Шуурхай мэдээ



ХӨВСГӨЛИЙН ХӨХ АЯЛГУУ /дууль/


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2019-06-09 14:44
  • 0

МЗЭ-ийн гишүүн Гомбын Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Ч. Дагмидмаа

Үдшийн бүрийд уулсын сэвшээгээр

Үлгэр яриулж унтдаг байлаа

Үүрийн гэгээнд голын шивнээгээр

Үглүүлж аргадуулж сэрдэг байлаа

Нуур цөөрмийн усан толинд

Гэзгээ сүлжиж хөөрхөн болдог байлаа

Нугын цэцэгс эрвээхэйн гоёмсогт

Гэгэлгэн сэтгэл шүлэг болдог байлаа

Саахалт булгийн хөвөө чулуунууд

Миний үеийнхний болзоог мэддэг байлаа

Самар жимсний улирал хугаслаж

Сайхан хайрын домог хүүрнэдэг байлаа

Ариухан хүсэл залуухан нас

Ирэхгүй зөн олдохгүй учрал

Амьдрал уучлал бүхний дэргэд

Амраг минь хоёулаа нутгаа зорьё

Зүүн тайгаас салхи шившиж

Зүүдний орчлон нутаг эргэнэ

Зөөлөн зуны манан хөллөж

Зөрөг жимээс гөрөөс цухуйна

Наран жигүүртэй холын шувууд

Наргиж дуулсаар бороо дагуулна

Саран хөмсөгт уулсын зулай

Сахиусан тэргүүнээ үүлэнд нууна

Хархан сормуусандаа жавар сэврээж

Хөвгүүдийн харцанд хайр гэрэлтэнэ

Жимсэн урууландаа инээмсэглэл зууж

Охидын төрх эрвээхэй болно

Мөнх бус жаргал зовлонгийн

Хамаг үзэмжид хувилан цэнгээд

Мөрөн голынхоо хөвөө дэнжид

Хурын хүсэмжит цэцэг болоод

Хус улиасны намуухан сэрчигнээнд

Уул усныхаа эгшгийг сонсох уу

Хүмүүн олны сэтгэлийн чинадаас

Хайрын шидийг эрсээр л байх уу

Завьчин хүүгийн исгэрэх чимээнд

Тэнгисийн мандал анир үргээнэ

Загас үсрэх гэнэн дүрслэлд

Тэнгэрийн усанд нар дайвна

Халзан цааны эвэр дээрээс

Сарны туулай од харвана

Харлаг хандгайн зоон дээр

Намрын сорыг уулс харна

Үүрийн жавраар тайгын манан

Үргэж нисээд шувуу болчихдог

Үлэмж гоо бүхний цэцэрлэгт

Үр жимсээ суулгахаар яардаг

Хөлтэй хөөртэй олны сэтгэлээр

Хөлөг онгоцоо цалгиаж хөдлөх

Монголд ганцхан усны залуурч

Монхор эрийн зүрхний эгшгээс

Далайн эргийн модод хөгжим зохиож

Дархад аялгаар бишгүүрдэхийг сонсох уу

Дэлгэр мөрөн Бүгсийн голууд

Дэлхийд түгээх урсгалыг чагнах уу

Олон үндэстэн ястны хуримын дуунаас

Орчлон ертөнц бүрэлдэхийг хараад

Урцан гэр модон байшинт отогтоо

Самрын архи нэрж тухлая гэвэл

Цахлайн дуу цөөрөх эгшнээс

Далай ээжийн гунигийг олоод

Царман тайгын модот сууриндаа

Дуу хувилан өвөлжье гэвэл

Будан төөрсөн хангайн гүнээс

Буурал түүхийн хуучийг олоод

Цасан шилтгээн уулын сууриндаа

Цаг хугацаатай ханилья гэвэл

Алгаа тосоод бүүвэйлж суудаг

Арц сурнагийн анхил нутаг

Амьд бодгаль тэнгэрийн савслага

Агуу бүхнийг хүртээгч Хөвсгөл минь

Утга төгөлдөр үгийн сувдыг

Үрэл бурмандаа нууж хүртээх үү

Тунгалаг төгөлдөр шүлэг найргийг

Тува Урианхай аялгаар дуулж өгөх үү

Бор эсгий гэртээ эртний эмгэд

Бошлой хадны домгийг хүүрнэн суухуйяа

Бүрэнхааны ноён оргилууд

Будан дундаа борооны хаан болно

Идэрийн голын цагаан долгио

Ирчис урсгалаа хаялан өмнийг чиглэхэд

Тэс, Дархад, Хотгойд омгийн хурдан хүлгүүд

Тэнгэрийн гийнгоонд газрын тоос арвайлна

Зодог шуудгандаа эр бяр нь тэгширч

Хүчтэнүүдийн хийморьт наадам болно

Эрхий мэргэний үлгэр амьсаж

Харваачдын цэц ончтой болно

Цэнгэл жаргалын гурван сард

Хайр найр зэрэгцэн оршоод

Цэлмэг нутгийн гоо үзэмжид

Цэцэгт зөргийн зулзган нахиа болоод

Далайн охь Эгийн голынхоо

Даруухан урсгалыг ширтсээр л байх уу

Даяар олон зорин ирэх

Давалгаат сэтгэлийг тоссоор л байх уу

Өргөн Шишгэд мөрөн уулсаа гороолж

Хойд туйлыг зүглэн мэтгэсээр байхад

Хорьдын сарны туяалаг мөнгөн үртэс

Хорьдол сарьдгийн зулай гоёж цагийн хүрд эргэнэ

Уйлганы голын хөвгүүд хошууны наадам хэсэж

Уртын дууны шуранхайд шандас чангарсаар байхад

Улаан тайга Шарга тэнгисийн бэлчирт

Ховор амьтад зөрөлдөнхөн сүжирч амар амгалан болно

Бөлбөө нуурын цэцэгс нар даган мэлмэрч

Бүртэн хөх зэрэглээ буудайн толгой болоход

Бөртөн сарны зүүдэнд туулайн бүжин дэгдээж

Бүүр холын газраас нутгаа санасаар л байх уу

Сурнаг Далийн үнэрт ариуслын гэгээ хүртээд

Сэтгэлийн минь тэнгист анир гүмийн навч хөвсөөр л байхад

Хаанаас аз жаргалыг хайж явах уу

Хайрт минь хоёулаа нутагтаа л үлдье

ТӨГСӨВ


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Улаанбаатар хотод түүхий нүүрсний хэрэглээг хориглосныг дэмжиж байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ