Шуурхай мэдээ



“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2019 оны 42 дугаарын тойм


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2019-11-08 11:35
  • 0

“Төрийн мэдээлэл эмхэтгэлд Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийг нийтэлсэн байна.

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын зарчим, үндсэн чиглэл, зохион байгуулалт, төрийн болон төрийн бус байгууллага, олон нийтийн оролцоог тодорхойлох замаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын эрх зүйн үндсийг энэхүү хуулиар тогтоож буй бөгөөд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил нь гэмт хэрэг, зөрчлийн тухай мэдээллийг судалсны үндсэн дээр гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхэд нөлөөлж байгаа шалтгаан, нөхцөл, хүчин зүйлсийг тогтоож, түүнийг арилгахад чиглэсэн эдийн засаг, нийгэм, эрх зүйн болон зохион байгуулалтын бусад арга хэмжээний нийлбэр цогц хэмээн хуульд тодорхойлжээ.

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын зорилго нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах, хүний эрх, эрх чөлөө, төр, хуулийн этгээдийн  хууль ёсны ашиг сонирхлыг гэмт халдлагаас хамгаалах, нийгмийн дэг журмыг бэхжүүлж, иргэний ухамсар, соёлыг төлөвшүүлэхэд оршиж буй юм.

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахдаа хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх; гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил цогц, тогтвортой, уялдаа холбоотой байх; төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр гэмт хэрэг, зөрчил гарах шалтгаан, нөхцөлийг бүрдүүлэхгүй байх; гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэгжүүлэх арга хэмжээ судалгаа, шинжилгээ, шинжлэх ухаан, техник, технологийн орчин үеийн ололт, амжилт, шинэ мэдлэгт үндэслэсэн байх; зардал, үр өгөөжийн хувьд үндэслэлтэй байх; олон нийтийн оролцоонд түшиглэсэн, хэрэгцээ, шаардлагад нь нийцсэн байх; төрийн байгууллага, албан тушаалтан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд хуульд заасны дагуу оролцох үүрэгтэй бөгөөд төрийн захиргааны болон хууль сахиулах байгууллага үйл ажиллагаандаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг тэргүүлэх чиглэл болгох зарчмыг баримтална гэж хуульд тусгажээ.

Түүнчлэн дээрх хуулийн хамт батлагдан гарсан Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,  Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Цагдаагийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүүхэд хамгааллын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Статистикийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиудыг нийтэлжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Улаанбаатарын утаа багассаныг хүлээн зөвшөөрч байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ