Шуурхай мэдээ



461 ба 48/24 /М.Энхсайхан/


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2019-06-23 19:30
  • 0

Хуучин цагт Ганц худаг нэртэй гяндан байдаг байлаа. Орж үзээгүй ч тус гяндангийн байранд нэгэн шүүх хуралд 90-д онд дуудагдан оролцож байснаа санаж байна. Олон Улсын байгууллагаас нэгэн удаа манай хорих газруудыг үзэж хараад хүний хамгийн энгийн эрхийг хангах, хоригдогсдод хүмүүнлэг хандах шаардлагатай байгаа тухай зөвлөмж өгсөн байдаг.
 Тэр цагаас  Хорих газрыг ардчилсан нийгмийн стандартад хүргэх их ажил эхэлсэн санагдаж байна. Шоронгийн барилгад их ч хөрөнгө зарцуулсан, энэ чиглэлээр төрөөс олон арга хэмжээ авсан. Үр дүн байнаа байна. Эрээн бараантай нийгэмд Хорих газар байхаас ч өөр аргагүй.
Гэхдээ Ганц худаг руу ачигдсан хүмүүсийн дотор хэлмэгдсэн хүн байдаг байсан тухай нэгэн цагдаагийн ажилтан ярьж байсан нь санаанаас гардаггүй юм. Говийн нэгэн аймгийн Цагдаагийн эрхэм Галт тэргэнд үл ялиг зөрчил гаргасан нэгэн залууг хашраах үүднээс Ганц худаг руу ачуулжээ. Тэнд очоод ганц нэг хоноод гаргачихна гэж бодсон гэсэн. 3 сарын дараа Ганц худагт ажлаар явж байхдаа санамсаргүй нөгөө залуутайгаа тааралдаж.  Чи энд юу хийж яваа юм гэж? Асуув. Ахаа Та намайг ийш нь ачуулснаас би гянданд байгаа гэж цочирдуулсан тухай, яах ёстой вэ гэж улс төрч надад хүүрнэж байсан.
Одоо социализм биш л дээ Юм юм сайн тал руугаа их л өөрчлөгдсөн.
Ганц худаг гэх аймшиг айдас дагуулсан нэр аажмаар мартагдаж 461 гэдэг шинэхэн Хорих газар олонд хоногшжээ.
Энэ Хорих газрын үүдийг татах “завшаан” манай АТГ-ийн буянаар надад тохиолдов.
  
Би тэнд 24 цаг эрх чөлөөгөө хасуулав
 
Миний өрөө нэг хүнийх байлаа. Хана туурга дээр урд өмнө энэ өрөөгөөр дамжсан хоригдлуудын сараачиж, сийлж үлдээсэн бичгийг сонирхон тэмдэглэж авав.  Хамгийн ихээр анхаарал татсан үгсийг тэмдэглэж авснаа Та бүгдэд хүргэе.
 
– Ээж Тандаа хайртай
 
-Ээж минь хүүгээ өршөө
 
-Ээж Таныгаа хүү нь санаад байнаа
 
-Хөр цасан цав цайж түлээ модгүй даарваас, Хөдсөн дээлийн оронд хөдсөн дээл болж, Хүндэт буурал ээжийгөө нөмөрлөхгүй юм бол, Хүү нь болж заяасны хэрэг юусан билээ
 Эрх чөлөөгөө хасуулсан хэн ч ээжийгээ эргэн санадаг юм байна даа гэж бодогдов.
  Хэн нэгэнд зориулсан хараалын үг бололтой ” хүрээд ир, ороод ир, Жангаа ид” гэсэн бичвэр, бүр сийлбэрч байсан. “Төрийн минь Сүлд өршөө” гэж бичээд Хас тэмдэгээр чимэглэсэн бичвэрч байна.
Энэ бүгдийг бичихийн учир нь залуу үе маань энэ хаалгаар битгий ороосой миний үзэж харсныг шинэ үе маань мэдрээсэй гэсэн санаа юм.
Өглөө “Ээжээ, Ээжээ, ээжээ” гэж чангаар уйлах залуугийн дуунаар сэрлээ. Харуулууд “Дуугай бай гээд орос маягийн хараал үг хааяа хэлэх юм. Нөгөөх нь “би үхмээр байна, намайг алаад өгөөч” гэж чангаар мэгшинэ.  Надад харагдахгүй ч чангаар сонсогдох тэр залууг тайвшруулах юмсан гэж бодсоор босов.
 
  Хоол

 

  Надад бол ихдэхээр орцтой хоол өгдөг юм байна. Өглөөний цайнд талх, хар цай өгөв. Хэдэн цаг болж байгаа талаарх мэдрэмж байдаггүй. Ямарч байсан Хоолны цаг болсон бололтой.  Надад ихдэхээр харагдаад “Ах нь юм идэх сонирхол алгаа” гээд нуруугаа амраахаар хэвтэв.
 Хоолноос татгалзаад байхаар ажилтнууд нь санаа зовсон бололтой асууж тойроод байхаар нь Тодорхойлолт гэж гарчиглаж байгаад хоолноос сайн дураараа татгалзсан, санаа зовох хэрэггүй гэсэн бичиг хийгээд торны завсар хавчуулчихлаа.
  Өглөө нь хөнжил, гудсаа хураадаг боловч минийхийг хураагаагүй. Хүзүүнийхээ гурван нугаламыг  хиймэл болгосноо эргэн бодож 30 жил төрд зүтгэж ном ширтсний гай юу аль эсвэл сайн үзүүлэлт үү гэсэн бодол орж ирж байв.
 
Эмч

 

Тэдний анхааралтай харилцаа надад лав таалагдсан. Өвдөлт намдаадаг эм авч уув.  Даралт хөдлөх, зүрхээр өвддөг зовиур байдаггүй, ер нь санаа зовох зүйл байхгүй гэдгээ хэллээ. Миний насанд мэдрэл дагаж өвдөх нь амьд явж байгааг бурханаас байнга сануулж хэлж өгч байгаа хэвийн зүйл л дээ гэсэншүү бодлыг би өөртөө удаан тээсээр дасал болсон юм.
 
Аюулгүй байдал ба Харуулууд

 

  Өрөө бүрийг камержуулсан бололтой юм. Ёстой сайн хэрэг. Нэг өрөөнөөс нөгөө өрөө рүү ороход нэг харуул дагаж бичлэг хийж байх юм. 24 цагийн бичлэгтэй л бололтой. Камерийн хяналт дор хүмүүсийн бүдүүлэг харилцаа илт багасдагийг манайх Хорих ангийнхан сайн мэддэг бололтой.
Нэг харуул Та ном унших уу гэлээ, тэгье гээд их л зузаан ном авав. Номын нэр нь Харри Поттер гэсэн байлаа. Тэдний буянаар энэ алдартай зохиол 7 боть байдаг юм байна гэдгийг ойлгов. Миний унших сэдэв биш байлаа.
 
Тоо

 

  Харуулын Ээлж солигдох, хоригдлуудын тоог өглөө, орой авахдаа Овог, нэр ямар зүйл ангитай вэ гэж асуух юм.  ах нь ямар зүйл ангиар шийтгүүлэх гээд байгаагаа мэдэхгүй л гэв. Ер нь хуучин тогтолцооноос улбаатай асуулт шиг санагдсан. Хэлмэгдэж байгаа хүн ч өөрийгөө гэмт хэрэгтэн гэж мэдрэх ёстой гэсэн социалист тогтолцооны асуулт биш байгаадаа гэсэн бодол орж ирж байлаа.
 
  Бодрол

 

  Манай Хорих ангиуд дэлхийн стандартад хүрэхийн төлөө их л зүйл хийж байгаа.  Гэхдээ л санаа амрах хэрэггүй гэдгийг ойлгож байгаа байх. Хоригдлуудад ном, сэтгүүл, сонин, хүмүүжлийн ач холбогдолтой гарын авлага зэргээр хангах талаар илүү ажилламаар санагдав.
Гяндангийн хаалгыг заавал ч үгүй арматурын төмрөөр зангидах хэрэг юу байнаа, хоригдлуудад үргэлжийн төмөр хаалга хангинах нь нөгөө алдарт ” тамлал”- ын хэлбэр биш байгаа даа гэсэн бодол чирч ирлээ. Болгооно уу.
Бүхэлдээ Хорих байгууллагын ажилтнууд ажлаа мэргэжлийн мэдрэмжтай хийцгээж байгаа юм байна гэсэн өөдрөг бодолтой 24 цаг эрх чөлөөгөө хасуулав. Хорихоос гарахдаа Талархал бичиж үлдээгээд гарсан.
Баривчлах тухай мөрдөгчийн тогтоолыг Үндсэн хууль, бусад хууль зөрчиж гарсан гэсэн Шүүхийн шийдвэр гарч. Манай шүүхэд гялтайх зүйл байнаа.
Бие даасан Шүүхийн тогтолцоог цаашид бэхжүүлэх ямар чухал ач холбогдолтойг бие дээрээ мэдэрлээ.
Энэ талаар үргэлжлэл болгон бичнээ.
 
М.Энхсайхан

Эх сурвалж: https://paxmongolica.org/2019/06/22/461-%d0%b1%d0%b0-48-24/


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Үндсэн Хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжиж байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ