Шуурхай мэдээ



С.Саруултөгс: Даралт ихсэлтийн эрт илрүүлгийн насыг 40 гэдэг байсан бол одоо 18-аас дээш болсон


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2019-08-16 13:12
  • 0

 Зүрх судасны тогтолцооны эмгэгийн голлох шалтгаан болох артерийн даралт ихсэх өвчин, түүнээс сэргийлэх талаар “Энх-Энэрэл” өрхийн ЭМТ-ийн эмч С.Саруултөгстэй ярилцлаа.

-"Артерийн гипертензийн менежментийг сайжруулья" аяныг зохион байгуулж, өнгөрсөн зургаадугаар сард шилдгүүдээ тодруулсан. Нийслэлийн шилдэг өрхийн эрүүл мэндийн төвөөр танайх шалгарсан. Аяны хүрээнд хэрэгжүүлсэн сайн туршлагаасаа хуваалцана уу?
 
-Тархалтаараа дэлхийд тэргүүлж байгаа зүрх судасны өвчлөл, түүнээс үүдэлтэй нас баралтыг бууруулах үүднээс хөгжиж байгаа орнуудад өвчлөлийг бууруулах  зорилгоор Швейцарь улсын “Новартис сан” сайн санааны байгууллага “Эрүүл зүрх–Эрүүл хот” хөтөлбөрийг санаачлан гурван тивийн гурван улсад нэгэн зэрэг хэрэгжүүлж байгаа. Харин Ази тивээс Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот сонгогдож, “Эрүүл зүрх–Эрүүл улаанбаатар” хөтөлбөр үйл ажиллагаагаа явуулан ажиллаж байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд манай БЗД-ийн 9-р хорооны “Энх-Энэрэл” өрхийн ЭМТ нь хэрэгжүүлсэн сайн туршлага гэвэл БЗД-ийн ЭМТ, 9-р хорооныхоо төрийн болон ТББ, аж ахуйн нэгж, иргэдтэйгээ маш сайн хамтран хамтын ажиллагаагаа өргөжүүлж, бие биенээ дэмжсэн үйл ажиллагааны үр дүнд амжилттай оролцож Нийслэлийн шилдэг өрхийн эрүүл мэндийн төвөөр шалгарсан.
 
-Аяны хүрээнд 18-аас дээш насны хэдэн иргэнийг хамруулсан бэ?
 
-Аяны хугацаанд 1788 иргэнийг артерийн даралт ихсэлтийн эрт илрүүлэг үзлэгт хамруулсан. Харин олон нийтийг хамарсан эрүүл амьдралын зан үйлийг сурталчлах, төлөвшүүлэх хүрээний сургалт, сурталчилгаа, өдөрлөг, болзолт уралдаануудад 3831 иргэнийг хамруулаад байна. 
 
-1700 гаруй хүнийг үзлэгт хамруулсан гэлээ. Хэдэн хүн нь артерийн даралт ихсэлттэй байсан бэ?
 
-Аяны хугацаанд үзлэгт хамрагдсан иргэдээс 720 буюу /40,3 хувь/ нь артерийн даралт ихсэлттэй гэж оношлогдоод, стандарт удирдамжийн дагуу эмчилгээндээ хамрагдаад явж байна.  
 
-Аяны хүрээнд хийж хэрэгжүүлсэн онцлох ажлуудаасаа нэрлэнэ үү?
 
-Аяны хүрээнд манай ӨЭМТ зөвхөн зорилтот нас болох 18-аас дээш насныхан гэлтгүй ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад эрүүл хооллолт, дасгал хөдөлгөөн, хорт зуршлаас татгалзах болон анхны тусламжийн сургалт, уралдаан тэмцээнийг зохион байгуулж ажилласан. Хүүхдэд багаас нь  амьдралын зөв дадал, хэвшлийг төлөвшүүлбэл насан туршдаа халдварт бус өвчин эмгэгээс сэргийлэх, эрсдлийг бууруулах боломжтой гэдгийг сурталчлан таниулсан.  Мөн артерийн даралт ихсэлт оношлогдсон иргэдэд “Артерийн даралт ихсэлтийн үеийн ногоон жор”-оор клуб нээн ажиллуулж, жирэмсэн, артерийн даралт ихсэлттэй болон тонустай эмэгтэйчүүдэд жирэмсний дасгал иог, БЗД-ийн 9-р хороо болон бусад аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтарсан хоёр удаагийн томоохон олон нийтийн өдөрлөг зохион байгуулсан. Түүнчлэн архинд донтох эмгэгтэй иргэдэд АА-гийн бүлгийн уулзалт, мөн цагаан хоолойгоор дамжуулан иргэдэд энэхүү аян болон артерийн даралт ихсэх өвчний талаарх мэдээлэл хүргэх гээд олон шинэ бүтээлч ажлыг зохион байгууллаа.
 
-Ногоон жор арга аргачлалын талаар тайлбарлавал?
 
-Энэ арга аргачлал нь зургаан төрлөөр хэрэгждэг. Харин аянтай холбогдуулан артерийн даралт ихсэлтийн үеийн ногоон жороор 5-6 хүний бүрэлдэхүүнтэй баг болгож, өвчний үеийн эрүүл хооллолт, дасгал хөдөлгөөн, хүнсний ногоог таниулах сургалт зэргээс бүрдсэн таван өдрийн клубыг амжилттай ажиллуулсан. Иргэд өөрсдөө гар доорх хүнсний материал болон хүнсний ногооны нэр төрлийг олшруулан давсгүйгээр эрүүл амт, чанартай хоол хийж, өөрт тохирсон дасгал хөдөлгөөнөөр хичээллэн артерийн даралтаа хянаснаар даралтаа бууруулж сурсан мэдсэн зөв мэдлэг, мэдээллээ гэр бүлдээ болон ойр тойрныхондоо түгээн сайн үлгэр дуурайлал болж байна.
 
-Артерийн даралт ихсэлтийн шалтгаан нь юу вэ. Насны бүтцээр нь ангилбал хэдээс хэдэн насныханд өвчлөл ихээр илэрч байна?
 
-Артерийн даралт ихсэлтийн анхдагч шалтгаан нь тухайн хүний удамшил, гентэй холбоотой үл өөрчлөгдөх зүйлс багтдаг бол хоёрдогч шалтгаан нь  бие махбодийн бусад өвчин эмгэгүүд байдаг. Харин артерийн даралт ихсэлтэд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлсэд хувь хүнээс шалтгаалсан өөрчилж болохуйц амьдралын буруу дадал, зуршил болсон эрүүл бус хооллолт, хөдөлгөөний хомсдол, хорт зуршил гэх мэт ордог.
 
Хөтөлбөр хэрэгжихээс өмнө артерийн даралт ихсэлтийн эрт илрүүлгийн зорилтот насыг  40-өөс дээш насныханд гэдэг байсан бол одоо хөтөлбөрийн хүрээнд 18-аас дээш насыг зорилтот нас гэж авч үзэж байна. Өвчлөл түүнийгээ дагаад нас баралт залуужих хандлагатай байгаа учраас эрт илрүүлэг үзлэгт хамруулан ажиллаж байна. Бидний эрт илрүүлэг, үзлэг шинжилгээгээр ч 40-өөс доош насныханд артерийн даралт ихсэх өвчин нэлээдгүй оношлогдож байна.
 
-Артерийн даралт ихсэлттэй байгаагаа хэрхэн мэдэх вэ. Хүндрэл нь ямар байдлаар илэрч байна?
 
-Хувь хүн бүрийн бие махбодийн онцлог болон хавсарсан өвчин эмгэгээс шалтгаалаад илрэх зовиур, шинж тэмдгүүд харилцан адилгүй байдаг. Нийтлэг илэрдэг шинж тэмдгүүдээс дурьдвал толгой өвдөх, шилэн хүзүүгээр хөших, дотор муухайрах, зүрх дэлсэх, нүд бүрэлзэх гэх мэт шинж тэмдгүүд илэрч болно. Артерийн даралт ихсэх өвчин оношлогдсон л бол тогтмол эмээ уухгүй, эмчийн хяналтад байгаагүйгээс бидний хамгийн сайн мэдэх тархинд цус харвах, зүрхний шигдээс гэх зэргээр хүндрэлүүд гардаг. Ер нь судасгүй, цусны судсаар тэжээгддэггүй эд, эрхтэн гэж нэг ч байхгүй учраас бие махбодийн бүхий л эрхтэнд хүндрэлүүд гарч болно.
 
-Даралтны эмийг хэрхэн хэрэглэх ёстой вэ?
 
-Энгийнээр тайлбарлавал шаарыг олон дахин үлээгээд байхаар  хагардаг шүү дээ. Яг тэрэнтэй адил  хүний бүхий л эрхтэнд байгаа судаснууд нэгэн хэвийн хэмжээнд баригдахгүй даралт ихсэхээр нарийсч, буурахаар өргөсөөд байвал хагарч, бидний хэлээд байгаа цус харвалт гэдэг зүйл тохиолддог. Тэгэхээр судасны уян хатан чанарыг нэг хэмжээнд барихын тулд артерийн даралт оношлогдсон тохиолдолд тогтмол эмээ уух хэрэгтэй.
 
Артерийн даралт ихсэлт оношлогдсон хүн бүр өөрчилж болохуйц амьдралын буруу дадал, зуршлыг засч, эрүүл зөв  амьдралын хэв маягтай хавсран, эмчийн хяналтан дор, эмээ тогтмол ууж хэвших нь маш үр дүнтэй гэдгийг онцлон хэлмээр байна.  

 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Үндсэн Хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжиж байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ