Шуурхай мэдээ



Алдарт хөгжмийн зохиолч Б.Шарав тэнгэрийн оронд заларлаа


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2019-07-15 18:10
  • 0

Монголын хөгжмийн урлагийн тодоос тод гялалзах нэгэн од, хөгжмийн зохиолч, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Хөдөлмөрийн баатар  Бямбасүрэнгийн Шарав өнөөдөр буюу 2019 оны 7 сарын 15-нд Улаанбаатар хотноо таалал төгслөө. 

Тэрээр 1952 оны 11 сарын 13-нд Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд төрсөн бөгөөд ийнхүү 67 насыг зооглоод тэнгэрийн оронд заларлаа.  Алдарт хөгжмийн зохиолч Б.Шарав 1983 онд ОХУ-ын Свердловск (одоогийн Екатеринбург) хотын Уралын хөгжмийн их сургуулийг хөгжмийн зохиолч мэргэжлээр төгссөн бөгөөд  1992 онд Төрийн шагнал, 2002 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн, 2019 онд Хөдөлмөрийн баатар цол хүртсэн билээ.

Түүний уран бүтээлийн замнал Монголын хөгжмийн урлагт томоохон байр суурийг эзэлдэг бөгөөд тэрээр "Чингис хаан" дуурь, “Зуурдын орон" балет, "Ононд хатаагдсан илд" дуулалт жүжиг, 1, 2-р симфони, “Замбуу тивийн наран" магтуу, "Эх орон" зэрэг 30 гаруй романс, 20 гаруй цөөхүүл хөгжмийн бүтээл, "Сэрсэн тал" үндэсний найрал хөгжмийн удиртгал, "Ард Аюуш", "Байлдааны даалгавар", “Илүү сартай зун" зэрэг олон киноны хөгжим бичжээ. Дан хөгжмийн 70 гаруй бүтээл, 300 гаруй дуу, романс туурвисан. 20 орчим уран сайхны кинонд хөгжмийн найруулагч, зохиолчоор ажилласан юм.

Агуу хөгжмийн зохиолч Б.Шаравын гайхамшигт уран бүтээлүүд Монголын ард түмний зүрх сэтгэлд үеийн үед мөнхрөн дуурсагдах болно. Түүний гэр бүл, ойр дотныхонд гүн эмгэнэл илэрхийлье. Ум ма ни бад ми хум.

Д.Ханхүү


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Улаанбаатар хотод түүхий нүүрсний хэрэглээг хориглосныг дэмжиж байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ