Шуурхай мэдээ



М.Жаргалмаа: Ээжүүд хүүхдээ нэмэгдэл сүүнд оруулах гэж яаралгүй хөхөндөө сүү оруулах бүх аргыг турших хэрэгтэй


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2019-08-08 13:28
  • 0

Жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийг “Хүүхдийг эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн долоо хоног” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ  хүрээнд эхийн сүүгээр хооллолтын ач холбогдлын талаар Баянзүрх дүүргийн ЭМТ-ийн Эрүүл мэндийн Нийгмийн ажилтан М.Жаргалмаатай ярилцлаа.


-Хөхөөр хооллолтын ач холбогдлын талаар ярьж эхлэхээс өмнө төрөхөөсөө өмнө хөхөө хэрхэн бэлдэх, ангир уургаа хэрхэн амлуулах талаар мэдээлэл өгөх хэрэгтэй байх?

-Тийм шүү. Шинэхэн ээжүүдийн хувьд хүүхдээ төрүүлээд л энэ асуудалд анхаарч эхэлдэг. Эмэгтэйчүүд маань жирэмслэхээр төлөвлөсөн цагаасаа эхлэн хөхөө бэлдэх хэрэгтэй. Гэтэл болно доо гэсэн хэнэггүй хандлагаасаа болж  бэлдэхгүй явсаар ангир уургаа амлуулж чадахгүй байх, буруу амлуулах, хүүхдээ зөв хөхүүлээгүйгээс болж хөхний толгой хагарах, уургаа зангируулах зэрэг бэрхшээлүүдтэй учирдаг. Мөн чинэсэн хөхөө суллаж чадаагүйгээс хөхний буглаа үүсэх эрсдэлтэй. Үүнээс сэргийлэхийн тулд хөхөөр хооллолтын талаар эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлж, төрөхөөсөө өмнө хөхөө бэлтгэх шаардлагатай. Мөн эхийн сүүгээр хооллоход аавын үүрэг оролцоо, дэмжлэгийг нэмэгдүүлэх нь чухал болохыг онцолж байна. Учир нь ээжийн сэтгэл санааг тайвшруулж, бухимдлыг багасгаснаар эхийн сүүний гарцад нөлөөлөх, хүүхэд эрүүл, торниун өсөхөд чухал нөлөөтэй, мөн эрүүл мэндийн боловсрол олгох сургалт мэдээлэлд хосоороо оролцох нь илүү үр дүнтэй байдаг байна.

-Анхан төрөгч ээжүүд, гэр бүлийн хүнд нь хөхөө хэрхэн бэлтгэх талаар зөвлөгөө өгөөч?

-Жирэмсний долоон сартайгаас эхлэн хөхний толгойг халуун, хүйтэн усаар шүрших, хөхний дөрвөн талаас зөөлөн татах, 3 хуруугаараа товч нөсөөтэй хэсгийг имрэх нь өндөр үр дүнтэй байдаг. Мөн хөхний толгой гарсан даруулга зүүж ил гаргаж, цамцны дотор тал, ширүүн юмаар үрж дасгахыг зөвлөж байна. Харин хөхний толгой нь гараагүй бол өтгөн хар цай юмуу, буцалсан усаар норгож хөхний нөсөөт хэсгийг дарж иллэг хийн хөхний толгойгоо имрэх байдлаар нааш нь татан гаргаж ирнэ, үүнд зориулалтын хөхний толгой гаргагчийг ашиглаж болно. Түүнчлэн хөхөө зөөлөн илж массаж хийх нь сүүний булчирхайнуудыг суллаж, тайвшруулахаас гадна сүүний гарцыг нэмэгдүүлэхэд ихээхэн нөлөө үзүүлдэг. 
 
Иллэг хийхдээ хөхийг тойрог байдлаар хөхний толгой руу аажмаар чиглэсэн байдлаар илнэ. Үүний дараа хөхний толгойноос гадагш чиглэсэн тойрог хөдөлгөөнөөр иллэг хийнэ.

-Эхийн сүүгээр хооллохын ач холбогдол нь юунд байдаг  вэ. Ямар тохиолдолд нэмэлт тэжээл өгөх вэ?

-Хөхөөр хооллох нь хүүхдэд ч ээжид ч насан туршийн ашиг тустай байдаг. Нярай болон багадаа хөхөөр хооллодог байсан өсвөр насныхан болон насанд хүрэгчид нь илүүдэл жин болон таргалалтад өртөх, чихрийн шижингээр өвчлөх эрсдэл бага байдгийг судалгаагаар тогтоосон байдаг. Мөн аливаа өвчлөлд өртөх бага байхаас гадна оюуны чадамж өндөртэй болдог. Нөгөө талаар хүүхдээ хөхүүлэх нь ээжүүдэд маш олон эерэг нөлөө үзүүлдэг. Тухайлбал төрсний дараах цус алдах эрсдлээс сэргийлж, өндгөвч, хөхний хорт хавдраар өвчлөх эрсдлийг бууруулна. Мөн дахин жирэмслэх хугацааг хойшлуулж, эх үрийн холбоог бататгахын зэрэгцээ жин хасах, умайн агшилтыг сайжруулж, чихний үрэвслээс хамгаалах ач холбогдолтой юм.
 
Эхийн сүү нь цаг үргэлж, хэзээ ч бэлэн, байнга цэвэр, тэжээллэг чанар болон температур нь хамгийн тохиромжтой, мөн эдийн засгийн хувьд зарлагагүй ганц хоол гэж хэлж болно. Ангир уураг нь хүүхдийн анхны дархлаат вакцин болж, халдвараас хамгаалж,  нүдний эмгэгээс сэргийлдэг. Мөн туулгах үйлчилгээ үзүүлж, биед байгаа зунгагийг хурдан гадагшлуулах ач холбогдолтой.  Зунгаг хурдан гадагшилснаар сүүлийн үед анхаарал татаад байгаа нярайн шарлалтаас сэргийлдэг. Түүнчлэн эхийн сүү нь хүүхдийн бодисын солилцоог хэвийн байлгаж, төрөл бүрийн халдвараас сэргийлэх, эрүү нүүр, бие махбодийн хэвийн өсөлт хөгжлийг дэмжих зэрэг маш олон давуу талтай. Эхийн сүү нь зөвхөн өөрийн хүүхдэдээ зориулагдсан юугаар ч орлуулашгүй найрлагатай байдаг гэдгийг онцолмоор байна. Тиймээс эхчүүд хүүхдээ нэмэгдэл сүүнд оруулах гэж яаралгүй хөхөндөө сүү оруулах бүхий л аргуудыг туршиж үзэх хэрэгтэй. Харин нэмэлт сүүн тэжээлийг эмчийн зөвлөсний дагуу хэрэглэх нь зүйтэй.
 
Дур мэдэн нэмэлт тэжээл хэрэглэх нь дархлаа сул, өвчлөмтгий байх, харшлын эмгэгт өртөмхий болох, амьсгалын замын халдварт өвчллөх эрсдэл ихсэх сөрөг нөлөөг хүүхдэд үзүүлж болзошгүй.

 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Үндсэн Хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжиж байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ