Шуурхай мэдээ



Сонгуулийн саналыг хяналтын тооллого буюу гар аргаар дахин тоолох санал хуулинд оруулж байна


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2019-11-07 13:26
  • 0

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.15 дахь заалт, мөн зүйлийн 11.2 дахь хэсгийг тус тус үндэслэн гаргасан захирамжийн дагуу Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх ажлын хэсгийн гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт болон УИХ-ын гишүүд (2019.11.06) Сонгуулийн ерөнхий хороонд (СЕХ) ажиллав.

2020 онд болох УИХ-ын ээлжит сонгууль болон Орон нутгийн ээлжит сонгуулийн бэлтгэл ажил ямар байгаа талаар, мөн Сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх гэж байгаатай холбоотойгоор тус байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Сонгуулийн ерөнхий хороо өнгөрсөн хугацаанд сонгуулийн үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж ирснийг дурдаад, Сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхэд бэлэн болсныг хэллээ. Мөн сонгууль зохион байгуулахтай холбоотой санал хүсэлт, хүндрэл бэрхшээлийн талаар асууж, ярилцлаа.

Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн, энэ жилийн сонгуулийн төсөв нэмэгдсэн. Энэ нь 2012 оноос хойш сонгогчийн тоо 260 гаруй мянгаар, 2016 оны сонгуулиас хойш 112 мянгаар өссөнтэй холбоотой, ирэх хавар энэ тоо нэмэгдэнэ, үүнийг дагаад санал авах байр, хэсгүүд нэмэгдэх юм. Энэ жил 20.1 тэрбум төгрөгийг сонгуульд зарцуулахаар Сангийн яам тооцоолсон байгаа гэв. Мөн тэрээр Сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын, Ерөнхийлөгчийн, Орон нутгийн сонгууль гэж 3 ангилахаар өөрчилсөн болон сонгуулийн саналыг хяналтын тооллого буюу гар аргаар дахин тоолох саналыг хуулийн төсөлд оруулж байгаа гэв.

Уулзалтад УИХ-ын гишүүн, Н.Амарзаяа, О.Содбилэг, Ж.Батзандан нар болон Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн, СЕХ-ны нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан, СЕХ-ны Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн, СЕХ-ны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн захирал Ж.Эрдэнэбат зэрэг хүмүүс оролцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Улаанбаатарын утаа багассаныг хүлээн зөвшөөрч байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ