Шуурхай мэдээ



Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Оюутан цэрэг” сургалтын үйл ажиллагаатай танилцлаа


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2019-08-19 11:50
  • 0

Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штаб болон Үндэсний Батлан хамгаалахын их сургууль хамтран 6 дахь жилдээ зохион байгуулж буй “Оюутан цэрэг” сургалтын үйл ажиллагаатай Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцлаа.

Цэргийн насны залуусын цэргийн алба хаах хуулиар хүлээсэн иргэний үүргээ биелүүлэх боломжийг нэмэгдүүлэх шаардлага тулгарсны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 92 дугаар зарлиг гарснаар 2014 оноос эхлэн “Оюутан цэрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн юм.

Улмаар 2016 оны есдүгээр сарын 1-ний өдөр Улсын Их Хурлаас баталсан “Цэргийн албаны тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.7 дахь хэсэгт “Оюутан цэрэг” хөтөлбөрийг тусгаж, эрх зүйн орчин нь тодорхой болсноор өдгөө цэргийн албаны шинэ төрөл болон хэрэгжих нөхцөл бүрджээ.

Энэ хугацаанд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй их, дээд сургуулиудад суралцаж буй 5500 орчим залуу сургалтад хамрагдаж, дайчилгааны нөөц, нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтэн болж бэлтгэгдээд байна.

Оюутан цэргийн сургалтын онцлог нь нэг жилийн хугацаат цэргийн алба хаагчдын сургалтын агуулгыг багтаасан, ачаалал нягтрал сайтай, шахуу сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлдэгт оршдог юм. Хөтөлбөрийн хүрээнд оюутнууд дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн хоёр сарын хугацаанд Улаанбаатар хотод Цэргийн ерөнхий бэлтгэл сургалтад,  зургадугаар сарын 15-наас эхлэн мөн хоёр сарын хугацаанд Цэргийн мэргэжлийн хээрийн бэлтгэл сургалтад хамрагддаг байна.

Энэ жилийн хувьд “Оюутан цэрэг” сургалтад орон даяар 1000 орчим оюутныг сонгон авснаас нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 60 гаруй их, дээд сургуулийн 700 орчим оюутан Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн Хээрийн сургалтын төвд Цэргийн мэргэжлийн хээрийн бэлтгэлд гарчээ. Харин орон нутгийн их, дээд сургуулиудын оюутнууд Ховд, Орхон, Өвөрхангай, Дорнод аймгуудын нутагт буй цэргийн ангиудыг түшиглэн хээрийн бэлтгэл сургалтад хамрагджээ.

2014 онд анхны “Оюутан цэрэг” сургалтаар 500 оюутныг буудагч мэргэжлээр сургаж байсан бол сургалтын хөтөлбөрийн чанар, цар хүрээ жил бүр өргөжин тэлсээр энэ жилийн оюутан цэргүүд буудагч, пулемётчин, грантомётчин, инженерийн тагнуулчин-байлдагч, химичин-ариутгагч-байлдагч, химичин-тагнуулчин-байлдагч, артиллерийн тагнуулчин-байлдагч, артиллерийн тооцоочин-байлдагч, радиотелефончин-байлдагч, холбооны-хянагч-байлдагч, ариун цэврийн зааварлагч-байлдагч зэрэг цэргийн 11 бага мэргэжлийг эзэмшээд байна.

Их, дээд сургуулийн оюутнууд суралцах хугацаандаа “Оюутан цэрэг” сургалтад хамрагдсанаар Монгол Улсын Зэвсэгт хүчний дайчилгааны бэлтгэл үүрэгтний нөөц нэмэгдэх, улс орны батлан хамгаалах чадвар сайжрах, их, дээд сургуулийн төгсөгчид төрийн албанд ажиллах нөхцөл бүрдэх зэрэг чухал үр дүн гардаг.

Мөн хугацаат цэргийн албатай харьцуулахад “Оюутан цэрэг” сургалт нь нэг цэргийн жилийн зардлыг 3 дахин багасгаснаараа эдийн засгийн хэмнэлт дагуулж байгаа юм.

Сургалтад хамрагдсан оюутнууд хичээл сурлагын ахиц үзүүлж, цэрэг эх оронч үзэлтэй, ёс суртахууны зөв төлөвшилтэй болж, бие бялдар, эрүүл мэндийн хувьд сайжирдаг байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдыг Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн Хээрийн сургалтын төвд ажиллах үеэр оюутан цэргүүд энэ талаар ярьж, сургалтын үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байв.

Оюутан цэргүүдийн тав тухыг хангах, сайжруулахын тулд 2018 онд Хээрийн сургалтын төвд цэргийн байр барих дэд бүтцийн асуудлыг шийдэж, олон улсын жишигт нийцсэн байр барьсан байна. Харин энэ жил цэргийн байрыг өргөтгөн, нэмж 7 байр барьснаар тус төв нь 1000 хүний багтаамжтай болжээ. Ирэх жилийн сургалтаас өмнө Хээрийн сургалтын төвд буудлагын иж бүрэн талбай ашиглалтад орох юм байна.

6 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдаад буй “Оюутан цэрэг” сургалтын үйл ажиллагаатай дэлгэрэнгүй танилцсаныхаа дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд оюутан цэргүүдэд хандан “Та бүхэнд өдрийн мэнд хүргэе. Цаашид сургалтад оролцож буй оюутнуудын тоог нэмэх, хамрагдахыг хүссэн оюутан бүрт боломж олгох нь зүйтэй гэж үзэж байна. Одоо батлагдсан төсвөөр 1000 орчим оюутан цэргийг сургаж байгаа бол энэ тоог хоёр, гурав дахин нэмэх хэрэгцээ байна гэж харж байгаа. Албаа сайн хааж, маргааш тангаргаа өргөөд, есдүгээр сарын 1-нд хичээлдээ орж, сурлагын амжилт гаргахыг хүсье. Энд өнгөрүүлсэн дөрвөн сар та бүхний амьдралдаа өнгөрүүлсэн хамгийн үр дүнтэй, цэгцтэй, үр ашигтай дөрвөн сар болно гэдэгт итгээрэй. Удахгүй мэдрэх байх. Энэ ажлыг санаачилж, амжилттай хэрэгжүүлж яваа хүмүүст баяр хүргэж, амжилт хүсье” гэлээ.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Үндсэн Хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжиж байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ