Шуурхай мэдээ



ТОЙМ: Улсын Их Хурал – Өнгөрөгч долоо хоногт (2019.10.07-13)


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2019-10-14 12:13
  • 0

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Эксим банк хоорондын “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийн нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэв. Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар энэ талаарх танилцуулгадаа,  Улсын Их Хурлаас 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын 1 тэрбум ам.долларын Зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон баталсан бөгөөд Засгийн газрын 2017 оны 59 дүгээр тогтоолоор дээрх хэлэлцээрийн хүрээнд “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийг хэрэгжүүлж эхлээд байгаа.

Төслийн зөвлөх компаниар шалгарсан БНЭУ-ын “Инженерс Индиа Лимитед” компанийн боловсруулсан техник-эдийн засгийн үндэслэлээр (ТЭЗҮ) газрын тос боловсруулах үйлдвэрийн хөрөнгө оруулалтын зардлыг нийт 1,235.989 сая ам.доллар байхаар тооцоо гарсан. Үүнтэй холбогдуулан тус үйлдвэрт нэмэлтээр шаардлагатай 236 сая ам.долларын зээлийн хэлэлцээр байгуулахаар Энэтхэгийн талтай тохирсон. БНЭУ-ын  Экспорт-Импорт банкны зээлийн нөхцөл нь хугацаа 20 жил, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 5 жил, хүү (жилийн хүү) 1.75 хувь, зээлийн хөнгөлөлтийн түвшин 29.44 хувь бөгөөд хөнгөлөлттэй зээлийн ангилалд хамаарч байгааг дурдлаа.

Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороо дээрх асуудлыг хэлэлцсэн бөгөөд зөвшилцөхийг дэмжсэн талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд ирүүлжээ. Ингээд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь хэлэлцээрийн төслийг дэмжив.

Байнгын хорооны хуралдаанаар “БНХАУ-ын Манжуур хотод Монгол Улсын Консулын газар нээн ажиллуулах тухай”, мөн “Бүгд Найрамдах Беларусь Улсын нийслэл Минск хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай” УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцэж дэмжлээ.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг соёрхон батлах тухай асуудлыг хэлэлцэж дэмжив. БНПУ-ын Засгийн газраас 50 сая еврогийн экспортын зээлийг Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (ЭЗХАХБ)-ын “нөхцөлт тусламж” буюу “экспортын зээл”-ийн журмын дагуу манай улсад олгохоор шийдвэрлэжээ. Зээлийн хүү нь жилийн 0.15 хувьтай бөгөөд 28 жилийн хугацаатай, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа таван жил, хөнгөлөлтийн түвшин 51.8 хувь юм байна. 2019.10.08.  http://www.parliament.mn/n/x9jo

Төсвийн байнгын хорооны  хуралдаанаар Засгийн газраас  2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ирүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Эксим банк хоорондын “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийн нэмэлт санхүүжилтийн зээлийн хэлэлцээрийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцэж дэмжлээ.

Үргэлжлүүлэн Засгийн газраас  2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ирүүлсэн, Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулах Санхүүгийн хэлэлцээрийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцэв. Онцгой байдлын байгууллагад агаараас аврах ажиллагаа явуулах нэгж байгуулах, нисдэг тэрэг, гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төслийг Бүгд Найрамдах Франц Улсын 57.985 сая еврогийн зээлийн  хүрээнд хэрэгжүүлэхээр Францын талтай тохироод байна.  Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн нөхцөл нь нийт хугацаа 30 жил, жилийн хүү 0.08 хувь, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жил, хөнгөлөлтийн түвшин 60.3 хувь  байна гэдгийг Сангийн сайд танилцуулгадаа дурдлаа.

Хуралдааны төгсгөлд Онцгой албан татвараас чөлөөлөх тухай (Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь II  төслийг санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн) хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.  Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал, зарчмын зөрүүтэй санал гаргаагүй тул УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн  хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүлийн 58.3 хувь нь дэмжив. 

Мөн Эдийн засгийн байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Засгийн газраас 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Эксим банк хоорондын “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийн нэмэлт санхүүжилтийн зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэж дэмжин энэ тухай санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулах Санхүүгийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжсэн юм. 2019.10.08. http://www.parliament.mn/n/x8jo

Хууль санаачлагчдаас хэд хэдэн хууль тогтоомжийн төслийг Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлэв. “Чөлөөт бүсийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өргөн мэдүүлсэн.

2015 оны  шинэчилсэн хуульд “Хил дамнасан чөлөөт бүс” гэж хил залгаа улсын хилийн боомтын газар нутагт Засгийн газар хоорондын хэлэлцээрт үндэслэн байгуулсан чөлөөт бүсийг хэлнэ“, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт “Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу хил дамнасан чөлөөт бүс байгуулж болох бөгөөд уг чөлөөт бүсэд баримтлах бодлого, чиглэлийг холбогдох улстай байгуулсан гэрээгээр зохицуулна” гэж тусгажээ.  

“Хил дамнасан чөлөөт бүс” гэсэн томьёолол нь Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд ойлгомжгүй байдал үүсгэх магадлалтай тул Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр талуудын харилцан тохиролцсон “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс” гэсэн томьёоллыг Чөлөөт бүсийн тухай хуульд оруулах зорилгоор хуулийн төслийг боловсруулсан байна. Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг боловсруулах, хэлэлцээ хийх явцад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс “Хил дамнасан чөлөөт бүс” гэсэн нэр томьёоллыг өөрчлөх чиглэл өгсөн ажээ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан “Давс иоджуулж иод дутлаас сэргийлэх тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай” хуулийн төслийг өргөн мэдүүлсэн.

Баяжуулсан хүнсний тухай хуулиар зарим төрлийн хүнсийг баяжуулахтай холбоотой харилцааг зохицуулахаар тусгасан билээ. Энэ хууль батлагдахаас өмнө зөвхөн хүнсний давсыг иодоор баяжуулах асуудлыг тусгайлсан хуулиар зохицуулж байв. Иймд Баяжуулсан хүнсний тухай хуулийн зохицуулалттай давхардал үүсгэж байгаа тул Давс иоджуулж иод дутлаас сэргийлэх тухай хуулийг хүчингүй болгох тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Улсын Их Хурлын гишүүн Л.Энхболд “Монгол Улсын Их Хурлын тогтоолд өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төсөл өргөн мэдүүлэв.

“Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 73 дугаар тогтоолын 1 дэх хэсгийн 2 дахь заалтад тусгагдсан авто замын чиглэлд Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Тогтвортой хөгжлийн зорилго зэрэг Монгол Улсын болон олон улсын хамтын үзэл баримтлалтай зөрчилдсөн, мөн авто замуудын давхардал бий болгосон, зарим авто замын хувьд эдийн засгийн үр өгөөжгүй, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж, Говийн бага дархан газраар дайран өнгөрөх зэрэг сөрөг үр дагавар бий болгох утга санаа бүхий агуулга орсон байна гэж төсөл санаачлагч үзжээ. Иймд дээрх үр дагавруудыг арилгах, Монгол Улсын болон олон улсын хамтын үзэл баримтлалд нийцүүлэх зорилгоор Улсын Их Хурлын 2018 оны 73 дугаар тогтоолын 1 дэх хэсгийн 2 дахь заалтад тусгагдсан ‘Тавантолгой-Оюутолгой-Ханги" чиглэлийн авто замаас “Оюутолгой" чиглэлийг хасч, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг боловсруулсан байна.

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн барилаа.

Монгол Улс Арабын Нэгдсэн Эмират Улстай 1996 оны 04 дүгээр сарын 01-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа нээсэн. Улмаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах 1449 ам метр хэмжээтэй, Арабын Нэгдсэн Эмират Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам байрлаж буй газрыг улсын тусгай хэрэгцээнд авах хүсэлтээ Барилга, хот байгуулалтын яаманд гаргажээ.

Монгол Улсын нэгдэн орсон “Консулын харилцааны тухай Венийн конвенц”-д хүлээн авагч улс нь томилогч улсын дипломат төлөөлөгчийн газруудад орон байр олох, барихад дэмжлэг үзүүлэх, аюулгүй байдлыг хангахаар заасан байдаг бөгөөд энэ дагуу Монгол Улс дахь Арабын Нэгдсэн Эмират Улсын Элчин сайдын яаманд олгосон газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ. 2019.10.08.  http://www.parliament.mn/n/xzjo

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Хүний эрхийн Үндэсний комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулга,  Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай,  Монгол Улсын Иргэн гадаадад зорчих, цагаачлах тухай, “Ялтан шилжүүлэх тухай” Монгол Улс болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын гэрээг соёрхон батлуулах тухай хуулиудын төслийг Улсын Их Хурлын даргад өргөн барилаа.

1.Монгол Улс хүний эрхийг хамгаалах үндэсний байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг бий болгож, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын тухай хуулийг 2000 онд баталсан бөгөөд 2002, 2003, 2011, 2015 онд нийт 5 удаа нэмэлт, өөрчлөлт орсон байна. Эдгээр өөрчлөлтүүд нь гол төлөв бусад хууль тогтоомж батлагдсантай холбоотой нэмэлт, өөрчлөлтүүд юм. Харин олон улсын байгууллагаас өгч буй зөвлөмж, дүгнэлт, хууль зүйн болон практик хэрэгцээ шаардлагыг үндэслэн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.

Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 9 бүлэгтэй. Төсөлд Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүнд нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах ажиллагааг Парисын зарчимд нийцүүлэн олон нийтийн оролцоотойгоор ил тод, нээлттэй зохион байгуулах, Комиссын үйл ажиллагаагаа хараат бусаар хэрэгжүүлэхэд хангалттай төсөв батлуулах, хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах төсвийн төслийг боловсруулж, хянуулж батлуулах процедурыг тодорхой болгох, эрүү шүүлтийн эсрэг үндэсний механизмыг бий болгож, Комиссын 3 гишүүнээс гадна, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх хараат бус үйл ажиллагаагаа явуулах гишүүн болон нэгж байгуулах, түүний чиг үүрэг зэргийг шинээр тусгажээ.

2. Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хууль нь 1993 онд батлагдсанаас хойш нийт 13 удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр 30 орчим заалтад өөрчлөлт оруулж байсан хэдий ч хуулийн зүйл, заалт хоорондын уялдаа холбоо хангалтгүй, нэг мөр ойлгож хэрэгжүүлэхэд хүндрэлтэй асуудлууд тулгардаг. 2018 оны байдлаар Монгол Улсын 175.687 иргэн 76 улсад байнга оршин сууж ажил, хөдөлмөр эрхэлж байгаа гэсэн мэдээлэл байгаа боловч нэгдсэн тоо бүртгэл нь тойм төдий байдаг. Дипломат төлөөлөгчийн газар болон Консулын газар байхгүй улсад оршин суугаа болон зорчиж байгаа иргэдийн мэдээлэл тодорхойгүй байдаг аж.

Иймд хилийн чанадад байгаа иргэдийн бүртгэлийн нэгдсэн системийг боловсронгуй болгох, бүртгэлтэй иргэд, ялангуяа их, дээд сургуульд суралцаж байгаа иргэдээ дэмжих, тэднийг шаардлагатай ажлын байраар хангах зорилгоор тэдгээрийн мэдээллийг төрийн болон төрийн бус байгууллагууд, ажил олгогчдод нээлттэй солилцох боломжийг бүрдүүлж, дипломат төлөөлөгчийн газрыг хилийн чанадад байгаа иргэдээ бүртгэх, Монгол Улсын төрийн үйлчилгээ, нийгмийн хамгааллын бодлогод иргэдээ жигд хүртээмжтэй хамруулах талаар санаачилгатай ажиллах боломжийг бүрдүүлэх нь зүйтэй гэж хууль санаачлагчид үзжээ.

3. Архив, албан хэрэг хөтлөлт нь арга зүй, зохион байгуулалтын хувьд нэгдмэл байх, хадгалалт хамгаалалт аюулгүй, найдвартай байх, ашиглалт хуулийн хүрээнд нээлттэй, шуурхай байх, албан хэрэг хөтлөлтийн болон архивын сан хөмрөгийн бүрдүүлэлт тогтмол үнэн зөв, бүрэн байх шаардлагатай хэмээн үзэж Архив, албан хэргийн хөтлөлтийн тухай хуулийн төслийг боловсруулсан байна. Хуулийн төсөл 8 бүлэг 50 зүйлтэй бөгөөд төрийн архивт хамаарах архивыг тодорхойлж, чиг үүргийг нарийвчлан зааж, холбогдох зохицуулалтуудыг тусгажээ. Мөн архивын байгууллагын бүтэц, орон тооны асуудлыг нарийвчлан, хуульчлахаар төсөлд тусгасан байна.

4. “Ялтан шилжүүлэх тухай” Монгол Улс болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын гэрээнд харилцах төв байгууллагууд, ялтан шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх үе шат, хүсэлт гаргах, уламжлах, хүсэлтийг ял шийтгэсэн улсын төв байгууллага хянах, хүсэлтийг шилжүүлэн авах тал хянах, хүсэлтийг шийдвэрлэх болон татгалзах үндэслэл, ялтныг эх оронд нь шилжүүлэх үйл явц, зардал зэрэг үндсэн асуудлууд тусгагджээ. “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын гэрээ”-г талууд соёрхон баталж, батламж жуух бичгээ солилцсоноор гэрээ хүчин төгөлдөр болох аж.

Энэхүү гэрээг соёрхон батлуулснаар эрүүгийн хэргийн талаарх хоёр улсын хамтын ажиллагаа бэхжиж, ялтан шилжүүлэх ажиллагаанд хурдан шуурхай хамтран ажиллах эрх зүйн орчин бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байгаа аж. 2019.10.08. http://www.parliament.mn/n/x5jo

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил танилцуулсан юм.

 Ажлын хэсэг энэ сарын 08-ны өдөр хуралдаж, холбогдох зарчмын зөрүүтэй саналуудыг хэлэлцжээ. Тухайлбал, анхны хэлэлцүүлгийн үеэр хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу төсөл дэх өмгөөлөгчид хориглох зүйл, үйл ажиллагаатай холбоотой 15, 20, 21 дүгээр зүйлийг нэгтгэж, өмгөөлөгчид хориглох зүйл, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх гэсэн 15 дугаар зүйл болгох, хуулийн дагаж мөрдөх хугацааг тодорхойлох саналыг гаргажээ. Өмгөөлөгч үйлчлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохицуулж байгаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд холбогдох нэмэлт өөрчлөлт анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэнтэй холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өмгөөлөгчийн эрх, үүрэгтэй холбоотой өөрчлөлтийг тусгасан хуулийн төсөл болон Өмгөөллийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим бүлгийг хүчингүй болгох хуулийн төслүүдийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу боловсруулжээ. Түүнчлэн төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж төсөлд тусгасан бөгөөд нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган төслийн эцсийн хувилбарыг бэлтгэжээ. 

Байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим бүлэг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, гишүүдээс гаргасан горимын саналын дагуу хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр батлуулахыг дэмжив.

Дараа нь Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Засгийн газраас 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцуулсан юм. 

Тахарын албаны тухай хууль хүчингүй болсноор шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах, яллагдагч, ялтныг хуяглан хүргэх, хуяглан харгалзах, оргон зайлсан яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах чиг үүргийг цагдаагийн байгууллага гүйцэтгэх болсныг тэрбээр танилцуулгын эхэнд дурдаад үүнтэй холбоотойгоор Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсныг танилцуулав.

Байнгын хорооны хуралдаанаар Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

ФАТФ-ын 40 зөвлөмжийн хэрэгжилт ямар түвшинд байгааг тодруулсан гишүүдийн асуултад Монголбанкны холбогдох мэргэжилтэн өгсөн хариултдаа, 2017 онд дээрх 40 зөвлөмжийн 20 нь хангалтгүй гэдэг үнэлгээ авсан бол үнэлгээг ахиулах тайланг 2019 оны 08 дугаар сард хамгаалж 15 зөвлөмжийн биелэлтийн үнэлгээг ахиулсан. Өнөөдрийн байдлаар 35 зөвлөмжийн хэрэгжилт “хангалттай” үнэлгээтэй байгаа бол 5 зөвлөмжийн хэрэгжилт “дунд” үнэлгээтэй байгаа гэдгийг хэллээ. Ингээд хуулийн төслүүдтэй холбоотойгоор гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулж шийдвэрлэн энэ талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов. 2019.10.09.  http://www.parliament.mn/n/o8jo

Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар эхлээд тус Байнгын хорооны 2019 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийх ажлын төлөвлөгөө батлах тухай асуудлыг хэлэлцэв. Үргэлжлүүлэн тус Байнгын хорооны 2018 оны 05 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээллийг сонслоо. 

Мэдээллийн өмнө Байнгын хорооны дарга М.Оюунчимэг  тус Байнгын хорооны 05 дугаар тогтоолын талаар товч танилцуулсан юм. “Өргөдлийн байнгын хороонд төрийн бус байгууллага болон 927 иргэнээс  аюултай хог хаягдал болох химийн бодис хадгалах зориулалттай хуванцар сав болон нийлэг уутыг ахуйн зориулалтаар хэрэглэхийг хязгаарлах, орчны бохирдлыг бууруулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох хүсэлтийг ирүүлсний дагуу холбогдох албан тушаалтнаас тайлбар, мэдээлэл авах хэлэлцүүлгийг зохион байгуулж, хэлэлцүүлгээс  гаргасан зөвлөмжийг 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, тогтоол гарган Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгсөн. Дээрх чиглэлийн дагуу Өргөдлийн байнгын хорооны дарга, гишүүд, холбогдох байгууллагын албан тушаалтнуудыг оролцуулан Хан-Уул дүүрэгт байрлах цаасан болон гялгар уут, сав баглаа боодлын үйлдвэрүүд, Баянзүрх, Налайх дүүрэгт аккумулятор дахин боловсруулах үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай газар дээр нь ажиллаж холбогдох албан тушаалтнуудыг оролцуулсан ажил хэргийн уулзалтуудыг хийж үүрэг даалгавар өгсөн” гээд  тогтоолын хэрэгжилтийн талаар холбогдох байгууллагууд тайлбар, мэдээллээ ирүүлснийг Байнгын хорооны дарга хэллээ. 

Үргэлжлүүлэн Байгаль орчин, аялал жуучлалын сайд Н.Цэрэнбат Өргөдлийн байнгын хорооны 05 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын талаар танилцуулсан юм. Сайд мэдээлэлдээ, сайжруулсан шахмал түлшийг НӨАТ-аас чөлөөлөх, Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрх бүрт угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг нэг удаа үнэгүй олгох,  аюултай хог хаягдал, лаг боловсруулах, булшлах, устгах, байгууламж барих зориулалтаар нийслэлийн Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 10 га, Сонгино хайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутагт байрлах ”Төв цэвэрлэх байгууламжийн дэргэд 22 га газрыг тус тус улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг шийдвэрлэсэн зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлснийг дурдав. 2019.10.09.  http://www.parliament.mn/n/omjo

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын нэр бүхий зургаан гишүүний 2019 оны 07 дугаар сарын 19-ны өдөр өргөн мэдүүлсэн төслийн талаар гишүүн Б.Баттөмөр танилцуулсан юм. 

Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийг 1998 онд, тус хуулийн шинэчилсэн найруулгыг 2006 онд тус тус батлан мөрдүүлж, хэрэгжилтийг зохион байгуулан, шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны эрхзүйн харилцааг зохицуулж иржээ. Дэлхийн улс орнуудын шинжлэх ухаан, технологийн хөгжлийн чиг хандлага, улс орны болон салбарын хөгжлийн бодлого, эрх зүйн шинэчлэлтэй уялдуулан энэхүү хуульд зарим нэмэлт, өөрчлөлтийг оруулах хэрэгцээ, шаардлага үүссэн байна. Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах хэрэгцээ, шаардлагын урьдчилсан судалгааг гүйцэтгэсэн. Судалгаанд тусгагдсан санал, зөвлөмж, дүгнэлтийг үндэслэн Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар тус салбарын бодлого тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх боломжтой гэж үзэж, уг хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулжээ.

Дараа нь Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Дээрх төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулгыг тус ажлын хэсгийн ахлагч О.Баасанхүү танилцуулав. Эдгээр хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн бөгөөд хуулийн төслийг өнгөрсөн оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус Байнгын хороонд шилжүүлжээ.

Өнгөрсөн хугацаанд ажлын дэд хэсэг болон ажлын хэсэг 4 удаа хуралдаж, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар 7, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн талаар зарчмын зөрүүтэй саналын томьёолол нэгийг тус тус бэлтгэсэн байна. Ингээд ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж дэмжин, хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. 2019.10.09.  http://www.parliament.mn/n/oxjo

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар эхлээд “Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж дэмжив. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6-д заасны дагуу Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын болон Ёс зүйн дэд хорооноос бусад дэд хорооны бүрэлдэхүүнд зөвхөн харьяалах Байнгын хорооны гишүүд орох бөгөөд дэд хорооны бүрэлдэхүүний тоо нь тухайн Байнгын хорооны гишүүдийн хоёрны нэгээс илүүгүй байхаар зохицуулсан байдаг. Засгийн газрын гишүүнээр ажиллаж байгаа учраас Х.Баделхан, Д.Сарангэрэл нарын гишүүд дэд хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлөгдөх хүсэлт ирүүлсэн учраас Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнээс дээрх хоёр гишүүнийг чөлөөлж, оронд нь Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Д.Тогтохсүрэн нарыг оруулах тухай УИХ дахь МАН-ын бүлгийн саналыг бүлгийн дарга танилцуулсан юм. Мөн УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, Ёс зүйн дэд хорооны гишүүн Б.Наранхүүг хүсэлтийнх нь дагуу дэд хорооны гишүүнээс чөлөөлж, оронд нь Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдоржийг оруулах саналаа танилцуулсан. Намын бүлэг, зөвлөлийн дээрх саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар тогтов.

Байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын 2019 оны 73 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Төсөлд Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэхтэй холбоотойгоор Улсын Их Хурлаас батлах хугацааг нь тусгайлан заасан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжийг журмын хуульд нэмж, хууль хоорондын зөрчлийг арилгасан байна. Мөн хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэх шатанд Байнгын хороо болон нам, эвслийн бүлэг саналын түвшинд харгалзан үзснээс бусад төсөлд тусгагдаагүй шинэ хэсэг, заалтын саналын томьёолол, санал, дүгнэлтэд оруулахгүй байхаар нэмэлт оруулжээ. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хуулийн төсөл гэсэн нэр томъёотой холбоотой нийт 26 хэсэг, заалтад холбогдох өөрчлөлтийг оруулж, Монгол Улсын Үндсэн хуультай нийцүүлсэн болохыг Байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь хуулийн төслийг дэмжсэн тул уг асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтов. 2019.10.09. http://www.parliament.mn/n/o5jo

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллага ФАТФ-ын “саарал жагсаалт”-д Монгол Улс багтах эрсдэл үүссэнтэй холбоотойгоор холбогдох байгууллагын удирдлагуудтай уулзаж, үүрэг даалгавар өглөө.

-Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллага (FATF), Мөнгө угаахтай тэмцэх Ази, Номхон далайн бүсийн байгууллага (APG)-ын Олон улсын хамтын ажиллагааны хяналтын Ажлын хэсгийн хамтарсан уулзалт өнгөрсөн сарын 12-13-нд Тайландын Бангкокт болж, манай холбогдох байгууллагууд Монгол Улсаас мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхээс сэргийлэх чиглэлээр хийсэн ажлын тайлангаа хэлэлцүүлсэн. Харамсалтай нь Монгол Улс нэмэлт зөвлөмжид тусгагдсан шалгуур үзүүлэлтүүдээс 4-т нь зохих үр дүн гаргаж, эргэж тайлагнах шаардлагатай байна гэсэн дүгнэлтийг албан ёсоор манайд ирүүлсэн байна. Манай улс үй олноор хөнөөх дэвсэг дэлгэрүүлж, терроризмыг санхүүжүүлдэг орон мөн үү. Яагаад бид энэ жагсаалтад ороход хүрэв гэсэн асуулт гарна. Хариулт нь тухайн асуудлыг хариуцсан байгууллага, албан тушаалтан ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсанаас ийм байдалд хүрсэн гэсэн дүгнэлт гарч байна гэдгийг УИХ-ын дарга уулзалтын эхэнд тэмдэглэлээ.

Тэрбээр 2017 онд манай улсын тайланг ФАТФ-ын хурлаар хэлэлцээд хангалтгүй гэж дүгнэж, зөвлөмж ирүүлсэн. Хоёр жил өнгөрсөн ч тодорхой ахиц гарсангүй. Дөрвөн нэмэлт шаардлага хүлээн аваад байна. Олон улсын жишигт нэг л нэмэлт шаардлага авбал “саарал жагсаалт”-д орох бодит эрсдэл үүссэн гэж үздэг. Хэрвээ Монгол Улс “саарал жагсаалт”-д орвол олон улсын байгууллагууд мнай улстай хамтран ажиллахаас татгалзах; гадаадын харилцагч банкууд харилцаагаа таслах; гадаадын хөрөнгө оруулалт багасаж, гадаад худалдааны хэмжээ буурах; иргэд гадаадад картаар гүйлгээ хийх боломжгүй болж, гадаад гүйлгээний шилжүүлэг хийхэд хүндрэл үүсэх; улмаар улс орны эдийн засаг агших, ард түмний амьдрал доройтох зэрэг эрсдэл үүснэ. Тиймээс үйл ажиллагааныхаа тайланг муу хамгаалсан, хариуцсан ажлынхаа чиглэлээр үр дүн гаргаж чадаагүй Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн алба, бусад холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох нь зүйтэй гэж үзэж буйгаа илэрхийлэв.

Үүссэн асуудалтай холбоотойгоор хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэг, Гаалийн ерөнхий газрын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ, Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны дарга Б.Ариунаа, Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн албаны дарга Х.Батчулуун нар мэдээлэл өгч, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан байр сууриа илэрхийлэв.

Монгол Улс “саарал жагсаалт”-д багтах эрсдэл үүссэнтэй холбоотойгоор “Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай” хуулийн төслийг ойрын үед УИХ-аар хэлэлцэн батлах; Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн зүйл, заалтыг хянаж үзэх; Оффшор, авлига, албан тушаалын гэмт хэргийн асуудлаар сүр дуулиантай мэдээлэл гаргадаг, тэгсэн хэрнээ шүүхээр шийдсэн асуудал бараг байхгүй байгаад дүгнэлт хийж ажлаа бодитой, үр дүнтэй хийх; Xар тамхи зөөвөрлөх, наймаалах хэрэгт төрийн албан хаагчид нь холбогддог, хил гаалиар алт зэрэг хориотой бараа бүтээгдэхүүн нэвтрүүлдэг байдлыг зогсоох талаар дорвитой арга хэмжээ авах нь зүйтэй гэсэн үүрэг даалгаврыг  УИХ-ын дарга Г.Занданшатар холбогдох албан тушаалтнуудад өгөв. Түүнчлэн авсан арга хэмжээнийхээ талаар ФАТФ-т захидал илгээж, мэдэгдэхээр тогтов. 2019.10.09.  http://www.parliament.mn/n/oujo

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг  хийв. Хуралдаанд Тагнуулын ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанкны холбогдох албан тушаалтнууд оролцлоо. Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь нар танилцуулсан юм.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Содбилэг, Ж.Энхбаяр нар асуулт асууж, хариулт авсны дараа хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар Ажлын хэсэг, Хууль зүйн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалт явуулав. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийн “Монгол Улсад” гэснийг, төслийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсгийг тус тус хасах  Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Түүнчлэн төслийн 3 дугаар зүйлд “3.1.18.“дотоодын жагсаалт” гэж үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэхтэй холбоотойгоор терроризмтой тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагын саналыг үндэслэн Засгийн газраас баталсан хүн, хуулийн этгээдийн жагсаалтыг; ” гэж,   9 дүгээр зүйлд “9.1.9.хоёрдмол зориулалтай бараа, бүтээгдэхүүний жагсаалт батлах.” гэсэн хэсэг тус тус нэмэх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Мөн төслийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх заалтыг  “тодорхой террорист үйлдэл, үйл ажиллагаагаар хязгаарлахгүй хориг арга хэмжээний болон дотоодын жагсаалтад орсон хүн, хуулийн этгээдийн өмчлөл буюу хяналтаа тогтоосон бүхий л мөнгөн хуримтлал, бусад хөрөнгө;” гэж өөрчлөн найруулахаар тогтов.

Хуралдааны төгсгөлд  Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын хоорондын гэрээнд өөрчлөлт оруулах тухай протокол”-ын төслийг яаралтай хэлэлцүүлэх шаардлагатай” гэсэн горимын саналыг гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм. 2019.10.09.   http://www.parliament.mn/n/ozjo

Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ танилцуулсан юм. Ингээд хуулийн төслийн талаарх Ажлын хэсэг, Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авав. 

Тухайлбал, төслийн 3 дугаар зүйлд “3.1.18.“дотоодын жагсаалт” гэж үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэхтэй холбоотойгоор терроризмтой тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагын саналыг үндэслэн Засгийн газраас баталсан хүн, хуулийн этгээдийн жагсаалтыг;” гэж, 9 дүгээр зүйлд “9.1.9.хоёрдмол зориулалтай бараа, бүтээгдэхүүний жагсаалт батлах.” гэсэн хэсэг тус тус нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.  Түүнчлэн уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах  тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж шийдвэрлэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлэв.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, төслийн талаар Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат нар танилцуулсан юм. 

“Засгийн газрын агентлагын талаар авах зарим арга хэмжээний тухай” 2016 оны 04 дүгээр тогтоолоор Худалдан авах ажиллагааны газрыг татан буулгаж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар болгон өөрчлөн байгуулсан нь улсын болон бүс нутгийн чанартай томоохон худалдан авах ажиллагааг зохион байгуулах, бие даасан худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагын тогтолцоог алдагдуулсан байна. Яам, агентлаг, төрийн бусад байгууллагууд салбарын бодлого боловсруулах үндсэн чиг үүргийн хажуугаар худалдан авах ажиллагаа зохион байгуулж байгаа нь улсын төсвийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил удаашрах, өртөг зардал нэмэгдэх, цаг хугацаа алдах, иргэдэд хүртэх төрийн үйлчилгээний хүртээмжийг удаашруулж байна гэж хууль санаачлагчид үзжээ. Мөн худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллага байхгүй болсноор гадны зээл, тусламжийн хөрөнгөөр хийгдэх бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтыг зохион байгуулах мэргэжлийн боловсон хүчний дутагдал үүсэж, худалдан авах ажиллагааны олон улсын зэргээс Монгол Улс ухарсан зэрэг сөрөг үр дагаврууд үүсчээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ-ын 2019 ны 03 дугаар сарын 22-ны өдрийн  чуулганы хуралдаанаар хэлэлцэн баталснаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын зарим чиг үүргийг салгаж, Худалдан авах ажиллагааны бие даасан Засгийн газрын агентлаг дахин байгуулах эрх үйн зохицуулалт бий болсон байна. Худалдан авах ажиллагааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, түүний тогтолцоог боловсронгуй болгох нь төрийн худалдан авах ажиллагаа системтэй, ил тод, хурдан шуурхай зохион байгуулах, захиалагч болон орон нутгийн худалдан авах ажиллагааны нэгжийг мэргэжил, арга зүйн удирдлагаар цаг алдалгүй хангахад ихээхэн ач холбогдолтой  гэж хууль санаачлагчид үзжээ. Тогтоолын төсөл батлагдсанаар улсын төсвөөс нэмэлт санхүүжилт шаардагдахгүй юм байна. Ингээд санал хураалт явуулахад гишүүдийн олонх нь тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжсэн юм.

Чуулганы нэгдсэн хуралдааны дараа Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж, Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, хуулийн төслүүдийг эцэслэн батлуулахаар болов. 2019.10.10http://www.parliament.mn/n/tdjo

Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын 2020 оны төсвийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Сүүлийн жилүүдэд соёрхон баталсан олон улсын гэрээ, Улсын Их Хурлаас баталсан хууль тогтоомжийн хүрээнд Хүний эрхийн үндэсний комиссын чиг үүрэг улам бүр өргөжсөөр байгаа билээ. Түүнчлэн Комиссоос хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтэд хяналт тавих, иргэд, олон нийтэд хүний эрхийн боловсрол олгох, хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн тухай гомдлыг хянан шийдвэрлэх талаар нэлээд хүчин чармайлт гарган ажиллаж байгаатай холбоотойгоор төсөв санхүүгийн хүндрэлтэй байдлыг арилгах, төсвийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааны хараат бус байдлыг хангах шаардлагатай байгаа аж. Иймээс Монгол Улсын олон улсын гэрээ, хууль тогтоомжоор Комисст хүлээлгэсэн чиг үүргийг бүрэн хэрэгжүүлэх, Комиссын үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулах, орон нутагт хүрч ажиллах нөхцөл бололцоог хангахад чиглэсэн төсвийн төслийг боловсруулжээ. Мөн Төсвийн тухай хуульд заасны дагуу Хүний эрхийн үндэсний комиссын 2020 оны төсвийн төслийг Сангийн яаманд  хугацаанд нь өргөн мэдүүлсэн байна. 2019.10.10.  http://www.parliament.mn/n/txjo

“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” ТББ-аас эрхлэн саяхан зохион байгуулсан Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн форумаас гаргасан санал, зөвлөмжийг Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны тэргүүн Ч.Даваабаяр, холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Бумцэнд нар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт гардуулж өглөө. Уг санал, зөвлөмжид жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн талаар төрөөс баримтлах бодлого; жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэг; төрийн худалдан авалт гэсэн үндсэн 3 чиглэлээр 20 шахам асуудлыг тусгажээ.

Тэдгээрт Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд баялаг бүтээгчдийн саналыг тусган 2019 оны намрын чуулганаар батлах, шинээр боловсруулж буй баялаг бүтээгчдийг дэмжих бодлого, багц хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж, 2020 оны хаврын чуулганаар батлах, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Сум хөгжүүлэх сан, Орон нутгийн хөгжлийн сан зэрэг Засгийн газрын тусгай сангуудын үйл ажиллагааг шилэн, ил тод, олон нийтийн хяналттай болгох, 2020 оныг “Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих жил” болгох, чанар, стандартын шаардлага хангаж байгаа дотоодын үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнтэй ижил бараа бүтээгдэхүүний импортын татварыг нэмэгдүүлэх, дотоодын үйлдвэрээс төрийн худалдан авах барааны жагсаалтыг хагас жил тутам дүгнэж, жил бүр өөрчлөлт оруулж байх зэрэг санал, зөвлөмжүүд багтжээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих дэд хороог хуралдуулж, баялаг бүтээгчдийн санал, зөвлөмжийг хэлэлцэх, тулгамдсан болон шийдвэрлэвэл зохих асуудлаар харилцан ярилцаж, нэгдсэн шийдэлд хүрэх нь чухал гэж үзэж байгаагаа энэ үеэр илэрхийллээ. 2019.10.10. http://www.parliament.mn/n/tmjo

Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Бүгд Найрамдах Беларусь Улсын нийслэл Минск хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг шргэлжлүүлэн хэлэлцэж санал хураалт явуулан тогтоолын төслийг батлав. Мөн Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа.

Манай улс Булангийн орнуудтай харилцааны агуулга, үр дүнг өргөжүүлэх, тэднээс буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл авах, хөрөнгө оруулалт татах, хамтарсан төсөл хэрэгжүүлэх боломж бий гэдгийг Гадаад харилцааны сайд  дурдаад АНЭУ-д Элчин сайдын яам байгуулснаар Абу Дабигийн хөгжлийн сан, Абу Дабигийн хөрөнгө оруулалтын газар зэрэг хөгжлийн сан, санхүүгийн байгууллагуудтай шууд холбоо тогтоон, ойр хамтран ажиллах, хувийн хэвшлийн хүрээнд хамтын ажиллагааг дэмжих замаар хөрөнгө оруулалт татах зэрэг шинэ боломж нээгдэнэ гэдгийг Гадаад харилцааны сайд энэ үеэр мэдэгдэв. Тухайлбал, Эмират Улс нь махны хэрэгцээнийхээ 90 орчим хувийг гаднаас импортоор авдаг, махны эрэлт хэрэгцээ нь хурдацтайгаар нэмэгдэж байгаа тул манай улс мах экспортлох чиглэлээр хамтран ажиллах бүрэн боломжтой гэж Засгийн газар үзэж байгаа аж.

АНЭУ-ын Абу Даби хотод 102 орны Элчин сайдын яам ажилладаг бөгөөд тус улс  Элчин сайдын яамаа Улаанбаатар хотод 2016 онд нээсэн. Иймд харилцан адил байх зарчмын хүрээнд хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, хамтын ажиллагааны нөөц бололцоог бүрэн дүүрэн ашиглах зорилгоор Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотод Монгол Улсын Элчин сайдын яам байгуулах нь зүйтэй гэж үзсэн байна. Абу Даби дахь Элчин сайдын яамыг 3 орон тоотой байгуулахаар төлөвлөсөн бөгөөд Эмиратын талаас зарим зардлыг хариуцахаа мэдэгджээ.

Дараа нь Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 2019 оны 06 дугаар сарын 04, 10 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг танилцуулсан. Байнгын хорооны тогтоолоор хуулийн төслийг нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү ахалж, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Д.Ганболд, М.Оюунчимэг, Я.Санжмятав, Д.Сарангэрэл, А.Ундраа, Н.Учрал нар ажиллажээ.

Гишүүдийн зүгээс Монгол Улс хорт хавдраар өвчлөгсдийн тоогоороо дэлхийн түвшинтэй харьцуулахад зургаа, нас баралтаараа 11 дахин их байгаа тул эрт илрүүлгийн асуудалд анхаарлаа хандуулж, хуулийн төслийг хэлэлцэн батлах нь зүйтэй. 2018 оны байдлаар 6073 хүн хорт хавдраар өвчилсний 4400 нь буюу  өдөрт 12-15 хүн нас барж, гамшгийн хэмжээнд хүрч байгаад төр засаг онцгойлон анхаарах шаардлагатай. Тиймээс 21 аймаг, 9 дүүргийн эрүүл мэндийн төвд хорт хавдрын эрт илрүүлгийн нэгж байгуулж, хөрөнгийг улсын төсөвт суулгахад анхаарч ажиллахын зэрэгцээ цаашлаад эрт илрүүлгийн асуудлыг Эрүүл мэндийн даатгалын тогтолцоотой уяж өгөх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байв. Түүнчлэн төсөлд хорт хавдрын эрт илрүүлэлтийг 40 наснаас гэж заасан шалтаан болон энэ асуудалд шаардагдах төсөв хөрөнгийн асуудлыг хэрхэн зохицуулах талаар тодруулсан.

Ажлын хэсгийн гишүүн О.Баасанхүү, хорт хавдраар өвчлөгсдийг насны байдлаар авч үзвэл 40-өөс дээш насныхан эрсдэл бүлэг рүү орж байна гэсэн тайлбарыг мэргэжлийн хүмүүс нь өгсөн тул 2020 оны төсвийн байдлаар 598,6 мянган хүнийг үзлэгт хамруулж, 23.9  тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгах шаардлагатай байгааг хариултдаа тодотгосон бол төсөл санаачлагч гишүүн Д.Дамба-Очир хорт хавдраар өвчлөгсөд насны хувьд залуужиж байгаа тул хуулийн зохицуулалтаа эргэн харах нь зүйтэй гэдгийг хариултдаа онцлов.

Манай улсад найман төрлийн хорт хавдарт эрт илрүүлгийн багцыг урьдчилан сэргийлэх үзлэгийн багцад оруулсан. Асуудлыг үүгээр хязгаарлаж болохгүй гэдэг гишүүдийн байр суурьтай санал нэг байгаагаа Эрүүл мэндийн сайд хариултдаа дурдав. Тэрбээр, нийт хорт хавдраар өвчлөгсдийн 70 гаруй хувийг дөрвөн төрлийн хавдар эзэлж байна. Тухайлбал, элэгний хорт хавдар 36 хувь, ходоодных 15 хувь, уушгиных 9 хувь, умайн хүзүү, улаан хоолойн хорт хавдар зонхилж байна. Хуулийн төслийн гол зорилго нь 21 аймаг 9 дүүрэгт хорт хавдрын эрт илрүүлгийн үзлэг оношлогооны нэгж байгуулах явдал бөгөөд дэлхийн нийтийн чиг хандлага ч ийм байгаа гэдийг хариултдаа тодотгосон юм.

Ингээд  хуулийн төсөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалт явуулсны дараа Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Ниймгийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлэв. 2019.10.10. http://www.parliament.mn/n/tzjo

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, О.Батнасан, Д.Дамба-Очир, Я.Содбаатар, Л.Элдэв-Очир, Л.Энхболд нарын зэрэг 24 гишүүн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийг Улсын Их Хурлын даргад өргөн барилаа.

Мал хулгайлах гэмт хэргийн гаралт 2017 оноос нэмэгдэж байгаа бөгөөд 2019 оны 1-р улирлын байдлаар мал хулгайлах 524 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 89.2 хувиар өссөн байна. Мал хулгайлах гэмт хэрэг орон нутагт бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 15.5 хувийг эзэлж байгаа аж. Одоо мөрдөгдөж буй Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын малыг хулгайлсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”, 17.12 дугаар зүйлийн тайлбарт ”Энэ зүйлд заасан “олон тооны мал” гэж 24 бог, 8 бодоос дээш малыг ойлгоно. Богийг бодод шилжүүлэхдээ нэг бодыг гурван богоор тооцно” гэж заажээ. Ингэснээр “олон тооны мал”-д тооцох хэмжээний мал хулгайлаагүй тохиолдолд хөнгөн хэлбэрийн хариуцлага хүлээлгэх боломжтой байгаа тул дээрх тоон үзүүлэлтийг зохистой хэмжээнд хүртэл бууруулан тогтоох, улмаар мал хулгайлагчдад хүлээлгэх ял, шийтгэлийн бодлогыг чангатгах шаардлагатай гэж хуулийн төсөл санаачлагчид үзэж байгаа аж. Шүүхийн практикаас үзэхэд цөөн тооны мал хулгайлсан этгээдэд хорихоос өөр төрлийн буюу нийтэд тустай хөдөлмөр эрхлэх шийтгэл хүлээлгэх нь түгээмэл байгаа бөгөөд энэ төрлөөр шийтгэгдсэн гэмт этгээдүүдийн дийлэнх нь малчинд учруулсан хохирлоо нөхөн төлөлгүй, малаа алдсан иргэд хохирдог байна. 2019.10.11. http://www.parliament.mn/n/1djo

Охидын эрхийг хамгаалах, хүчирхийлэл болон аливаа дарамтаас сэргийлэх олон улсын өдөр тохиож буйтай холбогдуулан Монголын эмэгтэйчүүдийн холбооноос "Хамтдаа хамгаалъя" аян өрнүүлж, цуглаан зохион байгуулж байгаа аж. Энэ өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монголын эмэгтэйчүүдийн холбооны (МЭХ) ерөнхийлөгч Б.Оюунгэрэл, тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ш.Ариунаа, хуульч Ж.Эрхэмбаатар, Г.Атармаа, З.Хүрэлсүх нарын зэрэг хүмүүсийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр МЭХ-ны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл охид, бүсгүйчүүдийг хүчирхийллээс хамгаалах асуудалд  Улсын Их Хурлын дарга биечлэн анхаарал хандуулж, “Хүүхдийн хүчирхийллийн эсрэг” нээлттэй сонсгол, хэлэлцүүлэг өрнүүлж, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч, энэхүү тулгамдсан асуудлаар бодит үйл ажиллагаа өрнүүлж байгаад талархаж буйгаа илэрхийлээд “Хамтдаа хамгаалъя” хөдөлгөөнд нэгдсэн эмэгтэйчүүд, хуульчдын төлөөлөл УИХ-ын даргад хандан зарим санал дэвшүүлж байгааг танилцуулсан юм.

Тухайлбал, УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэн батлахдаа “хүчиндэх” гэмт хэрэгт ногдуулах ялыг чангатгах, ийм төрлийн гэмт хэрэг өдүүлсэн этгээдийн ялыг заавал биеэр эдлүүлэх, ямар нэг өршөөл, уучлалд хамруулахгүй байх, хүчирхийлэлд өртсөн охид, эмэгтэйчүүдэд сэтгэл санааны нөхөн төлбөр олгодог болох зэрэг заалт оруулах нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Мөн энэ чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад багтсан Гэр бүлийн тухай хууль, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай зэрэг хуулийн хэлэлцүүлэгт МЭХ-ны төлөөлийг оролцуулж, саналыг тусгах талаар анхаарч ажиллахыг хүсэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар хуулийн төслийн Ажлын хэсгийн бүрэлдэхүүн, төслийн хэлэлцүүлэгт МЭХ-ны төлөөлөл, хуульчдыг оролцуулах арга хэмжээ авахыг УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан нарт үүрэг болгов. 2019.10.11.   http://www.parliament.mn/n/t9jo

Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос Эрчим хүчний сайдад тавьсан “Сайжруулсан шахмал түлшний нийлүүлэлт, чанар, түүнд тавих хяналтын талаарх” асуулгын хариуг сонслоо. Хуралдаанд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Улаанбаатар хотод сайжруулсан түлш хэрэглэсэнтэй холбогдон үүссэн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийсэн юм.

Тэрбээр, “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын 2018 оны 02 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажпын хүрээнд Засгийн газраас 2018 оны 62 дугаар тогтоолыг гаргаж, 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Баянзүрх дүүргийн 20, Сонгинохайрхан дүүргийн 21, Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс бусад буюу Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон. Энэ тогтоол хэрэгжиж эхлэхээс өмнө Улаанбаатар хотын ахуйн хэрэглээнд Налайх, Багануурын уурхайгаас 1.1 сая тонн түүхий нүүрсийг хэрэглэж байсан. Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн гэр хороололд 202 мянган өрх амьдарч, өрх тус бүр жилд дунджаар 4-5 тонн түүхий нүүрс хэрэглэж байсан нь нийслэлийн агаарын бохирдлын 80 гаруй хувийг үүсгэж байв.

Засгийн газар олон жил яригдсаар ирсэн боловч бодитой үр дүн гарахгүй байсан Улаанбаатар хотын агаарын бохирдлыг эрс бууруулах бодлогыг дэвшүүлж, 2018 онд “Агаарын бохирдлыг бууруулахад авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 43 дугаар тогтоол, “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолыг тус тус гарган хэрэгжүүлж байна. Гэр хорооллын иргэдэд цахилгаан халаагуур, байшин, сууцны дулаалга, эко жорлонгоо шийдэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Ногоон зээлийн бүтээгдэхүүнийг Төрийн банк, Хаан банк, Хас банкнуудтай хамтран гаргаад байна. Ингэснээр иргэдэд очих зээлийн хүү нь жилийн 9 хувь, 1 өрхөд очих зээлийн хэмжээ 40 хүртэл сая төгрөг болсон бөгөөд зээлийн хүүгийн татаасанд 3 тэрбум төгрөг олгосон. Нийслэлд ажиллаж байгаа 68 халаалтын зуухыг Монгол Улсын 2017-2018 оны төсвийн хөрөнгө оруулалтаар төвлөрсөн дулаанд холбох 9 багц дулааны шугам, дэд станцын барилга угсралтын ажил хийгдсэнээр улсын 62, нийслэлийн 17, аж ахуйн нэгжийн 51, орон сууцны 9 нийт 139 барилга байгууламж төвлөрсөн дулаан хангамжид холбогдож, түүхий нүүрсний хэрэглээг 52500 тн-оор бууруулсан. Мөн Амгалан дулааны станцад хэрэглээ нэмж холбох техникийн боломжийг бүрдүүлж өгсөн. 2018-2019 онуудад нийт дүнгээрээ жирийн болон нам даралтын 171 ширхэг зуухыг зогсоож 26,4 Гкал/ц ачаалал бүхий 210 иргэн, аж ахуй нэгжийн барилга, обьект төвлөрсөн дулааны хангамжид холбогдсон байна.

Гэр хороололд байрлах 21 сургууль, цэцэрлэгийн нам даралтын зуухнуудыг цахилгаан, хийн болон бусад дэвшилтэт техник технологиор солих ажил хэрэгжиж байгаа бол өнөөдрийн байдлаар 142 халаалтын зуухны янданд утаа шүүгч суурилуулах ажил амжилттай хэрэгжиж байна. Эрчим хүчний зохицуулах хорооноос 2018 онд “Тарифын хөнгөлөлт үзүүлэх тухай” 317, 318 дугаар тогтоолууд гаргаж, Нийслэлийн гэр хорооллын хэрэглэгчдийн 21.00-06.00 цагийн хоорондох хэрэглээг 220В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчдэд 700кВт.ц, 380В-ын хүчдлийн түвшинтэй хэрэглэгчдэд 1500кВт.ц-ыг 100 хувь хөнгөлөхөөр шийдвэрлэсэн. Мөн 21 аймгийн төв болон 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын бүс дэх хоёр тарифт тоолууртай өрхийн 21.00-06.00 цагийн хооронд хэрэглэсэн цахилгааны тарифыг 50 хувиар хөнгөлөхөөр шийдвэрлэсэн. Үүний дагуу 2019 онд 2 тарифт 563830 тоолуураар 124.8 сая кВт.ц цахилгаан эрчим хүчний хэрэглээнд 11.5 тэрбум төгрөгийн тарифын хөнгөлөлтийг хэрэглэгчдэд үзүүлсэн. 2019 оны эхний хагас жилийн байдлаар нийслэлийн гэр хорооллын айл өрхийн шөнийн тарифын урамшуулалд 5 тэрбум төгрөгийн хөнгөлөлтийг олгож, дахин 5 тэрбумыг гүйцэтгэлээр олгохоор хүлээгдэж байна. 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс дахин тарифын хөнгөлөлтийн хугацаа эхэлнэ. Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд 937 орчим автобус явж байгаагаас 2020 он гэхэд ашиглалтын хугацаа дууссан 450 гаруй автобус үйлчилгээнээс хасагдахаар байна. Нийтийн тээврийн хэрэгслээс ялгарах бохирдлыг бууруулах зорилгоор 2018 онд нийтийн тээврийн үйлчилгээнд байгалийн шатдаг хийгээр ажилладаг 70 автобус нийлүүлэн ашиглаж байна гэдгийг танилцуулгадаа дурдав.

Шадар сайд Ө.Энхтүвшин үргэлжлүүлэн Нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт тодорхой бус шалтгаанаар хүний амь нас эрсдэж, иргэд хордлого авч эмнэлэгт хүргэгдсэнтэй холбогдуулан Нийслэлийн Онцгой комиссыг 2019 оны 10 дугаар сарын 05, 06, 08-ны өдрүүдэд 3 удаа хуралдуулж, холбогдох мэргэжлийн байгууллага албан тушаалтнуудаас мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өгч ажиллав. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Нийслэлийн онцгой комиссоос 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр шуурхай штаб байгуулж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, цагдаа, тагнуул, онцгой байдал, эрүүл мэндийн байгууллагын албан хаагчид 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна. 2019 оны 10 дугаар сарын 03-10-ны өдрүүдэд угаарын хийн хордлогын улмаас дуудлага өгсөн 77 өрхийн 169 хүн буюу 73 хүүхэд, 96 насанд хүрсэн иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн. Насанд хүрсэн 20 иргэн, 5 хүүхэд хэвтэн эмчлүүлж, бусад 144 хүнд зөвлөгөө өгч, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж гэрт нь буцаасан. Энэ өдрүүдэд нийт 6 хүн, түүний дотор бага насны 2 хүүхдийн амь нас эрсэдсэн нь туйлаас харамсалтай бөгөөд үүний шалтгаан нөхцөлийг маш тодорхой, нэн яаралтай тогтоох ёстой гэж үзэж байна гэдгийг хэллээ.

Мөн Улаанбаатар хотод үүссэн энэ нөхцөл байдлын талаар Засгийн газрын 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцэж, 11 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө гэр хорооллын 220 мянган өрхөд угаар мэдрэгч дохиолол суурилуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд даалгасан. Нийслэлийн удирдлага хамгийн өндөр чанартай, стандартын шаардлага хангасан, боломжийн үнэтэй төхөөрөмж сонгон нэг удаа үнэгүй суурилуулж өгөх бөгөөд түүнд шаардагдах зургаан тэрбум гаруй төгрөгийг Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо гаргах юм гэдгийг мэдээллээ.

УИХ-ын гишүүнээс тавьсан асуулгын хариуг сонссоны дараа “Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, УИХ-ын гишүүн Б.Наранхүүг Төрийн байгуулалтын байнгын хорооны, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг Өргөдлийн байнгын хорооны гишүүнээс чөлөөлж, УИХ-ын гишүүн Б.Наранхүүг Өргөдлийн байнгын хорооны, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүнээр батлав. Үргэлжлүүлээд Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Тогтоолын төсөлд УИХ-ын гишүүн Х.Баделхан, Д.Сарангэрэл, Б.Наранхүү нарыг Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Д.Тогтохсүрэн, Б.Пүрэвдорж нарыг тус дэд хороонд оруулахаар тусгажээ. Гэвч нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь тогтоолын төслийг батлахыг дэмжсэнгүй.

Нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Улсын Их Хурлын 2019 оны 73 дугаар тогтоолын төсөлд бүхэлд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг УИХ 2019 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн хуралдаанаараа хүлээн авсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.8, 31.9 дэх хэсэгт заасныг үндэслэн Төрийн байгуулалтын байнгын хорооноос Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулж, 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцжээ.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдээр “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хуулийн төсөл” гэсэн нэр томьёотой холбоотой нийт 26 хэсэг, заалтад холбогдох өөрчлөлт оруулж, Үндсэн хуултай нийцүүлэв. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгаар шийдвэрлүүлэхтэй холбоотой асуудлыг тодруулж; Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг баталгаажуулахтай холбоотойгоор хугацаа зааж, түүнчлэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн 3 дахь хэлэлцүүлгийн санал, хураалт явуулах үндэслэлийг тодорхой болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.

Түүнчлэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэхтэй холбоотойгоор УИХ-аас батлах хугацааг нь тусгайлан заасан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжийг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд нэмж, хууль хоорондын зөрчлийг арилгасан байна. Мөн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг 2 дахь хэлэлцүүлэгт бэлтгэх шатанд Байнгын хороо болон нам, эвслийн бүлэг саналын түвшинд харгалзан үзсэнээс бусад төсөлд тусгагдаагүй шинэ хэсэг, заалтын саналын томьёолол санал, дүгнэлтдээ оруулахгүй байх зэрэг нэмэлт, өөрчлөлтүүдийг тусгажээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсаны дараа санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжиж, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиуд эцэслэн батлагдлаа. 2019.10.11. http://www.parliament.mn/n/1xjo

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу 2010 оноос эхлэн жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гарагийг Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгосон билээ. Энэ жилийн намрын мод тарих өдөр “Хүн бүхэнд цэвэр агаар, мод бүхэнд ус” уриан дор зохион байгуулагдаж буйтай холбогдуулан  УИХ-н Тамгын газрын ажилтнууд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа.

Мод тарих уламжлалт өдрийн арга хэмжээний нээлтэд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн Б.Жавхлан болон УИХ-ын Тамгын газрын ажилтнууд, нийслэлийн төр, захиргаа, аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан албан хаагчид, иргэд оролцож, есөн зүйлийн 1500 орчим мод, сөөг тарилаа. 2019.10.12. http://www.parliament.mn/n/15jo

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гарагийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан. Энэ өдөр бүх нийтээр байгаль эхээ дээдлэх үзлийг түгээн дэлгэрүүлж, мод тарих, ногоожуулах хөдөлгөөнийг олон нийтийн үйлс болгож өрнүүлдэг уламжлалтай. 

“Хүн бүхэнд цэвэр агаар, мод бүхэнд ус” уриан дор зохиогдож буй энэ намрын мод тарих арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн орлогч дарга Б.Дэмбэрэл нар оролцож, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийн нээлтэд хэлсэн үгэндээ, “Зөвхөн монголчууд төдийгүй дэлхий даяараа мод тарихыг буянтай ажил гэж үздэг. Мод бол амьдрал гэж үздэг юм байна. Хамгийн гол нь тарьсан модоо эргэж тойрч, арчлахаа мартахгүй байх хэрэгтэй байна. Энэ бол таны ургуулж байгаа бас нэг “амьдрал” юм. Энд тарьсан модны 97 хувь нь ургаж байгаа гэж  Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн мэргэжилтнүүд хэлж байна. Өнөөдөр та бүхнийг энд ирж өмнө нь өөрсдийн тарьсан мод, бут сөөгөө эргэж тойрч арчилж тордоорой гэж хүсэж байна. Мод тарих үйлсэд нийслэлийн иргэд бүгдээрээ нэгдэцгээе. Жилд нэг удаа ирдэг биш өдөр бүр ирж модоо арчилдаг байгаасай хэмээн уриалж байна” гэлээ.

“Хүн бүхэнд цэвэр агаар, мод бүхэнд ус” уриатай энэ удаагийн мод тарих үндэсний өдөрт УИХ-ын Тамгын газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Фантастик” продакшн, “Эрдэнэс-Тавантолгой” компани зэрэг 30 гаруй иргэн, аж ахуйн нэгж байгууллагын ажилтан албан хаагчид оролцож, 9 зүйлийн 1500 орчим мод, сөөг тарилаа. 2019.10.12. http://www.parliament.mn/n/1zjo

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны шахмал түлш түлж буй айл өрхүүдээр орж мэргэжлийн хүмүүсээр зөвлөгөө мэдээлэл өгүүлж, шахмал түлшний талаарх иргэдийн санал бодлыг сонслоо. УИХ-ын даргатай хамт нийслэлийн агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Нийслэлийн агаарын бохирдолттой тэмцэх газрын даргын үүргийг орлон гүйцэтгэгч Х.Галенбек болон “Тавантолгой түлш” ХХК-ийн мэргэжилтнүүд ажиллав.

Нийслэлийн агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал 10 дугаар сарын 2-13-ны хооронд нийтдээ 129 өрхийн 267 хүн угаарын улмаас эмнэлэгт хандсан ч өнөөдрийн байдлаар  хүндэрсэн хүн байхгүй. Холбогдох байгууллагууд шуурхай ажиллаж, иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгч байна гэдгээ УИХ-ын даргад дуулгав. Харин  нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар урьд шөнө буюу 2019.10.12-ны өглөөний 06:00 цагаас 2019.10.13-ны өглөөний 06:00 цаг хүртэл 15 өрхийн 37 иргэн эрүүл мэндийн байгууллагуудад хандсан. Эдгээр иргэдээс 20 хүнд гэрээр зөвлөгөө мэдээлэл өгсөн. Зөвлөгөө мэдээлэл авч, эмчилгээ хийлгэж байгаа иргэд  дүүргийн болон өрхийн эмнэлгийн байнгын  хяналтад байна гэлээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар утаа нийтийн эрүүл мэнд, эрх ашигт хортой асуудал учир ард иргэд, албан байгууллага, төр засаг бүгд хамтарч нийтийн дайсан болсон утаатай тэмцэх ёстойг санууллаа. Сайжруулсан түлшийг хэрэглэх явцад зарим нэг бэрхшээл учирч байна. Угаарын хийнд хордсон эмгэнэлт хэрэг гарч байгаа нь төр засаг, ард иргэд бид бүхэнд дохио сургамж өглөө. Хаа хаанаа анхаарч утааг багасгах, сайжруулсан түлшийг зөв хэрэглэх асуудлаа хамтаар нь шийдэх ёстойг хэлсэн үгэндээ дурдсан юм. 

УИХ-ын дарга Г.Занданшатар дараа нь СХД-ийн 22 дугаар хорооны иргэн Ж.Энх-Амгалангийнхаар орж сайжруулсан түлшний талаарх санал бодлыг нь сонслоо. Иргэн Ж.Энх-Амгалангийнх төслийн “Дөл” зуухтай юм. Урьд нь өдөрт 3-4 удаа нүүрс хийж галладаг байсан бол одоо 2 удаа сайжруулсан түлшээр галладаг, зөв хэрэглээд заншвал давуу тал олон байна гэлээ.

Үргэлжлүүлэн СХД-ийн 22 дугаар хорооны иргэн Д.Энхзаяагийнд очлоо. Эднийх өнгөрсөн жил 5 портер нүүрс түлсэн гэнэ. Энэ жил сайжруулсан түлшинд шилжсэн учир хэмнэлт гарна гэж найдаж байгаа. Сайжруулсан түлш илчийн хувьд сайн байгааг гэдгийг тэрээр ярилаа. Эхнэр М.Майра нь хурдан шаталттай, үнс их байгаа тухай дурдаж, хэрхэн зөв хэрэглэх талаар мэргэжлийн хүнээс лавлаж байв. Нийслэлийн агаарын бохирдолттой тэмцэх газрын даргын үүргийг орлон гүйцэтгэгч Х.Галенбек хурдан шаталттай байна гэдэг нь сайн үзүүлэлт гэдгийг онцоллоо. Учир нь түүхий нүүрс чийг ихтэй учир уугилт ихтэй. Харин сайжруулсан түлш чийггүй учир уугиж утаа гаргахгүй, илч өндөр, шаталт сайн байна гэсэн үг гэдгийг тайлбарласан юм. 2019.10.13.  http://www.parliament.mn/n/19jo




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Үндсэн Хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжиж байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ