маш хүчтэйгээр хатгуулж өвдөж байна. Би юу ч харах боломжгүй боллоо-Шинэ цас нарны хурц туяатай нийлэхээрээ хүнийг нүдийг сохлох ч хүртэл гэмтэй. Гэхдээ би чиний дэргэд байна. Чиний хэлдэг зөвхөн надад л итгэж болно гэдгийг яг өнөөдөр өөрт чинь зориулаад хэлчихье гэлээ. Энэ үест ард явсан мөнөөх хоёр  гүйцээд ирэв. -Бидэнд ердөө багаахан асуудал тохиолдсон. Хөөе анчин нааш ир. Хоёулаа хэмээн Эргэсүл өгүүлэв. -Чи алий. Нарны туяа хамгийн тод тусаж байгаа цаснаас алгандаа бөөрөнхийлөөд ир. Бид хоёр ч цасны савдаг шүү дээ гэхэд Сибирь анчин эр хоромхон зуурт хэлснийг ёсоор болгов. -За газрын багцаа сайн мэддэг хойно чи түрүүлээд наад хоёроо багцаалдаад явж бай гэлээ. Бөөрөнхий цасыг Ахмад Шнайдерийн нүдний аяганд тааруулан тавьж хэсэг амсхийхэд тэрээр нүдээ дарсан чигтээ босоод суучихав. Эргэсүл түүний дотуур хувцаснаас урж тасдаж хоёр нүдийг нь сайтар таглаж боолоо. -Одоо зүгээр ээ. Дөрвөн өглөө нарны туяатай цасаар нүд угаагаад л хэвийн болно.

         -Тамхиа татчих хэмээн үглээд үүргэвчээ ухсаар байж нэг ширхэг тамхины хугархай олж асаагаад Ахмад Шнайдерийн гарт бариуллаа. Тэрбээр гүнзгий санаа алдаад-Ердөө ийм амархан гэж үү. Ингээд л болоо юу. Юутай ч би тавираад явчихлаа гэж үглэнгээ биеэ цэхлэн сууж тамхиа ховдоглон сорлоо.

         -Тамхиа дуусчихсан л гэж бодож байлаа- Хэхэ Тийм үү...Маргаашнаас хэдүүлээ тамхитайгаа залгачихна

         -Энэ уул  хангайд бас тамхи байх уу-гэж Ахмад Шнайдер асуух зуурт Эргэсүл түүнийг түшин босголоо. -Энэ явдлаас хойш удалгүй Ахмад Шнайдерийн нүд хэвийн болж эхлэхэд  тэрбээр өглөө бүхэн шинэхэн цасаар нүүр  нүдээ сайтар шавшдаг шинэ ажилтай болжээ. -Эргэсүл энэ тэрийг эргэцүүлэн бодож нөхдийнхөө түрүүнд алхаж явтал ард эр хүний бахим дуу гарав. Цочин эргэж хартал Сибирь анч эр Ахмад Шнайдерийн нүүрэн дундуур нударгаа буулгах үзэгдэв. Хариуд нь Ахмад Шнайдер элэгдэн унагаж дээрээс нь хэд хэдэн удаа дэвслэх үзэгдэв. Эргэсүл буцаж алхах гэснээ азнаж хэсэг зогсоод замаа даган гэлдэрлээ. Бүх зүйл Сибирь анч эрээс л болж байгаа. Биесийнхээ аминд хүрчихгүй л биз. Төвөг цаашаа. . .Эр улс хойно учраа өөрсдөө ол. Хүн ч дээ жаргал, эрх чөлөө  зохьдоггүй амьтан юм. Яаж зовж зүдэрч хүний тооноос гарч явснаа мартчихдаг юм байх даа...хэмээн амандаа үглэн өндөр хана хэрмэн хунгарын  зааг завсарыг ажиглан Эргэсүл алхаж явлаа. Айхаа ардаа үлдээсэнд итгэн Сибирийн анчин С...янз бүрийн ааш аяг үзүүлж  ахмад Шнайдерийн цухлыг хөдөлгөж уурыг барж байлаа. Эрчүүдийн ам мурийх шалтгаан нь хорих лагерийн тогооч хүүхэн. Үргэлжид л хамгийн ард шуухитнан алхаж тэрүүхэндээ хааяа мэгшиж байх нь сонстовч түүнийг хэн ч үл тооно. Анч эрийн хувьд бол ахмад Шнайдерт туйлын их талархалтай хандаж Стоходын намаг туулгаагүйгээ өндөр дээд заяа хэмээн билэгшээнэ. Үхлийн газраас зүрх сэтгэлээ нэгтгэж нэг баг үүсгэж оргож чадсан шигээ эв нэгдэлтэй явахыг анч эр нөхөддөө өдөр бүхэн сануулж байв. -Муу Хидааныхаа хүүрийг  хараал идсэн шоронд үлдээгээгүй юм шүү гэж анч эр өөртөө үглэн доош нугдайн суулаа. Бүтэнг шоронг орхисноос хоёр долоо хоногийн хойно хүйтний эрч аажмаар буурч өдөр нарны голтойд зам туулах нь тун чиг  амаргүй болж эхэллээ. Гэвч тэдэнд азнах эрх байхгүй. Тиймээс яаж ийгээд урагшлах зам хороох нь чухал. Ганцхан гишгэлтийн алдаа гаргахад л цас нурах аюул биднийг хүлээж байв. Туулж дийлэмгүй хад хавцал таарснаас үүдэн уулын энгэр талаар явах хэрэг болсон юм. Үд өнгөрч амжаагүй байхад л манайхан цасанд дарагдаж амь тэмцэж эхэллээ. Төөрч биенээ олоход амаргүй болов. Тийм их яргалал зовлон зүдгүүр дунд амь тавиагүй хүн уул хөвчидөө үхнэ гэж бодохгүй ажээ. Гүнзгий амьсгаа авч хэсэг амсхийснээ газрын өгсүүр өөд хүчлэн өндийж дөрвөн хөллөн мөлхсөөр багагүй газар хороож хатуу хөр цастай таарч дээр нь гарч суугаад ойр тойрныг ажиглав. Арваад алхмын цаана хөлөрч хонхойсон цас байхыг олж үзээд цасан доогуур хэвтээгээрээ гулсаж хүрвэл гутлын өсгий үзэгдлээ. Гутлын өсгий салж унахыг бодоход  томоохон цасан нуранганд дайрагдсан бололтой. Ахиад л гулсах хэрэг гарч гэдрэг харан хэвтэж гулсаж үзвэл хэн нэгний дээгүүр өнгийж цасан дээр уналаа. Ахмад Шнайдер ухаан алджээ. Цэгц шулуун бие нь гулзайн эв хавгүй хэвтэхийг хараад сэтгэл өмрөх шиг болж -Арай ингээд үхчихэж байгаа юм биш биз хэмээн анч эр зүрхэн тушаа нь чихээ тавьж чагнавал түг түг түгхийн зүрх нь хүчтэй лугшиж байв. Мөрнөөс нь татаж өөр дээрээ тавин өндийж хөр цасыг түшүүлэн түрүүлгэ нь харуулж хэвтүүлээд хэсэг харж суулаа.

          Цас пүрхийх чимээ гарч гэнэт цас боссон нь Сибирийн анчин эр С...байв. Замаасаа олж хямгадсан олсныхоо үзүүрийг шидээд өгтөл татагдаад хүрээд ирэв. Овосхийн хажуу тийшээ холбирох мэт болсон нь тогооч хүүхний дээгүүр гарсан байжээ. Биесээ гайхан ширтэцгээж аль хэдийн хэлээ залгичихсан хүмүүс адил  удаан сууцгаалаа. Энэ зуурт ахмад Шнайдер ч ухаан оров гэлтэй хажуулдсхийн салганаад босоод ирлээ. Гэнэт Хидааныгаа алга болсныг мэдэцгээж бөөгнөрөн сууж ярилцав. Хидааныг заавал олно. Хидааныг хайх боломж тун хомс гэлээ ч олох л ёстой. Уулын уруу руу түлхэгдэн хэдэн давхарга үүсгэсэн нурсан цасан нуранганаас амьд амьтныг олно гэдэг шөнө зүү хайхтай адил амаргүй. Хөр цасыг том томоор нь ховхлон оромж аятай зүйл бэлтгэж тал талд нь онгорхой үлдээн Хидааныг харуулдан суусан боловч ажиг чимээ бараа ололгүй харанхуй залгав. Манай багийнханд нойр авах боломж байсан авч хэн нь унтаж амжсангүй үүрийн гэгээтэй золголоо. Хөлөрч хонхойсон цас, амьд амьтан хөдлөсөн ором юу ч ажиглагдсангүй тул нуранги үүссэн газраас эхлэн маш болгоомжтойгоор нөхрөө хайж эхлэсэн юм. Өмнөх өдрөөс хавьгүй хүйтний хэм нэмэгдсэн тул цасны хөдөлгөөн гулсалт арай л гайгүй байлаа. Үд өнгөртөл хайсны хойно Хидааныг олсон боловч өвөрлөгч эр аль хэдийн амьсгал хурааж хөрч царцсан байлаа. Түүний номхон бор царайд огт хүүрийн төрх үгүй амгалан оршиж байгаад анч эрийн сэтгэл бага ч атугай тавирч-Шоронд амь тавиагүй чи ч азтай эр юм. Хоногийн тоо нь ердөө л энэ хүрээд дуусах байж хэмээн аман дотроо бувтнав.

             Цас дундуур түгдчин зүтгэж  Хидааны хүүрийг үүрсээр уулын оройд хүрэв. Цэцэг ногоо элбэг ургадаг гэмээр хадан цохионы дунд нөхрийнхөө хүүрийг байрлууллаа. Ахмад Шнайдер түүний   гутлыг суга татан толгой нь өргөж дор нь ивээ -Сүнс нь нутагтаа очих болтугай гэснээс өөр зүйл хэлсэнгүй. Бүхий л нөхөд нь түүний сүнсэнд хүндэтгэлийг өөр өөрийнхөө сэтгэл сүсгээр үзүүлэв. Ингэх нь цааш аян замаа хөөх  сэтгэл зүрхийг  өөрсдөдөө бэлтгэх байв. Үг дуугүй биесээ ширтэн дуугүй хэсэг азнаснаа Ахмад Шнайдерийн араас даган алхлаа. Манай багийнхан мөрөө баллахаар уулын эгц уруу руу цасан бөмбөлөг олныг өнхрүүлэв. Цасан хуй цагаан манан уулын оргилоос бэл хүртэл үргэлжилж нэг хэсэгтээ л үзэгдэх орчин хязгаарлагдахад сая бид цааших аялалдаа шуударлаа. Аюулгүй байдлаа бодож зөвхөн уулын ар хударгаар нар тусдаггүй газраар явах нь аминд өлзийтэй гэдгийг сайтар ярилцаж тохироод аялалаа эхлэсэн юм. Сибирь анч бид хоёр тогооч хүүхнийг үргэлж л ад шоо үздэг маань хэвээрээ. Ахмад  Шнайдер хааяа муухай харах нь зүгээр л өмнөх замаа хөө гэсэн үг болохыг ойлгох авч хүүхнийг амьсгаадах, ядрах зэрэгт түүнд нэмэр тус  болохоос илтэд цааргална. Ахмад Шнайдер Сибирь анчин хоёр хэдэнтээ л нударга зөрүүлээд авна лээ. Эр улсад тийм  зүйл байлгүй л яахав. Бүсгүй ихэвчлэн залбирч амандаа ямар нэгэн зүйл үглэн бөгцөгнөн алхах нь тээртэй санагдана. Хичнээн хурдхан алхлаа ч, хичнээн их хичээлээ ч эрчүүлийн алхааг огт гүйцэхгүй.  Ядаж байхад хаа байсан хорих газраас л тэвэрч гарсан нэг мууртай. Түүнийгээ энгэрээсээ салгана гэж огт үгүй. Хааяадаа манай анч найз -Эр муур биз гэж түүнийг нүдээ ирмэн тохуурхах энүүхэнд. Алив зүйлд хөөрхий бүсгүй огт дуугарахгүй. Хаданд хөлөө хавчуулахаараа битүү авиагаар хашгирах мэт дүр үзүүлээд надад туслаач гэсэн үгийг зөвхөн харцаараа л ойлгуулна. Энэ бүхэнд Ахмад Шнайдер гүйн хүрч туслаж байгаа үзэгдэнэ. Хоол хүнсээ идэх, өтгөн шингэнээ гадагшлуулах зэрэг нь огт харагдахгүй. Бидний амсхийнгуут л ямар нэгэн түшлэг олон сууж зүүрмэглэнэ. Бүсгүйд даарсан шинж бараг л ажиглагдахгүй  нь өнөөх муурынх нь ач тус байсан байж магадгүй юм. Татар үндэстэн эмч өвгөний ганц охин  гэдгийг нь аль эрт Ахмад  Шнайдер бидэнд хэлсэн бол ийм зүйл болохгүй байсан юм. Бор шаргалдуу үс шанхнаас нь үл ялиг цухайна. Навтгар хамар өргөн шанаа, нүүрнийх нь ерөнхий төрх, ноомой бор нүдээр биднийг гэмгүйхэн тойруулан ширтэх нь эцэгтэйгээ тун чиг төстэй. Алс хол цөллөгийн хорих лагерт амьдралынхаа сүүлчийг элээж байгаа эмч өвгөн Ахмад Шнайдерт охиныхоо хувь заяаг даатгасныхаа төлөө   манай орголт багийнхны төлөвлөгөөнд нарийн нягт хандсан байжээ. Монгол бурхны орон юм гэнэ лээ. Ганц охиныг минь бурхны орон луу оруулаад төөрүүлээд хаячихна биз гэж хэлснийг Ахмад Шнайдер хожим нь зөвхөн надад л өгүүлсэн юм. Бүтэнг шоронгийн  хорих лагерт юу болохоор төлөвлөгдснийг өвгөн сайтар мэдэж байсан агаад тэндхийн амьдрал сайхнаар төгсөхгүй байсан  гэдгийг ч эмчийн эл үйлдлээс мэдэрч болох юм . Арга мухардахдаа л  төрсөн үрээ төөрүүлж хаяхаас аймшигтай зүйл болно гэж төсөөлсөн  байх даа  Эргэсүлийн бодол энэ тэрээр тэнүүчлэн хавь ойрыг уурсан хамах хаврын салхины ааш аяг мэт тогтворгүй.

Зүүдэндээ яраглан, зовиуртай чангаар хурхирах Ахмад Шнайдерийн өврөөс муурт хүүхэн гулсан гарч өөрийнхөө нөмрөгөн доогуур шурган амьсгаагаа даран хэсэг азнаснаа төд удалгүй хурхиран унтахыг чагнасаар Эргэсүлийн нойр хулжин үүр шөнийн заагтай золгов. Өнгөрсөн амьдрал хорих газрынхаа  дурсамжуудыг сэргээх гэж чармайвч отог омгийн хэд , анчин эцгийнх нь  царай төрхөөс өөр тоймтой зүйл сэтгэлд нь ургасангүй. Хорих лагерьт байхдаа амьд үлдэх л туйлын хүсэл байсан бол одоо түүнээс хавьгүй илүү зүйл хүсэж байв. Хамт оргосон нөхдийн хувь заяа түүнд огт хамаагүй.  Хорих газрын уур омог нь багтаж ядсан бага дарга нарын савраас бүрмөсөн мултарсан гэдэгтээ итгэлтэй болжээ. Амь насанд нь ямар нэгэн чөтгөр заналхийлэх аваас үхмэл төрх нэгширмэл үнэртэй хорих газрын тарчлаанаас өөр зүйл л гэж бодно. Түүнээс бусад бүх зовлон зүдгүүрийг тэвчиж бас туулж болмоор бодогдоно.

Миний төлөвлөсөн газрын зураг ингэсгээд дуусна. Үүнээс цааш анчид л  зам заана даа. Бас амьдрал...гэж хэлэх дууных өнгөнөөс бухимдал түгшүүр илэрхий мэдрэгдэнэ. Хоорондоо ярилцдаггүй байхдаа бид яасан их эв түнжинтэй явж байв даа. Ярилцдаг болсноосоо хойш их л уур уцаартай явцгаах болж. Хэл угаасаа хүнд гай болдог . Хэлгүй бол хичнээн сайхан гээч. Гётогийн Шуурга ба түрэлт хөдөлгөөн ер нь бол ингэж бүтэлгүйтсэн юм шүү дээ гэж Ахмад Шнайдерийг үглэхэд

-Чөтгөр ав тэр хэнд хамаатай юм бэ..Өчигдөрхөн л чи удахгүй суурин тааралдана гэсэн биш үү гэж Сибирь эр ярианд оролцов. –Миний баримжаагаар гучин таваас дөчин хулсны хооронд энэ хязгаарын  эхний шивээ тааралдана. Хулс гэдэг нь татар эмчийн Ахмад Шнайдерт дурсгал болгосон үзэг л дээ.

-Энэ газар орноор нутаглагч хүмүүсийн  ихэнхийг Тунгус үндэстнүүд бүрдүүлдэг.  Манж хэлээр Тунгус нь бартай нөхөрлөгч хэмээн тайлбарлагдана. Бид суурин газраас тойрч явна. Хүн бол араатнаас ч дор амьтан. Араатан тааралдвал аз таараад амь гарч мэднэ. Хүн бол үгүй шүү дээ. Биднийг буцаагаад мөнөөх хараал идсэн шоронд хүргээд өгчихнө. Энэ шилмүүс боргоцойг дуустал хөвчид шургалж амжина  хэмээн Ахмад Шнайдер нэмж хэлээд урагш өцийн  яаран алхлаа. Нам  жимийн дундуур бүүр түүр чимээ үүсгэн элдвийг ярилцсаар орголтийн багийнхан  үдшийн харанхуйд ойн зах руу шургаж   бараа тасарлаа.

            Нэлийтэл цас бүрхсэн тайгад үүр хаяарах нь бараг л ялгагдахгүй. Сарны тойрогт багтан саглайх  моддын төгөл адил  дөрвөн хүн сүглийн алсаас бараатай хэн хүний сонирхол татахуйц байв. Эцэс төгсгөлгүй үргэлжлэх балар шигүү ой хөвч уулс шувтарч буйг  хэн хүнгүй нүдээрээ харж байлаа. Мод чулуугүй огт нүдэнд торох зүйлгүй эл хуль  нүцгэн талыг туулах нь бусдын алган дээр явж байгаатай адилхан. Ахмад Шнайдерийн л төлөвлөгөөг сонсож дагах ёстой. Нүдний баримжаагаар харахад өдөртөө туулаад ууланд хүрчих зам жим гэхээр тоймтой юм харагдсангүй.  Мань хэд  түр амсхийн сууцгааж бүгд л дуугүй нүцгэн их талын зүг ширтэцгээн бодлогширно. Салхи л улин шуурах чимээ сонстох дүлий саарал тал орголт багийнханд айдас жихүүдэс төрүүлнэ. Ахмад Шнайдер босож ийш тийш харснаа миний зүг толгой дохьж хамт явахыг зангалаа.

          -Энэ хөндий бол миний газрын зурагт байгаагүй учир төлөвлөгөөнд ороогүй. Иймээс чамтай зөвлөх хэрэгтэй байна. Замыг шөнө туулвал хэр зохимжтой бол. Гэвч  хөлийн мөрөө яах билээ. Арга байж л таарна. Арганд ордоггүй зүйл гэж байх ёсгүй дээ  хэмээн модны хожуул дээр хажуулдсхийн суув . Ахмад Шнайдерийн хамрынх нь  уганд үл ялиг хөлс дааварлаж нүдний харцанд нь цог заль бадрах авч доод зовхи нь сул үрчлээ сууж хацарт нь бага зэрэг сайр толбо тогтсон нь аяны хүн гэдгийг бэлхнээ нотлоод өгнө. Эргэсүл сая ам нээж,  -Надад нэг санаа байна. Хусан ойгоос гарахаас өмнө дөрвөн ширхэг цана хийж авья....Яагаав...цана ...цана...өө чамд юу гэж ойлгуулмаар юм бэ дээ...ингээд хөлөндөө углаад гулгадаг гэж дүрслэн үзүүлбэл Ахмад Шнайдер, -Өө зөв гэж нүднийх нь харц сэргэн эрхий хуруугаа гозойлгосноо, -Бидэнд ямар нэгэн багаж байхгүй. Тэрийг хийж чадах уу гэж асуув. -Би тайгын хүн  тайгад маш амархаан хийчихдэг юм. Би чамд одоохон хийгээд үзүүлье. Эл ярианаас хойш нэг өдрийн хойхно үдийн хугаст  одой хус, нигүүрс, залуухан хус армаг тармаг ургаж өнжмөл  өвсний налархай хөл тушаж тээр болохуйц өтгөн өвс бүхий   ойн захад хүрлээ. Газрын бүтэц ойн  багцааг ажиглахад гол мөрний ойролцоо ирсэн байж мэднэ гэх миний үгийг дэмжин Ахмад Шнайдер толгой дохиж явлаа. Монголын нутаг дөхсөн үү гэх Сибирь анчны үгийн хариуд Ахмад Шнайдер мөн л толгой дохиж байв. Цаашид ч хэрэг болох тул модон цанаа үүрээд явья гэж Ахмад Шнайдерийг хэлэхэд

          -Зүгээр дээ. Ахиад л модтой газраас өөртөө тааруулаад хийгээд авчихна. Ачааны нэмэр гэж ятгаж  амжаад мань хэд  модон хөлөгнүүдээ ургаа хожуул  түшүүлэн үлдээгээд цааш алхлаа. Хоёр өдөр шөнийг зогсолт үгүй алхсаны хойно жинхэнэ шивэр тайгын шигүү ойн зах руу манай багийнхан огт алжаалж ядарсан төрхгүй ороод явчихав. Тайга бол Эргэсүл анчны таньдаг харгуй мэддэг бүхэн. Мэнд л шургалж амжвал  нөмөртөө авчих  хүн үл нэвтрэм ой хөвч. Одоо түүнд айх зүйл үлдээгүйд итгэн  сая амсхийлээ. Нүсэр том үндсээрээ газар тэвэрч хүглийх  хөгшин модод битүү цасаа  дааж ядан хүглийлдэх зовлон үгүй мөнхөд үргэлжлэх аниргүй бурхны орон. Тал нутгийн хүн бүхний айж бэргэдэг халширч эмээдэг энэ тайгаас Эргэсүл хайр өршөөл, энэрэлгүй тэсгим хүйтэн, хэмжээлшгүй олз омог хүнд хэрэг болохуйц бүхнийг хүртжээ. Үргэлжийн бүрхэг бүүдгэр тэнгэр төмөр саарал мананд хучигдан хэн нэгнийг  аймшиггүйгээр ширтэх мэт их ой тайгын өвөлд үргэлжид тэсгим хүйтэн ноёлж цасаар бүтээгдсэн гэмээр уулс хэн нэгэн үргэлжид мөс цасаар үлгэрийн ордон урлаж байдаг мэт бодогдоно.

           Зах хязгаар эхлэл төгсгөл үгүй мэт сунжралдан залгалдсан нөмгөн балар ширэнгэ ой, ёроолгүй гүн нуур далай мэт цасны лавслага бүхий уулсад нууцлаг үйл явдал эгэл хийгээд хэнд ч анзаарагдамгүй бүхэн болж өнгөрдөг. Өнөө цагийнхны хэллэгээр ашигт малтмал, алт эрдэнэс, ан амьтан тоймгүй их  гэх авч  хавцал бартаа, судлаагдаагүй учир битүүлэг зүйлүүдээс эмээгээд хүн зон нэг их хүсэж тэмүүлээд байдаггүй нь тайгад амьдрагч хүмүүст чамгүй зол завшаан болно. Өнгөрөгч зууны он жилүүдэд өтгөн балар тайга хөвчийг зоригсодын тэн хагас нь ямар нэгэн нууцлаг учир битүүлэг зүйлтэй тохиолдож гэртээ эргэж хариагүй гэх яриа ч бий. Энэ бүхнээс гадна өршөөл энэрэлгүй тайга нутгийн өвлийг,  намаг шалбааг их бартаа балчиг олонтоо тохиолдох зуныг давж туулна гэдэг баргийн эрүүл саруул хүнд бодож тэвчиж чаддаггүй зүйл мэт санагдаж  өөрсдөөсөө эмээнэ. Тайгад зөвхөн зун өвөл гэсэн хоёр улирал болдог гэж итгэх нь бий. Тал нутгийн талбиун зунаар ч тайгад цас шуурч хүн төөрөм үдэш олонтоо ирдэг тул ийн нэрлэх нь гарцаагүй юм. Тайгад амьдрагч хүмүүсийн хэллэгээр зуны сар ердөө хэмжиж тоолоход дал хүрэхгүй хоног үргэлжилдэг агаад ихэнхэд нь хүйтэн бороо шавшигнаж оройдоо туйлаадас гүвэх нь тал хээрийн зунтай харьцуулахад жихүүдэс хамаг биеэр гүймээр болдог. Тийм атал энэ нутгийг зоригсод бас бий. Өмнөд газар орны доншуур наймаачдын хүсэл шуналыг асаадаг ан амьтдын гаралтай зүйл, ховор чулуу, эмийн ургамал тэргүүтнийг олж бэл бэлчингээ зузаалах мөрөөдөлд автагсад асар их зориг тэвчээр өвлөн тайга нутгийг зүглэнэ. Тал нутгийн тавиун амьдралтай нэгний зарц шивэгчин болж өл хоолоо залгуулагчийн амьдралаас халширч амар түргэн аргаар гэнэт баяжихыг хүсэгчид л эндхийг аз туршин зорьдог гэхэд хилсдэхгүй. Аяншигчдыг гайхан харж модны мөчир дамжин өгсөх хэрэмний сүрэг. Эгээ л анч эрийн хар багын танил нөхөд мэт Эргэсүлийг л ажин тэднээс онцлон дотночлох адил сэтгэл дотуур сайн сайхан  бүхний зөн дүүрээд ирэв. Хамаг бүхнийг халхавчилсан  аварга  хушны  босоо хүн өлхөөн багтахаар гүн агуйлагдсан нөмөрт   шөнийг өнгөрүүлэв.

         Үүр гэгээрэнгүүт хэдэн алхам газрыг туулаад отоглохоор боллоо. Хоёр анчин ойрмогхон явж хөлдүү шургааг тэвэрсээр ирж   ороонго өвсөөр   холбож урц оромж бэлдэхээр зэхлээ. Урц гэрийн тухай огт ойлголтгүй Ахмад Шнайдер гайхасхийн тойрч харна. Хоромхон зуурт тохилог дулаахан хоргодох байр бэлэн болсонд саймшран толгой сэгсэрнэ. -Ингээд бүх зүйл бэлэн боллоо. Та хоёр урцандаа ороод сууж бай. Бид нээх удалгүй эргэж ирнэ. Гэхдээ шинэхэн махтай ирээсэй  гэж залбирахаа мартав хэмээн хошигноод анч эрс шигүү моддын завсраар шургалж одлоо. Ангийн мөр хөөж яваагүй газар,  агнаагүй амьтан  гэж бараг үгүй.  Шоронд орлоо  гээд хийморь  доройтох анчин биш болчих зүйл огтоос үгүй. Тиймээс хоёулаа азаа үзнэ ээ... ийн ярилцсаар анч эрс хөлдүү модны үзүүрээр ангийн хэрэгсэл зэхэж дуусаад бослоо.Ой тайга нам гүм тайгад төрж өссөн хүн л тайгынхаа араншинг мэддэг ажээ. Өөр нөхдүүд бол сүнс төөрөм энэ бөглүү эзгүй тайгаас юу ч олохгүй хэмээн адгаад буцаж алхмаар эл хуль. Хүний нуруунд мөчир нь шүргэх аядахад л цасаа гүвэн цэмийх өндөр гоолиг залуухан модод хэрэм жүрххэн/хойдуудын аялга/ мэтийн бяцхан амьтдаа бөөцийлөн бөөвийнө. Хэрэмний өчүүхэн жижиг мөр жимүүд шинэхэн цас хөвсхийхөд л уусан алдарч бараа чийр алсарна. Суурин гацааны өлөн хулганууд адил олон жижигхэн хэрэмнүүд хаанаас ч юм гэнэт гүйлдээд л нүдний өмнө гараад ирнэ. Төд удалгүй ар араасаа цувралдан модны мөчир дамжин өгсөж тус бүрийнхээ үүр оромж руу хуваагдаж ороод л чимээ алдарна. Ганц нэг нь мөчир дээр сууж үлдээд мань эрсийг анхааралтайгаар ажиглан дагуулж харснаа бусдадаа, -Эд ч бидэнд гай тарих амьтад биш бололтой гэж дамжуулж хэлэв гэлтэй шахитнахад бөөнөөр үсрэлдэн гарч дараагийн модонд дүүлнэ. Өхөөрдөм бяцхан хэрэмнүүдийг ажиглаж зэрэгцэн алхаж явсан Эргэсүл, -За хоёулаа ахиухан алхья. Эд ингэж шаагилдаж байхад ойр овоо торниун махтай амьтан яавч олдохгүй гэв.

           Урд хойд Сибирийн анчид ид хав эрдэм чадлаа сорин орголт багийнхан махтай залгаад байгаа нь сайн хэрэг л дээ. Ахмад Шнайдерийн төлөвлөснөөр энэ балар хөвчид арав илүү хонож хүч тамир сэлбэх учиртай. Өглөөхөн босгосон шинэхэн урц гэр үлгэрийн хааны өргөө мэт сүрлэг тохилог дулаахан. Унаанги мод босгож гишүү нэмэрлээд хөвд дэвсэж дулаалжээ. Урцны завсар заальхайг шилмүүсээр чигжсэн байв. Модны ороонго өвсийг зай завсаргүй зузаан зулж дэвсэн нь хонины ноосон эсгий мэт зөөлхөн бүлээн. Хөлдүү модыг гурвалжин засаж тулга хэлбэрийг үүсгээд гал асаасан нь шингэн цэнхэр утаа үл мэдэг суунаглаж байлаа. Хидааныг тавиад олж авсан галт чулууг үрсээр хуурай хөвд авалцуулж галтай болсонд Ахмад Шнайдер урамшин Эргэсүлийг магтан ёг ёг инээн урцны хоймор хавьцаа хажуулдан хэвтжээ. Шарсан махны танил үнэр урцаар нэг түгж эхлэхэд Эргэсүл- Ахмад Шнайдер үүнийг уугаад үз хэмээн гартаа барьсан шилмүүсээ ил гал дээр барилан дор нь модон тагшаа тосож дүүргээд өглөө. Ахмад Шнайдер шилмүүсний цасны усыг хэдэнтээ сорсноо тагшаа өргөн  ойртуулж эргүүлж тойруулж нүдээ онийлгон сайтар хараад -хмм...хөлдүү модны үндэсийг ингээд аяга болгочихно гэж хэн санахав. Хэдүй хэрийн хугацаанд дөрвөн аяга урлачихдаг нөхөр вэ. Динамитыг нээсэн этгээдийн  гэрээслэлийн дагуу нобелийн шагнал олгож эхлэсэн гэдэг. Энэ аяга урласан Эргэсүлд бөмбөрцгийнхөн ямар нэгэн шагнал өгөх хэрэгтэй болж дээ хэмээн үл ялиг мушилзан өгүүлэх ажээ. Муурт хүүхэн урцны буланд шигдэн сууж хоёр алганыхаа хооронд хэсэгхэн  махны хэлтэрхийг үрчин хавтгайлаад хумсаараа жижиглэн муурныхаа хамарт үнэртүүлээд өөрийнхөө аманд хийж байв. Ам нь үл ялиг өмөгнөнө. Ахмад Шнайдераас өөр хэн нэгэн  түүний зүг харах зуурт л гар нь гялсхийн онгож гандсан хуучин даавуун алчуурныхаа үзүүрээр ам хамраа халхалчихна. Энэ үест Ахмад Шнайдер босож урцны үүдийг голлуулан овоолсон шилмүүснээс авч түрүүчийн адил хайлуулан устай модон тагшийг муурт хүүхний зүг сарвайхад тэрээр сандран авч нэг амьсгаагаар хөнтөрч орхив. Эргэсүлийн зулгааж авч өгсөн махны хэлтэрхийг шүүрэх нь холгүй гараас авч эргүүлж тойруулж үзснээ урцны хаяа тийш тавиад мөнөөх л алчуураараа хамар амаа дармаглан доош нугдайн сууж чимээгүй болов. Дөрвөн буланг нь тэгшлэн ижил тэнцүү хэлбэр гарган нугалсан даавуун алчуураар Ахмад Шнайдер амаа арчаад буцаад өвөртөө хийгээд урцны булан луу хажуулдан хэвтлээ.

             Анчдын ирлэсэн ангийн зэвсэг ч ид шидийг олж ангийн махны шарсан үнэрт эрчүүлийн сэтгэл тавирчээ. Эргэсүлийн аяны туршид ирлэсэн чулуун хутга хэргээ гүйцээв. Анч эрчүүд өл хоол залгуулах, ахмад Шнайдер газар нутгийн байрлал судлах, тогооч бүсгүй ойр зуурын ажил амжуулах зэрэг хүмүүс дор бүрнээ ажилтай болов. Шөнө гэгээ гаргахгүй галын цогоо манах, анчид ууланд болгоомж сэрэмжтэй явах зэргээ ярилцах зууртаа сайтар амарч хоножээ. Ахмад Шнайдер модны боргоцой ашиглан зүг чиг тогтоогч  хийж амжив. Анч эрсийн цог заль хэвийн болж эгээ л төрөлх нутагтаа ирсэн мэт байлаа. Тайгад төрж тайгад хүн болж тайгад л амьдарч яваа хүний хувьд Эргэсүлийн диваажин бол уул тайга. Гэвч энэ тайгад айдас дагуулах зүйл бий. Ахмад Шнайдерийн төлөвлөснөөр бол энэ уул хөвч бар хэмээх зэрлэгийн амьтны орон гэнэ лээ. Чоно, баавгай, хандгай тэргүүтэнтэй л таарч явсан болохоос бус барын бараа хараагүй өдий болсон нь  Эргэсүлд их сонирхолтой санагдаж байв.  Тунгус нэртэй гол  хойд мөсөн далайн өмнөх биед урсаж байдаг агаад Эргэсүлийн эцэг  ангийн отог олз хайж явахдаа төөрч тэрхүү голыг гатласан  гэдэг.

           Зургаан хоногийн туршид газрын байрлал судлаж уул хөвчөөр тэнэсэн Ахмад Шнайдер, -Ердөө хэдхэн хоног алхаад л  Монголын газар нутаг эхлэнэ их олон гол мөрнийг гатлах хэрэг болно гэснээс өөр зүйл юу ч ярьсангүй. Түүний үйл хөдлөл ямар нэгэн нууц хадгалж гэж бодогдуулахаар гэмээр бүхнийг маш сайтар бодож төвлөдөг. Тохилог амьдарч амарч эхлэснээс ес хоногийн шөнө гал манаж хоносон Ахмад Шнайдерь алга болжээ. Түүнийх  гээд нэрлэчих зүйл нэг ч урцанд үлдээгүйг бодоход тэр эргэж ирэхээргүй одсон нь тодорхой байлаа. Үүр цүүрээр  тогооч хүүхний эг маггүй ээрч уйлах гаслах дуун анч эрсийг гүн нойрноос сэрээсэн нь Ахмад Шнайдерийн алга болсон явдал байв.                                                                                                                                                                                                                                                                                                                                                         Тогооч бүсгүй хэсэг зуурь уйлж орь дуу тавьснаа тэгсгээд намжив. Ахмад Шнайдер бол бидний хувьд авралын элч. Өөрийнх нь ярьдагчлан бүх орголтын  төлөвлөгөө муу байснаас бүтэлгүйтсэн гэдэг. Ахмад Шнайдерийн төлөвлөгөө үнэхээр лут төлөвлөгөө байсан учраас бид Бүтэнг шоронгийн чөтгөрийн амьдралаас  амь мултарч чадсан хэрэг. Хүнийг бурхан бүтээдэггүй  юм аа  гэхэд хэн нэгэн бус аваас ямар нэгэн далдын хүч нөлөөлдөг л байж таарна. Хорих газрын хүн бүхэн л түүнийг балай хэнхэг өвчтэй мэтээр дууддаг байж билээ. Эргэсүл Ахмад Шнайдерийг  энгийн л нэгэн мэтээр дотроо боддог байсан авч одоо бол үнэндээ эцсийн амьсгалаа таттал талархах ёстой  болжээ. -Бид яана аа... Хаашаа явах юм бэ гэж үе үехэн  бачуурах тогооч бүсгүйг анч эрс огт анзаарахгүй мэт дүр үзүүлж байв. Анч эрсэд ууланд амьдрах хэрэн тэнүүчлэх  нь маш амархан зүйл. Бүтэнг шоронгийн ахуйг бодоход дур зоргоороо ийн тэнүүчлэн явах нь диваажин мэт ая тухтай.

         Хэд хоногийн өмнө Ахмад Шнайдерь анч эрийг хамтдаа  газар нутгийн байршил судлахыг санал болгон ой хөвчөөр  хамтдаа алхсан  юм. Ойн залуу хус шиг цэх шулуун нуруутай харваас цэргийн эрдэм төгс эзэмшсэн гэмээр Герман эртэй орос монгол хэл холин байж овоо хэл нэвтрэхтэйгээ болж чадсан нь эрчүүдийн  нөхөрлөлийн эхлэл байжээ. Үргэлж л уурссан өнгөөр ярих түүнээс хамт хоригдогсод нь ихэд эмээх боловч хянагч эрчүүд дарга нар бол ад үзэх зэвүүцэх зэргээр ярвигтай харьцдаг байсан боловч аажимдаа гайгүй болсон гэмээр ажиглагдана. Халааснаасаа гялгар төмөр эд гаргаж эргүүлж тойруулж харснаа анч эрд сарвайн -Үүнийг найздаа өгье.  Үргэлжид дурсаж явах биз дээ. . .хэмээн хэсэг дуугүй зогссоноо ойролцоох  модыг түшин сая ам нээж, -Бид бараг л Хабаровийн хязгаар орчимд ирсэн болов уу... Оросын нэрт аялагч Ерофие Хабаров энэ хязгаарыг нээсэн гэж би нэгэнтээ уншиж байсан шүү. Энэ бүс нутагт харуулын байр олноороо байрлаж байсан авч одоо татан буугдсан гэж эмч өвгөн ярьсан. Удалгүй Манжуурын төмөр замд тулна. Манжуурын  төмөр замыг бол хаагуур нь ч гатлаж болно. Энэ хавийн бүс нутагт Эргүнэ, Уссур, Амур, Хор,Шилка  гээд их олон гол мөрнүүд бий. Учрыг олоод мунгинахгүй гатлаж амжвал төлөвлөгөө нэг алхам урагшлана. Бид зүүн гар талаа хэт их барьвал Хятадын Хар мөрөн нэртэй муж суурингийн  бүсэд нэвтрэх аюултай. Мөн цэргийн бааз нэгтгэл байж магадгүй юм. Хойхнуур дөт зам судлах хэрэг болно. Бас хэт их баруун гараа барьвал  Сахагийн цөл рүү алхвал бид нүд ирмэхийн зуур чонын хоол болно. Иймээс одооноос эхлэн дандаа өдөр явна. Нэгэнт ийн амь зулбаснаас хойш аюулгүй замыг сонгож хянамгай байх нь өлзийтэй. Ойролцоох хилийн бүсүүдийн учрыг олоод Монголын хил рүү нэвтэрч амжвал бид айх зүйлгүй болно. Ой тайгаа бараадаад л яваад байвал бараг Монголын нутаг дэвсгэр лүү орно. Гэхдээ намаг балчиг их. Ой хөвчийг сайн ажиглаж явах хэрэгтэй. Навчит модтой ойд хүрвэл би Хятадын нутаг руу зам хазайжээ гэж багцаа авна. Навчит модон ой ч бас цасанд хучигддаг тул хууртаж болохгүй хэмээн ахмад Шнайдер  ярьж дуусаад, -Миний судласан зүйл ердөө л энэ. Харин чамаас өөр хэнтэй ч энэ тухай ярилцаагүй юм байна шүү. Зөвхөн бид хоёрын дундах яриа гэж ойлговол их сайн. Надад ямар нэгэн зүйл тохиолдлоо гэж бодоход миний нөхөр дажгүй яваад нутагтаа оччихно биз дээ гэж инээмсрэх аядаад дал мөрийг нь алгадав. -Аан тийн бас нэг зүйл нэмж хэлье...Тогооч бүсгүйг татар үндэстэн эмч өвгөний охин гэдгийг та хоёр мэднэ. Эцгийнх нь ачийг санаад асарч туслаж сүйд болдоггүй юм аа гэхэд ад шоо үзэхгүй байвал болоод явчихна. Аан тийн бас нэг зүйл хэлэхээ мартжээ. Миний харих шалтгаан  тэр үед дөнгөж нэг нас хүрч байсан  охин минь юм. Одоо тэр минь  их том болсон доо. Хэрэв тийм үгүйсэн бол би чамайг дагаад чиний яриад байдаг тэр сайхан тайга нутагт чинь анчин болоход татгалзах зүйлгүй. Харин миний нөхөр надад сэтгэлийн өртэй гэж бодох хэрэггүй. Миний нүд сохрох аюул тохиоход чи эдгээсэн. Бас үнэнч зан хүнд ямар ихээр чухал болохыг чи надад бүрмөсөн ойлгуулжээ. Надад ямар нэгэн муу зүйл тохиолдвол харамсах хэрэггүй шүү

         -Хаанаас даа. Ийм их зовлон зүдгүүрийг туулж давчихаад муу зүйл тохиолдоно гэж бодож болохгүй хэмээн ярилцаж тэврэлдээд салсан нь хамгийн сүүлчийн хууч яриа байсныг тэр хоёроос өөр хэн ч мэдсэнгүй.

         Үүнээс цааш төлөвлөгөө дүрэм гээд байх зүйлгүй болсон оргодлууд түр амсхийж хэд хоног толгой хоргодсон урцаа буулгаж байлаа. Урц гэрээ бариатай үлдээдэггүй тайга нутгийн ёсыг дагажээ. Урцны буурь бараантан цас нь нэгмөсөн тал бүртээ ярагдаж хүмүүс хоноглож гэх ул мөр тодоос тод харагдаж байв. Тулгуур моднуудыг газарт тараан байрлуулж туурга дээвэр болсон шилмүүс хөвдийг дээгүүр нь зулан хэн нэгэн мөр мөшгиж гэмээн ажиг сэжиг авахааргүй болгов. Хорих газраас авч гарсан бага сага зүйлээ нэгмөсөн дууссан авч цааших замыг туулахад бэлтгэл болгож нөөшилсөн ангийн мах, модны хөлдүү булцуу зэргийг хувааж үүрлээ. Модон  тагш тэргүүтэй бага сага зүйлийг нэмж баглан тэдний цааш хөөх аян замын бэлтгэл сая хангагджээ. Тогооч бүсгүйн бүхнийг мэдэхгүй царай анч эрсийн өмнөөс мэлийж байв. Тэд буцаж явахгүй нь тодорхой гэвч яг яаж хэрхэн зам ахих тухай дор бүрдээ бодож байгаа мэт хүлцэнгүй номхон  урцныхаа буурин дээр хэсэг дуугүй сууцгаав. Сибирь эр ам нээж, -Ахмад Шнайдер танд л юм хэлж өгсөн байх даа. Одоо бид хоёр таны хэлснийг л дагах үлдлээ. Онон мөрөн хүрч амжвал би өлхнөө газрын чиг мэднэ. Манай ангийн отог хоёр ч удаа Онон мөрний эх хүрч байсан юм. Харин яаж...гэж үгээ тасаллаа. Эргэсүл  хэсэг бодолхийлснээ бид удалгүй Уссурын хязгаарт тулна. Уссур мөрний булганы арьс гэж анчид агаад ангийн үслэг эдийн худалдаачид ярилцдаг байлаа. Бид анхнаасаа ахмад Шнайдерийн төлөвлөгөө ёсоор зүгээ буруулж газрын бартаа саадыг бараадаж оргосон нь хорих газрын заналт нөхдөөс өлхөн мултарч чадсан хэрэг. Мань мэтэд аз тохиовол Уссурын хязгаарт байх Даман хэмээх аралд тухлаж амраад загасны ан хийж амжина. Амур мөрөнд олон жижиг гол мөрнүүд урсаж нийлдэг учраас зүг чигээ алдалгүй туулж амжвал бүх зүйл болно. Эргүнэ мөрөн хойшоо урсгалтай. Өмнөд зүг руу мушгирч урсан өвөрлөгчдийн нутаг руу урсаж одсон хэсгийг нь Хайлаар мөрөн хэмээнэ. Үнэхээр зэрлэг амьтдын орон  гэлцдэг.  Бар ирвэсийн хоол болчихгүйхэн шиг туулаад гарчих юмсан. Бид одоо үл ялиг баруун хойд зүгийг барьж явах ёстой.  Энэ ярианаас хойш тэд арван хоёр өдрийн туршид тасралтгүй алхсаар уулын нөмөр бэлд хүрч хоноглов.  Анч эрс  тусдаа явцгааж ойр орчмын газрын баримжааг тодорхойлохоор тохирлоо. Суурин гацаанд ойртож ирсэн байх магадлал их тул ажиг сэжиг сайн тавьж анхааралтай явах ёстой.  Анч эрс өдрийн турш тэнүүчлэсээр харуй бүрий нөмрөхийн багцаанд урцныхаа ойролцоо ирж тухлан сууцгаалаа. –Энэ муурт хүүхэн бидэнд гай болно. Та бид хоёр бол анчдын отгоос төөрсөн хүмүүс гэж өөрсдийгөө хэлэхэд л болно. Дандаа монголоор яриад орос хэл мэдэхгүй гээд гүрийчихнэ. Хоёр хоногийн өмнө цасан шуурга шөнөжингөө нүүгэлтсэн. Энэ цасан шуургыг л далим болгоё.

         -Орос хэлтэйгээрээ энэ л гай болно. Мань хоёр шорон луу ачигдаж наадах чинь төмс ногоохон арилгаад амьдралаа залгуулчихна. –Ээ этүгэн эх минь хэмээн Сибирь эр гараа дээш өргөн ямар нэгэн зүйлд залбирах дүр үзүүлэв. Амур мөрнийг л гатлачих юм бол Буриад анчны отогт төдхөн хүрчихнэ.  Анчны отогт хүрвэл бидэнд тэнгэр авралаа үзүүлж эхлэх нь тэр.

         Их мөрнөөс уур цан лавсана. Мөрний ойр орчим бүхэлдээ зэгэл саарал өнгөнд автаж хүнд манан өтгөрч үе үехэн шингэрэхэд нарны улбагар туяа үзэгдэх төдий болоод л сарниж одно. Мөс тас нясхийн дуугарахад  ганц нэг шувуу үргэж нисээд бараа тасарна. Манан дундуур тасарч харагдах тэнгэрийн хаяа хар өнгөөр тунарах нь цас үргэлжлэн орж муухайрах төлөвтэй. Хоёр талаараа мөсөө овоолж мөсөн овоолгыг цас нэвсийтэл дарсан нь байшин барилга мэт нүсэр  харагдуулна. Мөснийхөө голоор мушгиралдан хар өнгөөр тунаран урсах  мөрнийг харсан хэн хүнгүй л сүрдэн бүхний өмнө бууж өгмөөр аймшиг сэтгэл нөмрөнө.

          Их усны  хөвөөгөөр ойрд хүн амьтан явсан мөр жим харагдсангүй. Нүдний хараа гүйцэх газарт л хот суурингийн бараа үзэгдэхгүй байлаа. Үлээхэд л бутран нисэлдмээр хөвсгөр зөөлхөн цасан дээгүүр ганц нэг ургамлын үндэснүүд бөөгнөрөлдөн шавааралдаж үл мэдэг салхины амьсгалд нааш цааш ганц нэг өнхрөх нь нүдний үзүүрт өртөнө.  Их мөрний бараанд сүрдэн цаст уулын хөтөл дээр зогсох гурван хүн сүрт дайн байлдаанд бууж өгсөн мэт номхон хүлцэнгүй. Биесээ хань татсан харцаараа илбэдэж нэгнээ ам нээхийг хүлээнэ.

         -Хэн нэгний тусламж авахгүйгээр энэ мөрнийг гатлах тийм амар зүйл гэж бодохгүй байна. Замын хүнсээ ч мөд дуусах нь тиймээс аль нэг тийшээ явья гэж Эргэсүл зоримог өгүүлэв. Уулын хавцлыг уруудан хэд алхтал хадан дээр орос үсэг харагдахад уралдан гүйж хүрлээ. Уссур  Река... Уссур   Река...Уссур  Река...хэмээн  бие бие рүүгээ харцгаалаа. Тогооч бүсгүй ам нээж-Хот тосгоны ойролцоо л хаяг босгож таарна. Хаашаа заасан байна уу гэж нүдээ онийлгон ахиж харав.

         Шувуудын  танил бус жиргээ голын тэртээгээс үргэлжид чихэн дээр исгэрнэ. Эргэсүл мөнөөх аялгууг дагаж исгэрсээр байгаад бараг л шувуутай хэл ойлголцохоор болсон байв. Усан дээр саадгүй хөвөхийн тулд хөнгөн мод л олно. Модоо олчихвол элбэг урлаж дөнгөнө. Ийн үглэсээр Эргэсүл хэдэн өдрийн туршид голын шугуйгаар тэнэсний эцэст сая нэг өөрийгөө тойруулан баахан мод өрчихөөд мөчрийг нь арилгаж суугаа нь модон завь урлах эхний алхам бүтсэн хэрэг. Алив эдийг урлаж эхлэхдээ бэлэгдэл боддог зангаа ч умартсангүй. Үйл бүтэх тэнгэрт тэтгэгдэхийн бэлэгдэл санаж есөн ширхэг мод шилж бэлтгэв. Дөнгөж сая нүцгэрсөн хөлдүү бургаснууд  мань  эрээс гомдол эс бөгөөс ямар нэгэн шидтэй зүйл бүтээхийг  нэхэх мэт  цэмцгэр гоолиг үзэгдэнэ. Эхний өдөр харуй бүрий болтол бүр цаашлаад түүдэг асааж гэрэлд нь бүх бургаснуудаа чулуугаар үрж өө сэвгүй болгож амжив. Дараагийн өдөр түрүүчийн адил өө сэвийг нь сайтар нягтлаж үзээд усанд хөвөх хийгээд хайрга  чулуунд тулахад саадгүй боллоо хэмээн мухарлалаа. Үдийн хугаст олс уяа хийх олсний төрлийн ургамал, ороонго өвс, могой өвс олохоор дэмий тэнэв. Мань эр эрсэн зүйлээ олоогүй арга мухардаад өвсөн овоохойдоо очиж хэсэг нүдний хор гаргаад гэгээ сүүмийнгүүт гараад алхчихлаа. Анч нөхөр хамт явья гэснийг цааргалж, -Чи зөвхөн загасаа л барь. Би өөрөө бүхнийг өлхөөн амжуулчихна гэж үлдээлээ. Олс болчихоор өвсийг хичнээн өдрийн туршид хайсны эцэст бараг л таван бээрийн алсад өөр нэгэн голын багахан цутгалангийн шугуйгаас олов. Олсоо томж нийтгэсээр чамгүй урт болгож чирсээр сууриншиж амьдарч эхлэсэн арлынхаа ойролцоо ирвэл хэрэг манджээ. Анч нөхөр маань муурт хүүхэн алга болсон тухай хэл дуулгаж угтлаа. Мөнөөх гайхал муур мань эрийн олзны загасыг нэгийг ч үлдээлгүй цөлмөж орхисноос  маргаан дэгдэж хараалын үг хэлж шүлсээ үсчүүлэн муураа өмөөрөх хүүхнийг балбаж орхисон ажээ.

          -Эзгүй газар тэр хаа холдов гэж харанхуй болохоор айгаад ирж л таарна гэж  тайтгаруулахыг хэрдээ л хичээвч  мань эр тайтгарах шинжгүй өнжин босож суун холхиж загасаа олигтой барьж дийлэхгүй байгааг холоос ажиг тавьж өнжив. Шөнө дунд муурт хүүхэн өвсөн овоохойн мухарт ирж унтсан байсанд анч нөхрийн минь санаа уужирчээ. Дэм тус болохгүй анхиагүй хүүхэн гэж анч нөхрөө аашилснаас хойш  буцалгаад уухад цай мэт амтагддаг ургамалыг муурт хүүхэнд  нүдлүүлээд өдөр өнжихгүй түүлгэж байгаа билээ. Байсхийгээд л ам мурийх тэднийг анзаарах ч сөхөө байсангүй. Нэг шөнө муурт хүүхэн ирж хоносонгүй. -Чоно нохойны хоол болов уу...эс бөгөөс голын харзны ороод үхчихэв үү гэх зэргийн бодол толгойд эргэлдэж-Ойр хавиар хайгаач. Хүүр нь байгаа бол ядахдаа шувуу эргэж үзэгдэнэ дээ гэж анч эрд хэлтэл-Үхвэл сайн л биз гээд түүнийг хайхаас илтэд цааргаллаа. Мань мэтэд муурт хүүхнийг хайх санаа тавих завдал огт болсонгүй. Бидний модон завь урлах, загас барьж нөөшлөх ажил чамгүй урагшилж урамтайхан байлаа. Нэг өглөө цагаан гэгээнээс амжин босож хийж буй зүйлдээ яаран гарахаар өвсөн овоохойныхоо булангаас хүрмээ авахаар тонгойтол гарын үзүүрт халуун зүйл тэмтрэгдсэн нь муурт хүүхэн ирж хоносон байв.

           Үдийн алдад өвсөн овоохойдоо иртэл муурт хүүхэн мөнөөх л урьдын адилаар өвдгөө тэврээд овоохойн буланд шигдэн муухай харсаар сууж байлаа. Хаа яваад ирснийг нь асуувал хариулахгүйгээр үл барам амаа ч хөдөлгөсөнгүй. Гагцхүү түүний нүд гунигаар дүүрч нүүр уруул хийгээд үзэгдэх газарт  хөх толбо үүсч хүзүүний хэсэг нь зулгарсан харагдав. -Мөнөөх цайны навчаа түүхгүй юм бол ингэж овоохойн мухарт шигдэж нойрмоглож суухаар надтай хамт явж модны үзүүр ч болов барьж тусла хэмээн ятгахад арай чамай хөдлөн босож араас даган гэлдрэв. Муурт хүүхэн өдрийн туршид ганц үг ганхийсэнгүй. Хуруу гараа ч огт хөдөлгөсөнгүй. Гуниг нь илтэд зузаарч нүд нь гархилсан муурт хүүхэн хэдэн өдрийн хойно ахиад л ор сураггүй алга болов. Энэ удаад анч нөхөр маань түрүүлж ам нээн-Ойр хавьд суурин газар шивээ байгаа юм биш үү цаадах чинь нэг очдог газартай болчихоод тийшээгээ явчихдаг боллоо. Сайн л биз. Тэр чигээрээ зайлаад өгөөсэй гэхэд Эргэсүл хариу дуугарсангүй. Нэг өглөө хийж буй ажил руугаа явахаар зэхэж байтал анч нөхөр маань -Хоёулаа нэг ангийн махны бараа харах уу. Тээр урд талын уулыг хэд хоног самнавал ганц юм нухчихна даа хэмээгээд нуруугаа үүрэн бөгцөг бөгцхийн алхсаар бараа тасарлаа. Түүний ангийн олз болох цагаан туулайн махаар шөл хийж уугаад алжаалаа бүрмөсөн тайлж тархи толгойгоо дүйнгэртэл их унтсан байв. Өчигдөрийн олзондоо ам ташсан мань эр шуналаа барьж үл дийлэн ахиад  л уулын зүг явж одлоо. Бараг л дөрөв хоногийн туршид эзгүй ор сураггүй болсон мань эрийг өвсөн урцныхаа зүг ирж яваа  харагдахад сониучирхан хийж буй зүйлээ хойш тавьж яаран яв ж хүрвэл хэрэг манджээ. Уулын хяр гүвээг даваад хартал ан амьтан байж болмоор модтой царам тайга үзэгджээ. Анч эрсийн хорхой шуналыг хэн ч дийлддэггүй агаад ангийн олз л сая сэтгэл амсхийлгэдэг. Бугын мөртэй төстэй амьтны мөр үзэгдэхэд нь дагаж мөшгөж явсаар мань эр хаана  ирснээ ч анзаарсангүй. Нэг л мэдэхэд хаа нэгтээгээс хэл нь үл мэдэгдэх нөхөд бүслэн авч түүнийг зодож нүдэж завсар  зайгүй балбаж бүсэндээ хавчуулж явсан ангийн модон шор, модон жад, усны хошмог тэргүүтнийг нь булаан авчээ. Нэг нь түүний модон шорны хурц үзүүртэй хэсгийг нь үзүүлж зангаад байхаар нь ингэж шидэж ан авладаг маягийн дүр үзүүлтэл тэд өөрсдийгөө алах дайсан байна хэмээн эндүүрээд  хэмх балбаж орхисон хэрэг.

           -Ингэж мундраа хутгах гэж дээ миний нөхөр. Амьд мэнд мултарсан нь яамай даа. Юу гэхэв хоёулаа загасаа шарж, шөл хийж ууж байгаад л эсэн мэнд аянд гарья. Ядаж байхад наад өрөөсөн нүдээ яачихсан юм бэ гэж шоолонгуй загнаж байтал мань эр нүдний боолтоо шувт татан автал боолт бөсийг нь дагаад өрөөсөн нүд нь мултраад унаад ирлээ. Ийнхүү манай багийнхан Хидаанаа цасан нурангид алдаж, Ахмад Шнайдераасаа бүрмөсөн салж , Муурт хүүхнээ ор сураггүй алдаад дээр нь нэмж анч нөхрийнхөө өрөөсөн нүдийг замын урт аяны хатууд зүгээр л өгч орхисон хэрэг. Энэ бүхнийг зүүдэндээ ярих бодох хоёрын завсарт амсхийж хэвтсэн Эргэсүлийн нүүрэн дээгүүр модны хар өт арвагнах мэт болоход сая ухасхийн босож  ойр орчноо сайтар ажигласнаа гарын алгаараа нүүрээ үрчин нойроо нэгмөсөн үргээгээд босож гадагш гарлаа.

          -Түй чөтгөр ав. Эвгүй мэдрэмж төрчихлөө. Мань мэтэд ямар нэгэн муу зүйл тохиолдохын зөн зүүд үү...Хийж байгаа зүйл маань арай дуусаагүй байдаг. Яаравчлах хэрэгтэй. Ийн өөртөө үглэсээр голын мөсний хатуу хэсгийг дамжин алхсаар бургас, хус зэрэглэн ургасан бяцхан төглийн захад очиж энэ тэрийг хараавчлан зогслоо. Эргийн  мөсөн овоолго хахирлаг хүйтэн өнгөөр цайрагнан төмөрлөг жавар цацлана. Алсаас хөх хүдэн хүүшлэн тэртээх их мөрний харзны уур мананг энтээ  хүрэлцүүлж  жаврын үзүүр соронздон илбэднэ. Амьсгалаа түгжин чагнаархахад мөсөн доогуур урсах их усны чимээ л нүргэлэхээс өөр аниргүй. Энэ их усны чимээ  ойртож  энгэр заамаа зад татан садран мэлийтэл урсаж эхлэвэл Эргэсүлийн сэтгэл дотор ч бас отог омогтоо хүрэхийн хязгааргүй хүсэл нь бага ч атугай амилах гээд байлаа. Их мөрний бяцхаан арал эзгүйд нам жим. Эвлүүлж босгоод сар  хагас хэрийтэй болсон өвсөн урц нь жаврын цацлаганд зүүн урагшаа үл ялиг бөхийж орой талаас нь хэсэг өвс үлтрэн унасан нь холоос урцны хаяа сахиад  хэвтэж буй үслэг банхар адил үзэгдэнэ. Бургасаар урц босгож болох байсан хэдий ч бусдын анхаарлыг татах вий гэсэн болгоомжлолоос үүдээд ийн өвсөн оромж зэхжээ. Голын мөсөн дээрх цооног болох нүхнүүдээс усны уур үл мэдэг сүүтэгнэх болов ч  хоромхон зуурт жаварт хүлхүүлчихнэ. Мань хэд модон шонг  мөсөнд зоож    хөндлөн хэлхээс моднууд хэдийг тогтоож олзоо дүүжилнэ. Зэргэлдээх уулнаас түүсэн ганц хормой дүүргэх төдий хөлдүү булцууг мөсний  хонгилд нөөшилжээ. Эргэсүлд цааш туулах зам аян урт агаад хүнс хоол хэрэгтэй тул өдөр бүхэн нэг цооног хийж цөөн ч атугай загас барихыг чухалчилдаг. Анч эр өчигдрийн  зэхсэн   олсоо үзүүрийг нь хөвөн өчнөөн хоногийн туршид сэтгэж гарын ураа шингээн  байн урлаж дуусгасан жижиг авсаархан модон онгоцныхоо хажуу талын налуу хэсгээс гогцоолдон уяж гутлаараа хүчлэн хэдэнтээ жийж сайтар бөхлөж амжив. Эсрэг талынх нь бөөрөнд түрүүчийн адил олс бөхлөж тонгойн харснаа -Ингээд болчихдог л гэж үү. Байгаль далайн эргээр хөлхөх  модочдыг завь хийхийг  харж байсан нь хэрэг боллоо. Өөртөө л бол усан онгоц. Модон завь сал урладаг хүмүүсийн дэргэд бол ичмээр золиг доо-хэмээн үглээд эргэж тойрон нэг харчихаад хэдхэн алхмын цаана очиж суулаа. Усанд хөвөхийн тулд хамгийн хөнгөн модыг олох ёстой хэмээн энэ голын шугуйгаар хичнээн хоног тэнэлээ дээ. Түүнийг бодвол ч их зүйл амжуулж ээ. Гэхдээ л сэтгэл ханах болоогүй. Одоо хэдхэн хоног тэсчихвэл  их мөрөн минь цөн түрэх шинжтэй шүү. Онгоцоо урсгаж   шидийг үзнэ дээ. Тэгвэл болоод л явчихна. Удаан хүлээсний хэрэг бүтнэ. Хангайн  хишиг гол усны буянг хүртэж гол зогоогоод л өдий хүрлээ. Ойрд булууны сүрэг даанч  орж ирсэнгүй. Уг нь юухан байх вэ дээ. Нөгөө цутгалангаас нь тор тавьбал үргээд наашаа хуйларчих л юм бил үү. Ай даа булуу цагааны мах ч өөх л гэсэн үг дээ. Бусад загаснаас хавь илүү амттай нүнжигтэй. Өглөөний зүүд юу байв. Зүүд байв уу эсвэл...Ер нь хамаг хэрэг муурт хүүхнээс л дэгддэг. Хоёр хоногийн өмнөх хэргээс үүдээд бид эндээс дөлж өөр аралд түр буудаллаж их мөрөн цөнгөө түрэхийг хүлээх хэрэг болно. Нүүх ч  юухан байхав. Багахаан ч гэсэн нөөшилсөн загасаа л зөөчихвөл...самуурай  хүмүүс ч аль хэдийн муу нэртэй болсон улс. Хүний  амь бүрэлгэхээс ч буцахгүй. Хар үүрээр эмэгтэй хүн орилох дуунаар өвсөн урцнаасаа уралдан гарвал мөнөөх муурт хүүхнийг гарыг нь ард нь хүлж нүдийг нь боочихсон гурван эр мөсөн дээгүүр чирсээр ирээд толгой хоргодох төдий аргацаадаг өвсөн гэрийг минь нураачих шахсан. Хаанаас  гараад ирснийг бүү мэд ямаан  сахлын үлтэрхий хэдэн таруу  үс нь ам ангалзах бүрдээ ийш тийш сөрвөс сөрвөсхийх нь зохимжгүй үзэгдэх өвгөн самуурай уурссан харцаараа эргэн тойрныг тас ширвэн хөмхий зууж  гараараа нүд нүүрийг минь самардах шахан зангаж дохьж орилж байгаад л ирсэн зүгтээ арилсан. Самуурайн хэлийг  мэддэггүй байсан нь сайн хэрэг. Эхний удаад бөөн шарх сорви биедээ тээж ирсний учир ийм байжээ. Өч төчнөөн хоногоор ор сураггүй болох зууртаа самуурай эрчүүдтэй нөхцөснөөс гарцаагүй гэж Эргэсүл дотроо бодсон ч анч нөхөртөө ганц ч үг ганхийсэнгүй өнгөрчээ. Ийн бодох зууртаа завиныхаа сэлүүр болохуйц мод олсондоо олзуурхан модон завин дээрээ ирж налж суулаа. Энэ их мөс хурдан ханзраасай. Захад нь ч болов хөвүүлээд үзэхсэн. Захаараа мөсөн овоолго нь багшааралдан  их хот суурингийн байшин барилга мэт сүндэрлэх сүртэй. Мөнөөх л Хидааны  хуучилдаг шиг өнгөрсөн зууны алдартай уран барилгачид ирээд зориудаар бүтээж  босгосон мэт гоёмсог мөсний тогтоцууд, сайн ажиглавал   хэвтээ арслангийн дүртэй ч байх шиг, үлгэрт гардаг гайхал лууны зурагийг дуурайсан ч гэлтэй, цас мөс талстлаг гоё хээ, цасан цацагласан цан хүүрэгт баригдсан босоо өндөр хэрэм  Уссур мөрний үзэсгэлэн өвөлдөө л оршиж байдаг ажээ. Их мөсний тэхий дундуур хар судал татан бүрмөсөн хөлдөж амжаагүй их ус мэлмэрч үзэгдэнэ. Хааяадаа цагаан мананд хучигдаад үзэгдэхгүй болчихно. Санаагаар болдогсон бол эгээ л өнөөдөр ч болов модон завиа усанд сойж үзээд сэлүүрдмээр бодогдох ч энүүхэнд. Гэхдээ өөрийнхөө төлөвлөгөөг цаг ямагт зөвтгөж боддог. Хэрэв тийм үгүйсэн бол Хабаровскийн нэг мужид баригдаад хорих газар тийш ачигдах юм уу эс бөгөөс төмөр зам дагаж явсаар хэн нэгний нүдэнд өртөж хаа нэгтээ хоригдож суух ч юм уу ёстой чөтгөр бүү мэд. Өөрийн дур зоргоороо хоног хорвоог элээж тэнхрээд авах чинь сайн хэрэг. Амур мөрөнд тулж очоод мэгдэхдээ анч нөхөртөө -Эргэж буцья эндээс жаахан холдоод сайн бодож төлөвлөж байж шийд гаргая. Ер нь мөс ханзрахыг хүлээж усан замаар Монголын газар нутаг руу нэвтрэх нь илүү осол аюул багатайг хэлэхэд хамгийн их эсэргүүцсэн нь муурт хүүхэн. Бүсгүй хүний эв зүйг олно гэдэг бараг л насаараа ганц бие явсан хүнд ахадсан зүйл гэдэгт итгэсэн Эргэсүл муурт хүүхний бүх зүйлд ус балгасан мэт дуугүй байхаар шийдсэн.

Уссурын мөрний өвөл нам гүмдээ ноёлуулан чимээ чийргүй байсан авч ойрд үүгээр түүгээр хүмүүс явах бараа харагдаж ганц нэг цутгаланд загас барих тор байрлуулсан зэрэг нь мань мэтэд айдас төрүүлж эхлэв. Үүрийн гэгээ тодрохтой зэрэгцэн босож гадагшилсан Эргэсүл нүүж холдохоор шийдлээ. Анч нөхөр нь шархны халуундаа дэмийрч ухаан санаа нь  самуураад өндийж дийлэхгүй болсон байв. Арга ядсандаа өвсөн урцаа нурааж мань эрийг хэвтээгээр үлдээгээд муурт хүүхнийг дагуулан голын эрэг дагаад өдөржин алхсны эцэст сая нэг армаг тармаг одой модод бүхий эзгүй арал оллоо. Түрүүчийн адил гурван хүн өлхөөн шургаад хэвтчихэж дөнгөмөөр өвсөн урц барьж зэхэв. Муурыг дулаахан хонуулж амжихуйц жижиг өвсөн оромж ч барьж амжлаа. –Эндээс хаашаа ч явж болохгүй шүү. Унтаж амарч байхад л чи маньд тус болчих гээд байна хэмээж муурт хүүхнийг үлдээгээд шөнө хагаслаад хуучин буурь луу очлоо. Нарны туяа уулын орой өнгийж байхад Эргэсүл хэдэн хэлхээ загас, өцөөхөн бөндгөр булцуугаа зөөж амжаад модон завиа бургасны төгөл рүү чирч байрлуулав. Цасны хунгарыг том томоор нь ховхлон онгоцоо халхалж дөнгөөд бургасны мөчир гишүү, өвс тэргүүтнээр далдалж нууж чадлаа. Энэ нь хэдийгээр амар хялбар ажил мэт боловч хоёр өдрийг өлхөөн зарцуулжээ. Сая нэг амсхийж загасны шөл буцалгаж уугаад шинэхэн босгосон өвсөн урцандаа толгойгоо шургуулаад л нам унтаж орхисон хэрэг. Нэг л мэдэхэд нар дээр хөөрчээ. Муурт хүүхэн ч бараа алга. Анч нөхрөө авчрахаар бартаа саадыг бараадасхийн алхаж хүрвэл хуучин бууринаас нь тун холгүй хүмүүс буурилжээ. Хайш яайш барьсан бургасан оромжны үүдэнд утаа баагиж байв. Ачаа бараа нь овор ихтэйг бодоход явуулын загасны отог бололтой. Харуй бүрий болохтой зэрэгцэн нөхрөө тэр хавиас сугалж авах хэрэгтэй байлаа. Үүнийг тулд өдрийн хугасыг тэднийг ажиглаж өнгөрөөв. Ажиглалт тандалтын эцэст анч нөхрөө өвсөн дороос сугалан чирч үүрсээр модон завиныхаа нэг буланг дулаалж тохилог хэвтүүлж амжаад сая зүрхийг чагнавал бүдэг ч гэсэн цохилж байлаа. Өдөрт зохих давтамжаар ургамлын ханд бэлтгэж уулгасаар арав хэрийн хоногийн хойно анч нөхрөө үхлийн хитгээс мулталж амжсан байв.

           Эргэсүл Бүтэнг шоронг орхисноос хойш чамгүй хугацаа өнгөрчээ. Эгээ л зовж зүдэрч байгаагүй мэт хийморь зол сэргэсэн байв. Агуйн амаар хүүгэх салхины эрч эрс нэмэгдэж цасан ширхэг хаа сайгүй бужигнан өвлийн ааг шаагина. Бүх зүйл цасаар урлагдаж цаснаас босоод ирчихсэн мэт. Агуйн амаар алсыг хараавчлахад их тайга бас түүнээс цааших тайга л харагдана, бодогдоно. Тайгад өвөл ингэж л ирдэг. Агуйн буланд дахь баавгайн дахь зугуухан сөхөгдөж анчин С өндийн, -Жинхэнэ ангийн  улирал ингэж л эхэлдэг дээ гэхэд Эргэсүл -Хоёулаа жаргах цаг тулаад ирчихлээ шүү хэмээн хүг хүг инээж суулаа. Баавгайн дахаа нөмрөн хөлөө завилан хүглийн суух С хөмсгөө атируулан энэ тэрийг тунгаан бодох мэт болсноо-Ахмад Шнайдерийн золбингоос нэг боллоо. Энэ муурт хүүхнийг эртхэн учрыг нь олсон бол өдийд урц гэртээ тухлаад хав загасны шөл оочлоод тамшаалж суух байлаа гэв. Эргэсүл анч С...ийн зүг алгуурхнаар хараагаа шилжүүлж-Одоо хоёулаа энэ хүүхнийг үзэн ядахаа больё. Өвгөн эмчийн ач тусыг бид амьд явах хоногийнхоо тоогоор бодох болно. Чи бид хоёр яахав. Хоёр хүүг минь муурт хүүхэнтэйгээ холбогдуулан засаг захиргаанд дуудах вий дээ гэхээс яс хавталзаж байна. Том хүүгээ дүүгээ дагуулаад ирээрэй гээд хэлчихсэн

          -Дүү нь зутрана даа

           -Хэ хэ тайгад төрсөн хүн ч шөрмөстэй халуун цустай шүү дээ. Хань бүл гэж оносон юм байхгүй хүн  анчин жинхэнэ анчин л болдог юм билээ. Ийн ярьж  байхад Эргэсүлийн хоёр хүү эцэгтээ ангийн шинэ шөл уулгахаар авд мордож байлаа. Энэ үест муурт хүүхний тухай яриа тайгаас хальж талынхны цайны хов  жив болж салхинаас хурдан тархаж байв. Есөн зарийн агуйг зорьж хувь тавилантайгаа тэмцэлдсэн хүмүүст бүхий л замыг явган туулахад тийм ч амар байгаагүй. Орголт багийнхны хувьд хүнтэй тааралдана гэдэг араатантай тааралдахаас ч дор явдал байв. Ахмад Шнайдер ч энэ бүхнийг тооцоолж замаа хөөсөн. Түүний зөв. Ахмад Шнайдерийн алдарт төлөвлөгөөний ачаар бид амь мултарсан. Сахалины арал, Стоходын намагт цөлөгдсөн бол үхэлтэй учирснаас өөрцгүй. Ахмад Шнайдерийн яриад байдаг Берингийн хоолой ч ялгаагүй. Бид нэвтэрч чадаж гэмээн хүний нутагт нэг ч алхам явж чадахгүй. Ахмад Шнайдер маань бар баавгайн нутгаас амьд гарсан болов уу...Шийртэй л эр дээ. Нутаг гацаандаа очсон нь л гарцаагүй...Эргэсүлийн бодлыг согоо буганы хуухирах чимээ тасалдууллаа. -Өө Зэгзээ хүрээд ирээ юу хэмээн үглээд үүд рүү харахад багавтар биетэй согоо зогсож  үзэгдлээ.

            Манай орголтын багийн тогооч хүүхэн бид хоёрт огтхон ч ам нээхгүйгээр үл барам эгцэлж хардаггүй байж билээ. Орос хүнээс тэс өөр төрхөнд нь инээмсэглэл ч үл тодроно. Доод отогийнхон өрөвдөөд түүнд нэг урц шүү юм барьж өгсөн гэнэ лээ. Яажшүүхэн хоногийн  өл залгуулж амьдардаг юм бэ ёстой чөтгөр бүү мэд. Муураа тэврээд хаа хамаагүй тэнэж явна хүн харахаараа дальдисхийн цочоод л зүг чигээ өөрчлөөд алхчихна. Ийм зан авиртай болохоор нь л хөөрхий эцэг нь амгалан тайван орон луу явуулахыг хүссэн биз дээ. Олон мөрний уулзварыг  гатлаж хоёр хоног явсны хойно нэгэн өнчин янзагатай таарсан юм. Бутны нөмөрт цасан шуурганаас ч бяцхан биеэ ч  хамгаалах тэнхэлгүй шахам нүцгэн  амьтан хошуу нь цантчихсан хэвтэж байж билээ. Сул хар  өнгөөр тунарсан нүднийх нь харц өршөөл эрэн мэлтэгнэж хөёр бөөр нь түлхэлзэж хүүхдээр бол бүлээрсэн гэлтэй харагдсанд өрөвдөхдөө хаяад явчихаж чадахгүй тэврээд хааяадаа хөтлөөд л мөн чиг урт зам холын аяныг хамт туулсан. Халуун зунаар сибирийн анчин С...могойд хатгуулж халуурч ухаан мэдрэлээ алдлаа. Хичнээн бодлоо ч аврах арга ердөө санаанд орохгүй. Хаа нэгтээ татвалзахаас өөрөөр хариу үйлдэлгүй болсон нөхрөө хараад хий л дэмий мэгдэхээс өөр зүйлийг хийж амжихгүй байв. Өршөөгөөрэй гэж хэлээд нүдээ тас аньж бүх зүйлийг мартагнаж байгаад л янзаганыхаа гүрээг тас хазаж амандаа дүүрсэн цусыг шууд л түүний аманд дамжуулаад юүлчихсэн хэрэг. Янзагаа үхчих вий гэж өрөвдсөндөө хамаг бие жихүүдэст автаж  арай чамай  босож тэвэрсээр горхины хөвөөнд очиж цус болсон цээжин биеийг нь  усаар угааж удаан шавшиж цусыг нь тогтоож амжаад шархны шар цэцгийг ихэд зузаан зулж тэвэрсэн. Муурт хүүхэн бусад нөхөддөө өчүүхэн төдий ч нэмэр тус үгүй учраас холхон зайд бутны нөмөрт ногоорч байв. Анч нөхөр минь урьдын адил огт хөдөлгөөнгүй. Мань хоёр түүний дэргэд сууж царайг нь багцаалдан ажих зуурт янзага өвөр дээрээс зүтгэж буугаад турь муутай хөлөөрөө газрыг арай чамай онож ядан чүүчигнэн алхсаар тулж очлоо. Могойд хатгуулж гуталдаа багтахаа больж банхайтал хавдсан  өвдгийг нь үнэрлэснээ хамар нь шуухиран ухрав. Ус гүйсэн туниа муутай нүдээрээ мань хоёрыг ээлжлэн харснаа биеэ зайчлан тойрч нүүрэн тушаа нь очиж үнэрлэх төдий болоод хүнтэй адилтгавал ихэд гуниглаж байгаа гэмээр удаан зогсоход нь очиж янзгаа элгэндээ тэвэрч холдож суулаа. Хааяа  чихээ ойртуулж янзаганыхаа зүрхний цохилгыг чагначихаад л анч нөхрөө нэг удаагийн сорилтоос эсэн мэнд эргэж ирээсэй гэж дотроо битүүхэндээ залбирч  харуй бүрийтэй  залгалаа. -Харанхуй ч боллоо хоёулаа түүдэг асааж гэрэл гаргана аа чиний минь цусны үнэрээр ах чоно шогшоод ирчихэж мэднэ. Юу л болоод байна даа хэмээн үглэсээр сая түүдгээ асааж гэрлийг нь бараадан суув. Модны оч үсэрч хувцсыг минь түлчих гээд амар заяа үзүүлэхгүй. Хорих газрын эмч өвгөний өгсөн нэг ээлжийн хувцас хагас жилийн дотор нэлээдгүй хуучирч сэмэрхий самархайн туйл болсон хэдий ч мөр минь бүтэн л байлаа. Ард хэн нэгэн яраглах чимээнээр эргэж хартал өнөөх нөхөр минь ухаан орчихоод мөлхөөд ирчихсэн шуухитнасанд сэтгэл амрах талдаа болов. Удалгүй тэнгэрийн хаяа аажмаар сөхөгдөж цагаан гэгээ саруулсаж орчлон ертөнцийн нэгэн өглөө ингэж ирэв. Тэр өдрийн үд хэвийхийн багцаанд анч нөхрийн бие эрс дээрдэж цааших холын замын аяны уртыг хугаслахаар алхаж явахдаа  энэ дүрслэлийг эргүүлж бодоод насаараа буга согоо авлахгүй гэж мань хоёр андгай өргөж билээ. Даваадуулж хэлдэг хүнийхээр бол савх мэт шулуухан нарийхан хөлөн дээр тогтож  ядан чүүчигнээд турь муутай түшээд л авмаар санагддаг байж билээ.

          Салхи шуурганы үзүүрээр л  сөгдөх эмзэг хөөрхөн  амьтан байсан бол одоо цүндийсэн намрын гоо үзэмжит согоо болох төрхөө олжээ. Энэ өвөл хаврыг л тайгад элээж амжвал тэгээд л энэ  тайгын эзэн согоо болох нь дээ гэж бодохтой зэрэгцэн Хэй...хэй...хэй... гэх хүүгийнх нь дуу хүнхэр тайгыг  цуурайлан ой моддын шуугианыг түрж байлаа.

         Нуурын мөс захаараа овоорч усны долгио татраад дуу чимээ намссан ч хэц дээрээс ажвал  хар ногоон ус  аймшигтайгаар хүрхрэн эргэлдэнэ. Мөсөн хавтангууд шахцалдан хөвж зарим хэсэгтээ сүр бараатайгаар овоорно. Усны зах хөвөө битүү мөсөн гадарга үүсч хамаг л өвс ургамал барьцалдан хөлджээ. Байгаль  нуурын эрэгт анчдын урц хэд гурваараа зэрэгцэн буусан нь өвлийн  улирал хэзээ мөдгүй айлчилж  буйг илтгэнэ. Загасны отгийнхон голцуу үүгээр буудаллах бөгөөд баавгай болоод том товиур биетэй амьтдын  анчид  нуурын эргээр хавьтах ч үгүй холуур отоглоно. Үүгээр түүгээр хэсүүчлэн явагсадын ихэнх нь их усны хишиг өгөөжийг бараадан амьдралаа залгуулж өл хоол хайж яваа хүмүүс авч хот суурин гацаа руу олзоо зөөж овоохон хэдэн зоос халаасалж илүү ихийг олохыг хичээгчид мөн энд бий. Энэ олз хайгчдын зөөсөн амьтан бүхнийг хойд хотуудын оршин суугчид хоол хүнсэндээ хэрэглэж даджээ. Ан олзоо ганзаглаад ачаад дуу шуугүйхэн мөрөөрөө гэрийн зүг гэлдрэх анч эрс бол жилдээ ганц хоёр удаа л энд ирнэ. Тэдний ганц удаагийн олз ам бүлийнх нь хоолны жийрэгт хагас жилдээ өлхөөн хүрэлцэнэ. Үргэлжид  их усны хөвөөг сахигчид бол  мөнөөх олзонд шунагч наймаачдын гар хөлийн үзүүрт олзыг нь залгуулдаг хөлсний нөхөд. Тэд ихэнхдээ л гэм зэмгүй мөрөөрөө өл хоолоо залгуулдаг эрчүүдийг хөөж тууж загнаж хэл ам дагуулж шуугиан дэгдээнэ. Олзоо л харамнаж буй тэднийг хэрхэн буруутгаж болох билээ. Эргэсүл отог омгийнхоо хүүхэд хөгшдөд хоолны жийрэг нэмэр болох багахаан олзны төлөө л энд ангийн улирал эхлэнгүүт ирнэ. Ангийн отогтоо дөрвөөс дээш хүн явах агаад багахаан л олзны төлөө явдаг. Отоглоод хориос дээш хоногийг энд өнгөрөөгөөд л буцахын түүс болно. Тэднээс бусад нь ихэнхдээ суурингийн загасчид далайн ан эрхлэгчид бөгөөд тохь тухыг илүүд үзнэ. Түр буудалласан урц оромжуудыг ялгаварлан ад шоо үзэх нь энүүхэнд.../Үргэлжлэл бий/

 

Зохиолч Ч.Дагмидмаа

ХАНСУРЫ ГОРХИНЫ ШИВНЭЭ /1-р хэсэг/

ХАНСУРЫ ГОРХИНЫ ШИВНЭЭ /2-р хэсэг/

ХАНСУРЫ ГОРХИНЫ ШИВНЭЭ /3-р хэсэг/

ХАНСУРЫ ГОРХИНЫ ШИВНЭЭ /4-р хэсэг/

ХАНСУРЫ ГОРХИНЫ ШИВНЭЭ /5-р хэсэг/

ХАНСУРЫ ГОРХИНЫ ШИВНЭЭ /6-р хэсэг/

 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл үлдээхНийт: 8

  • Зочин 202.55.188.xxx

    Баярлалаа

    • 2019-05-27 13:30
  • Зочин 202.55.188.xxx

    bayarlalaa

    • 2019-05-26 23:11
  • Зочин 202.55.188.xxx

    uneheer taalagdlaa

    • 2019-05-26 23:09
  • Зочин 202.55.188.xxx

    Баярлалаа

    • 2019-05-26 23:07
  • Зочин 202.55.188.xxx

    Ёстой гоё зохиол таалагдлаа

    • 2019-05-26 23:04
  • Зочин 202.55.188.xxx

    Хачин сайн зохиол

    • 2019-05-26 23:01
  • Зочин 202.55.188.xxx

    Янзтай өө

    • 2019-05-26 22:59
  • Зочин 202.55.188.xxx

    Баярлалаа

    • 2019-05-26 22:58

Санал асуулга

Үндсэн Хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжиж байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ