Шуурхай мэдээ



Аавуудын баярын өдөрт: "Даруухан бурхан"


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2019-08-08 13:34
  • 0

Өнөөдөр Олон улсын аавуудын баярын өдөр тохиож байна. Энэ өдөртэй холбогдуулан "Даруухан бурхан" хэмээх маш сонирхолтой сургамжит өгүүллэгийг эрхэм уншигт танд өргөн барья. 



Намайг жаахан байхад ээж бид хоёр юм л бол хамтдаа зураг авахуулж түүнийгээ цомогт хийн хадгалдаг байв. Том эр болсон хойноо бүгдийг нь үзэж инээнэ.Зарим зураг үнэхээр ичмээр харагдах ч ээж тэр л зургуудад хамгийн их дуртайг яана. Хожим намайг эхнэртэй болох үед , ээж бэрдээ өнөөх зургуудыг дэлгээд л “Энийг хар даа” хэмээн эрдэнэс үзүүлэх аятай юм болж байсан сан. Би жуумалзаж ирээд л нуухыг оролдож заримыг нь булаагаад авчихдаг байлаа. Цаг хугацаа явсаар ээж минь их өтөлжээ. Ахмадын асрамжийн эмнэлэгт үе үе хэвтэхэд нь би өдөр бүр эргэн тойрч, ээжтэйгээ ярилцахын тулд эмнэлгийнх нь үүднээс холддоггүй байв. Мэдээж бид ийм дотно юм хойно.
 
Харин аавын хувьд асуудал арай өөр. Ихэнхдээ бидний нялуурлыг шүүмжилсэн маягтай ажиглаж, сүржин гэх аятай ярвайна. Хар багаас хатуужиж өссөн эцэгт минь хагацал, зовлонгийн олон олон гүн үрчлээтэй дух бий. Тэр дух үрчийгээд ирвэл би айж, тэнийсэн үед нь баясан явсаар насанд хүрэв. Нэгэн өдөр аавыг минь хүнд өвдсөн талаар ээж надад цухас дурдав. Сонсонгуутаа маш их сандарч, эмнэлэг рүү очлоо. Цонхны дэргэд суугаад тамхи асаасан эцэг минь сүр бараатай хэвээр. “Бие тань яаж байна”? гэх албан мэндчилгээгээр яриагаа эхэлсэн би тэнд ердөө 30 минут болохдоо тувт утсаараа оролдоостой суув. Аавд нялуун үг хэлэхэд дургүй, бас дасаагүй. Хов яриад суух хэцүү, эхнэрээ ярих бүр ч онцгүй. Тохиромжтой сэдэв олдохгүй байгааг аавч анзаарч “Одоо яв даа. Ажил төрлөө бод” хэмээн хэлэхүйд бич уухайн тас алга боллоо. Бидний удаа дараагийн уулзалт иймэрхүү л байдаг байлаа.
 
Нэг л өдөр хорт хавдрын улмаас аав минь бурхан болж, би зургийг нь барин зогсох хүнд үетэй нүүр тулав. Талийгаачийг хөдөөлүүлэхэд ирсэн ах дүү,найз нөхөд нь хүндэтгэл үзүүлэхдээ “Чамд маш их хайртай байсан шүү” хэмээн уйлж байлаа. Дараахан нь ээж надад нэгэн зургийн цомог өгсөн юм. Тухайн үед “Энэ цомгийг аав чинь тусгайлан цуглуулж, угаалгаж бэлдсэн юм шүү” гэх ээжийн үг сайхан санагдаж байлаа. Тэр явдлаас хойш арваад жил өнгөрч, би хүүхэдтэй болж, хүү маань таван нас хүрлээ. Нэг орой ажлаасаа иртэл хүү маань мөнөөх зургийн цомгийг үзэж байгаад зарим зургийг нь гаргаж, заримыг” нь бүр урчихсан байв. Хүүгээ бушуухан болиулаад зургуудыг далд хийх зуураа зураг бүрийн ард тайлбар байгааг анзаарлаа. Аав минь авсан зураг бүрийнхээ ард үйл явдлыг бичсэн гэдгийг өмнө нь хэн ч мэдээгүй юм. Миний хоёр настай зургийн ард “Хүү минь өвдөж тариуллаа. Сэтгэл өвдөж байсан ч нулимсаа нууж, цонхны дэргэд уйллаа” гэсэн байв. Өөр нэг зургийн ард “Хүү минь сургуулиа төгслөө. Онц дүнтэй төгссөн цорын ганц нь гэдгийг сонсоод баярын нулимас унагав. Хүмүүсээс нуугдаж, цонхны дэргэд очив” гэсэн байв. Энэ үед л би аавыгаа ойлгосон юм даа. Яагаад амьдралын томоохон үйл явдал бүрт цонхоор хараад байдгийг нь “өөртөө нээв”. Миний төлөө санаа зовнихдоо, ганцаар шаналан бодолд автахдаа цонхоор хараад байдаг нь ийм учиртай байсан юмсанж. Гэтэл би гарыг нь атгаад суухаасаа залхуурсан бүтэлгүй үр юмдаа. Эцэг хүн гэдэг гаднаа илэрхийлээгүй олон зүйлээ нуух гэж хичээдэг “даруухан бурхан” ажээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Үндсэн Хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжиж байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ