Хорь орчим өдөр олсон олз нь мань хэдийн хөтөлгөө зарь, морь тэргүүтэнд хангалттай ачаа болчихно. Өдөр бүхэн ээлжээр урцаа манана. Урцаа эзэнгүй үлдээвэл олзонд шунагч шунахай этгээдүүд буулгаад өлхөөн ачаад явчихна. Бага зээхнээр цуглуулж буй үмх олзыг нь хуурайлахдаа бусдыг өрөвдөх сэтгэл тэдэнд огтоос төрөхгүй. Тэднээс хэн нэгнийг энэрэх хайрлах нигүүсэх үзэл төлөвшил олж харахад амаргүй. Умардын хотууд даяараа жижиг зээлийн газрууд эрэг хавийн эрчүүдийн олзны тэн илүү хувийг тэнд эргэлдүүлнэ.Өвлийн турш агнасан амьтдынхаа арьс шир, эвэр туурай, эрх дархтангуудад өндөр үнэд хүрэх эд эрхтэнг чухам энд л зарж борлуулна. Аз сорих дуртай явуулын наймаачид ч хааяа ирнэ. Ахиухан олз л олж байвал юу ч хийхээс буцахгүй дунд гарын наймаачид ойролцоох тосгоны бүсгүйчүүлтэй түр гэр бүлж болж амраглах нь ч энүүхэнд. Их усны хөвөөг шүтэж амьдрагсадын хагасаас илүү хувь нь эрчүүд. Тэд Тэнгисийн хүйтэн агаарт алгадуулан өнжих авч олзоо багтааж аагаа дарж дийлэхээ больсон ганц нэг согтуу наймаачид загасны гэдэс арилгах, нүд цуглуулах, жижиг сажиг ажилд туслах охид бүсгүйчүүлийг өдөж хоргоон зарим нэгийг нь халуун хэвтэртээ дарж өнжихөд ч гайхах зүйл огтоос үгүй. Зоос мөнгө ахиухан олох хүсэл шуналыг дагуулсан худалдаачид олноороо цугласан газар завхай явдал хэрээс хэтэрдэг бичигдээгүй хуультай. Тэд ихэнхдээ л амар хялбар аргаар баяжихыг хүсэгчид, дарангуйлалыг үйлдэгчид агаад хөлсний ажилчид гэж нэрлэх бусдын алгыг өөд харуулах нь ховор тул ажлын багаахан хөлс энэ тэрхнийг нэхсэн хүмүүс хэрэг мандаах нь энүүхэнд. Ихэнхдээ л хөлсний ажилчдын буруу болж хувирна.
Эргэсүлийн ээлжтэй өдөр агаад тэрээр үүр цайтал сүүжээ амраачихаад өндийж манаж хоносон галаа сэргээхээр зэхэж суутал хүмүүсийн дуу гарч урцны үүд огцом сөхөгдлөө. Бууны ам нь сэрийлдсэн хоёр гурван хүн орж ирснээ орос хэлээр тушаал өгөн бууныхаа бөгсөө нуруунд эгээтэй л зоочихсонгүй. Эргэсүл гайхасхийн зогтуссан авч түүнд буу байсангүй бөгөөд ядах нь ээ олигтой гишүү ч гарын доор байсангүй. Хэрэв буу байсан бол тэдэнтэй нэгийгээ өлхөөн үзэж амжина. Анчдын урцны дунд зогссон бүхээгтэй том машиныг чиглүүлэн тууж машины тэвшин дээр суухыг шаардлаа. Мөн нэг эрийг дараагийн урцнаас тууж ирээд надтай зэрэгцүүлэн суулгав. Буутай хүмүүс бидний араас үсрэлдэж машины тэвшин дээр сууж машин хөдлөв. Өдрийн турш явсны эцэст сая нэг машин зогсож буутай цэргүүд ачигдсан хүмүүсийг буулгаж хашиж туусаар цонхгүй өндөр байшинд орууллаа. Эхний өдөр бидний хэлэн дээр хэрчим ч зүйл тавьсангүй. Хийсэн хэрэг мэдүүлсэн зарга үгүй тул эхний өдрүүдэд их л маадгар байж билээ. Гэтэл хоромхон зуурт асуудал бишдэх тийшээ хандлаа.
Дараачийн өдрийн үд алдад хоосон шахуу зэлгээхэн шөл хавтгай тавгаар хүн бүхэнд тарааж багахан өл залгалаа. Юу болоод байгааг мэдэх хүн тэнд нэг ч алга. Асуусан ч хариулах хүнгүй. Ийнхүү арав шахам хоног хоригдсоны эцэст ахин мөнөөх бүхээгтэй машинд суулгаад хаашаа ч юм авч явлаа. Зүг чиггүй газрын баримжаа ч байхгүй. Нэг шөнө биднийг буулгаж эзгүй шахам байшинд яг мал мэт хашсан юм. Оргож амжитлаа хорвоогийн хоног өдрийг чадан ядан элээсэн мөнөөх чөтгөрийн хүрээлэн тэр байсан юм.Тэнд зодуур нүдүүр, дэглэм харгислалын туйлыг үзэж байлаа. Мань хэдээс өмнө ачигдаж очсон нэг эвенк хүн байсан авч оргохыг санаархсан хэргээр хоригдлуудын нүдний өмнө буудуулсан. Яг цохондоо буудуулсан хүн чанх доошоо гулзайн их эвгүй унадаг . Ан амьтан л үхэхийг харж явсан болохоос тийм зүйл урьд өмнө харж байгаагүй мань мэтэд их л аймшгийн санагддаг байсан ч зовлонт хориондоо дорхноо дасчихдаг юм билээ.Харуул хяналт үргэлж чангарч өөр хоорондоо ярилцахыг ч огт зөвшөөрөхгүй. Аз таарч мань мэт нь хамгийн сүүлчийн ачилганы хүмүүс болж ахиж хүмүүс ачигдаж ирсэнгүй. Хоёр жил хагас орчмын дараа шоронгийн дэглэм харгислал буурч арай дөнгүүр гэлтэй болжээ. Ахмад Шнайдерийн хамт нэг өндөр Герман эр ирсэн нь жинхэнэ яргачин эр байв. Түүний дэглэм харгислалын хамгийн зэрлэг нь дэглэмээр санагдсан нэгнийг алгаараа шоронгийн шалыг хүчтэй тулж бай гэж тушаагаад хүчтэй дэвсэлж гутлынхаа тахаар үрчинэ. Үүнийг тахан бүжиг гэж нэрлэнэ. Түүнд ингэж дэглүүлсэн олон эрчүүдийн гарын салааны яс цуурч сарвуугаа атгахад өвдөж ихэд зовиурлаж эдгэтлээ л түүнийг дотроо битүүхэндээ зүхдэг байсан гэж хожмоо ярьдаг байв. Эргэсүл яргачин эрийн дэглэм харгислалд өртөж гарын сарвуугаа бяцлуулснаа хэнд ч хэлээгүй билээ. Бяцраад эдгэхдээ нэгэн жижиг яс дотогшоо товойж эдгэсэн нь эхэн үедээ тээртэй зовиуртай байсан боловч аажимдаа анзаарахаа больжээ. Хянагчдын эзгүйд тэр бусдыгаа бүгдийг нь дэвсэлж цохиж унагааж доог тохуу хийнэ. Өглөө болоход арваас дээш тооны хоригдлууд үхсэн хүүр болсон байхыг нүдээрээ үзэж дотор шархирна. Тоогүй олон удаагийн орголтууд амжилтгүй болж толгойлогч санаачилсан хэргээр нэгээс хоёр хүн тогтмол буудуулдаг болов. Аз таарч буудуулахгүй үлдэх чадавч баярлах зүйл бараг л болохгүй мөнөөх алдарт дээд газрын тушаал нэрийн дор удахгүй сураг алдарна.Орголт бүхний алдааг тэмдэглэж дүгнэлт хийдэг байсан гэж Ахмад Шнайдер дараа нь хуучилж билээ.Ахмад Шнайдерийн найз гэх өндөр нуруутай хүйтэн царайтай яргачин эрийг нэгэн шөнө хэн нь үл мэдэгдэх нөхөр амийг нь таслаж амжсан байв.Түүний хоёр нүдийг ухаж гарынх нь алгыг сарвуу бүрээр нь хугачин тэр гэхийн тэмдэггүй цус нөжинд нь хутгасан байсан нь мөнөөх л тахан бүжгийнх нь үйлийн үр хариу түүнийг нэг шөнө оносон бололтой. Хүн үхэхэд бусад хүмүүс баярлаж байгааг Эргэсүл анх удаа тийн үзэж билээ. Хоригдлуудын өглөөний цай болох зүсэм талхны тараалтын үеэр түүний хүүрийг гулзайтал чирч явахыг харсан юм.
Өмнөх өдрүүдэд өглөө чирч одох нөхдийнхөө хүүрийг харж дийлэхгүй бүгд харцаа буруулдаг байсан бол яргачин германыг хүүрийг далд ортол нь харцгааж ямар нэгэн байдлаар зэвүүцэж буйг илэрхийлж байв. Хоригдол эрсийн ихэнх нь ингэж нэг зовлонт эрээс хагацаж амсхийв. Хааяахан гарах аллага таллагын гэмт хэрэгтнүүдийг олж толгой дараалан устгадаг бага нар яргачин эрийг устгалд оруулсан гэмт хэрэгтнийг огтхон ч хайгаагүй агаад хэн нэгнээс асуусан ч үгүй нам жим өнгөрч билээ. Тэр яргачин эрийг бүтээгч тэнгэр нь буцааж аваагүй байсан бол тэр шоронгоос амьд хүн бүү хэл амьд ялаа ч үлдэхгүй байсан гэж манайхан ярьдагсан. Тэр яргачин эрийг хүний зүрх иддэг гэцгээж шөнөдөө төчнөөн зүрх иджээ гэж үхсэн хүнийг тоог өгөхдөө сэмхэн шивнэлдэж айдасын харцаар түүний үйлдэл бүрийг дагуулж харцгаана.
-Ердөө орчлон ертөнцийн муухайг харж мууг сонсох гэж булайг мэдрэх гэж нүд, чих, зүрх сэтгэл заяасан гэлтэй он цагууд байв.Бүтэнг шоронгоос оргосон эхний сард үргэлж л айдаст автаж таагүй цочсон үргэсэн хүмүүс. Хаа нэгтээгээс хэн нэгэн гарч ирээд буудчихна гэж бодохоор өлсөх ядрах мэдрэмжүүд арилчихдаг байв. Ахмад Шнайдер л огт айхгүй. Өөрийнхөө төлөвлөгөөнд ингэтлээ итгэсэн хэрэг л дээ. Бас л учир битүүлгээр Бүтэнг шорон луу ачигдсан уу аль эсвэл гэдгийг Эргэсүл огт мэдэхгүй. Хоригдол ачиж явсан машинаас хоёр хоригдол үсэрч зугтаад аз болж бууны суманд оногдохгүй арилснаас үүдээд хайхаас залхуурсан ахмад,-Энэ далайн эргээр анчид байгаа. Тэднээс хоёрыг ачиж хоригдлын тоо гүйцээнэ гэж тушаасныг гагцхүү хувь тавилан л гэрчлэх бөлгөө. Хүн өөрөө мэдэхгүй зөвхөн хувь тавилан эсхүл хүнийг бүтээгч тэнгэр л мэдэх зүйл хорвоо ертөнцөд олон болж өнгөрдөг ажээ.
Эргэсүлийн бага хүү эцгийнхээ өвдөгийг түшин сууж-Манай отгийнхон таныг баавгай хоол болсон нэг бол алмасын хамаатан болсон гэж таамагладаг байлаа шүү дээ. Мань хоёр таныг цасны нурангид өртсөн болвол олчихож болмоор лих хэрэн тэнэсэн дээ гэхэд-Аавд нь тийм зүйл тохиолдсон бол хавьгүй дээр байсан юм даа хэмээн хүүгийнхээ толгойг өөртөө нааж үнэрлээд санаа алдав.
Анч эрс Есөн зарийн агуйдаа бүтэн жил шахам аж төрж амь зуув. Үүр цүүрээр л Эргэсүл агуйгаас гарч оддог заншилтай болсон бөгөөд хаана юу хийж өдрийг бардгийг Сибирь анч огт мэддэггүй асуудаг ч үгүй байлаа. Хамт уул хөвчөөр явья гэсэн боловч Эргэсүл зөвшөөрсөнгүйд баавгайн дахан доороо нугдайн хэвтэж унтсаар элдэв зүйлийг бодож өдөр хоногийг бардаг байв. Үргэлж шахам тайга нутгийнхаа дууг амандаа аялж зүгээр суухыг огтоос мэдэхгүй эцгийгээ л эсэн мэнд хүлээж байгаасай гэж унтах сэрэх болгондоо залбирна.Хүүхэд байхаас л эцэг нь өдөр бүхэн уул хөвчөөр ан олз хайн тэнүүчилж гэр байшиндаа бараа нь харагдахгүй. Хойдуудын зоорь болох жижиг модон байшиндаа хамаг зүйлээ хадгална. Газраас хүний мөрний хэмжээтэй өндөрт модон байшингаа байрлуулна. Ингэхдээ дөрвөн тулгуур баганыг газарт сайтар шигтгэн суулгаж дээр нь байшингаа үргэлжлүүлэн угсран барина. Нүүдэлчин анчин омгуудын хоол хүнсээ газарт хадгалахгүй тэнгэрт ариун байлгах гэсэн зан заншлаас эхлэлтэй. Тэрхүү байшинд нэг ч ширхэг хадаас төмөр мэтийн зүйл ороогүй бөгөөд бүх зүйлийг нь мод болоод модтой холбоотой эдээр бүтээсэн. Хүүхэд байхад эцэг маань хааяа тэр зоориныхоо түлхүүрийг өгөөд ямар нэгэн юм захихад хүү ихэд айдаг байжээ. Дөрвөн тулгуур багананд итгэхгүй байснаас тэр. Хаашаа ч хамаагүй найгаад нураад уначих юм шиг санагддаг байж билээ. Тэрхүү зоорин байшинд ёстой хүний хүүрнээс бусад бүх зүйл бий. Амьтдын толгой, эвэр туруу, арьс хөдөс, эмийн ургамал, жимс, хатаасан загас, ангийн махан борц, ангийн болоод загасны тос өөх, загасны түрс, ангийн буу, анчдын өвөл зуны хувцас хэрэглэл, мужаан дархны багаж, жимс, самарны архи дарс мэт тоймгүй их зүйл байх авч эмх цэгцтэй гэж жигтэйхэн. Эцэг маань зарим шөнө зоорин байшиндаа хонодог байсан нь ийм л учиртай ажээ. Доошоо газар луу орох нарийхан модон хонгилтой бөгөөд тэнд модон торхтой дарс архи зүүнэ. Дарс архийг олон жил эсгэж дарж маш хүндтэй зочноо дайлдаг тул эцэг маань тэр хонгилыг онгойлгож байхыг би хараагүй юм.Миний мэдээ орохын л эцэг бид хоёр хоёулхнаа аж төрдөг байв. Арван гуравны жил орохын багцаанд Жимст тайгын анчин Сэврээгийн отогт намайг дагуулан очиж ангийн отогт оруулж билээ. Жимст тайгын анчин Сэврээ хаа нэгтээ л манайд ирдэг миний цорын ганц танил байв. Сэврээ ирсэн шөнө эцэг маань модон зоориндоо ороод удаж удаж гарч ирээд намайг үтэр түргэн унтахыг шаардана. Одоо бодоход тэр хоёр шөнөжингөө энэ тэрийг хэлэлцэж самрын архиа сөгнөдөг байсан биз дээ.Дараа өглөө нь эцэг минь нэг их сайхан зантай болчихсон үүгээр түүгээр гүйх нь холгүй энэ тэрийг амжуулж намайг хоёр суганаас минь өргөөд дээш хөөргөж тоглодог байж билээ. Жимст тайгын анчин Сэврээгийн өрөөсөн нүд л солир болохоос бус их сайн хүн гэж яриад эцгээсээ суран ташуурын шан хүртэхдээ их жаахан байжээ гэх бодлыг нь Эргэсүлийн хүү орж ирэх чимээ тасалдууллаа.
Сарва эхийн хойд дүр гэмээр хүн бүхэнд л чадлынхаа хэрээр тус дэм болж хамаг байдгаа л урдаа барьж явдаг хазгар Сумсоо эмгэн гэсэрбэнгэ түүж хоёр хүүгээр өгүүлсэн байж билээ. Тайгад эр хүнийг бүтээсэн аварга хүн оршдог бөгөөд түүнээс л хар навч ургаж хар ус урсдаг. Хар навчийг нь хүртсэн эр хүн бүрмөсөн бие махбодь нь эдгэдэг. Хар усыг нь олж уувал хүмүүс мөнх наслана. Хар усыг нь олохын тулд тайгад амьдрагч хүмүүс үргэлжид нүүдэллэдэг гэлцэнэ. Эцгийн отог омгоос өөр отогт омогт бэр болж очсон бүсгүй хүн эр нөхрөөсөө урваж эцгийнхээ отогт гүйж ирвэл аварга хүн шөнөд нь авчихдаг. Ахиж тэр отог омгоос бүсгүй хүн бэрд сонгогдохгүй болж омгоороо бузартдаг хэмээх домгийг Эргэсүлд омгийн ахлагч удган эмгэн ярьж өгдөг байжээ. Тайга нутгийнхний тухайд гэсэрбэнгэ хэмээх энэхүү шидэт ургамлын ач тусыг бэртсэн агаад ядарч хий тамираа алдсан эр хүн бүхэн л хүртдэг. Дөрвөн үеэ үзсэн эмгэн хүн л дүүрэн сарны гэгээн дундуур амьтдын үүрэнд сүүдрээ тусгалгүй ганцаараа хүрч очоод өвсийг гуйж авдаг заншилтай. Өвдсөн хүнийхээ нэр жилийг хэлж гуйж авдаг агаад өөр хүнд өгвөл ач тусаа өгөхгүй. Мөөгөн хүрээ мэт гилбэртэн ургадаг. Гомдож сэвтвэл тэр газраасаа ахин ургадаггүй гэлцдэг. Гэсэрбэнгэ хүртсэн буга хандгайн замд бүтэн мөчиртэй мод үлддэггүй гэж шагшин ярьцгаана. Шидэт өвсний чадлыг хүртсэн анчид тайгад лавссан цасны тавдахь тохиолоор таширлаж омгийнхоо галд ангийн хүртээгч тэнгэрээ даатгаад Сибирийн гүн рүү ангийн отог үүсгэн мордож билээ.
Аньс хүүргэнэ цасан дор идээшиж их хөвдийн зах хязгаар цухуйх нь үгүй. Цасаар хулдсан унаанги моддын үүсгэсэн хэлбэр орд харш гэмээр сүр бараатай үзэгдэнэ. Өвлийн тэсгим хүйтнийг үл ажран унаанги моддын дээгүүр жижигхээн биенээсээ үл мэдэг уур савсуулан хөөцөлдөн тоглох үзмэн бор хэрэмнүүд л харсан хэн хүний хайрыг татмаар. Жаалхан хүүхдүүд эцэж цуцахаа мэдэхгүй тоглодог урин цагийг санагдуулам энэ өхөөрдөм амьтад хаа нэгтээсээ боргоцой зууж ирээд биедээ дамжуулан тоглоно. Боргоцойн дээрээ бүхий л биеэ хураан сүүлийнхээ сагсгарт нуугдан хэсэг харагдахаа больсноо дахиад л боргоцойгоо дамжуулан тоглож эхлэнэ. Нэлээд тоглосныхоо дараа модны мөчир дээр цугларан сууцгааж хөдөлгөөнгүй болоход хэрэмнүүд цантсан моддоос зүс ялгарахаа болино. Хаа нэгтээсээ гарах чимээнд цочин тал бүр тийшээ бутрахад цасны нурлага мэт тэрүүхэндээ цагаан манан үүсэж нэг хэсэгтээ л юу ч харагдахаа болино. Мөнөөх хэрэмнүүд хөөцөлдөн бараа тасрахад буцаад л ой тайга гунигт автаж нойрмоглох мэт болно. Тайгын хүмүүс хүүхэд байх үедээ л хахир хүйтэн өдөр шөнүүдийг аль хэдийн ад үзэхээ больж дасна. Тайга нутагт нэг л мэдэхэд өвөл ирсэн байдаг.Энд тэнд ов тов цас бурзайх нь цасан хана мэт боловч нэлдээ гилгэр гөлгөр хавтан үргэлжилнэ. Зорж хэлбэр дүрс гаргасан зүйл бүрийн саваа моднууд эгнүүлэн тавьжээ. Мөсөн оромжны үүд хавьцаа модны холтос хураалттай үзэгдэнэ. Агуйн амны эсрэг талын мөсөн хананы ов тов хэсэгт ургамлын хатаамалууд зэрэгцүүлэн өлгөсөн нь дэнгийн гэрэлд үзэмжтэй. Доогуур нь хэлбэр, өнгө ондоо чулуунууд эмх цэгцгүй овоолжээ. Үл мэдэгдэм зураг хээ, бичигнүүд эрээлсэн хавтгай зүйлсийг хуйлж давхарлан тавьсан байв. Шувууны толгой, амьтдын эвэр сүүл ч үзэгдэнэ. Эрээвэр хураавар өнгийн бүс даавуу санжигнаж дөхөөд харвал нүдэнд өртөж болмоор товч, зоос хаа нэгтээ үзэгдэх хүний л хувцас өмсгөл гэж хэлж болмоор эд хоёр ширхэгийг модонд өлгөн агуйн хана түшүүлжээ. Хоёр ширхэг эдлэлийн доохнуур гутал гэлтэй зүйл ч цухайж үзэгдэнэ. Чулуун тавиур дээр олон зүйлийг эмх цэгцгүй овоолсон нь нэрлэж мэдэхэд амаргүй. Дэнгийн гэрэлд бүхий зүйл тодрох авч дахиад л бүдгэрнэ. Өвгөн амандаа энэ тэрийг бувтнан мөнөөх холтосноос багахааныг авч амаараа пүү хэмээн үлээж гилгэр мөсөн хананд нааж эхэллээ. Үдшийн бүрий дөтлөж байгаа авч агуйд гэрэлтэй байлаа. Мөсөн хавтан дээр гэрэлтэх загасны тосон дэн хавь ойрыг өлхөөн гэрэлтүүлж амжина. Дэнгийн эргэн тойронд холтсон торх нэжгээдийг өрж амсар бүр дээр нь хэрэмний сүүлийг модоор хавчиж хийсэн багс тавьжээ. Модны цаас, муутуу цаасны өөдөс тасархайг овоолсон байв. Зарим нэг модон торхны амсраар хар өнгийн бэх, хөх өнгийн будаг ч хальж асгарсан байх нь үзэгдэнэ. Хэрэмний сүүлээр урлагдсан бийр багсны өнгө ч өөр ондоо.
Өвгөний хөлөөс зайдуухан ханын доод хэсэгт утга учиргүй олон хэрчлээс бүхий тусгайлан зорж бэлтгэсэн моддыг түшүүлсэн үзэгдэнэ. Мөнхүү модон дээр тоог тэмдэглэжээ. Юу нь үл мэдэгдэх амьтны дал, нуруу, толгойны ясыг мөсөн ханын товгор хэсэг дээр тогтоон өрсөн байв. Өвгөн урлаж буй зүйлсээ дагуулан харж амандаа үл мэдэг үглэнэ. Гараа эв хавгүй хөдөлгөн дохьж занган хуруугаа гозолзуулж нэжгээд зүйлийг тоолов. Доошоо тонголзон нэгэн зүйлээс хэдэнтээ авч зураг хээнийхээ аль нэгтээ нэмж наагаад хэдэн хором харж зогслоо. Дэнгийн гэрэл бөхөх дөхөн анивсхийхэд өвгөн анчин цочисхийн өндийж үүд хавьцаа очоод нэгэн зүйлийг зулгааж төнхөөд гартаа том өөх тос барьж дэнгийн гэрлийг сэргээгээд эргэв. Тосон дэнгийн гэрэлд бөртөлзөн торхтойг авч багсыг нь амандаа зуун эргэх зууртаа хэрчлээст модноос нэгийг авах өвгөнийг энэ агуйн савдаг гэхэд нэг итгэмээргүй. Түүний зураасан нүдний дундаас үргэлжилж хамрын төгсгөл хавьд үл мэдэг нүх харагдахтай үгүйтэй. Хөдлөх явах нь сул дорой хэдий ч анчинд өтөл шинж огт үгүй. Нуруу мөр тэгш хөл гарын богино мөчинд хөгширөлтийн хатингаршил ажиглагдахгүй. Шуудхан углаж өмссөн дээлний хуниас бүр нь хуучирсан хэдий ч уранхай салбархай үл харагдана. Хөлд нь яв цав тохирсон бугын арьсан гутал нь нэлээд шинэвтэр хэдий ч дэнгийн гэрэлд урьд эртийн үлгэрийн эдлэл мэт энд тэндээс нь салбархай унжигнана. Хагас дутуу бүчилсэн малгайнх нь хоёр талд сойрын өд санжигнах нь хөдлөх бүрийд сойр нисэх мэт дэрвэсхийнэ. Өвгөн үүгээр түүгээр нэлээн эргэлдэж энэ тэрийг эргэцүүлэх мэт болсноо тусгайлан бэлтгэсэн модон тайрдас дээр суулаа. Түрүүчийн нааж бэлдсэн холтос аль хэдийн бат бөх болсон гэмээр байв. Өвгөн долоовор хуруугаараа холтсыг энд тэнд нь тогшиж үзлээ. Хэрчлээст модыг босгон холтсон хананд бэхлэх аятай болоод хэрэм шиг сагсалзах бийрээ эргүүлж нарийн үзүүрт хэсгийг нь нүдэндээ ойртуулж үзснээ
-15...16...17...аан 18...би андуураагүй хэмээн амандаа бувтнаснаа зориг шулуудан ямар нэгэн зүйл зурж эхэллээ. Өвгөнийг урлаж суугаа зүйлийг өвгөнөөс өөр хэн ч үл мэднэ. Магадгүй өвгөнөөс өмнөх үеийн хүн бүхэн мэддэг зүйл байж болох юм.
Эргэсүл тайгын хүн болж төрсөн заяандаа залбирдаг. Энэ тайгадаа л түүнээс нас ахимаг мөнхүү их түүхийг бүтээж яваа нэгэн үгүй. Туулж яваа амьдралынхаа зовлон зүдгүүрт аль хэдийн дасал болжээ. Тэр намрын сарын хуучдаар тайгынхаа гүн рүү шургалж Ойгон хөвчийнхөө элир баларт тэнүүчилж явах нь жаргал гэж итгэдэг. Ойгон хөвчийн энэ л агуйг тайга нутгийнхан өөрсдөө олохоо больсон гэх боловч анчин Эргэсүл бол аль ч царамнаас олж дөнгөнө. Уйгарын эртний дууг бүгд л мартсан гэх боловч анчин Эргэсүл өдрийн туршид аялна. Гэвч түүнийг уйгар дуугаа аялж буйг хэн ч мэдрэхгүйд хамаг учир оршино. Этрийн хурд хүч салхийг гүйцэхээ больж анд явахаа болиод хоёр арваныг үдсэн. Ойгон хөвч,Солжгойн агуйдаа үлдсэн цаг хугацаагаа элээхээр сэтгэл шулууджээ. Чухам энэ явдлынхаа ачаар үлдсэн насаа зугаацуулна гэдэгтээ өвгөн итгэнэ. Хүмүүний хахир хатуу хувь тавиланг олж даруй нэгэн зууныг элээхдээ амьдарч байгаадаа ч итгэхэд бэрх цаг олонтоо тохиосон. Хөвчийн гүн дэх Хансуры горхины уснаас амсаад цааш алхахад л нэгэн өвөл дөхөж байгааг мэдэрнэ. Хансуры горхи бол түүний энэ насны рашаан. Хансуры горхи өвлийн сар дөхөхөөр л газрын хөрснөө ил гарч урсдаг. Бусад улиралд горхи урсах чимээ дуулдах авч хүнд харагддаггүй гэлцдэг. Догшин горхи хэмээн цэрвэж тайгынхан энэ горхины орчмоос нэг ширхэг өвс ч дутаахгүй. Дагаж алхан уснаас нь амсана. Хөндлөн алхаж гарахыг цээрлэнэ. Гагцхүү анчин Эргэсүл л уснаас нь гарынхаа алганд тогтоож амсчихаад дээгүүр нь алхаж гараад хээв нэг тайгын гүн рүү шургаж үзэгддэг.
Сүндэс яваад өнгөрсөн мөр жимээс зөөлөн манан савсахаас өөр бараа чиг үл харагдана. Хэрэмний үүрнээс цас унах нь бүүр түүр чимээ үүсгэнэ. Ой тайга дуу чимээгээ татан хаанаас ч юм хэн нэгнийг хүлээх мэт. Тайгад өвөл болох нь буй аясаараа хүлээлт. Өдөр шөнө өглөө орой нь үл ялгагдах цагаан гэгээнээс цаг хугацааг олох нэн бэрх. Амьт бүхэн алив зүйлд дасах нь амархан бөлгөө. Ой тайга бол бид мэтийн урц, оромж амьдрал. Ан амьтан шувуу гол устайгаа бид нэгэн цул болж амьдарсан. Хүнийг,амьтныг тэнгэрийнх гэж итгэсээр ирсэн улс биднээс өөр бий юу. Өвгөн элдвийг бодсоор -Солжгойн агуй цармандаа цас хир байгаа бол модны цаасаа эрээлье дөө хэмээн өөртөө үглээд модны сийрхийг бараадан алхлаа. Мундар араас нь гүйцэх шахан бөгцөгнөнө. Мундарын турь муутай нарийхан нуруу алхаа бүрт нь нахис нахисхийн хариугүй хугарчих мэт харагдана. Бадриун бахим дөрвөн хөл нь цасыг өм зөм гишгэлж урагшлах авч мундарын бөгсөн бие бөгцөг бөгцөг хийх нь хоёр амьтныг хооронд нь нийлүүлчихээд өвгөн хөтлөж яваа мэт эвгүй хавьгүй үзэгдэнэ. Өглөө бүр лавсдаг тайгынхаа цасанд мундарын арьс өнгө орж хоёр бөөр нь түлхэлзэн тарга тэвээргэ нэмэх төлөвтэй ажээ. Үргэлж л улаан хээ татаж ус гүйдэг нүднийх нь зовхи нээгдэж сэргэг болсон байв. Эргэсүл эргэж харан -Золиг гэж ёстой л цасны амьтан дээ гэж хэмээн үглээд хэсэг амсхийж доош суун тамхиа нэрэн гүнзгий амьсгаа авлаа.
Анчин Эргэсүлийн унадаг "Мундар"хочит этэр отогтоо ирснээс даруй гурав хоногийн дараа отог омгийнхон нь Эргэсүлийг хайхаар Солжгойн эх рүү мордож байлаа. Ангийн отогт авч явдаг үнэрч сахлаг нохдоо дагуулж анч өвгөний сольж унадаг хатирамхай халзан зарийг нь хөтлөсөөр Эргэсүлийн хүү ач хөвгүүдийн хамтаар эрэлд хатаж байв.
Отогтоо очих замын бартаа чулуу алив бүхнийг өвгөн анчин нэг бүрчлэн мэднэ. Нүдээ аниад гулгасан ч тэр отогтоо хүрч дөнгөнө. Харцных нь өмнө Мундарын эвэр тулах шиг болоход өвгөн толгойгоо сэгэсхийн дээш өргөж ийш тийш хараачласнаа, -Чүү хэмээн урагш улам ихээр тэмүүллээ. Гэнэт хамаг хувцас өмсгөл нь тайлагдчих мэт биенээсээ нь хөндийрснөө буцаад л хэвэндээ орчих мэт жавар сэнхийлээ. Ойрын хэдэн жил барагтай л бол ойр зуурын юм олж сонсохоо больсон чих нь дүнгэнэх аядснаа сэвхийн онгойж анчны дуу тайга даяар түгэн ойртож бүхий л бие мэдрэхүйд нь шингэж жигүүр ургах мэт болов. Анчны дуу толгой тархийг нэвт сүүгэж биесээрээ хөвөн зөөлөн өд болон тархаж тэнгэрт цацах мэт болоход хүүхдүүдийнх нь эх зэрэгцэн гулгаж ирээд бугуйн дээрээс нь атгаад авав. Өмнө нь цэл ногоон ой дэвсэгдэн Хансуры горхины ус шуугиад амных нь эгшээг тайлах мэт уруулынх завсраар урсан тархи толгой цээжин бие бүхий эд эсээр нь нэвчлээ. Гэнэт тар ярсхийх чимээ хөл доороос өргөхөд халуун залуу үеийн амраг болох хүүхдүүдийнхээ эхтэй хөтлөлцөн их уул тайгынхаа дээгүүр нисэж эхлэх бөлгөө.
Ийнхүү тайгын алдарт анчин Эргэсүл Хүйтний хавцал руу нисэж амь тавьжээ. Энэ үест өвгөний ач охин тайгын цуут анчин Эргэсүлийн тухай ийн ярьж эхлэснээр отгийн хүүхдүүд урцны үүдээр уван цуван орж өвгөн анчны урц хүүхдүүдийн дуу шуугаар хөвөлзөж байв.
-Миний багад өвөө нэг удаа Солжгойн агуйд дагуулж очсон юм. Солжгойн агуйдаа хүрсэн бол Мундар ирснээс хоёр хоногийн хойно өвөө заавал ирсэн байх ёстой. Холтсоор урц барьж хөвд сүлжиж битүүлсэн цасан оромж одоо ч чулуужсан агуй болсон гэдэг. Манай өвөө чинь залуудаа цуутай анчин явсан юм. Сибирьт ан хийж яваад хилсдэн баривчлагдаж хойдуудын шоронд ороод оргож ирсэн урт түүхтэй хүн дээ гэх яриаг нь урцны үүд сөхөн орж ирэх цааны эрлийн хүний бараа тасалдууллаа.
-Мундар өнгөрсөн шөнө алга болжээ. Тэр л өвгөний зүгт явснаас гарцаагүй. Өнгөрсөн жил ухаан санаа нь балартаад Хансуры горхины хөвөөнд унасан байхад Мундар л чирч горхины усанд оруулахыг зэргэлдээх омгийн анчны хүүхэд харж хэл дуулгаж амь гарсан гэж Эргэсүлийн хүү үглэж босон суун тавгүйтнэ. Бага хүүгийнх нь -Чоно идчихээгүй байгаа гэхтэй зэрэгцэн зүүн тайгын анчдын отгийн ахлагч нас ахимаг эр өвгөний “Мундар” Хүйтний хавцлын аманд үхсэн байхыг олж үзснээ хэлж хүүгээ явуулжээ...-За би эс хэл лүү Солжгойн агуйг хайж хоёр хоног явахад Мундар хамраа өргөн ийш тийш сэрвэлзэж байснаа Хүйтний амны модод руу шунгаад зүтгээд байхад та үгэнд ороогүй аавыг агуйдаа л байгаа гээд зөрсөн гэж анч өвгөний бага хүүг ярих зуурт хүмүүс уван цуван урцнаас гарч явсан байлаа.
Жин өвлийн салхи хүүгэсхийн хацар нүүр чимчигнүүлнэ. Хөхрөн бараантах тэнгэр уул тайгын дээгүүр бөхийн хэдэн өдрийн туршид анир чимээгүйг хүлхэв. Үүрээс эхлэн шинэхэн цасны үнэр түгж төд удалгүй манан хөллөн цас лавсаж эхэллээ. Сүндэс шөнөжин чонын улианаас жийрхэж бараадан урц тойрон хоноглоод ойг чиглэн зугуухан алхах нь үзэгдэнэ. Цагаан өнгөн дээр хурц өнцөг үүсгэн тодрох урц гэрүүдийн үүдээр модны шингэн утаа суунаглана. Хотноос сэрхийн өндийж нигүүрсэн бутны жим даган сүрэглэн бэлчих зариудын араас сайтар дулаан хувцасласан хөвгүүн суран шилбүүр барьж гүйж одлоо. Холбоотой зариуд ижил сүргийнхээ араас шуухиран уялга модоо шаржигнатал тэмүүлж турьхан туураараа газар цовхчино. Омгийн ахлагч эмгэн урцныхаа хоймор өөд зүтгэж даавуу уутнуудыхаа амсрыг нээн ил галын цогон дээр тайгынхаа ариун анхил ургамал тэргүүтнийг өргөж галын савдаг тайтгаруулах зан үйл хийж дуусаад гадагш гарлаа. Энэ л үест баруун зүүн отгийн эрчүүл ангийн отог үүсгэх бүхэнд шилдгээ гайхуулагч үнэрч нохдоо дагуулан хамаг л уналга эдэлгээ даах зариудаа унах хийгээд хөтлөж Хүйтний хавцал өөд мацаж эхлэв. Тэд учир битүүлэг хийгээд нууцлагын туйл бөглүү балар тайгынхаа өвгөн савдаг анчин Эргэсүлийн сүнсэн биеийг тэнгэрт өргөх зан үйлд яаравчлах бөлгөө.Шинэхэн цасанд нэвсийтлээ дарагдсан сүрлэг хөглөгөр их тайгын дөнгөж зах руу ороход хөтөлгөөтэй зариуд хөтөлгөө тасчих шахан тэмүүлж анч ноход хуцалдан гүйлдэж одлоо.
Баавгайн арьсан дах нөмөрч нохойн арьсан бээлий өмсөж годон гутал хөлдөө жийсэн хөнгөн шаламгай зарлага эрийн дүнзэн байшингийн хаалга татан шурдхийн орж ээрч мунгинан болсон явдлыг тоочих бараанаас л бүх зүйл эхлэх нь тэр.Цаст суурингийн албаны хүмүүс өвгөн анчны сургаар тэдний омгийнхний зүгт элч төлөөлөгч илгээх хурал эхлэхээр тал бүрээс цугларч байв.Дээд газрын даргын гарын үсэг хийгээд тамга бүхий сүржин баярын бичиг гэж нэрлэгдэх хавтаст зүйлийг суурингийн дарга залуухан эр албаныхаа шургуулганаас гаргаж үзээд-Улсын аварга анчин... хэмээн зөвхөн өөртөө дуулдахаар хэлжээ. Ийн өгүүлэхтэй зэрэгцэн үргэлж л өрөөнийх нь үүдийг сахьдаг муур үсрэн ширээнийх нь булан дээр гарахад цочин гэдрэг суулаа. Хорвоогийн хоног өдрүүдийг бүтээгч цаг хугацаа хөвөрсөөр л...
Жимст омгийн охид бүсгүйчүүл өвгөн анчны хойлогийн ёслолд бэлтгэн модон торх торхоор жимсний дарс, самрын нэрмэл, хав загасны тосон дэн олноор зэхлээ. Хансуры горхины ус харзаа задлан урсаж цагаан нөмрөгөө яран уур манан савсуулж цасны гэгээтэй уусан битүү хүдэн байргашжээ.Солжгойн агуйд өвгөн анчны хамгийн сүүлд зэхсэн хав загасны тосон дэн зугуухан бөхөж гэгээ гэрлээ харамнан нууцын нууцыг улам л нууцласаар анир гүм хөвөрнө. Хоёр гурван хар хэрээ л агуйн амыг сахин сууцгааж өд сөдөө сэгсрэн биесээ энхрийлцэнэл түүхийг үргэлжлүүлэн хүүрнэх ажээ. Нэлмийн хөврөх манан шингэрч тунгалагшин балар өтгөн ой тайгын зүгээс цасны ширхэгдэс бутран намуухан шивнэлдэн зугуухан зузаарч байлаа. Уул тайга тэнгис тэнгэрюугаа нийтгэн амар амгаланд хувилж хаа хярхаггүй хөвөө хязгаар нь үл олдох бөлгөө. Шингэн цэнхэр манан хөвөрч цасны ширхэдсээ туйлан эцэс төгсгөлгүй нам гүмийг хөвөрдөх тайгын гүнд л орчлон ертөнцийн эхлэл төгсгөл оршиж байх ажээ.
ТӨГСӨВ-2019.03.05 СЭЛБИЙН ХӨВӨӨ
Зохиолч Ч.Дагмидмаа
Харилцах цахим хаяг: Dagii_5858@yahoo.com
Сэтгэгдэл үлдээхНийт: 6
Зочин 202.55.188.xxx
taalagdlaa
Зочин 112.72.11.xxx
uneheer goy zohiol bailaa bayarlalaa
Зочин 112.72.11.xxx
sonirholtoi l yum
Зочин 112.72.11.xxx
yostoi sain tuuj
Зочин 112.72.11.xxx
goy zohiol bayarlalaa
Зочин 112.72.11.xxx
Баярлалаа
Санал асуулга
Хорт хавдар залуужиж байгаагийн гол шалтгааныг юу гэж бодож байна вэ?
Бидэнтэй нэгдээрэй
Жиргээ
Tweets by mmnews_mn