Шуурхай мэдээ



Д.Золбоо: ШХАБ-д хэрхэн хандаж байгаагаас Монгол Улс бусадтай хамтарч чаддаг уу, үгүй юу гэдгээ харуулна


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2019-06-19 11:28
  • 0

-Бүгдээрээ нэг зүг рүү хараад, хамтдаа хөгжье гэж байхад нь Монгол Улс үл итгэсэн байр суурьтай хандаж байгаа нь ОХУ, БНХАУ-д ямар сэтгэгдэл төрүүлж байгаа вэ гэдгээ л бодох хэрэгтэй-

 Шанхайн хамтын ажиллагааны байгууллага. 1996 онд тавхан улсын тоонд эргэлдэн “Шанхайн Тав” гэдэг егөөдсөн нэртэй болсон энэ байгууллага 2001 оноос албажиж, албажсанаас хойш дөрвөн жилийн дараа Монгол Улс ажиглагчийн статустай болжээ. Ажиглагч болсон цагаас их гүрнүүдийн ашиг сонирхол биднийг элсүүлэх дээр л байсан. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд ШХАБ-д элсэх тухай яриа эрчимжиж, элсэхгүй л бол томоохон төслүүд хөдлөхгүй гэдгийг төрийн гурван өндөрлөг сануулсаар буй. ШХАБ-д элсэх цаг нь болсон эсэх, гадаад бодлогын салбарт мерит зарчим байгаа эсэх асуудлаар Шинжлэх ухааны академийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн захирал, доктор Д.Золбоотой ярилцлаа.

 -ШХАБ /Шанхайн хамтын ажиллагааны байгууллага/-д элсэх тухай яриа хөрөө улс төрийн хүрээнийхэнд сүүлийн хоёр жил газар авлаа. Зарим нь элсэж орвол занганд, зарим нь бүс нутгийн томоохон төслүүдэд хамрагдахад ашигтай гэсэн олон байр суурьтай байна. Анх байгуулагдсан зорилгоосоо хазайсан ч гэж дүгнэх хүмүүс байна. Ер нь Монгол Улс ШХАБ-д элсэх цаг нь болсон уу?

  -Товчхондоо ШХАБ бол “хадны мангаа” биш. Таны хэлж байгаа шиг зарим судлаачид ийм үзэл бодолтой байгаа. Цаг хугацааны шалгуур даваагүй, ямар байр суурьтай байгаа нь тодорхойгүй ч гэж ярьдаг. Манай хүрээлэн л гэхэд байгуулагдаад 50-иад жилийн нүүрийг үзэж байгаа гэхэд сүүлийн 19 жилд энэ чиглэлийн судалгаа хийсэн байна. ШХАБ яагаад байгуулагдав, ШХАБ-д элсэж болох уу гэдэг сэдвээр хоёр ч суурь судалгаа явуулсан. Энэ утгаар нь харвал монголчуудын мэдэхгүй “хадны мангаа” биш юм. Элсэх шаардлагатай юу, цаг нь мөн үү гэдэг дээр л гол маргаан өрнөж байгаа. Хэрэв орсон тохиолдолд яах вэ? Бүрэн эрхийн асуудлаа хэрхэн зохицуулах вэ? гэдэг дээр одоо өрнөөд байгаа маргаан мэтгэлцээнээс тусдаа асуудал. Мэдэхгүй байгууллага руу чирч оруулах гээд байна гэж бодоод хэрэггүй.

  -Бас нэг асуудал бий. Монгол Улс ШХАБ-ын ажиглагчийн статусаар 2005 оны долоодугаар сард орсон байдаг. Гэтэл ажиглагчийн статусаар бүртгэгдсэнээс арваад жилийн дараа тухайн үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  байнга төвийг сахих бодлого боловсруулж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэж байсан. ШХАБ-д элсэхэд байнга төвийг сахих бодлогын санаачилга хэр зэрэг уялдах вэ?

  -Хэдийгээр ҮАБЗ-өөс хэлэлцүүлсэн гэж байгаа боловч төрийн бодлого, тэр тусмаа гадаад бодлогыг парламент тодорхойлдог юм л даа. Энэ утгаараа ҮАБЗ дээр гаргасан шийдвэр бол эцсийн шийд биш. Процессын алдаа гарсан байж магадгүй юм. Би бол ийм гаргалгаа байж болох юм аа гэдгийг харсан хувь хүний шинжтэй алхам байв уу л гэж боддог. Тухайлбал доктор Баясах гуай “Бид нар ШХАБ-д элсэхгүй гээд өөрийгөө авч гарах ганц арга бол тодорхой хууль тогтоомжоор хангах шаардлагатай” гэж хэлсэн нь бий. Энэ утгаар нь ч тайлбарлаж болно. Төвийг сахина гэдэг нь угаасаа ч байсан зарим нь алдсан, зарим нь оносон.

  -Сая Киргизстанд болсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын гол агуулга, гаргасан шийдвэрүүдийн бодлого хэр зэрэг байсан гэж судлаач хүний зүгээс дүгнэж байгаа вэ?

  -Бид нар ШХАБ-ын гүнд нь, бодлого хэрхэн батлагдаж байна, ямар асуудлууд дээр төвлөрч байна вэ гэдэг дээр шуудхан хэлэхэд ард түмэнтэйгээ ижил л мэдээлэлтэй байгаа. Бид хөндлөнгөөс харж, гаргасан мэдээлэл дээр дүгнэлт хийдэг л хүмүүс. Болж байгаа процессыг ажиглан, ямар чиг хандлагатай байгааг л анхаарч байна. Аливаа зүйл яаж ч муудсан сайжирдаг гэдэг. Энэ байгууллага яг энэ жишгээр л өөрийн гэсэн түүхээ бичиж байгаа. Киргизстаны дээд хэмжээний уулзалтыг харахад бүрэн эрхт гишүүд нь зарим нэг зүйл дээр санал нийлэхгүй, хоорондын үл ойлголцол байна уу даа гэж харагдсан. Гэсэн ч дараа дараагийн уулзалтаар ойлголтын зөрүүтэй зарчмын асуудал дээр байр сууриа нэгтгэх байх. Нэг гишүүний үгийг бүх улс хэлбэрлэлтгүй дагадаг байгууллага биш шүү гэдгийг олон улсад харуулсан гэж дүгнэнэ. Энэ бол ШХАБ-ын гишүүн орнуудын Гадаад харилцааны яамны мэдээллүүд, хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээллүүдийг харахад л энэ байдал харагдаад байгаа юм.

Хэрэв элсэнэ гээд судалгааны ажилдаа орчихвол Монгол Улсын гадаад бодлого, зарчим, хууль тогтоомжтой хэрхэн нийцэх юм бэ гэдгийг судлах ёстой. Энэ бол судалгааны хэмжээний том байгууллагын хийдэг ажил. Түүнээс биш ШХАБ-д элсэх асуудлаар бүх нийтийн асуулга явуулая гэдэг муйхар зүйл яг энэ гадаад бодлогын салбарт байж таарахгүй. 

 -Тажикстаны нийслэл Душанбе хотод 2014 онд болсон Монгол-Орос-Хятад гурван улсын төрийн тэргүүдийн уулзалтаар ч, стратегийн шинж чанартай зарим асуудал дээр ч Орос, Хятад хоёр Монгол Улс ШХАБ-д хэзээ жинхлэх вэ гэдгийг асуусан гэж хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцолж байсан. Монгол Улсыг ШХАБ-д элсүүлэх их гүрнүүдийн сонирхол яг юундаа байна вэ?

  -Яг энэ байр суурь албан ёсны протоколд орсон эсэхийг би хэлж мэдэхгүй. Гэхдээ нэг л зүйл байгаа шүү дээ. Гадаад харилцаа бол угтаа хүн хоорондын л харилцаа юм. Бүгдээрээ нэг зүг рүү хараад, хамтдаа хөгжье гэж байхад нь Монгол Улс үл итгэсэн байр суурьтай хандаж байгаа нь ОХУ, БНХАУ-д ямар сэтгэгдэл төрүүлж байгаа вэ гэдгээ л бодох хэрэгтэй. Монгол Улстай хамтарч ажиллаж болох уу, үгүй юу гэдэг эсрэг хандлага нөгөө талд үлдэж байгаа юм. Нэмж хэлэхэд ШХАБ-д элсчих юм бол “Гурван улсын эдийн засгийн коридор”-ын 32 төслийг ингэж хийнэ гэсэн албан ёсны ноот бичиг байхгүй. Зүгээр л харилцаа хандлага, хамтарч ажиллаж чаддаг улс гэдгээ харуулах нь л ШХАБ болон хамтын ажиллагааны бусад байгууллагад элсэхийн цаад агуулга шүү дээ. Судлаач Д.Баярхүүгийн байр суурьтай энэ тал дээр нийлдэг юм. Энэ байгууллагад элсвэл ийм дэмжлэг үзүүлнэ, ийм төсөл хэрэгжүүлнэ гэсэн албан ёсны байр суурь байхгүй. Угаасаа ч тийм.

  -Нэг талдаа “хадны мангаа” гэж айгаад хэрэггүй гэж байна. Нөгөө талдаа УИХ-ын гишүүд, Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн байр суурь бид бүс нутгийн томоохон интеграцид нэгдэхгүйгээр төлөвлөсөн төсөл хөтөлбөрүүдээ дангаараа хэрэгжүүлж чадахгүй гэж үзэж байгаа. Нэг ёсондоо эсрэг, тэсрэгийн парадокс болж байгаа юм биш үү?

  -Бүх юмыг хараар будаад хардаад байвал хөгжихгүй нэг газраа нам сууна. Бусадтай хамтарч л байж хөгжинө шүү дээ. Харин хамтарч ажиллахдаа ямар чиглэлд, яаж хамтарч ажиллах вэ гэдгээ л тодорхой болгох ёстой. Элсчих л юм бол дотоод хэрэгт оролцоод л, тусгаар байдлаа алдана гэж бүр дордуулж бодохгүйгээр бид нар дотооддоо ухаантай байвал айх зүйл биш. Дуун дээр шууд элсье гээд ч элсчихдэг асуудал бас биш. 2-3 жилийн судалгаа, албан бичиг боловсруулж, гэрээ контракт байгуулах ёстой юм. Хэрэв элсэнэ гээд судалгааны ажилдаа орчихвол Монгол Улсын гадаад бодлого, зарчим, хууль тогтоомжтой хэрхэн нийцэх юм бэ гэдгийг судлах ёстой. Энэ бол судалгааны хэмжээний том байгууллагын хийдэг ажил. Түүнээс биш ШХАБ-д элсэх асуудлаар бүх нийтийн асуулга явуулая гэдэг муйхар зүйл яг энэ гадаад бодлогын салбарт байж таарахгүй. 

  -ШХАБ-ыг эргэлзүүлж байгаа бас нэг асуудал нь 2017 онд зэрэг элссэн Энэтхэг, Пакистаны маргаан. Түүхийн удаан хугацааны турш Кашмирын бүс нутгийн маргаантай байсан энэ хоёр улсын маргаан он дамнан хурцдахад ШХАБ-ын зүгээс ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй. Бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллага яагаад байр суурь илэрхийлээгүй юм бэ?

  -Хамтын ажиллагааны байгууллага гэдгээр нь ШХАБ-ыг НҮБ-ын дээр тавиад байж бас болохгүй. НҮБ гэдэг том байгууллага, Өмнөд Азийн хамтын ажиллагааны байгууллага энэ хоёр улсын талаар байр суурь илэрхийлээгүй байхад ШХАБ яаж байр суурь илэрхийлэх юм. Энэ хоёр улс том маргаантай байгаа нь үнэн. Гэхдээ энэ хоёр улсын түүхийн хугацаанд байсан маргаанд ШХАБ оролцоод эхлэх юм бол гишүүн улсуудынхаа дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох асуудал болчихно.

 Нэмж хэлэхэд ШХАБ-д элсчих юм бол “Гурван улсын эдийн засгийн коридор”-ын 32 төслийг ингэж хийнэ гэсэн албан ёсны ноот бичиг байхгүй. Зүгээр л харилцаа хандлага, хамтарч ажиллаж чаддаг улс гэдгээ харуулах нь л ШХАБ болон хамтын ажиллагааны бусад байгууллагад элсэхийн цаад агуулга шүү дээ. Судлаач Д.Баярхүүгийн байр суурьтай энэ тал дээр нийлдэг юм. Энэ байгууллагад элсвэл ийм дэмжлэг үзүүлнэ, ийм төсөл хэрэгжүүлнэ гэсэн албан ёсны байр суурь байхгүй. Угаасаа ч тийм.

 -Хувь сэтгүүлчийн байр сууриас харахад ШХАБ гэдэг бол улстөрчдийн хувьд яг л “Оюутолгой”, “Эрдэнэт” болон улс төржүүлдэг бусад сэдвүүдтэй адилхан болгочих вий гэсэн айдас байдаг. ШХАБ-ыг “хэрүүлийн алим” болчих вий гэсэн айдас байдаг уу. Энэ бол улс төрөөс тусдаа ярих асуудал гэж хараад байгаа?

  -Шийдвэрийг парламент л гаргана шүү дээ. Олон нийтэд ШХАБ-ын тухай тодорхой хэмжээний ойлголтыг ард түмэнд өгөх ёстой. Түүнээс биш эцсийн шийдвэрийг гаргуулахгүй. Харин элсэх, эс элсэхийг төлөөллийн ардчиллын зарчмаар сонгогдсон парламентын гишүүд л шийднэ.

  Саяхан МУИС-ын Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулиас ШХАБ-ын асуудлаар академик мэтгэлцээн зохион байгуулсан юм. Энэ мэтгэлцээний үеэр орох уу, үгүй юу гэдгийг бүх нийтээр хэлэлцэх асуудал мөн үү, үгүй юу гэдгийг хэлэлцлээ. Гадаад бодлого гэдэг бол Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Гадаад харилцааны яамны шийдэх асуудал гэдэг дээр санал нэгдсэн. Зарим ахмад судлаачид “Гадаад бодлогоо гудамжинд гаргаад шидчихлээ” гэж шүүмжилж л байсан. Бодох л ёстой асуудал.

  -Сонгууль хаяанд ирчихлээ. Хоёр том намын мөрийн хөтөлбөрийн гадаад бодлого гэх дэд хэсэг яах аргагүй ШХАБ руу тэр дундаа элсэх, элсэхгүй дээр байх юм шиг харагдаад байгаа. Нийгмийн хүрээнд тодорхой хэмжээний хэлэлцүүлэг явуулсан энэ асуудлыг хоёр том нам тоохгүй өнгөрөхгүй байх. Сонгуулиас сонгуулийн хооронд ярьдаг асуудал болох вий л гэсэн айдас байгаа юм.

  -Гадаад бодлогын хүрээнд шийдэх том асуудал. Энэ том асуудлыг арай ч улс төрийн өмчирхөл болгохгүй байх гэж бодож байгаа. Энэ хоёр намын мораль энэ хүртлээ унаагүй байх аа. Намууд дотоодын зөрчилтэй байгаа ч сүүлийн 30 жил хамгийн тогтвортой явсан салбар бол гадаад бодлогын салбар. Өнгөрсөн хугацаанд тодорхой хэмжээнд нэг цонхоор харилцаж байсан. Энэ байдлаа цаашдаа ч алдахгүй байх. Ихэнх судлаачид үүн дээр байр суурь нэгтэй байдаг. Яахав алдсан, оносон зүйл байгаа байх.

  -Та сая хэллээ улс төрийн хүрээнд тогтвортой байсан салбар гэж. Гэхдээ дипломат албыг бэлэглэлийн алба болгочихсон юм шиг харагддаг. Нэг сонгуульд нэр дэвшээд ялагдсан хүнд, эсвэл олон жил УИХ-ын гишүүн байгаад “чөлөө авчихсан”  хүмүүст өгөөд байгаа нь шүүмжлэлийн нэг сэдэв болчихлоо. Энэ тал дээр та ямар байр суурь илэрхийлэх вэ?

  -Судлаач, олон нийт хөндлөнгөөс харахад ингэж харагдаж байгаа байх. Гэвч Монгол Улсын өнөөгийн нийгэмд боловсон хүчний дутмагшил маш их байгааг ойлгох нь зүйтэй. Хэн нэгэн аль нэг салбараар л дагнаад байх бололцоо байхгүй. Энэ тохиолдолд нэг салбарт ажиллаж байгаа хүнийг энэ салбартаа удчихлаа гэж шүүмжилж болохгүй байгаа юм. Цаашдаа энэ албыг илүү мэргэжлийн болгох шаардлага бий юу гэвэл бий. Хардах эрх нь олон нийтэд байгаа. Гэхдээ бодит байдал үүнээс аргагүй болгочихож байгаа юм.

  -Одоогоос 10 гаруй жилийн өмнө монголын дипломатуудыг тамхи зөөдөг тухай нийтлэл Английн “The Guardian” сонин дээр гарч байж. Гэтэл одоо тамхи зөөх нь бүү хэл 70 кг хар тамхи зөөгөөд баригддаг боллоо. Германд болсон энэ асуудлаас гадна Хөх хотын консул дамын наймааны хэрэгт холбогдсон байна. Дипломат албаны ёс зүйг сахиулах, ёс зүйтэй хүнийг шилж сонгож чадахгүй байна уу?

  -Мэргэшүүлэх л ёстой. Монгол Улсын нийгмийн бүх л салбарт алдагдаад байгаа нэг зүйл бол мерит зарчим. Мерит зарчмыг бид 20-30 жил ярьж байгаа боловч зарчимгүй л яваад байна. Гэтэл 200-300 жил туулсан бусад төрийн болон бусад албанд унаж, босоод мерит зарчимтай байж л дээ. Түүхийн энэ урт хугацааг даван туулаагүй байгаа болохоор зарчимгүй байж болох юм. Одоо ерөөсөө мерит зарчимгүй хүмүүс байна. Бүгдийг нь сольё гээд халчихаж болохгүй. Өмнөх үе одоо үе хооронд моральны асуудал байгаа. Гэхдээ үүнийг дараагийн үе гарч ирж солигдоход сайжрах байх гэж бодоод байгаа юм. Гагцхүү хэсэг хугацаа л хэрэгтэй.

  -Хэсэг хугацаа...?

  -Яг хэзээ гэдгийг хэлж мэдэхгүй шүү дээ. Аливаа улсын нийгэм бол хүний насжилттай адилхан байдаг юм шиг байна л даа, хэлд орох, хөлд орох, ухаан суух гээд л. Монголын нийгэм ч бас унаж босоод түүх туулж л байна. Хөгжлийнхөө тодорхой үе шатаа туулж байгаа болов уу л гэж зөвтгөдөг юм.

 Судалгаанаас хараад байхад өнөөгийн гадаад харилцаанд улс гүрнүүдээс илүү үндэстэн дамнасан компаниуд хамгийн том тоглогч болчихлоо. Тухайн үндэстэн дамнасан корпорацийн эзэд аль нэг улсын биш өөрсдийнхөө явцуу эрх ашгийн үүднээс аливаа улсын дотоод болон гадаад бодлогод нөлөөлөх боломжтой болчихсон.

 -Олон улс судлалд сүүлийн 10 жил судлагдахуун хэр зэрэг өөрчлөгдсөн бэ?

  -Амьдрал баян. Гадаад харилцаа бол хүн хоорондын харилцаа гэж би дээр хэлсэн. Тэгэхээр бусад салбар ухаан шиг загварчилж хараахан болохгүй. Өмнөх нийгэмд бүх зүйл тэр бүү хэл түүх, нийгмийг хүртэл ангиар нь хуваагаад загварчилдаг байж л дээ. Гэхдээ одоо бол өөр.

  Судалгаанаас хараад байхад өнөөгийн гадаад харилцаанд улс гүрнүүдээс илүү үндэстэн дамнасан компаниуд хамгийн том тоглогч болчихлоо. Тухайн үндэстэн дамнасан корпорацийн эзэд аль нэг улсын биш өөрсдийнхөө явцуу эрх ашгийн үүднээс аливаа улсын дотоод болон гадаад бодлогод нөлөөлөх боломжтой болчихсон.

  -Монголын дотоодын нийгэмд ч гэсэн том компаниуд л том тоглогч болчихоод байна шүү дээ?

 -Яг тийм. Гаднынхан гэхээрээ л маш муу, нөлөөтэй том гэхээр л ад үзээд байж болохгүй. Тэдгээр субъектүүдийн ашиг сонирхлыг мэдэрдэг байх ёстой. Гадаадын хөрөнгө оруулагч гэхээрээ л зарж идлээ, одоо түргэн гар гээд хөөгөөд байж бас болохгүй. Энэ том ашиг сонирхлоос өөрсдийгөө хэрхэн хадгалж үлдэх вэ? Мөн чанартайгаа үлдэж чадах уу үгүй юу гэдгээ л бодлогоор шийдэх ёстой юм.

 

Эх сурвалж: Өглөөний сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Үндсэн Хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжиж байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ