Шуурхай мэдээ



Хүнс, хөдөө аж ахуйн салбарын экспортыг нэмэгдүүлнэ


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2020-01-15 11:36
  • 0

Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

2020 оныг “Экспортыг нэмэгдүүлэх жил” болгон зарлав

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт 2020 оныг “Экспортыг нэмэгдүүлэх жил” болгон зарлалаа. Мал сүргийн тоо толгойн өсөлтийг байгаль экологийн даацтай уялдуулан, дотоодын хэрэглээ, боловсруулах үйлдвэрийг малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнээр бүрэн хангаж, илүүг нь экспортлох юм. Мах экспортлох эрхгүй үйлдвэрт мал эмнэлэг, ариун цэврийн шаардлага хангаж бэлтгэсэн махыг эрх бүхий үйлдвэрээр дамжуулан нэг удаа экспортлох болов. Сумдад малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг хүлээн авах, анхан шатны боловсруулалт хийх, зориулалтын дагуу хадгалах, тээвэрлэх, борлуулах сүлжээг хоршоодод үндэслэн бүрдүүлнэ. Мөн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортлох маркетинг хөгжүүлэх, гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх гэрээ, хэлэлцээр байгуулж, мал эмнэлэг, хорио цээрийн шаардлагыг хангахаар боллоо. Монгол Улс 20 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой бөгөөд үүнээс 13 сая толгой буюу 355 орчим мянган тонн махыг дотоодын зах зээлд нийлүүлж, долоо орчим сая толгой буюу 175 орчим мянган тонн мах экспортлох боломжтой юм.  Хөдөө аж ахуйн гаралтай гол нэрийн бүтээгдэхүүн, түүхий эдийн экспорт 2018 онд 643 сая ам.доллар болсон нь нийт экспортын орлогын 9.2 хувийг эзэлж байна.

 Ашигт малтмалын тусгай зөвшөөрөлд тавих хяналтыг чангатгана 

Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хувийн хэргийн иж бүрдлийг хангах, цахим мэдээллийн төрөлжсөн санг 2020 оны I улиралд байгуулж, мэдээллийн санг төрийн байгууллагууд ашиглах, мэдээлэл авах боломжийг бүрдүүлэх болов. Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохдоо байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн эсэхийг үндэслэх, мөн олон нийтийн хяалтын дор явуулах нөхцөл бүрдүүлэхийг холбогдох агентлагийн даргад үүрэг болгов. Хууль бусаар ашигт малтмал олборлоход ашигласан дугуйт, гинжит техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг түрээс, бусдын өмчлөлд байгаа эсэхээс үл хамаарч хураан авч улсын орлого болгох зэрэгтэй холбоотой зохицуулалтыг холбогдох хуулиудад оруулахаар төлөвлөв.

Товч мэдээ

-  “Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл”-ийн нэмэлт санхүүжилттэй холбоотой хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. УИХ баталсан тохиолдолд халаалтын зуухнуудыг буулган төвлөрсөн дулаанд холбох, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл авах, 5000 айлд шөнийн дулаан хуримтлуур бүхий халаалтын хэрэгсэл суурилуулах, 200 орчим айлын дунд Дэд бүтцийн төв байгуулах зэрэгт зарцуулах юм. Олон улсын хөгжлийн ассоциацаас 12 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авахаар тохиролцсон байна.

-  Төв цэвэрлэх байгууламж барихад шаардагдах 262 сая ам.долларыг БНХАУ-ын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээс гаргана. Үүнтэй холбоотой хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг сайд Ч.Хүрэлбаатарт олгов. Төв цэвэрлэх байгууламжийг 2023 онд ашиглалтад оруулах юм.

 -  Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбатын эмчилгээний зардалд зориулж 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлнэ. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл тушаал гарган таван сая төгрөгийн дэмжлэг олгохоор шийдвэрлэсэн байна.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Улаанбаатарын утаа багассаныг хүлээн зөвшөөрч байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ