Шуурхай мэдээ



Дарханы шинээр барих 2 эгнээ замын төслийг Европын Сэргээн босголт, хөгжлийн банк санхүүжүүлнэ


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2020-01-10 12:31
  • 0

УИХ, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирал Екатерина Мирошникийг 2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч уулзлаа. Энэхүү уулзалтад тус банкны Монгол дахь суурин төлөөлөгч Ирина Кравченко болон албаны бусад хүмүүс оролцов.

Уулзалтаар хоёр тал ЕСБХБ-ны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр барих Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын төслийн явц байдлын талаар мэдээлэл солилцож, цаашид Монгол Улсын зам, тээврийн салбарт нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай төслүүдийн талаар хэлэлцэв.

Улаанбаатар-Дархан чиглэлийн шинээр барих 2 эгнээ авто замын Зам барилгын ажлын гүйцэтгэгч болон зам барилгын ажилд техник, технологийн хяналт тавих Зөвлөх, Төсөл хэрэгжүүлэх нэгжийн сонгон шалгаруулалтыг Европын сэргээн босголт, хөгжлийн банкны цахим хуудсаар дамжуулан анх удаа онлайн хэлбэрээр амжилттай зохион байгууллаа. Энэ нь сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод, шударга явуулах шинэ жишиг болж байгааг хоёр тал онцлон тэмдэглэв.

Зам, тээврийн хөгжлийн яам Европын сэргээн босголт, хөгжлийн банк Улаанбаатар-Дархан чиглэлийн шинээр барих авто замын барилгын ажлыг төлөвлөгөөт хугацаандаа хамтарч эхлүүлэхээр ажиллаж байна.

Сангийн яам, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”-ийг 2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр байгуулсан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 356 дугаар тогтоолоор Зээлийн хүрээнд хэрэгжүүлэх төслийн жагсаалт батлагдсан билээ.

Мөн уулзалтаар талууд Зам, тээврийн салбарт цаашид хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн талаар дэлгэрэнгүй ярилцаад, тээвэрлэлтийн нөхцөл боломжийг сайжруулах шаардлага тулгарч байгааг онцлов. Энэ хүрээнд Дархан-Алтанбулаг, Говь-Алтай-Завхан болон бусад чиглэлийн авто замын төслүүд дээр хамтран ажиллах, үе шаттай хэрэгжүүлэх боломжуудын талаар санал солилцлоо.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Сонгууль хойшлуулахыг дэмжиж байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ