Шуурхай мэдээ



Гадаад мэргэжилтнүүдтэй хамтран ажилласан ДУРСАМЖ


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2019-12-02 11:09
  • 0

ХӨВСГӨЛ АЙМГИЙН БОЛОВСРОЛ СОЁЛЫН ГАЗАРТ АЖИЛЛАЖ БАЙСАН ГАДААД БАГШ НАР

 Нэг. Оросууд

1987 оны намар чанга дуутай, цэнхэр нүдтэй, өндөр, сайхан орос эмэгтэй ирэв. Манайд ажиллах Зөвлөлтийн мэргэжилтэн Татар-Казанийн Валентина Ивановна Дудырева гэнэ. Тэр үед  Жүүгээ, Чойжоо, Нямдорж, Батаа эгч, Би, үйлчлэгчээр Даариймаа бид хэд л ажилладаг байв. Орос хүнтэй хамт ажиллах сонин байлаа. Содон сонин үнэр, илэн далангүй өөрийгөө илэрхийлэх  байдал, хүүгээ алсаас хайрлах эхийн сэтгэл,  бас түүний “Дорогой мой человек”,  эргэлдсэн цэнхэр том нүд, өвлийн хүйтэнд шилэн трикотой гүйх. Намар болж модны навчис унах үеэр уйлж эхлэв. Гэрээ, хүүгээ, алс холын дулаахан Казань хотоо санаж буй нь илт. Айсан, гайхсан би Батаа эгчид хэлэв. /Аймгийн  захиргааны дарга У.Заяат гуайн эхнэр гэхээр бүх хүн мэднэ дээ/ Батаа эгч намайг дагуулсаар Жүүгээ даргын өрөөнд орлоо. Жүүгээ, Валя хоёр нэг өрөөнд суудаг байв. Оросоор сайн ярьж чадахгүй ч бид хоёр дохио зангаа оролцуулаад тов хийтэл тайтгаруулж орхив. Жүүгээ муухан шиг инээмсэглээд бид 3-ыг хөндлөнгөөс харж суув.

Ажил эхэллээ.Валягийн орос хэлний багш нарт зориулан бичсэн зөвлөмж, заах аргын захидлуудыг бичгийн машинаар  бичих үүрэг оногдов. Миний хувьд энэ бол асуудал биш. Гэхдээ утгыг нь сайн ойлгохгүй байв. Уншиж эхэллээ. Мэдэхгүй үгээ словарьдаж /толь бичгээс харах/ аваад  өглөө ажилдаа ирэх замдаа  цээжилнэ. Орж ирээд өчигдрийн бичсэнтэй харьцуулж уншина. Болж байнаа. Урамшиж эхлэв. Ингэж би ажлын хариуцлагад суралцаж эхэлсэн билээ.

Валя найрсаг, хүмүүст анхаарал тавихдаа сайн. Орос хэлний багш нараа талантливый заботливый, образованный, красивый, элегантный, нежный гэхээс гадна хрупкий, мощный гэж магтах нь ч бий. Тэд зааланд суугаад ярилцаж инээцгээнэ. Үүнээс би ажлын аз жаргалыг олж харав. Манай ажлынхнаас Нямдорж багш Валятай их сайн ярилцана. Тийм болохоор Валя: “Нямдоооож вместе пойдём” л болоод явчихна.

Тун удалгүй манайхан хөдөө явав. Валя цуг явна гэнэ. Өвлийн дүн хүйтэнд том үнэгэн малгай толгой дээрээ тавьсаар шилэн трикотой ирдэг байгаа. Батаа эгч даарна гэдгийг сайн сануулж, оросын тосгоноос хар өнгийн 35 төгрөгний үнэтэй ноосон өмд авчирч өмсгөөд явуулж билээ. Биднийг жинхэнэ орос блинчик, супээр дайлдаг байв. 2 жил ажиллаад буцлаа.

Дараа нь Хар далайн эргийн хот Симферополиос Елена Малиновская ирлээ. Жижигхэн шөмбөгөр хамар, нүүр, цэнхэр нүд, намирсан урт шар үстэй. Нарны өөдөөс харахад нүд нь яг цэнхэр шилэн бөмбөлөг шиг гялалзана.Би дуурайгаад нарны өөдөөс харахаар миний нүд хар шилэн бөмбөлөг шиг харагддаггүй байв. Тэгэхээр ногоон,  цэнхэр нүд  нарны гэрлийг бага, хар нүд  нарны гэрлийг их шингээгээд байна гэдэг онош тогтоолоо.

Сайн найзууд болцгоолоо. Елена гэрээ санах нь бага. Харин ийш тийш явж хөөрхөн судалгаа хийнэ. Нутагтаа очоод эрдэмтэн болох ажлынх нь эхлэл байлаа. Бас гоёмсог. Зуны амралтаараа яваад ирэхээрээ  тэр үеийн ЗХУ-д мода болж байсан хувцаснууд өмсөж ирнэ. Түүний хар өнгийн өндөр өсгийтэй гутал одоо ч нүдэнд харагдсаар. Бидэнд тэр үеийн марк, ил захидлуудыг л олныг авчирч өгдөг байв. Харин бид буцахад нь дээл хийж өгсөн билээ.

Дараа нь Молдавын нийслэл Кишинёвоос Елена Горчак ирлээ. Нөгөө Еленаг бодоход жаахан зожигдуу. Гэхдээ зүгээрээ. Анх Валяг ирэхэд хэл нэвтрэлцэх асуудал байсан бол Горчакийг ирэхэд  манай ажлынхан том жижиггүй дажгүй яриад ойлголцчихдог түвшинд хүрсэн байв. Энэ үед “Сурганы кабинет”-ийнхан бүл нэмж, Төмөрбаатар, Лхамдолгор, Сэржмаа, Дамдиндорж, Мааньгүмбэн, Хагаа, Дорж гээд олон багштай болов. Елена Кишинёвоос ирэхдээ  бидэнд  усан үзмийн дарс,  бас шампаньск авчирч тэр өдөр шинэ жил тэмдэглэж байна уу гэлтэй юм болцгооно. Молдав нь усан үзмийн эх орон гэдгийг би ойлгов. Чойжоо багш хөөрхөн халчихсан, төвөд хэлээр шүлэг уншина. Жүүгээ чимээгүйхэн жуумалзаж суух. Төөмөө, Нямдорж хоёр Еленатай хууч хөөрөөд завгүй. Батаа эгч Еленаг өхөөрдсөн харцаар харж, Лхамдолгор, Сэржмаа бид гурав авчирсан дарснаас нь балгачихаад улаан хацарлан дуугүй сууцгаана. Мааньгүмбэн, Хагаа  хоёр Еленагийн авчирсан Зөвлөлтийн нэхмэлийн сэтгүүл шимтэн үзэж, утас зүү ярьсан сууна. Яг өнгөт кино шиг харагдаж байна. Ийм он цагийг өнгөрөөжээ.

1990 он гэхэд Зөвлөлтүүд бүгд нутаг буцацгаав.

 Оросуудаас юу сурсан бэ гэвэл? Хүний төлөө анхаарал, халамж тавих чадвар байлаа.

Хоёр. Америкууд

1996 онд анхны Америк Аляскийн Грег Боулис ирэв. Бас л цэнхэр нүд, шар толгойтой. Англи хэлийг  бараг мэдэхгүй бид Валентинаг анх ирэхэд үүсэж байсан хэлний асуудал дахин  давтагдав.  Англи үг чихний гадуур урсаж, хэлсэн нэг ч үгийг тогтоон сонсож чадахгүй байлаа. Грег англи хэлийг Эй, Би, Си-гээс эхлэн заав. Үгүй яах вэ, 2 жил болоход юу хэлээд байгааг нь ойлгодог юм билээ. Дараа нь Кристина Швейгер, Эйлери, хамгийн сүүлд Луке Томастай хамтран ажилласан байна.

Кристина зураг гоё зурна. Луке Ирландын сугандаа хавчуулан хөөрөгдөж тоглодог хөгжим сайн тоглоно. Грег өдрийн тэмдэглэл хөтөлж, холбогдох зургуудыг нямбай зурна. Америкууд  оросуудыг бодоход тэсвэр тэвчээртэй, баргийн юманд гуньж гутраад байхгүй. Хэцүү хүнд нөхцлийг ч даван туулах чадвартай. Гэхдээ оросууд шиг хүнлэг, нийтэч биш. Америкууд телевиз үзэхгүй, ном уншиж, ямар нэгэн бүтээл хийж сууна. Энх тайвны корпусын тавьдаг шаардлагын нэг нь тэр байсан ч байж магадгүй.

Америкуудаас сурсан хамгийн үнэт зүйл: Хүнд саад болохгүй.  Хүнийг өөртөө саад болгохгүй, өөрийнхөөрөө асуудлыг шийдвэрлэж амьдрах чадвар байлаа.

Гурав.  Солонгосууд

Солонгосын сайн дурын “Койка” байгууллагаас Ли Хён Мин ирлээ. Гялалзсан өнгөлөг арьстай, гуч гарсан ч хүүхдээрээ төрхтэй. Цэцэрлэгийн багш гэнэ. Эхлээд Монгол хэл сурав.  Угийн сэргэлэн, дайчин болохоороо амархан хэл нэвтрэлцдэг болов. Намайг эгч, багш гэж дуудна. Санаачлагатай, зүгээр сууна гэж үгүй. Хийх зүйлээ төлөвлөөд цэцэрлэгүүд дээр ажиллахаар гарна. Цэцэрлэгүүд ч түүнтэй хамтарч ажиллах сонирхолтой. Хён Миний хамгийн их таалагддаг чадвар гарын доорх энгийн хэрэгсэл ашиглаад сургалтын хэрэглэгдэхүүн бэлтгэдэг нь байлаа.  Солонгос багш нар цаасан эвхмэл хийхдээ тун чадварлаг бөгөөд бидэнд сайн зааж өгөв. Бид хоёр хамтран төсөл бичиж, түүнийгээ “Койка”-гаар дэмжүүлэн цэцэрлэг бүрт дуут хонх, бүлэг бүрийн тоогоор “Жижиг эмийн сан”-г бэлдэж өгөв. Хён Мин аялах дуртай учир олон суманд хамт ажиллав. Очсон цэцэрлэгүүддээ заавал бэлэг өгнө. Энэ нь солонгосчуудын заншил бололтой. Дараа нь Мин Сук ирэв. Мин Сук дуугай, чимээгүй. Байнга бичиж тэмдэглэж сууна. Бичсэнээ уйгагүй шалгуулна. “Сайн болсон байна” гэвэл жигтэйхэн их баярлана. Бас Сөүлийн Нийгмийн ажилтны сургуулийн оюутан Хен Цой, Та Хэ, Юу Хан, На Рэ, Цэ Бин нартай 6 сар хамтран ажиллав. Хүмүүжил төлөвшил сайтай, сайн хүүхдүүд байлаа. Манай багш нар солонгосоор хоорондоо чанга ярьцгаана. Эхлээд  юу ч сонсож чадахгүй байснаа сүүлдээ утгыг нь мэдэхгүй ч үгнүүдийг  ялгадаг болж эхлээд байна. Гэхдээ солонгос хэл дэндүү хэцүү дуудлагатай ажээ. Солонгосуудыг ажиглаад байхад дэлгүүрээс зөвхөн өөрийнхөө бичигтэй барааг сонгоно. Энэ тэдний эх орноо хайрлах сэтгэл аж.

 Солонгосчуудаас: Үндэсний үйлдвэрлэлээ дэмжихэд хүн бүрийн хичээл зүтгэл  хэрэгтэй гэдгийг суралцаж сууна даа.

Дурсамж бичсэн:  

Хөвсгөл аймгийн БСУГ-ын СӨБ хариуцсан мэргэжилтэн Б.Баясгалан

 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Улаанбаатарын утаа багассаныг хүлээн зөвшөөрч байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ