Шуурхай мэдээ



Бурхны оронд байгаа ААВДАА бичсэн ЗАХИДАЛ


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2019-06-10 23:04
  • 0

НЭГ:

Миний аавын амьдардаг тэнгэрт

Мэргэний чулуу төөрчихнө гээд

Атгаг санаа андуу бүхнээс

Аль болохоор тойрч яваа би

Миний аавын бурхны цэцэрлэгт

Мэнгэний цэцэг сэвтчихнэ гээд

Цас бороог зөрүүдлэн аргадаж

Цагаасаа эрт тайтгарч суугаа би

Миний аавын амирлан үдэш

Мичдийн гялаан бөхчихнө гээд

Шидэт үгсээр сэтгэлийн тэнгист

Шүлгэн завьтай бараа тасрахгүй яваа би

Миний аавын завилгаат нутагт

Мэндийн хариу зөрчихнө гээд

Аман билэг ерөөлийн дээдийг

Агшин бөхөөхгүй дуулж яваа би

Миний аавын ариун мэлмийд

Бурхны нуур цалгичихна гээд

Зовлон жаргалын алинд нь ч

Зовхи чийглэхгүй зоригтой яваа би

ХОЁР:

Бурхны оронд цас бороо

Миний нэрийг нь үл мэдэх

Хөгжмийн аялгаар лавсдаг биз ээ

Бурхдын цэцэрлэгт навч шүүдэр

Миний өнгийг нь үл мэдэх

Солонгын туузаар цацагладаг биз ээ

Бурхдын зөрөгт гөрөөс шувуу

Миний учрыг нь үл олох

Тансаг галбирыг бүтээдэг биз ээ

Бурхдын харцанд эхлэл төгсгөл

Миний тайлж үл мэдэх

Оньсон чагтыг эргүүлдэг биз ээ

Гэрэл хийгээд сүүдрийн тухай

Этгээд тийм анирлаг нам гүмд

Бурхад Даахьт хүүгийн аялгаар ярилцдаг уу

Жаргал хийгээд зовлонгийн тухай

Эгэл агаад ер бусын аглагт

Бурхад Жангарын нууцад хувилан хэлэлцдэг үү

ГУРАВ:

Газар дээрх үзэгдэх хэлбэрээс

Тэс өөр сэтгэлгээнд хүлэгдсэн

Гарцаагүй хүн нэртийн тухай

Анх үүсгэсэн нэг тийм совинлог

Халуун санааширал хайр дурлалыг

Хамгаас илүү хөргөж царцаасан

Хүйтэн гэдгээ санахаа ч больсон

Хүмүүсийн тухай юу ярьж байна Аав аа

Бороонд уруудсан адуугаа хайгаад

Шөнө дөлөөр мордож одохдоо

Будан манантай учраа олоод

Нартай өглөөг хөтлөөд ирдэг байсан

Миний аав Таныгаа...

Бурхны хэлийг мэддэг болоод

Удаж байгаа гэдэгт итгэдэг охиндоо

Диваажингийн туулийг хайлж өгөөч

Шүлэг зүүд хоёрыг минь зөрүүлэн

Шидэт үгс зөөж өгөөч

Хүмүүн ухааны цэцэрлэгт

Ямархан үр суулгахыг дамжуулж өгөөч

Цагийн мууг хувь тавиланд тохоож

Цас борооны чимээг ч анирдахаа болиод

Хүн төрөлдөө хэтэрхий дулдуйдсан

Хүйтэрч байгаа сэтгэлийн агаар

Үл танигдах харцны жаврыг

Яруу найргийн бийрээр хэрхэн хөшиж нээхийг

Янжинлхам бүсгүйгээс гуйгаад өгөөч Аав аа

2018.03.31

Ч.Дагмидмаа


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Үндсэн Хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжиж байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ