Шуурхай мэдээ



Зүүдний гуйлга /Д.Сосорбарам/


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2019-05-27 17:02
  • 0

Тэнгэрийн хаяанд эхэлж ассан цог

Түрүүчийн гялаан одод минь дээ

Чамаас би зүүд гуйя

Чамаас би зүүд гуйя

Гэгээн зүүд надад хайрлаач

Бүлээн зүүд над дээр асгаач

Араг үүрсэн ижийг минь

Зэрэглээн дундаас ургуулж

Ааруул үнэртсэн энгэрт нь

Зөрүүд хүүг нь наалгаач

Зөөлхөн халуун амьсгаанд нь

Сэвлэг хөдөлгөн зүүдлүүлж өгөөч

Цахиур манан уулсын оройд гөеөдсөн

Цаазын элч шиг хавирган сар минь

Чамаас би зүүд гуйя

Чамаас би зүүд гуйя

Гэгээн зүүд надад хайрлаач

Бүлээн зүүд над дээр асгаачээ

Адууны цагаан тоосон дундаас

Аавыг минь морьтой нь торойлгооч

Дөрөө амгай шигширгэм

Дөмөн хумин уяан дээр буулгаач

Чөдөр барин над руу ирүүлээд

Чөмөг шархиртал ороолгуулж өгөөч

Хагас дүүрэн байдаг хэлтгий заяанд

Хатуу нь дэндүү хорвоо минь дээ

Чамаас би гуйсны учир

Чамайг би аргадсaны учир

Алтан эгшиг надад хайрлаач

Амин хишиг надад өгөөч

Агаарах үүрийн хүйтэн хяраанаар

Амандаа халуун сүү болгооч

Ахиж төрсөн юм шиг

Сэрж нэг үзмээр байна

Өрөмт нуурын ангирт өглөө

Өрцөндөө нулимстай сэрж нэг үзье дээ


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Үндсэн Хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжиж байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ