Шуурхай мэдээ



“Салхин талдаа ханиа дагуулсан” ЦЭРЭНДОРЖИЙН СЭРЖМАА /Дурсамж/


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2019-12-03 12:51
  • 1

Хөвсгөл аймгийн боловсролын салбарт дурсагдах арвин үйлстэн Ц.Сэржмаа агсаны  гэгээн дурсгалд зориулав.

Би зүүдлэв.

           “Задгай цагаан”, “Хүмүүн төрөлхтөн”-ий сайхан бүсгүйчүүд шиг дугуй цагаан малгай, тосон бор торгон дээлтэй Сэржмаа багш онгоцноос бууж ирэв. Угтагсдын дунд зогсож буй би “Тэнгэрт бурхан болж заларсан Сэржмаа багш яахаараа онгоцноос бууж ирдэг билээ?  Арай  зүүдлээгүй байгаа даа" гэж бодсоор дөхөж очлоо. Над руу харж сайхан инээмсэглээд: “Сэтгэл сайтай амьдарч чадвал хүн дахиж төрдөг юм” гэж хэлдэг байгаа!...

            Цочин сэрэв. Юу зүүдэлчихвээ? Зүүдэн дотор бас зүүд байдаг аа!... Тэр хүн надаас нэг юм хүсчээ. Тэр юмыг хийх хэрэгтэй. Юу хийх вэ? Бодлоо. Бодсоноо ч олов.

Таныг би дурсан санах биш магтан дуулах үүрэгтэй бас өртэй ажээ.

            Сэржмаа багшийг 1986 онд анх олж харсан билээ. Саарал пальто, саарал малгай өнгө хослуулан өмссөн монгол хэлний ганган багш бүсгүй Улаанбаатарт мэргэжил дээшлүүлэх сургалтанд суухаар Бүрэнтогтох сумаас ирэв. Багш нарыг манай Сургалт заах аргын кабинет хариуцаж онгоцонд бичүүлдэг байсан тул бид хоёр нисэх буудал орохоор явах замдаа танилцлаа. Эхлээд аавынхаа тухай “Та Батчулуун гэдэг захирлыг мэдэх үү?”  гэж асуухад над руу том харснаа: “Манай сургуулийн захирал уу?” гэснээ “Чи өөрөө байна шүү дээ!” гэдэг байгаа. Би аавтайгаа маш адилхан харагдсан гэж сүүлд Сэржмаа багш надад хэлсэн юм. Бүрэнтогтохын сургуульд хамт ажиллаж байх үеийнхээ үйл явдлуудыг нүдэнд харагдтал ярьж өглөө. Энэ нь миний мэдэхгүй түүх байв. Аав хүүхдүүдэд: “Номыг нь сурч чадахгүй бол номхныг нь сур” гэж хэлдэг байжээ. “Хүн болгон эрдэмтэн болохгүй ч хүн болгон хүн байх ёстой” гэдгийг хэлээд байсан ажээ.

            Тун ч удалгүй Сэржмаа багш манай кабинетад монгол хэлний сургалт хариуцсан мэргэжилтнээр ирж ажилласнаар бидний нөхөрлөлийн түүх эхэлсэн билээ.

           Ер нь Сэржмаа багш тун дэгжин хээнцэр бүсгүй. Үүгээрээ биднийг үлгэрлэн дагуулна. Сэтгэл нь догдлолоор дүүрэх үед биднийгээ зритель /үзэгчид/ гэж нэрлэчихээд:

“Сэм сэмхэн санаа алдмаар

Сэргэлэн хонгор чи минь юм даа

Салхин талдаа чамайгаа дагуулаад

Санаа амар алхаж явна аа” гээд цангинатал дуулна.

  Бүрэнтогтохын сургуулийн багш байхдаа сумынхаа эмэгтэйчүүдийн зөвлөлийн даргын албыг хашдаг байж. Намар шувууд буцах үед “Тунгалаг цонх, өнгөлөг шал” аяныг өрнүүлж бүх албан байгууллагын өвөлжилтийн бэлтгэлийг богинохон хугацаанд хангуулдаг байснаа хуучилдагсан. 

           1990-ээд оны сүүлчээр юмдаг. Сэржмаа багш хэсэг хугацаанд Алаг-Эрдэнэ сумын сургуулийн захирлаар ажиллах болов. Бидний хэдэн нөхдүүд /Гавьяат Доржжүгдэр, Лхагвасүрэн багш, Оюун багш, би, математикийн Цэдэн багш/ ажлыг нь хүлээлцүүлэхээр очлоо.  Сургуулийн ерөнхий байдал үнэхээр хүнд, сургуулийн барилга муудсан, дотуур байрны ихэнх  цонх хагарч, гадна талд нь банз барьж хадсан, хоол хүнсний хүрэлцээ муу, багш нарынх нь  сэтгэлийн болоод нүдний гал унтарсан гундуухан сургууль биднийг угтав. Түлхүүр, тамгаа  хүлээж авчихаад  огтхон ч гутарсан шинжгүй зогсох Сэржмаа багшийг хараад Оюун багш маань уйлж эхлэв. Дагаад Лхагвасүрэн багш ч уйлахад бэлэн болоод байв. Яг тэр үед Сэржмаа багш биднийг хараад инээснээ: “Би чадна. Харин та нар надад сайн туслаарай” гэж хэлэв. Бид захирлаар ажилласан 3 жилд нь сайн ч тусалж дэмжсэн юм.

 Ганцхан Алаг-Эрдэнэ ч биш тэр үеийн сургууль цэцэрлэгүүд, түүнд ажиллаж байсан монголын  үе үеийн багш нар нийгэм, эдийн засгийн хүнд үеийг сэтгэл, зүтгэл, мэдрэмжээрээ даван туулж чадсан билээ.   

    Сэржмаа багш дунд сургуулиа төгсөөд Багшийн сургуулийн хөгжмийн ангид, Даваадорж багш /манай хөгжмийн боловсролын мэргэжилтэн асан/ бага ангийн багшийн ангид оржээ. Хоёр оюутан ангиа солихоор тохирч гэнэ. Сэржмаа гэж дуудахаар Даваадорж байна гэдэг, Даваадорж гэж дуудахаар Сэржмаа байна гэж бүртгүүлэн хичээлдээ суусаар ангиа албан ёсоор сольж чадсан гэдэг.

Иймээс Сэржмаа багшийн унаган мэргэжил бага ангийн багш юм. Сүүлд УБДС-ийн монгол хэлний ангийг төгсчээ. Алаг-Эрдэний дараа буцаад бидэнтэй ажиллахдаа бага боловсролын мэргэжилтэн болов. “Би чинь 400 гаруй багштай хүн шүү дээ” гэж бахархан ярина. Сургууль цэцэрлэгүүд дээр зөвлөн туслахаар ажиллахад хамгийн олон багштайгаараа Сэржмаа багш л  үлдэнэ. Сэржмаа багшийн ажил дуусвал тэр өдрийн ажил дуусчээ гэж ойлгогдоно.

           Сэржмаа багш  нээлттэй, ойлгомжтой хүн. Ардын зүйр үгийг хэлж ярих зүйлийнхээ утгад яв цав тохируулж ашиглана. Багш нараа хачин сайхан магтаж урамшуулна.

Хүнээс илүү юм хийчихсэн биш юуг нь ингэтлээ магтдаг байнаа? гэж асуухаар:

“Урмыг нь хугалахаар

Ууцыг нь хугал

Үгээр цохихоор

Сүхээр цохь” гэж хэлдэгсэн.

Жаахан бухимдуулвал “Чонын хоолоо” л гэнэ. Түүнийхээр чоно их л амттай хоол зооглодог тансаг амьтан бололтой.

Тэр бас их дүрсгүй.

             Цагаан-Үүрээс Эрдэнэбулганы замд байх Шивэртийн горхи дээр манай багийнхан усан байлдаан хийв. Горхины яг дунд машин зогссон тул бид хэд /Даваажав, Отгон-Эрдэнэ, Оюунбилэг, би, жолооч Бат-Эрдэнэ/ Лхагвасүрэн, Доржжүгдэр, Даваадорж, Сэржмаа багшийг  гараараа ус утган цацах аядав. Гэтэл Сэржмаа багш:

“Ажлыг ингэж хийдэггүй юм хүүхдүүд ээ!

                Ажил хийвэл дуустал

                 Давс хийвэл уустал" гээд биднийг ундааны савтай усаар хайр найргүй шүршиж эхлэв. 

Жүүгээ багшийн тааламжтай байгаа гэж. Бас болоогүй ээ нэг ундааны сав олоод авчихаж...

Лхагвасүрэн багш цай уудаг аягаа бариад,углаашаа өмсчихөж... Байлдах нь.

Даваадорж багш нойтон цамцаа мушгин, халимгаа самнана.

Мийгаа /Мягмарсүрэн-гадаад хэлний мэргэжилтэн/ угийн тайван зангаараа ус дуслуулан нар өөд харж зогсоно.

Отгон-Эрдэнэ туранхай чөргөр гараас гарамгүй их бяраараа хүмүүсийг айлгана.

Даваажав Жүүгээ багшийн араар нуугдчих санаатай сэмхэн гүйж харагдана.

Оюунбилэг ундааны саванд ус дүүргэж байлдагчдыг зэвсгээр хангана.

Бат-Эрдэнэ махлаг, том хүнд баймгүй хурдан гүйж машины араар орно.

Машины бүх суудлаас ус дусалж байв. Манай машин чинь ХӨА 82-28  дугаартай саарал фургон шүү дээ.

Хөгшин залуугүй шалба норсон - цутгуулсан зурам шиг бид хэд Эрдэнэбулганы сургууль дээр  бууж билээ.

          Өөнөө, Аагий хоёр минь гээд үр хүүхдүүдийнхээ тухай их ярина. Нөхрийгөө “манай хөгшин” л гэхээс нэрээр нь дуудахгүй хүндэтгэнэ. Ач зээгээ өхөөрдсөн, гэр бүл, ах дүү, үр хүүхдэдээ өөрийгөө төгс зориулсан эх хүн байлаа.

2015 он. Сэржмаа багш хорвоогоос буцахаар явахдаа нөгөө л ХӨА 82-28 дугаартай саарал фургонтойгоо. Нүдэнд харагдаж, гарт баригдаж, сэтгэл хөндүүрлэнэ...

Хүмүүний амьдралын жам ийм ажгуу.

  “Ирсэн л болбол буцах болдог хорвоо...” гээд дуучин бүсгүй Сэржмаа багш шиг цангинатал дуулах ажээ.     

 Таныг байхад:

  Нар мандаж байсан

  Сар гэрэлтэж байсан

  Хавар зун намар өвөл ээлжилж

  Хачин дулаахан мэдрэмж төрдөг байсан.

  Таны үгүйд:

  Нар мандаж, сар гэрэлтэж

  Дөрвөн цагийн тал дөрвөн зүгтээ налайж байвч

   Эгэлхэн нэгэн дурсамж 

  Эргэн эргэн алсрах ажээ. Тайван нойрс доо. Охин минь.

 Онгоцонд сууж болохгүй шүү. Одоо би угтагсдын дунд -  ҮГҮЙ

                                  2016.02.18   15 цаг 24 минут.   Гар чичрэв.    Б.Баясгалан

 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл үлдээхНийт: 1

  • Зочин 43.228.129.xxx

    Хайртай багштайгаа дахин уулзсан юм шиг сайхан мэдрэмж төрж байна. Хэчнээн ч уншив. Баярлалаа, Баясаа эгчээ, бас нийтэлсэн Мягаа багшдаа талархлаа

    • 2019-12-03 16:15

Санал асуулга

Улаанбаатарын утаа багассаныг хүлээн зөвшөөрч байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ